Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00556

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 15 210/МА2023/00556

 

 

Э.Б, Т.М, М.Л, Г.Т нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00024 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.Б,

Нэхэмжлэгч: Т.М,

Нэхэмжлэгч: М.Л,

Нэхэмжлэгч: Г.Т,

Хариуцагч: А ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 47,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгч Т.М, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч М.Л, Г.Т нарын өмгөөлөгч Н.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Лхагвын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А ХХК-тай БНХАУ-ын 1+4 бакалаврын хөтөлбөртэй сургуульд зуучлуулах зуучлалын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу бүртгэлийн хураамж 114,400 төгрөг, сургалтын төлбөрийн 50 хувь болох 4,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл 50 хувь болох 4,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн. Ю хотын сургуулиас урилга ирээгүй.

Иймд зуучлалын гэрээг цуцалж, хариуцагчаас төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Т.Мын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1 Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан. 2020 оны 09 дүгээр сард хариуцагч талд нийт 8,300,000 төгрөг төлсөн. 2020 оны өвлийн улиралд коронавирус-19 улмаас хэлний бэлтгэлийг БНХАУ-д сурах байсныг больж, энд сурахаар болсон. 2020 оны 11 дүгээр сараас 1 сарын 150,000 төгрөгийн төлбөртэй хэлний бэлтгэлд суусан. Гэвч зуучлагч байгууллага үүргээ биелүүлээгүй.

Иймд гэрээний үүрэгт төлсөн 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Э.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Миний бие 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээгээр Ю хот руу зуучилж, 1+4 хөтөлбөрөөр явуулна гэж тохиролцсон. Ковид-19 нөхцөл байдлаас болж тухайн хот руу явж чадаагүй бөгөөд хичээл оруулаагүй.

Иймд төлбөр 8,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 А ХХК-тай БНХАУ-ын Ю хотын сургуульд сурах зуучлалын гэрээг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу тухайн сургуульд сургах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй.

Иймд хариуцагчаас 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 А ХХК нь нэхэмжлэгч тус бүртэй харилцан тохиролцож, зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээгээр А ХХК нь БНХАУ-ын Ю их сургуульд зуучилж өгөх үүрэг хүлээсэн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 4 хүүхдийн материалыг БНХАУ-ын Өвөр Монголын Шүдэ боловсролын байгууллагад өгсөн.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ хилээ хаасан. Тиймээс тус сургуульд танхимаар хичээллэх боломжгүй болсон тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож цахимаар орох, өөр сургуульд оруулж өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу БНХАУ-ын Г их суруульд суралцах урилгыг гаргаж өгсөн.

5.2 Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги тооцно гэсэн. Хариуцагчийн зүгээс БНХАУ-ын Г их сургуульд суралцах урилгыг гаргаж өгснөөр зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул алданги шаардах эрхгүй.

5.3 Э.Бэс бусад оюутнууд 8,000,000 төгрөг төлсөн. Харин Э.Б 2,000,000 төгрөг дутуу төлж, 6,000,000 төгрөг шилжүүлсэн.

Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн албан бичигт А ХХК нь тусгай зөвшөөрөлгүй гэсэн. 2020 оноос өнөөдрийг хүртэл Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт зааснаар гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдана гэж заасан боловч хууль 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Хууль хэрэгжихээс өмнө нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан. Иймд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан А ХХК-иас 8,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лд, 8,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд, 6,315,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд, 8,314,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,755,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 314,171 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 А ХХК нь олон улсын их дээд сургууль руу оюутан зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ хүрээнд хариуцагч нартай Зуучлалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр БНХАУ-ын Ю хотын Ю их сургуулийн 1+4 хөтөлбөрт суралцахад зуучилж, холбож өгөхөөр харилцан тохиролцсон.

А ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нартай байгуулсан зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, БНХАУ-ын Ю хотын Ю их сургуульд зуучилж, холбож өгсөн боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас БНХАУ хилээ хааж, уг сургууль танхимаар хичээллэх боломжгүй болсон.

Гэтэл анхан шатны шүүх маргааны дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

7.2 Түүнчлэн, хариуцагчаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх чухал ач холбогдолтой нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хүсэлт гаргах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

8.1 Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон. Тухайн 4 хүүхдийг 10 дугаар ангид байхад нь гадаадад зуучилж өгнө гэж хэлсэн атлаа 3,4 жил ямар ч сураггүй алга болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.Л, Т.М, Э.Б, Г.Т нар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээг цуцалж, нийт 47,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

2.1 Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээний үүрэг болох БНХАУ-ын нэр бүхий сургуульд нэхэмжлэгч нарыг суралцуулах үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж, нэхэмжлэгч М.Л нь гэрээний дагуу төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.М нь төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Э.Б нь төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Т төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч ...хариуцагч нь гэрээнд заасан зуучлах үүргээ биелүүлсэн, ...ковид-19 цар тахлын улмаас БНХАУ хилээ хааж, сургууль танхимаар хичээллэх боломжгүй болсон, ...нэхэмжлэгч гэрээг цуцалж байх тул алданги шаардах эрхгүй гэж үгүйсгэн маргасан.

3. А ХХК нь М.Лтай 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 79 дугаар, Т.Мтай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 67 дугаар, Э.Бтэй 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 78 дугаар, Г.Ттай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 80 дугаар Зуучлалтын гэрээ-г тус тус байгуулсан. Гэрээгээр зуучлагч буюу А ХХК нь нэхэмжлэгч нарыг БНХАУ-ын Ю хотын Ю их сургуульд суралцахад нь зуучилж холбож өгөх, зуучлуулагч буюу нэхэмжлэгч нар гэрээний дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх 12-13, 21-25, 29-32, 34-35/

3.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв.

4. Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/5204 дугаар албан бичгээр А ХХК-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д заасан гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгогдоогүй гэжээ. /хх 123/

5. Анхан шатны шүүх А ХХК гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад нэхэмжлэгч нартай гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд 15.7.7. гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ гэснийг нэмсэн. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг өөрчлөн найруулсан ба мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан байна. Иймд ...хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэх хариуцагчийн итэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1 Хэрэгт авагдсан талуудын тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримт, Э.Б, Ж., З., Л., Д. нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.Л нь 8,314,400 төгрөгийг, Т.М нь 8,300,000 төгрөгийг, Э.Б нь 6,315,000 төгрөгийг, Г.Т нь 8,314,720 төгрөгийг тус тус А ХХК-д төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх 8-10, 14-15, 27-28, 39-41, 89-92/

6. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус, талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцсэн байна.

6.1 Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

6.2 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь талууд гэрээний дагуу алданги шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх алдангийн талаар дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэв.

6.3 Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлээр нэхэмжлэгч нараас хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Л нь гэрээний дагуу төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг шаардсан байхад 8,314,400 төгрөгийг, Т.М нь 8,000,000 төгрөг шаардсан байхад 8,300,000 төгрөгийг, Г.Т нь 8,000,000 төгрөг шаардсан байхад 8,314,720 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч М.Л, Т.М, Г.Т нарт тус бүр 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгосон өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00024 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан А ХХК-аас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд, 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд, 6,315,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд, 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,685,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 314,171 гэснийг 309,525 гэж, тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А ХХК-аас төлсөн 317,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН