Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/00370

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 25

181/ШШ2023/00370

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц ХХК хариуцагч Н газарт холбогдуулан 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Н газар нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ковид 19 хамар залгиурын тест 100 ширхэгийг худалдан авсан. Ц ХХК-ийн менежер н.Ариунгэрэл нь 99021304 дугаартай утсаар захиалга өгсний дагуу ковидын 100 ширхэг хамар залгиурын тестийг хүргэж өгсөн. Нийслэлийн Хүрээ амаржих газрын гадаа ковидоос болоод оруулахгүй байсан болохоор нэг хүн гарч ирээд тестээ хүлээн аваад баримт дээр гарын үсгээ зурсан. Тухайн үед 750,000 төгрөгөө авах гээд асуухаар нягтлан нь Таны мөнгийг өгнө, хүлээж бай, манайх мөнгөгүй байна гэж байсан. Сүүлдээ нягтлан бодогч нь ажлаасаа гараад таны хүлээлгэж өгсөн тестийн падаан байхгүй болохоор мөнгө олгох боломжгүй гэсэн.

Гэрч Б.Буяннэмэх нь Манайх хэрэгтэй байсан болохоор тест авсан. Гэхдээ компанийг нь санахгүй байна. Манайх өртэй байсан болохоор бусад газраас бараа нийлүүлэхгүй байсан болохоор авсан гэж хэлсэн. Хариуцагч талд худалдсан 100 ширхэг тестийн зарлагын падаан манайд байгаа. Нэхэмжлэгч талаас менежер н.Ариунгэрэл хүлээлгэж өгсөн. Хариуцагч талаас хэн хүлээж авсан талаар тодорхой биш. Гэхдээ энэ нь тухайн байгууллагын асуудал. Зарлагын падаан үйлдээд хүлээлгэж өгсөн. Хүрээ амаржих газрын хүлээн авахын яаралтай бүртгэлийн дэвтэр дээр 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 9 хүнээс хамар залгиурын шинжилгээ авсан, 1 хүнээс ковид илэрсэн гэсэн. Тийм учраас манай талаас тест өгсөнд итгэлтэй байна. Санхүү бүртгэж аваагүй болон баримтыг хаашаа хийсэн нь Хүрээ амаржих газрын дотоод асуудал. Хүний юмыг хүлээж авсан байж бид нар мэдэхгүй гэх нь учир дутагдалтай байна. 100 ширхэг хамар залгиурын тестийг Ц ХХК хүлээлгээд өгсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу гэрээний харилцаа үүссэн учраас нэхэмжлэлийн шаардлага 750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч Н газар нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч Ц ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ковид 19 халдварын хамар залгиурын 100 оношлуур хүлээн аваад мөнгө төлөөгүй гэсэн. Энэ талаар холбогдох хавтаст хэрэгт авагдсан зарлагын баримтыг харах юм бол 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэдгийг харах боломжтой. Нэхэмжлэх дээр мөн харагдаж байгаа. 2022 оны санхүүгийн аудитын дүгнэлт дээр энэ талаар ороогүй байгаа болохоор харгалзан үзэх боломжгүй байна. Тухайн үед худалдан авах үйл ажиллагааг явуулахад нягтлан бодогч байсан Б.Буяннэмэх нь худалдан авалт хийсэн гэх боловч Б.Буяннэмэх нь ажлаасаа гарсан. Ажлаас гарсантай холбоотой ажил хүлээлцэх болон санхүүгийн баримтыг хүлээлгэж өгөхөд Ц ХХК-иас 100 ширхэг хамар залгиурын тест хүлээн авсан гэсэн санхүүгийн анхан шатны баримтыг хүлээлгэж өгөөгүй. Программд бүртгэгдээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан зарлагын падааныг хавтаст хэргийн хүрээнд хараад байна. Нэг хувь дээр нь худалдан аваад хүлээлгэн өгсөн гэсэн гарын үсэг байгаа боловч гарын үсэг дээр нь бид нар өөрсдийн боломж бололцоогоор хэн хүлээж авсан талаар дүгнэлт хийгээд үзэхээр одоогийн байдлаар хэн хүлээн авсан нь тогтоогдсон зүйл байхгүй байна. Худалдан авалт хийгдсэн талаар баримт тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайн үед ковид 19 хамар залгиурын чанаргүй тест их гарч байсан учраас үйлчилгээнд нөлөөлж байсан. Чанаргүй тест гарсны улмаас ковидтой хүн дотор орох тохиолдол байсан. Тийм учраас хүүхэд, эхэд эрсдэл учруулахгүйн үүднээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тендер зарлаад тусгай зөвшөөрөлтэй гэрээтэй байгууллагаас худалдан авдаг байсан. Эмнэл зүйн албанаас тест хүргээд бүртгэл үйлддэг. Яагаад бүртгэл үйлддэг гэхээр тестийг нэг ширхгийг 10,000 төгрөгөөр авдаг, цаана нь санхүүгийн асуудал байгаа учраас нотлох баримт үйлдэх зорилгоор бүртгэл хийж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага эхнээсээ 2021 он гээд төөрөгдүүлсэн байдлаар орж ирсэн. Сүүлийн албан бичиг дээр төлбөр төлнө үү гэсэн боловч нэхэмжлэх, зарлагын падаан байхгүй байсан. Иймд би Өргөө амаржих, Хүрээ амаржих, Амгалан амаржих нарыг сольсон байж магадгүй гэж бодож байна. Манай нягтлан бодогч Б.Буяннэмэхийн хувьд ажлын чиг үүрэг нь санхүүгийн баримтыг эх хувиар нь үйлдэх ёстой байсан. Гэтэл тест авсан гэж байгаа ч хэнд тест өгсөн талаар нотлогдохгүй байна. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нотлох баримтаар Мөнхийн Тун ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 600 тестийг нэг ширхгийг 10,000 төгрөгөөр худалдан авсан зарлагын баримтыг гаргаж өгсөн. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 ширхэг тест хэрэглэсэнтэй харьцуулаад үзэхээр тест хангалттай байсан. Гэрч Б.Буяннэмэх ...Цэцэгээ эмчийн даалгаснаар шаардлагатай болохоор тест авсан гэсэн... гэж мэдүүлсэн. Гэхдээ тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг харах гэхээр 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр удирдах зөвлөлийн хурал болоогүй байсан. Тийм учраас үйл баримт нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөг төлсөн баримт, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, Ц ХХК-ийн зарлагын баримт, нэхэмжлэх, Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №19 тоот Төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг, Ц.Батхүүд олгосон итгэмжлэл, Ц ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №26 тоот албан бичиг зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Б.Билгүүн, Д.Анхбаяр нарт олгосон итгэмжлэл, Мөнхийн тун ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Бараа, материалын зарлагын баримт зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамнаас Ц ХХК-ийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх лавлагааг гаргуулсан. Талуудын хүсэлтээр Б.Буяннэмэхээс гэрчийн мэдүүлэг авсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар Н газраас 2022 оны 01 дүгээр сарын Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн (Тухай бүр), тус газарт эдийн засагчаар ажиллаж байсан Очирын хаяг, утасны дугаар, холбогдох мэдээллийг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хүлээн авах тасагт ажиллаж байсан эмч, сувилагч нарын хуваарь, тухайн өдрийн хүлээн авах тасгийн хоногийн мэдээ, тайлан, бүртгэл зэрэг баримтуудыг хариуцагчаас гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Н газрын захиалгаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ц ХХК-ийн менежер 100 ширхэг оношлуурыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, гэрч Б.Буяннэмэхийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн байгууллагын санхүүгийн анхан шатны баримтад бүртгэгдээгүй нь тухайн байгууллагын дотоод асуудал. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Худалдагч 100 ширхэг оношлуурыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн тул 100 ширхэг оношлуурын төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Н газар нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагаас эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авдаг. Н газар нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Мөнхийн тун ХХК-иас 600 ширхэг оношлуур авсан байсан учраас тухайн цаг хугацаанд 100 ширхэг оношлуур худалдан авсан талаар баримт тус байгууллагын худалдан авалт хийсэн санхүүгийн баримтад байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гэж заажээ.

 

Ц ХХК нь эмийн сан, эм, эмнэлгийн тусгай хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөлгүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1719 тоот албан бичгээр, Ц ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй болох нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицууулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2175 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Ц ХХК 100 ширхэг оношлуурыг Н газарт хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг боловч хэнд хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй, гэрч Б.Б ...100 ширхэг оношлуур худалдан авсан... гэж шүүхэд мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлгийг дэмжих өөр баримт хэрэгт авагдаагүй.

 

Түүнчлэн, Н газар нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Мөнхийн тун ХХК-иас 600 ширхэг оношлуур худалдан авсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлснээс үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус байгууллагад 100 ширхэг оношлуур яаралтай авах хэрэгцээ, шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул Н газраас 750,000 төгрөг гаргуулах тухай Ц ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул Н газраас 750,000 төгрөг гаргуулах тухай Ц ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ