Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2023/01133

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 12

181/ШШ2023/01133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 107,271,864 төгрөг гаргуулах, сургалтын материал, ном, хэвлэмэл материал, багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг даалгах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 53,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Б,

Хариуцагч Р ХХК-ийн төлөөлөгч: В.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХКнь хариуцагч Р ХХК-д холбогдуулан 107,271,864 төгрөг гаргуулах, сургалтын материал, ном, хэвлэмэл материал, багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э ХХКнь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Р ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулж Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-13/402 тоот, Метромолл бизнес төвийн В корпусын 4 давхарт байрлах 320 м.кв талбайтай 9 өрөө бүхий оффисыг түрээсэлж, Радикс нэртэй гадаад хэлний сургалтын төв ажиллуулах зорилгоор засвар хийж тохижуулсан.

Талуудын харилцан тохиролцсон гэрээний 1.7-д 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг төлөхөөр заасан ба түрээслэгч тал 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 8 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 7 дугаар сарын 08-ны өдөр 1,144,866 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдөр 3,855,134 төгрөгийг тус тус төлсөн болно. 2019 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал оффисын засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусгасан ба 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс сургалтын төвийн шинэ элсэлт авч үйл ажиллагааг эхлүүлсэн боловч 2019 оны 12 сард дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан тул үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Тухайн үед цар тахлыг удаан үргэлжилнэ гэж бодоогүй учир үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж хүлээж байсан ба 2020 оны 02 сард Р ХХК-ийн захирал В.Б түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үйл ажиллагаа явагдаагүй 3 сар болсон байсан тул түрээсийн төлбөрийг шууд төлөх боломжгүй байгаа учрыг тайлбарласан ба Түрээсээ төлтөл оффисын түлхүүрээ өгөөрэй, төлбөрөө барагдуулаад буцааж ав гэсний дагуу 2020 оны 3 дугаар сард түлхүүрийг В.Б захиралд буцааж өгсөн.

Оффисын түлхүүрийг буцааж өгөхөд түрээсийн гэрээ дуусгах, талбай чөлөөлөх, эд зүйлээ буцаан авах тухай асуудал огт яригдаагүй бөгөөд бид ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж тооцсоор байсан ба В.Б захиралд итгэж байсан тул дотор нь байсан хөрөнгийг нааш, цааш болголгүй шууд түлхүүрийг өгсөн юм. 2020 оны 10 дугаар сард сургалтын төвөөс ном товхимол авах шаардлага гарч очтол засварлаж тохижуулсан, тавилга бүхий өрөө тасалгаанд өөр байгууллага үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй манай компанийн тавилга эд хогшил, компьютер тоног төхөөрөмж, бусад эд зүйлсийг хэрэглэж байгааг олж мэдсэн. Энэ тухай В.Б захиралтай ярихаар холбогдоход танайх түрээсийн төлбөрийг төлөөгүй тул өөр газарт түрээсэлсэн гэж тайлбарласан ба бид эд зүйлсээ буцаан авах хүсэлт гаргахад өгөх боломжгүй, би танайхаас авлагатай гэж хэлсэн. Тухайн үед нийтийг хамарсан хөл хорио үргэлжилж байсан тул хууль хяналтын байгууллагад хандаж чадаагүй, оффист дахин очиж чадаагүй болно. Мөн шүүхэд хандахад улсын тэмдэгтийн хураамж төлөх асуудал байсан тул хандаж чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Бид дэлхийн стандартад нийцсэн орчин нөхцөлд чанартай сургалт явуулах зорилгоор Метромолл бизнес төвийн В корпусын 4 давхарт байрлах 9 өрөөнд засвар хийх хөлсөнд 11,764,500 төгрөг төлсөн ба иж бүрэн хяналтын камер суурилуулахад 6,729,000 төгрөг, таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр нэг өрөөг дрожтой, зөөлөн суудал бүхий болгож тохижуулах, гал тогоо болон бусад тавилга эд хогшлыг бэлтгэх ажлуудыг гүйцэтгэсэн ба сурагчийн ширээг БНХАУ-аас захиалж Ланд бридж ХХК-иар тээвэрлүүлэн Монгол Улсад авчирхад 16,5 сая төгрөг, сургалт явуулахад шаардлагатай самбар, проектор, компьютер, принтер зэргийг дотоодоос худалдан авах зэргээр тохижуулсан. Оффисын зарим тавилгыг захиалж хийлгэж, ажлын хөлс төлсөн бөгөөд нийтдээ 130 орчим сая төгрөгийг зарцуулсан ба өөрсдөө 3 хүрэхгүй сар үйл ажиллагаа явуулж тавилга эд хогшил, оффисын хэрэглэл, тоног төхөөрөмж элэгдэж амжаагүй байсан юм. Гэтэл Р ХХК, түүний захирал В.Б нь түрээсийн төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй гэх шалтгаанаар манай тавилга, эд зүйлсийг дур мэдэн ашиглаж, бусдад түрээслүүлэн ашиглуулж ашиг хонжоо олж байна. Хэдийгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлэх эрх нь түүнд байгаа ч бусдын эд зүйлс, тавилга тоног төхөөрөмжийг ашиглах эрх байхгүй бөгөөд биднийг ирж аваад өрөө суллаж өг гэсэн бол болох л байсан. Гэтэл юу ч хэлж сануулахгүйгээр өөрийн юм шиг ашиглаж, бусдад ашиглуулж байгаад гомдолтой байна.

Компанийн зүгээс тухайн оффисыг тохижуулсан үеийн баримтуудыг бүрдүүлж, оффист байрлуулсан тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, жижиг хэрэгслийн жагсаалтыг гаргаж, үнийн дүнг тооцсон ба Р ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 107,271,864 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн сургалтын төвийн үйл ажиллагаанд ашиглаж байсан ном, сургалтын материал, засвар үйлчилгээ хийхэд ашиглаж байсан багаж хэрэгслийг жагсааптын дагуу буцаан олгохыг Р ХХК, түүний захирал В.Бт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Р ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдү рүүт ХХК, Р ХХК нар 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 4 давхарт байрлах, 320 м.кв талбайтай 9 өрөөг түрээсэлсэн. Бид нар өмнө 15,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна. Энэ бол үндэслэлгүй гэж дараах тайлбарыг гаргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дээр энэ хэргийн оролцогч, зохигчдын хувьд 2 түрээсийн гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээнүүд хүчин төгөлдөр байгуулагдсан. Талуудын хүсэл зоригийн хүрээнд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсанд маргахгүй.

2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №06-03 дугаартай түрээсийн гэрээгээр Э ХХКнь хариуцагч Р ХХК-ийн өмчлөлийн ажлын байрыг түрээслэх гэрээ байгуулаад тухайн оффисыг харилцан хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн байдаг. Энэ талаарх баримтууд мөн хавтаст хэрэгт авагдсан. №06-03 дугаартай түрээсийн гэрээний 1.5-д зааснаар түрээслэгч Э ХХКнь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг 1 дүгээр сард 5,000,000 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын түрээсийн төлбөрийг 5,250,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1.10-т гэрээ хүчин төгөлдөр болмогц түрээслэгч тал эхний 3 сарын төлбөр болох 15,000,000 төгрөгийг өмчлөгчийн данс руу шилжүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч талын данс руу шилжүүлнэ гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч Э ХХКнь энэ гэрээний дагуу 2019 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 15,000,000 төгрөгийг Р ХХК-д 2019 оны 6 дугаар сард төлөх ёстой байсан боловч 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,144,866 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3,855,134 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №06-03 тоот түрээсийн төлбөрт энэ гэрээний дагуу төлсөн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан гэрч н.Халиун, н.Баясгалан, нэхэмжлэгчийн талын өөрсдийнх нь хүсэлтээр асуулгасан гэрч н.Золзаяагийн мэдүүлгээр нотлогдоно.

Хариуцагч Р ХХК өөрийн ажлын байраа 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн. 2019 оны 6 дугаар сард хүлээлгэн өгчхөөд 9 дүгээр сар хүртэл оффисын төлбөрийг авахгүй байна гэж тохиролцсон юм байхгүй.

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дахь гэрээг байгуулъя гэж хариуцагч талаас Т.А санал тавьж байхдаа өмнөх гэрээнүүдийг устгачих гэх хүсэлтүүд ч тавьж байсан байдаг. Radix сургалтын төвийг ажиллуулах 3 дахь гэрээ байгуулъя гэж хүсэлт тавьж байсан байдаг. Энэ талаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн авч шүүхэд бичгээр гаргаж өгсөн татгалзлыг тайлбарлаж байгаа хариу тайлбар дээрээ дурдсан. Гэрээ болон нэр, он сарыг өөрчилж болно. Гагцхүү 2 дахь гэрээний төлбөрөө төлөөч гэдэг хүсэлт тавьсан. 2 дахь гэрээ яагаад байгуулагдаад байгаа вэ гэхээр эхний гэрээний төлбөр төлөгдсөн учраас 2 дахь гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу байгуулсан.

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний дагуу түрээсийн гэрээ цуцлагдах хүртэл нэхэмжлэгч тал хариуцагчид түрээсийн төлбөр төлөх ёстой. Харин ч 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг одоо 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж байгаа нь үндэслэлгүй байна.

Р ХХК-д үлдээсэн эд хөрөнгийн үнийг гаргуулъя гэдэг шаардлага мөн үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч Р ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Т.А гэдэг залуу эсвэл энэ компанийг төлөөлөөд хэн нэгэн этгээд тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа эд зүйлээ хариуцагчид хүлээлгэн өгсөн нэг ч баримт байхгүй. Харин ч Т.А-ыг тухайн эд хөрөнгийг буцаан ав гэдэг талаар хариуцагч талаас хүсэж байсан зүйл байгаа. Энэ талаар бичгийн баримт хавтаст хэрэгт авагдсан.

Эсрэгээрээ нэхэмжлэгч талаас хариуцагч Р ХХК-иас би түрээсийн талбай дээр ашиглаж байсан сандал, ширээ, бичгийн баримт, тохижуулсан зүйлээ авъя гэж хандаж байсан нэг ч зүйл байхгүй. Үүнийг нотлох ямар ч баримт хавтас хэрэгт байхгүй. Тэгснээ би авах боломжгүй, ийм ийм зүйл авсан, үүнийгээ хариуцагчаас гаргуулна гэдэг гэж шаардлага гаргаж байна. Энэ шударга ёсонд нийцэх үү. В.Б гэдэг хүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл мөн эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ цуцлах мэдэгдэл байгаа. Энэ мэдэгдэл дээр Р ХХК-иас Эдүрүүт ХХК-д мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэл дотор Э ХХК-ийн захирал Т.А таныг түрээсээр эзэмшиж байгаа оффисын байрыг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлнө үү гэж байгаа. Чөлөөлнө гэдэг нь тэр дотор байгаа эд хөрөнгөө авч, тухайн байрыг өмнөх байдалд нь оруулахыг хэлнэ. Энэ мэдэгдлийг нэхэмжлэгч тал хүлээж авсан. Үүнээс харахад хариуцагч Р ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн үлдээгээд явсан сандал, ширээ, тоног төхөөрөмжийг авахыг шаардсан боловч нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сар хүртэл аваагүй. Өнөөдрийг хүртэл эд хөрөнгөө авах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа. Харин ч Р ХХК энэ компанийн эд хөрөнгийг гаргаад хаячихгүй байлгаж байгаа.

Шүүхэд нэхэмжлэл үүсэхээс авахуулаад танайх энэ юмаа ав гэж байгаа. Энэ хүмүүс тухайн эд хөрөнгө авъя гэдэг нэг ч хүсэл сонирхол байхгүй байна. Хамгийн ноцтой асуудал нь энэ эд хөрөнгө ямар үнэтэй, хаанаас ирсэн, тэнд байгаа юм уу, яаж суурьшсан гэдгийг В.Б мэдэхгүй. Энэ хүмүүс өөрсдөө тэнд авчирч тавьж зохицуулсан. Өөрсдөө авахгүй мөртлөө эд зүйлийн үнийг гаргуулъя гэдэг чинь үнэхээр ойлгомжгүй байна.

Ямар, ямар эд зүйлийг хэн В.Б гэдэг хүнд хүлээлгэн өгсөн юм. Тэр нь хаана байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Харин хариуцагчийн хариу тайлбарыг харахаар 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тухайн сургалтын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн өөрт хамааралтай бичиг баримтыг бүгдийг нь аваад явсан. Т.Атой яаж холбогдож асуух уу? гэхээр Бид нарын цалинг өгөхгүй байгаа. Компани дампуурсан гэдэг тайлбарыг өгөөд явсан. Иймд энэ шаардлагыг хангах боломжгүй.

Хариуцагч Р ХХК-ийн зүгээс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №06-03 тоот түрээсийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу өөрийнхөө өмчлөлийн байранд засвар хийлгэсэн. 2019 оны эхний саруудад В.Б захирал дээр ирж хүсэлт тавьсан байдаг. Түүний дагуу 2, 3 нөхцөл тулгасан байгаа юм. Тухайн Р ХХК-ийн 403, 404, 405 өрөөнүүд энэ гэрээн дээр тусгагдсан байгаа. 6 өрөө байсныг дотор нь энэ 3 өрөөг тусгаарлаад 9 өрөөтэй болгож засвар хийснээс гадна оффисын хана, таазыг дахин шинээр засварлаж өгсөн нь оффис хүлээлцсэн буюу 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн баримтаар нотлогдож байгаа.

Харин түрээсийн гэрээний 1.5 дахь хэсэгт Түрээслэгч тал нь өөрийн үйл ажиллагаанд тохирсон тохижилтыг ажлын 14 хоногт багтаан хийнэ. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлнэ гэж заасан. Үйл ажиллагаа явуулахдаа оффисын тохижилтын ажил хийсэн байдаг. Энэ нь Р ХХК-д хамааралгүй. Харин ч түрээсийн гэрээний 6.6-д Түрээсийн байранд хийх нэмэлт засвар ба тохижилтын талаар өмчлөгч талд урьдчилан албан бичгээр мэдэгдэн зөвшөөрөл авах үүрэгтэй гэж заасан байтал оффис дотор өөрсдийн хэлээд байгаа зарим нэг тохижилтуудыг хийхдээ хариуцагчаас нэг ч зөвшөөрөл авч байгаагүй. Зөвшөөрөл авахдаа албан бичгээр зөвшөөрөл авна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ компаниас хариуцагч байгууллага энэ газарт, энэ өрөөнд, энэ шаланд ийм засвар хийе гэж нэг ч албан бичгээр хүсэж байгаагүй.

Тухайн үед талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлээд харилцан тохиролцоод гэрээ байгуулагдсан. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр авахгүй байхаар тохиролцсон. Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш түрээсийн төлбөр авъя гэж бичгээр гэрээ байгуулсан. Цагаан дээр хараар бичигдсэн байна. Нэхэмжлэгчийн хийсэн тохижилтыг хариуцагч хариуцна гэсэн хэлцэл, тохиролцоо байхгүй. Барилгын материалын зардал гээд дотор нь задлаад орж ирж байгаа. Мөн эхний хэлсэн тайлбартай мөн адил юм.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т оффисын байранд засвар тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийхийг заасан бөгөөд харин засвар үйлчилгээний зардлыг буцаан гаргана гэж тохиролцоогүй байгаа.

Хятад улсаас сурагчийн ширээ сандал тээвэрлүүлсэн тээврийн зардал нь хариуцагч талд хамаагүй. Тавилгын үнэ 24,000,000 төгрөг, тоног төхөөрөмж 8,000,000 төгрөг, жижиг хэрэгсэл 2,800,000 төгрөг гэж байна. Энэ тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч өнөөдөр ч авч болно. Энэ бол хариуцагчид хамааралгүй. Бичиг хэрэгсэл 3,000,000 төгрөг гэж энэ материалыг мөн адил хариуцагч хүлээж аваагүй. Хүлээж авсан баримт байхгүй. Өөрсдөө ашиглаж дуусгасан ч юм уу мэдэхгүй.

Түрээсийн гэрээгээр бол түрээсийн гэрээний хугацаа дуусмагц түрээслэгч эд зүйлээ үлдээхгүй. Ийм л зохицуулалт байгаа. Харин Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т заасны дагуу нэгэнт нэхэмжлэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учраас гэрээ цуцлагдсан. Түрээслэгч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас түрээсийн гэрээ цуцлагдсан. Түрээсийн гэрээгээр түрээслэгч өөрийн ажлын байраа түрээслүүлэх, түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй. Гэвч түрээслэгч өөрийн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний үүрэг зөрчсөний улмаас нөгөө талаас хохирол гаргах зохицуулалттай. Гэхдээ ийм зохицуулалт нэхэмжлэгч талд хамаарахгүй байсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нэг талаас болж нөгөө талд хохирол учирсан байхыг шаардаж байгаа. Манай татгалзлаар нэхэмжлэгч талд хохирол учирсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах эрхгүй. Харин эсрэгээрээ гэрээнээс үүдэж хэнд хохирол учирсан гэхээр хариуцагч талд хохирол учирсан. Өнөөдрийг хүртэл энэ гэрээний дагуу нэхэмжлэгчид хохирол учраагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Р ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Р ХХК өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн В корпусын 4 дүгээр давхарт орших 320 м.кв талбайтай ажлын байрыг түрээслүүлэхээр олон нийтэд зар тавьсан. Тус зарын дагуу хариуцагч Э ХХК-ийн захирал Т.А 2019 оны 5 дугаар сарын эхээр нэхэмжлэгч Р ХХК дээр ирж уулзсан. Ийнхүү хэд, хэдэн удаа ирж оффис үзэж, ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч Р ХХК хариуцагч Эдүрүүт ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр №06-03 дугаартай Түрээсийн гэрээ-г байгуулсан. Түрээсийн гэрээгээр хариуцагч Э ХХКнь нэхэмжлэгч Р ХХК-ийн өмчлөлийн ажпын байрыг түрээслэх болсон тул 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Оффисыг харилцан хүлээлцсэн акт-аар хүлээлгэн өгсөн.

2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №06-03 тоот түрээсийн гэрээний 1.2, 1.3-т заасны дагуу түрээслэгч Э ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу манай компани 6 өрөөтэй байсан оффисын зохион байгуулалтыг өөрчилж 403, 404, 405 тоот өрөөнүүдийг дотор нь тусгаарлан хувааж, нийт 9 өрөөтэй болгон өөрчлөн засварласнаас гадна оффисын хана таазыг дахин шинээр засварлаж өгсөн. Мөн гэрээний 1.5-д зааснаар түрээслэгч Э ХХК2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлж, энэ өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг нэг сарын 5,000,000 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын түрээсийн төлбөрийг 5,250,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хариуцагч Э ХХКнь 2019 оны 7, 8, 9 сарын түрээсийн төлбөр болох 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Р ХХК-д 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,144,866 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 3,855,134 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг төлсөн.

Хариуцагч Э ХХК-ийн захирал Т.А нь түрээсийн гэрээгээ шинэчилье, дахин гэрээ байгуулья гэсэн хүсэлтийг тавихад өмнөх гэрээний төлбөрийн асуудал байхгүй байсан тул нэхэмжлэгч Р ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч дахин 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр №09-04 дугаартай Түрээсийн гэрээ-г шинэчлэн байгуулсан. Ингэхдээ түрээсийн төлбөрийг төлөх өдөр сар бүрийн 24-ний өдөр байсныг өөрчилж сар бүрийн 20-ны өдөр болгох, мөн түрээслэгч Э ХХК-ийн хүсэлтээр нэмэлт засвар өөрчлөлтийг Р ХХК хийж гүйцэтгэсэн засвар, тохижилтын төлбөр 5,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Р ХХК төлөхөөр гэрээний хавсралтад тусгасан.

Гэвч хариуцагч Э ХХКнь түрээсийн гэрээнд заасан дараах түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Үүнд:

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг,

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 5,250,000 төгрөг,

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 5,250,000 төгрөг,

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Түрээслэгч хариуцагч Э ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1 ширхэг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1 ширхэг ажлын байрны түлхүүрийг нэхэмжлэгч хүлээн авсан. Хэдийгээр ажлын байр хариуцагч Э ХХК-ийн эзэмшилд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Ийнхүү хариуцагч Э ХХКнь 2019 оны 10 сараас 2020 оны 3 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөр, засвар тохижилтын зардал болох 5,000,000 төгрөг, нийт 35,750,000 төгрөгийг төлөөгүй 860 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн тул түрээсийн гэрээний 4.4-т Түрээслэгч тал нь түрээсийн төлбөрийг 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 26,250 төгрөгийн торгуулийг өмчлөгч талд үл маргах журмаар төлнө, мөн гэрээний 1.8-д Түрээслэгч тал нь 2019 оны 5,6,7 ба 8 саруудад үргэлжилсэн оффисын засвар, тохижилтын хамтарсан ажлын төлбөрийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны дотор өмчлөгч талд шилжүүлнэ. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 20,000 төгрөгийн торгуулийг Түрээслэгч тал үл маргах журмаар өмчлөгч талд төлнө" гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан анзыг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх, түрээсийн төлбөр төлөөгүйгээс үүссэн анзыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 17,875,000 төгрөгийн торгуулийг нэхэмжлэгч Р ХХК хариуцагч Э ХХК-иас нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 09/04 тоот түрээсийн гэрээний төлбөр болон засварын зардал болох 35,750,000 төгрөг, торгууль 17,875,000 төгрөг, нийт 53,625,000 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Э ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус гэрээ. Хүчин төгөлдөр бус гэрээ байх юм бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэг үндэслэл болно.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.3-т Түрээслэгч тал өөрийн үйл ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс албан ёсоор эхлүүлнэ. Түрээсийн төлбөрийг энэхүү өдрөөс эхлэн тооцох бөгөөд ямар нэгэн шалтгаанаар энэхүү өдрийг дахин өөрчлөхгүй, өөрчлөлт оруулах тухай түрээслэгч талаас гарч болох ямар нэгэн хүсэлтийг өмчлөгч тал дахин хүлээн авахгүй гэж тохиролцсон ба мөн гэрээний 1.8-д Түрээслэгч тал нь 2019 оны 5, 6, 7 ба 8 дугаар саруудад үргэлжилсэн оффисын засвар, тохижилтын хамтарсан ажлын төлбөрийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны дотор өмчлөгч тал шилжүүлнэ гэж заасан. Үүнээс үзэхэд түрээсийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эхэлсэн ба үүнээс өмнө 5,6,7,8 дугаар саруудад оффис засвар үйлчилгээтэй байсан, үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг бүрэн нотолж байна. Гэтэл хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ Э ХХК-иас төлсөн 15,000,000 төгрөгийг 6,7,8 дугаар саруудын түрээсийн төлбөрт тооцож авсан, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн түрээс төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Э ХХКнь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан юм. 2020 оны 01 сард Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэг, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Э ХХК2020 оны 01 дүгээр сараас хойш түрээсийн байрыг ашиглаагүй тухай түрээслүүлэгч бүрэн мэдэж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлдээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн, 3 дугаар сард түлхүүрийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Э ХХК-ийн захирал Т.А 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Метромолл оффисын нэгдүгээр давхарт Р ХХК-ийн Б захиралтай уулзаж түрээсийн байрны 1 ширхэг түлхүүрийг өгсөн ба түрээслэгч олдвол манай юмыг нэг талд нь хурааж болно, үлдэгдэл 10 сая төгрөгийн тооцоогоо дуусгаад авъя гэж тохиролцсон байдаг.

Э ХХК-ийн төлбөл зохих түрээсийн төлбөр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 30 хоногийн 5,250,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 15 хоногийн 2,625,000 төгрөг, нийт 7,875,000 төгрөгийн төлөгдөөгүй тооцоо байна. Иймд Р ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 сарыг дуусталх түрээсийн төлбөрт 30,750,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд засвар үйлчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны дотор төлөхөөр тохиролцсон ч тухайн түрээсийн байрыг Э ХХКнь гэрээний хугацаанд бүрэн ашиглаж чадаагүй, засвар үйлчилгээ нь түрээсийн байрны сайжруулалт болсон, Р ХХК нь өөрийн хөрөнгийг засварлахад зарцуулсан, түүнийхээ үр шимийг бусдад түрээслүүлэн хүртэж байх тул Э ХХКтөлөх үндэслэлгүй юм.

Сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т заасныг үндэслэн 17,875,000 төгрөгийн торгуулийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т Түрээслэгч тал түрээсийн төлбөрийг 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 26,250 төгрөгийн торгуулийг өмчлөгч талд үл маргах журмаар төлнө гэж заасан байна. Гэрээний энэхүү заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, анзыг торгууль гэнэ гэж хуульчилсантай нийцэж байх бөгөөд гэрээнд заасан үгийн шууд утга, хуулийн зохицуулалтаас дүгнэхэд түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 1 сарын 26,250 төгрөгийн торгууль төлөхөөр үүрэг ногдуулсан байна. Торгууль төлөхөөр зохицуулсан зохицуулалтыг Р ХХК нь алданги төлөхөөр зохицуулсан мэтээр тайлбарлаж хоног тутамд тооцож байгаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд Э ХХКнь нэг сарын түрээсийн төлбөрт 26,250 төгрөгийн торгууль буюу нийт 52,500 төгрөгийн торгууль төлөх үндэслэлтэй байна.

Гэтэл Р ХХК нь бусдын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад түрээсэлж, ашиглуулж ашиг хонжоо олсон үйлдлээ дарагдуулах үүднээс үндэслэлгүйгээр 53,625,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд үндэслэл бүхий 7,927,500 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 677,950+70,200+16,360 төгрөг төлсөн баримт, О.Билгүүнд олгосон итгэмжлэл, Эдү рүүт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээ, Оффисыг харилцан хүлээлцсэн акт, Э ХХКР ХХК-иас шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын задаргаа, Э ХХКРадикс сургалтын төвийн барилгын засвар, материал, тавилгын бүртгэл, техник хэрэгслийн бүртгэл, хяналтын камер суурилуулахтай холбоотой зардал, сургалтын төвийн жижиг хэрэгслийн жагсаалт, буцаан гаргуулахаар шаардаж буй зүйлсийн жагсаалт, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №12 дугаар Барилгын дотор засал болон интериор ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт №1 Дотор засал болон интериорын хийгдэх ажил, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №28 дугаар Хяналтын камер нийлүүлэх, суурилуулах гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2019/253 дугаар Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт №1, Ландбридж ХХК-ийн нэхэмжлэх, Татвар төлсөн баримт, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэх, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Ханшийн лавлагаа, 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №15 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Golden pen зарлагын баримтууд, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Алтан бөмбөлөг зарлагын баримтууд, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Онлайн медиа зарлагын баримт, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Ундрам ач трейд ХХК-ийн зарлагын баримт, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Алтан зарлагын баримт, Ворлд оф лэнгвиж ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн төлбөрийн баримт, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Галлери хаус ХХК-ийн баримт, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Номин наран ХХК-ийн зарлагын баримт, гэрэл зураг, нэмэлт тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны 456110550 дугаарын дансны хуулга, Ю.Батболд, М.Цэндпүрэв нарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Р ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №05 дугаар Эм ди жи проперти СӨХ-ны хариу бичиг, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №06-03 дугаар Түрээсийн гэрээ, Оффисыг харилцан хүлээлцсэн акт, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 09/04 дугаар Түрээсийн гэрээ, Оффисыг харилцан хүлээлцсэн акт, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ цуцлах мэдэгдэл, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Түлхүүр хүлээлгэж өгсөн акт, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/28 дугаар Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 426,100 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 02/32 тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Оффисыг харилцан хүлээлцсэн акт, Анхааруулга зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Д.Золзаяагаас гэрчийн мэдүүлэг, хариуцагч талын хүсэлтээр Д.Баясгалан, Э.Халиунаа нараас гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу-13, метро бизнес төв В корпус 402 тоот хаягт байрлах 9 өрөө бүхий оффист үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу-13, метро бизнес төв В корпус, 4 давхарт байрлах 320 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, хариуцагч Р ХХК нараас 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Оффисыг харилцан хүлээлцсэн акт, Р ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Бын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт хүргүүлсэн Хавсралт №6 Анхааруулга гэх баримтыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Эдү рүүт ХХК нь Р ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-13/402 тоот, Метромолл бизнес төвийн В корпусын 4 давхарт байрлах 320 м.кв талбайтай 9 өрөө бүхий оффисыг түрээсэлж, Радикс нэртэй гадаад хэлний сургалтын төв ажиллуулах зорилгоор засвар хийж тохижуулсан. Эдү рүүт ХХК-ийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг Р ХХК-д төлсөн. Улмаар 2019 оны 12 дугаар сард дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахал гарч, хичээл сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Р ХХК-иас 2020 оны 02 дугаар сард түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг нэхэмжилж, оффисын түлхүүрийг авсан. 2020 оны 10 дугаар сард сургалтын төвөөс ном товхимол авахаар очиход бидний засварлаж тохижуулсан тавилгатай өрөө тасалгаанд өөр байгууллага үйл ажиллагаа явуулж байсан. Бид Р ХХК-д эд зүйлээ буцаан авах хүсэлт гаргахад өгөх боломжгүй, би танайхаас авлагатай гэж хэлсэн. Манай компанийн зөвшөөрлийг авалгүйгээр Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт ширээ, сандал, камер, принтер, дэлгэц гэх мэт зүйлсийг хэрэглүүлэн захиран зарцуулсан учраас хариуцагч Р ХХК-иас түрээсийн талбайн засвар үйлчилгээ, үлдээсэн тавилга, эд хогшлын үнэ 107,271,864 төгрөг гаргуулах, сургалтын материал, ном, хэвлэмэл материал, багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг даалгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр №06-03, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 09/04 дугаартай хоёр түрээсийн гэрээ байгуулагдсан. Эдү рүүт ХХК 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, 2019 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн. Р ХХК төлбөрөө хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй учраас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар Р ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд оффисын түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч талд түрээсийн талбайд үлдээсэн эд хөрөнгөө авахыг мэдэгдсэн боловч 2020 оны 10 дугаар сар хүртэл эд хөрөнгөө аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас нь хойш ч мөн эд хөрөнгөө ав гэж хэлсэн боловч өөрсдөө үүргээ хэрэгжүүлэлгүй 107,271,864 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийг 107,271,864 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгчээс үлдээсэн эд хөрөнгөө авъя гэж хариуцагчид нэг ч удаа хандаагүй. Мөн жагсаалтын дагуу буцаан олгохыг шаардсан хөрөнгүүдийг хэн хэзээ хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Р ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй учир түрээсийн төлбөрт 30,750,000 төгрөг, засвар тохижилтын зардал 5,000,000 төгрөг, торгууль 17,875,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,927,500 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргав. Үүнд: Талуудын харилцан тохиролцож байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 09/04 тоот Түрээсийн гэрээ-ний 1.3-т Түрээслэгч тал өөрийн үйл ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс албан ёсоор эхлүүлнэ. Түрээсийн төлбөрийг энэхүү өдрөөс эхлэн тооцох...-оор заасан. Эдү рүүт ХХК 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөгийг төлсөн. Эдү рүүт ХХК 2020 оны 01 дүгээр сараас хойш түрээсийн байрыг ашиглаагүй. Иймд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 5,250,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 2,650,000 төгрөг, нийт 7,875,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Эдү рүүт ХХК нь засвар үйлчилгээний зардал 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ч түрээсийн байрыг гэрээний хугацаанд бүрэн ашиглаж чадаагүй, Р ХХК нь өөрийн хөрөнгийг засан сайжруулсан, түүнийхээ үр шимийг бусдад түрээслүүлэн хүртэж байгаа учраас Эдү рүүт ХХК дээрх 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн гэрээнд 1 сарын 26,250 төгрөгийн торгууль төлөхөөр заасан тул 2 сарын торгууль 52,500 төгрөгийг зөвшөөрнө. Харин гэрээний уг заалтыг алданги төлөхөөр зохицуулсан мэт тайлбарлаж 17,875,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

6.1. Талууд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр №06-03 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Р ХХК нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-13/402 тоот хаягт байрлах Метро бизнес төвийн В корпусын 4 давхарт байрлах 320 мкв талбай бүхий оффисын байрыг Эдү рүүт ХХК-д түрээслүүлэх, түрээслэгч талын гаргасан хүсэлтээр 6 өрөөтэй тус оффисын 403, 404, 405 тоот өрөөнүүдийг дотор нь тусгаарлан хувааж, нийт 9 өрөөтэй болгон өөрчлөн засварлах нэмэлт ажлыг 10 хоногт багтаан хийж гүйцэтгэж Эдү рүүт ХХК-д хүлээлгэн өгөхөөр, Эдү рүүт ХХК нь өөрийн үйл ажиллагаанд тохирсон тохижилтын ажлыг 14 хоногт багтаан хийгээд үйл ажиллагаагаа 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээгээр талууд түрээсийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг сарын 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 5,250,000 төгрөгөөр тооцон сар бүрийн эхний долоо хоногт багтаан төлөхөөр, түрээсийн төлбөрийг дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр, түрээсийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сард 1 сарын барьцаа төлбөр 5,250,000 төгрөг авахаар, гэрээ хүчин төгөлдөр болмогц Эдү рүүт ХХК нь 3 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөгийг Р ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна. /1хх, 87-88/

 

6.2. Р ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Эдү рүүт ХХК-д оффисыг хүлээлгэн өгсөн болох нь Оффисыг харилцан хүлээлцсэн акт-аар тогтоогдсон. /1хх, 89/

 

6.3. Улмаар талууд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 09/04 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Р ХХК нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-13/402 тоот хаягт байрлах Метро бизнес төвийн В корпусын 4 давхарт байрлах 320 мкв талбай бүхий 9 өрөөтэй оффисын байрыг Эдү рүүт ХХК-д түрээслүүлэх, Эдү рүүт ХХК нь үйл ажиллагаагаа 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээгээр талууд түрээсийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5,250,000 төгрөгөөр тооцон сар бүрийн 15-ны өдрөөс 20-ны өдрийн дотор төлөхөөр, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 26,250 төгрөгийн торгууль төлөхөөр, Эдү рүүт ХХК нь гэрээ хүчин төгөлдөр болмогц 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөгийг урьдчилан төлөхөөр, мөн түрээсийн барьцаа болох 5,250,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор эзэмшигчийн дансанд шилжүүлэх, 2019 оны 5, 6, 7 ба 8 дугаар саруудад үргэлжилсэн оффисын засвар, тохижилтын хамтарсан ажлын төлбөрийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Р ХХК-д шилжүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 20,000 төгрөгийн торгуулийг үл маргах журмаар төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх,90-91/

 

6.4. Р ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1102010070 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу /14201/, Д.Сүхбаатарын гудамжны 13 дугаартай барилгын 4 дүгээр давхарт В корпусын 402 тоот хаягт байршилтай, оффисын зориулалттай 319,56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/2405 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

6.5. Эдү рүүт ХХК нь түрээсийн төлбөрт 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,144,866 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3,855,134 төгрөг, нийт 15,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын маргаагүй тайлбар, Эдү рүүт ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 456110550 тоот дансны хуулга, Д.Цогтбаатарын Хаан банк дахь 5029807540 тоот дансны хуулгаар тогтоогдсон. /1хх,107-113, 166/

 

6.6. Р ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Эдү рүүт ХХК-д гэрээ цуцлах мэдэгдэл өгч, Эдү рүүт ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр оффисын түлхүүрийг Р ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Бт хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон үйл баримтад талууд маргаагүй. /1хх, 93-94/

 

6.7. Шүүхийн журмаар Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-13, метро бизнес төвийн В корпус, 402 тоотод үзлэг хийхэд 4 давхрын үүдний хэсэгт хүлээн авах ширээ, 400 тоотод 2 ширхэг том бор ширээ, 9 ширхэг хар сандал, 1 ширхэг хяналтын камер, 401 тоотод 1 ширхэг шар буйдан, 403 тоотод 1 урт шар ширээ, 1 богино шар ширээ, 404 тоотод урт бор ширээ 4 ширхэг, савхин бүрээстэй сандал 10 ширхэг, 405, 406 тоотод урт улаан, цагаан ширээ 14 ширхэг, богино улаан ширээ 5 ширхэг, хар сандал 39 ширхэг, хананд өлгөсөн том самбар 2 ширхэг, проекторын туузан дэлгэж 1 ширхэг, 407 тоотод залгаа 3 ширхэг цагаан ширээ, 3 цагаан шүүгээ, богино шар ширээ 1 ширхэг, хар сандал 32 ширхэг, 408 тоотод бор шар хос ширээ 2 ширхэг, 1 ширхэг хяналтын камер, амралтын буланд булангийн өндөр ширээ, хүлээлгийн тек, угаалтууртай шүүгээ, нийт 11 ширхэг камер байгаа нь тогтоогдсон./1хх,125-157/

 

6.8. Р ХХК нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг ТББ-тай 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №007 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-13/В402 тоот хаягтай Метро бизнес төвийн В корпусын 4 давхарт орших 320 м.кв талбайтай оффисын байрыг 1 сарын 5,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн болох нь хэрэгт авагдсан Түрээсийн гэрээ, Оффисыг харилцан хүлээлцсэн акт зэргээр тогтоогдож байна.

 

7. Талууд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр №06-03 дугаартай Түрээсийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 09/04 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан, Эдү рүүт ХХК нь түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг Р ХХК-д хүлээлгэн өгсөн, Р ХХК-иас Эдү рүүт ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн, улмаар Р ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 25, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд Эдү рүүт ХХК-д оффисын түлхүүрийг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн төлбөрийн үлдэгдэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар болон гэрээнд заасан торгуулийн хэмжээний талаар маргав.

 

8. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

Талууд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулсан, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Түрээсийн гэрээ-г шинэчлэн бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх №06-03, 09/04 дугаартай гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

9. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

9.1. Нэхэмжлэгч Эдү рүүт ХХК нь хариуцагч Р ХХК-иас барилгын засварын зардалд 11,764,500 төгрөг, барилгын материалын зардал 6,098,000 төгрөг, Хятад улсаас захиалж авсан сурагч ширээ, тээврийн зардал 16,597,074 төгрөг, тавилгын үнэ 24,415,000 төгрөг, захиалж хийлгэсэн тавилгын үнэ 16,680,000 төгрөг, оффисын тоног төхөөрөмжийн үнэ 8,181,400 төгрөг, хяналтын камер суурилуулахтай холбоотой гарсан зардал 6,729,000 төгрөг, бичгийн хэрэгсэл 3,424,290 төгрөг, хананы хэвлэмэл бүтээц 10,482,600 төгрөг, сувинер болон жижиг хэрэгслийн төлбөр 2,890,000 төгрөг, нийт 107,271,864 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эдү рүүт ХХК-ийн эд хөрөнгө, түрээсийн байранд хийсэн засан сайжруулалтыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслүүлэн ашиг олсон, үндэслэлгүй хөрөнгөжсөн учраас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.2, 493.3, 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар тухайн эд хөрөнгийн үнийг барагдуулах үүрэгтэй гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна., 493.2-т Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө., 493.3-т Эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх, бусдад шилжүүлэх зэргээр ашиглахдаа, эсхүл тухайн зүйлийг үрэгдүүлсэн, устгасан, чанарыг нь муудуулсан буюу бусад шалтгаанаар ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол олох байсан орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй., 495 дугаар зүйлийн 495.1-т Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Эдү рүүт ХХК нь хариуцагч Р ХХК-иас барилгын засварын зардалд 11,764,500 төгрөг, барилгын материалын зардал 6,098,000 төгрөг, Хятад улсаас захиалж авсан сурагч ширээ, тээврийн зардал 16,597,074 төгрөг, тавилгын үнэ 24,415,000 төгрөг, захиалж хийлгэсэн тавилгын үнэ 16,680,000 төгрөг, оффисын тоног төхөөрөмжийн үнэ 8,181,400 төгрөг, хяналтын камер суурилуулахтай холбоотой гарсан зардал 6,729,000 төгрөг, бичгийн хэрэгсэл 3,424,290 төгрөг, хананы хэвлэмэл бүтээц 10,482,600 төгрөг, сувинер болон жижиг хэрэгслийн төлбөр 2,890,000 төгрөг, нийт 107,271,864 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Силвер Од констракшн ХХК-тай байгуулсан Барилгын дотор засал болон интериор ажил гүйцэтгэх гэрээ, Скай леженд ХХК-тай байгуулсан Хяналтын камер нийлүүлэх, суурилуулах гэрээ, Ланд бридж ХХК-тай байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Ланд бридж ХХК-ийн нэхэмжлэх, Гаалийн татвар төлсөн баримт, GUANGZHOU BODA HARDWARE FURNITURE CO.LTD нэхэмжлэх, Faba mongolia ХХК-тай байгуулсан Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ, Т.Нацагдоржтой байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн боловч тухайн гэрээ, нэхэмжлэхүүдийн дагуу төлбөр төлсөн баримтуудыг ирүүлээгүй.

 

Мөн бичгийн хэрэгсэл худалдан авсан 3,424,290 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зарлагын баримтуудыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн. Гэвч 2019 оны 12 дугаар сар хүртэл Эдү рүүт ХХК хэдий хэмжээний бичгийн хэрэгслийг хэрэглээд хэд нь үлдсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэгчийн анх худалдаж авсан бичгийн хэрэгслийн зардал 3,424,290 төгрөгөөр хариуцагч Р ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, гэрээ дуусгавар болсон 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс Р ХХК-ийн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй түрээсийн гэрээ байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Эдү рүүт ХХК-иас түрээсийн талбайд үлдээсэн эд хогшлоо авахаар Р ХХК-д хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн үлдээсэн зарим эд хогшлыг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг ашиглаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар нэхэмжлэгч Эдү рүүт ХХК буюу хөрөнгө шилжүүлсэн /ашиглуулсан/ этгээд нь тухайн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгч нь уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардсан 107,271,864 төгрөгийн хэмжээгээр хариуцагч Р ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчаас дээрх эд хөрөнгүүдээ өнөөдрийг хүртэл буцаан авах эрх нь нээлттэй гэсэн тайлбар гаргасан, түүнчлэн нэхэмжлэгчээс дээрх хөрөнгүүдээ буцаан авах талаар хариуцагчид хүсэлт гаргаж байсан талаарх баримтгүй атлаа тухайн эд хөрөнгүүдийн үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

 

9.2. Нэхэмжлэгч Эдү рүүт ХХК-иас 385,000 төгрөгийн үнэ бүхий 18 ширхэг англи хэлний ном, 786,900 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг Р ХХК-д даалгах нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 18 ширхэг англи хэлний ном, 19 ширхэг багаж хэрэгслийг түрээсийн байранд үлдээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Р ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй учир түрээсийн төлбөрт 30,750,000 төгрөг, засвар тохижилтын зардал 5,000,000 төгрөг, торгууль 17,875,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

10.1. Талуудын байгуулсан түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байх боловч Эдү рүүт ХХК нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй юм. Иймд Р ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг Эдү рүүт ХХК-иас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Эдү рүүт ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн зүйлийг актаар хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сар хүртэл эзэмшиж, ашигласан үйл баримтад маргаагүй. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс орон даяар хөл хорио тогтоож, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулаагүй, улмаар түрээсийн төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр цахилгаан хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч Р ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, Эдү рүүт ХХК 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр оффисын түлхүүрийг өмчлөгчид хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон үйл баримтад маргаагүй.

 

Эдү рүүт ХХК 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, торгуульд 7,927,500 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан. Үүнээс өмнөх хугацааны буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг өмнө төлсөн 15,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон гэх тайлбар гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Тодруулбал, талуудын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 09/04 тоот Түрээсийн гэрээ-ний 1.3-т Түрээслэгч тал өөрийн үйл ажиллагаагаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс албан ёсоор эхлүүлнэ. Түрээсийн төлбөрийг энэхүү өдрөөс эхлэн тооцох бөгөөд ямар нэгэн шалтгаанаар энэхүү өдрийг дахин өөрчлөхгүй, өөрчлөлт оруулах тухай Түрээслэгч талаас гарч болох ямар нэгэн хүсэлтийг Өмчлөгч тал дахин хүлээн авахгүй, 1.7-д Энэхүү гэрээг хүчин төгөлдөр болмогц Түрээслэгч тал нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20, 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20, 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр гэсэн гурван сарын төлбөр болох 15,000,000 төгрөгийг урьдчилан төлнө гэж заасныг Эдү рүүт ХХК-ийн төлсөн 15,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт тооцож авна гэж заасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Эдү рүүт ХХК нь Р ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд Эдү рүүт ХХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15,000,000 төгрөгийг гаргуулан Р ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 5,250,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи түрээсийн төлбөрийг 5,250,000 төгрөгөөр тооцож, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласны төлбөрт 15,750,000 төгрөг, нийт 30,750,000 төгрөгийг Эдү рүүт ХХК-иас гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй.

 

10.2. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус учир Р ХХК нь хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн торгууль шаардах эрхгүй тул 17,875,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

10.3. Р ХХК, Эдү рүүт ХХК нар харилцан тохиролцож оффисын засвар, тохижилтын хамтарсан ажлын төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Эдү рүүт ХХК 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Р ХХК-д төлөхөөр тохиролцсон байх боловч Э ХХКнь түрээсийн зүйлийг гэрээний хугацаанд бүрэн ашиглаж чадаагүй, Р ХХК нь өөрийн хөрөнгийг засан сайжруулсан, түүнийхээ үр шимийг бусдад түрээслүүлэн хүртэж байх тул Э ХХКтөлөх үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй тул 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр Эдү рүүт ХХК-иас 30,750,000 төгрөгийг гаргуулан Р ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 764,510 төгрөг, хариуцагчаас төлсөн 426,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 311,700 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2, 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар Эдү рүүт ХХК-ийн гаргасан түрээсийн талбайн засвар үйлчилгээ, үлдээсэн тавилга, эд хогшлын үнэ 107,271,864 төгрөг гаргуулах, сургалтын материал, ном, хэвлэмэл материал, багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эдү рүүт ХХК-иас 30,750,000 төгрөг гаргуулан Р ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 22,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 764,510 төгрөг, хариуцагчаас төлсөн 426,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 311,700 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ