Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00690

 

 

ЦИ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/00370 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЦИ ХХК-ийн хариуцагч ҮА т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ҮА нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ковид 19 вирусын 100 ширхэг тестийг худалдан авсныг тус компанийн менежер Б.Ариунгэрэл хүлээлгэн өгсөн. ҮА т Ковид 19 цар тахлын улмаас хүн нэвтрүүлэхгүй байсан тул нэг хүн гарч ирээд хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Тестийн үнэ 750,000 төгрөгийг шаардахад нягтлан бодогч нь ... үнийг төлнө, хүлээж бай, мөнгөгүй байна... гэдэг байсан боловч сүүлдээ нягтлан бодогч нь ажлаасаа гарсан, сорил хүлээлгэн өгсөн баримтгүй болохоор үнийг төлөх боломжгүй гэх хариу өгсөн. Хүрээ амаржих газрын хүлээн авахын яаралтай бүртгэлийн дэвтэрт 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 9 хүнээс хамар залгиурын шинжилгээ авахад 1 хүнээс ковид илэрсэн. Сорил худалдан авсан баримтыг санхүү нь бүртгэж аваагүй нь тус байгууллагын асуудал. Иймд хариуцагчаас тестийн үнэ 750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

ЦИ ХХК 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ковид-19 халдварын хамар залгиурын 100 тестийг хүлээлгэн гэх баримтаас харахад огноог харах боломжтой. 2022 оны санхүүгийн аудитын дүгнэлтэд энэ талаар тусгаагүй. Худалдан авах үйл ажиллагааг хариуцсан нягтлан бодогч Б.Буяннэмэх ажлаасаа гарсан. Ажил хүлээлцсэн болон санхүүгийн баримтыг хүлээлгэн өгөхөд ЦИ ХХК-аас 100 ширхэг хамар залгиурын сорил хүлээн авсан талаар баримт байгаагүй. Хамар залгиурын чанаргүй сорил их байсан тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тендер зарлаж тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас сорил авч байсан. Нэхэмжлэгч Өргөө амаржих, Хүрээ амаржих, Амгалан амаржихыг сольсон байж магадгүй. Мөн нотлох баримтаар Мөнхийн тун ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 600 тестийг нэг ширхгийг 10,000 төгрөгөөр худалдан авсан зарлагын баримтыг гаргаж өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 ширхэг сорил хэрэглэсэнтэй харьцуулаад сорил хангалттай байсан. Гэрч Б.Буяннэмэх ...Цэцэгээ эмчийн даалгаснаар шаардлагатай болохоор сорил авсан гэсэн... гэж мэдүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр удирдах зөвлөлийн хурал болоогүй байсан тул дээрх үйл баримт үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Нийслэлийн Хүрээ амаржих газраас 750,000 төгрөг гаргуулах тухай ЦИ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хүрээ амаржих газраас ЦИ ХХК-ийн 99021305 дугаар утсанд Ковид-19 вирусын хамар залгиурын тестийг авах захиалга өгсөн тул 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100 ширхэг тестийг хүлээлгэн өгсөн. Тухайн тестийг хүлээлгэн өгөхөд зарлагын баримт болон нэхэмжлэхийг 2 хувь үйлдэн 1 хувийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зарлагын баримт, гэрч Б.Буяннэмэхийн мэдүүлгээр нотлогдсон.

Нийслэлийн ҮА эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах зөвшөөрөлтэй байгууллагаас тестийг худалдан авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Нийслэлийн ҮА т нийлүүлсэн 100 ширхэг тестийн үнийг шаардаж байхад хэнд хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж нотлох баримтыг буруу үнэлсэн. Эрүүл мэндийн яамнаас Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн тестийг хариуцагчид нийлүүлсэн. Гэрч Б.Буяннэмэх ...эмнэлгийн удирдлагаас сорил яаралтай хэрэгтэй гэсэн тул худалдан авалт хийж 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100 ширхэг тестийг өгсөн ... ажлаас гаргахдаа баримтыг үлдээсэн... гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлэхгүй Мөнхийн тун ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сорил худалдан авсан тул ЦИ ХХК-аас 100 ширхэг с нийлүүлсэн байх боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч ЦИ ХХК хариуцагч Нийслэлийн ҮА т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамар залгиурын 100 ширхэг сорилын үнэ 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Хүрээ амаржих газрын захиалгын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100 ширхэг Ковид-19 вирусын хамар залгиурын сорил хүлээлгэн өгсөн боловч үнийг төлөөгүй гэж тайлбарлажээ.

 

1.1. ЦИ ХХК хамар залгиурын сорил нийлүүлэх, Нийслэлийн ҮА тестийн үнийг төлөхөөр тохиролцсон гэх талуудын тайлбарыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, тэдгээрийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

1.2. Худалдагч ЦИ ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу Ковид-19 вирусын хамар залгиурын 100 ширхэг тестийг нийлүүлсэн болох нь зарлагын баримтаас гадна гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. (хх-ийн 4-5)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарна. Гэрч Б.Буяннэмэх 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн Ковид-19 вирусын хамар залгиурын сорилыг хүлээн авсан болон төлбөрийн нэхэмжлэхийг хүлээлгэж өгсөн талаар мэдүүлжээ. (хх-55-57)

 

Иймд нэхэмжлэгч ЦИ ХХК нь хариуцагч Хүрээ амаржих газраас 100 ширхэг хамар залгиурын тестийн үнэ 750,000 төгрөгийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

2. Хариуцагч ҮА 100 ширхэг хамар залгиурын сорилыг аваагүй гэх тайлбараа нотлоогүй, хэрэгт авагдсан зарлагын баримт, гэрчийн мэдүүлгийг няцааж чадаагүй.

Мөн тус байгууллагад 100 ширхэг Ковид-19 вирусын хамар залгиурын сорил худалдан авсан талаар баримт байхгүйг үндэслэн хариуцагч төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хүрээ амаржих газраас 750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦИ ХХК-д олгосугай гэж,

 

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагч Хүрээ амаржих газраас 22,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦИ ХХК-д олгосугай гэж,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 22,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ