Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01365

 

 

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01365

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01133 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Р” ХХК-д холбогдох 107,271,864 төгрөг гаргуулах, сургалтын материал, ном, хэвлэмэл материал, багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 53,625,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Э” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Р” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, бага тойруу-13/402 тоот Метромолл бизнес төвийн В корпусын 4 давхарт байрлах 320 м.кв талбайтай, 9 өрөө бүхий оффисыг түрээсэлж, “Р” нэртэй гадаад хэлний сургалтын төв ажиллуулах зорилгоор засвар хийж тохижуулсан. Талуудын харилцан тохиролцсон гэрээний 1.7-д 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг төлөхөөр заасан ба түрээслэгч тал 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 8 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 7 дугаар сарын 08-ны өдөр 1,144,866 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдөр 3,855,134 төгрөгийг тус тус төлсөн болно. 2019 оны 5-8 дугаар сарыг дуустал оффисын засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусгасан ба 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс сургалтын төвийн шинэ элсэлт авч үйл ажиллагааг эхлүүлсэн боловч 2019 оны 12 сард ковид-19 цар тахлын улмаас хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тухайн үед цар тахлыг удаан үргэлжилнэ гэж бодоогүй учир үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж хүлээж байсан ба 2020 оны 02 дугаар сард “Р” ХХК-ийн захирал В түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үйл ажиллагаа явагдаагүй 3 сар болсон тул түрээсийн төлбөрийг шууд төлөх боломжгүй байгаа учрыг тайлбарлан түрээсээ төлтөл оффисын түлхүүрээ өгөөрэй, төлбөрөө барагдуулаад буцааж ав гэсний дагуу 2020 оны 3 дугаар сард түлхүүрийг В.Б захиралд буцааж өгсөн.

Оффисын түлхүүрийг буцааж өгөхөд түрээсийн гэрээ дуусгах, талбай чөлөөлөх, эд зүйлээ буцаан авах асуудал яригдаагүй бөгөөд бид ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж тооцож В захиралд итгэж байсан тул дотор нь байсан хөрөнгийг хөдөлгөлгүй түлхүүрийг өгсөн. Улмаар 2020 оны 10 дугаар сард сургалтын төвд очиход засварлаж тохижуулсан, тавилга бүхий өрөө тасалгаанд өөр байгууллага үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй манай компанийн тавилга эд хогшил, компьютер тоног төхөөрөмж, бусад эд зүйлсийг хэрэглэж байгааг мэдэж энэ талаар ярихаар холбогдоход танайх түрээсийн төлбөрийг төлөөгүй тул өөр газарт түрээсэлсэн гэж тайлбарласан ба бид эд зүйлсээ буцаан авах хүсэлт гаргахад өгөх боломжгүй, харин танайхаас авлагатай гэж хэлсэн.

Бид дэлхийн стандартад нийцсэн орчин нөхцөлд чанартай сургалт явуулах зорилгоор Метромолл бизнес төвийн В корпусын 4 давхарт байрлах 9 өрөөнд засвар хийх хөлсөнд 11,764,500 төгрөг төлсөн ба иж бүрэн хяналтын камер суурилуулахад 6,729,000 төгрөг, сурагчийн ширээг БНХАУ-аас захиалж тээвэрлүүлэхэд 16,500,000 төгрөг, сургалт явуулахад шаардлагатай самбар, проектор, компьютер, принтер зэргийг дотоодоос худалдан авч тохижуулсан. Оффисын зарим тавилгыг захиалж хийлгэн, ажлын хөлсөнд нийт 130 орчим сая төгрөгийг зарцуулсан ба өөрсдөө 3 хүрэхгүй сар үйл ажиллагаа явуулсан.

Гэтэл “Р” ХХК-ийн захирал В түрээсийн төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй гэх шалтгаанаар манай тавилга, эд зүйлсийг дур мэдэн ашиглаж, бусдад түрээслүүлэн ашиглуулж ашиг хонжоо олж байна. Хэдийгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлэх эрхтэй ч бусдын эд зүйлс, тавилга, тоног төхөөрөмжийг ашиглах эрх байхгүй бөгөөд биднийг ирж аваад өрөө суллаж өг гэсэн бол болох л байсан. Компаниас тухайн оффисыг тохижуулсан үеийн баримтуудыг бүрдүүлж, оффист байрлуулсан тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, жижиг хэрэгслийн жагсаалтыг гаргаж, үнийн дүнг тооцсон.

Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 107,271,864 төгрөгийг гаргуулж, сургалтын төвийн үйл ажиллагаанд ашиглаж байсан ном, сургалтын материал, засвар үйлчилгээ хийхэд ашиглаж байсан багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Э” ХХК, “Р” ХХК нар 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 4 давхарт байрлах, 320 м.кв талбайтай 9 өрөөг түрээсэлсэн. Бид 15,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар нь  үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дээр хэргийн оролцогч, зохигчдын хувьд 2 түрээсийн гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээнүүд хүчин төгөлдөр байгуулагдсан. Талуудын хүсэл зоригийн хүрээнд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээ байгуулсанд маргахгүй. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 06-03 дугаартай түрээсийн гэрээгээр “Э” ХХК нь хариуцагч “Р” ХХК-ийн өмчлөлийн ажлын байрыг түрээслэх гэрээ байгуулаад тухайн оффисыг харилцан хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн. 06-03 дугаартай түрээсийн гэрээний 1.5-д зааснаар түрээслэгч “Э” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ өдрөөс түрээсийн төлбөрийг 1 дүгээр сард 5,000,000 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын түрээсийн төлбөрийг 5,250,000 төгрөг байхаар тохиролцож байгуулсан гэрээний 1.10-т гэрээ хүчин төгөлдөр болмогц түрээслэгч эхний 3 сарын төлбөр 15,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талын данс руу шилжүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу 2019 оны 7, 8, 9 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөгийг “Р” ХХК-д 2019 оны 6 дугаар сард төлөх ёстой байсан боловч 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,144,866 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3,855,134 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 06-03 тоот түрээсийн төлбөрт энэ гэрээний дагуу төлсөн талаар гэрч н.Х, н.Б, нэхэмжлэгчийн талын өөрсдийнх нь хүсэлтээр асуулгасан гэрч н.З-гийн мэдүүлгээр нотлогдоно. Хариуцагч “Р” ХХК өөрийн ажлын байраа 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн. 2019 оны 6 дугаар сард хүлээлгэн өгчихөөд 9 дүгээр сар хүртэл оффисын төлбөрийг авахгүй байна гэж тохиролцсон юм байхгүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дахь гэрээний дагуу түрээсийн гэрээ цуцлагдах хүртэл нэхэмжлэгч тал хариуцагчид түрээсийн төлбөр төлөх ёстой. Харин 7, 8 сарын түрээсийн төлбөрийг одоо 10, 11, 12 сарын түрээсийн төлбөр гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж байгаа нь үндэслэлгүй.

“Р” ХХК-д үлдээсэн эд хөрөнгийн үнийг гаргуулах шаардлага мөн үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч “Р” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Т.А нэхэмжлэлд дурдсан эд зүйлээ хариуцагчид хүлээлгэн өгсөн баримтгүй. Харин эд хөрөнгийг буцаан ав гэдэг талаар хариуцагч талаас хүсэж байсан талаар бичгийн баримт хэрэгт авагдсан. В-ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл мөн эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Р” ХХК-иас “Э” ХХК-д гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээж авсанаас харахад хариуцагч “Р” ХХК-иас нэхэмжлэгчийн үлдээсэн сандал, ширээ, тоног төхөөрөмжийг авахыг шаардсан боловч нэхэмжлэгч 2020 оны 10 сар хүртэл аваагүй, үүргээ хэрэгжүүлээгүй. Харин ч “Р” ХХК энэ компанийн эд хөрөнгийг гаргаагүй байлгаж байгаа.

Хариуцагч “Р” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 06-03 тоот түрээсийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн байранд засвар хийлгэсэн. 2019 оны эхний саруудад В захиралд хүсэлт тавьсан байдаг. Түүний дагуу 2, 3 нөхцөл тулгасан байгаа юм. Тухайн “Р” ХХК-ийн 403, 404, 405 өрөөнүүд энэ гэрээн дээр тусгагдсан байгаа. 6 өрөө байсныг дотор нь энэ 3 өрөөг тусгаарлаад 9 өрөөтэй болгож засвар хийснээс гадна оффисын хана, таазыг дахин шинээр засварлаж өгсөн нь оффис хүлээлцсэн буюу 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн баримтаар нотлогдоно. Харин түрээсийн гэрээний 1.5-д заасан үйл ажиллагаа явуулахдаа оффисын тохижилтын ажил хийсэн нь “Р” ХХК-д хамааралгүй. Харин түрээсийн гэрээний 6.6-д заасан байхад оффис дотор зарим нэг тохижилтуудыг хийхдээ хариуцагчаас бичгээр зөвшөөрөл аваагүй.

Тухайн үед талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлээд харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан. 2019 оны 6 дугаар сарын 03-24-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр авахгүй байхаар тохиролцсон. Талууд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 6.3-т заасан засвар үйлчилгээний зардлыг буцаан гаргана гэж тохиролцоогүй. Хятад улсаас сурагчийн ширээ сандал тээвэрлүүлсэн тээврийн зардал хариуцагч талд хамаагүй. Тавилгын үнэ 24,000,000 төгрөг, тоног төхөөрөмж 8,000,000 төгрөг, жижиг хэрэгсэл 2,800,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч авч болно. Бичиг хэрэгсэл 3,000,000 төгрөгийн материалыг хариуцагч хүлээж аваагүй, энэ талаар баримтгүй.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учраас гэрээ цуцлагдсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зохицуулалт нэхэмжлэгч талд хамаарахгүй байсан. Манай татгалзлаар нэхэмжлэгч талд хохирол учирсан зүйлгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах эрхгүй. Харин хариуцагч талд хохирол учирсан. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд тохиролцож байгуулсан түрээсийн гэрээгээр “Э” ХХК нь “Р” ХХК-ийн өмчлөлийн ажлын байрыг түрээслэх болсон тул 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр оффисыг актаар хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээний 1.2, 1.3-т заасны дагуу түрээслэгч “Э” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу манай компани 6 өрөөтэй байсан оффисын зохион байгуулалтыг өөрчилж 403, 404, 405 тоот өрөөнүүдийг дотор нь тусгаарлан хувааж, 9 өрөөтэй болгон өөрчлөн засварласнаас гадна оффисын хана таазыг дахин шинээр засварлаж өгсөн. Мөн гэрээний 1.5-д зааснаар түрээслэгч “Э” ХХК нь 2019 оны 6 сарын 24-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлж, энэ өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг нэг сарын 5,000,000 төгрөгөөр 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын түрээсийн төлбөрийг 5,250,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хариуцагч “Э” ХХК нь 2019 оны 7-9 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч “Р” ХХК-д 2019 оны 7 сарын 08-ны өдөр 1,144,866 төгрөг, 2019 оны 7 сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 8 сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 9 сарын 04-ны өдөр 3,855,134 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг төлсөн.

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Т.А түрээсийн гэрээг шинэчилье, дахин байгуулах хүсэлт тавихад өмнөх гэрээний төлбөрийн асуудалгүй байсан тул нэхэмжлэгч “Р” ХХК-иас хүлээн зөвшөөрч дахин 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 09-04 дугаартай түрээсийн гэрээг шинэчлэн байгуулахдаа түрээсийн төлбөрийг төлөх өдөр сар бүрийн 24-ний өдөр байсныг өөрчилж сар бүрийн 20-ны өдөр болгох, мөн түрээслэгч “Э” ХХК-ийн хүсэлтээр нэмэлт засвар өөрчлөлтийг “Р” ХХК хийж гүйцэтгэсэн засвар, тохижилтын төлбөр 5,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Р” ХХК төлөхөөр гэрээний хавсралтад тусгасан. Гэвч хариуцагч “Э” ХХК нь түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Үүнд: 2019 оны 9 сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 5,250,000 төгрөг, 2020 оны 01 сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 5,250,000 төгрөг төлөөгүй.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул 2020 оны 02 сарын 04-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Түрээслэгч “Э” ХХК-иас 2020 оны 3 сарын 25-ны өдөр 1 ширхэг, 2020 оны 7 сарын 24-ний өдөр 1 ширхэг ажлын байрны түлхүүрийг нэхэмжлэгч хүлээн авсан. Хэдийгээр ажлын байр “Эдүрүүт” ХХК-ийн эзэмшилд 2020 оны 7 сарын 24-ний өдрийг хүртэл байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 03  сарын 25-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч “Э” ХХК нь 2019 оны 10 сараас 2020 оны 3 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөр, засвар тохижилтын зардал 5,000,000 төгрөг, нийт 35,750,000 төгрөгийг төлөөгүй 860 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн тул түрээсийн гэрээний 4.4, 1.8-д зааснаар 17,875,000 төгрөгийн торгууль нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд түрээсийн гэрээний төлбөр болон засварын зардалп 35,750,000 төгрөг, торгууль 17,875,000 төгрөг, нийт 53,625,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байвал үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг үндэслэл болно. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.3, 1.8-д зааснаас үзэхэд түрээсийн хугацаа 2019 оны 9 сарын 20-ны өдөр эхэлсэн ба 5,6,7,8 саруудад оффис засвар үйлчилгээтэй байсан, үйл ажиллагаа явуулаагүйг нотолж байна. Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “Э” ХХК-иас төлсөн 15,000,000 төгрөгийг 6,7,8 саруудын түрээсийн төлбөрт тооцож авсан. 2019 оны 9 сарын 20-ны өдрөөс эхлэн түрээс төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

“Э” ХХК нь 2019 оны 9 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл 3 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2020 оны 01 сард ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэг, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. “Э” ХХК 2020 оны 01 сараас хойш түрээсийн байрыг ашиглаагүй гэдгийг түрээслүүлэгч мэдэж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлдээ 2021 оны 02 сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн, 3 сард түлхүүрийг хүлээн авсанаа хүлээн зөвшөөрсөн байна. “Э” ХХК-ийн захирал Т.А нь 2020 оны 3 сарын 25-ны өдөр Метромолл оффисын 1 давхарт “Р” ХХК-ийн В захиралтай уулзаж түрээсийн байрны 1 ширхэг түлхүүрийг өгсөн ба түрээслэгч олдвол манай юмыг нэг талд нь хурааж болно. Харин үлдэгдэл 10 сая төгрөгийн тооцоогоо дуусгаад авъя гэж тохиролцсон.

“Э” ХХК-ийн төлбөл зохих түрээсийн төлбөр 2019 оны 12  сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл 30 хоногийн 5,250,000 төгрөг, 2020 оны 01 сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 15 хоногийн 2,625,000 төгрөг, нийт 7,875,000 төгрөг төлөгдөөгүй. Иймд “Р” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд 2019 оны 9 сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 сарыг дуусталх түрээсийн төлбөрт 30,750,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд засвар үйлчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг 2019 оны 9 сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон ч тухайн түрээсийн байрыг “Э” ХХК нь гэрээний хугацаанд бүрэн ашиглаж чадаагүй, засвар үйлчилгээ нь түрээсийн байрны сайжруулалт болсон. “Р” ХХК нь өөрийн хөрөнгийг засварлахад зарцуулсан, түүний үр шимийг бусдад түрээслүүлэн хүртэж байх тул “Э” ХХК төлөх үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 17,875,000 төгрөгийн торгуулыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд гэрээнд заасан үгийн шууд утга, хуулийн зохицуулалтаас дүгнэхэд түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 1 сарын 26,250 төгрөгийн торгууль төлөхөөр үүрэг ногдуулсан. Торгууль төлөхөөр зохицуулсан зохицуулалтыг “Р” ХХК нь алданги төлөхөөр зохицуулсан мэтээр тайлбарлаж хоног тутамд тооцож байгаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

Иймд “Э” ХХК нь нэг сарын түрээсийн төлбөрт 26,250 төгрөгийн торгууль буюу нийт 52,500 төгрөгийн торгууль төлөх үндэслэлтэй. Гэтэл “Р” ХХК нь бусдын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад түрээсэлж, ашиглуулж ашиг олсон үйлдлээ дарагдуулах үүднээс үндэслэлгүйгээр 53,625,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, 7,927,500 төгрөгийг төлөхыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2, 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар Э ХХК-ийн гаргасан түрээсийн талбайн засвар үйлчилгээ, үлдээсэн тавилга, эд хогшлын үнэ 107,271,864 төгрөг гаргуулах, сургалтын материал, ном, хэвлэмэл материал, багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Э” ХХК-иас 30,750,000 төгрөг гаргуулан “Р” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 22,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 764,510 төгрөг, хариуцагчаас төлсөн 426,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 311,700 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардах эрхийн талаар хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар шаардах эрхтэй гэж дурдсан боловч нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн баримтаар өгсөн эд хөрөнгө нь “Р” ХХК-ийн түрээсийн оффист байгаа, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт ашиглуулж байгаа нь хариуцагчийн тайлбар, шүүхийн үзлэгийн баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч нь эд хөрөнгүүдийг худалдан авсан гэрээ, зарлагын баримт, ажил гүйцэтгүүлсэн гэрээг нотлох баримтаар өгсөн байгааг үнэлээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэх хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээ дуусгавар болсон 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс “Р” ХХК-ийн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй түрээсийн гэрээ байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд “Э” ХХК-иас түрээсийн талбайд үлдээсэн эд хогшлоо авахаар “Р” ХХК-д хандаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг шударга бусаар эзэмшиж, ашиглаж буй этгээдийг зөвтгөсөн үндэслэлгүй шийдвэр болсон.  Өөрөөр хэлбэл “Эдүрүүт” ХХК нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахгүйг бүрэн шийдээгүй, цар тахал дууссан тохиолдолд нэгэнт хөрөнгө зарсан ажлаа үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан учир хөрөнгөө аваагүй. Гэтэл шүүх “Э” ХХК-ийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө авах шаардлага гаргаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн атал хариуцагч “Р” ХХК нь түрээсийн талбайгаа чөлөөлж, хөрөнгөө авахыг шаардсан баримт хэрэгт байхгүй байгаад дүгнэлт хийгээгүй.

Хэдийгээр В нь “Э” ХХК-ийг хөрөнгөө ав гэж хэлсэн ч аваагүй гэж байгаа ч бодит байдалд хөрөнгөө авах тухай хүсэлт гаргахад үлдэгдэл түрээсийн төлбөрийг нэхэмжилдэг, өгөхөөс татгалздаг, сүүлдээ танихгүй царайлж байсан. Одоогийн түрээслэгч Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт хөрөнгийг нь хүлээлгэн өгсөн баримтад “Э” ХХК-ийн хөрөнгө, гэхдээ өгч болохгүй гэж бичсэн байгаад дүгнэлт хийгээгүй нь шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, илтэд нэг талыг баримтлан дүгнэлт хийсэн үйлдэл гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр биш хэлцэл гэж дүгнэж, “Э” ХХК-ийг бусдын өмчлөлийг үнэ төлбөргүй ашиглах эрхгүй хэмээн “Р” ХХК-д түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэж үзсэн атал “Э” ХХК-ийн өмч болох нь нотлогдсон, зохигчид маргаагүй хөдлөх хөрөнгийг “Р” ХХК нь зөвшөөрөлгүй, үнэ төлбөргүй ашиглаж болох шийдвэр гаргасан нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тухайд өөр хоорондоо зөрүүтэй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

6.2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан 2 өөр огноо бүхий гэрээнүүдийн алийг нь баримтлан шийдвэр гаргасан, түрээсийн хугацааг хэрхэн тооцсон болон гэрээнүүдийн дуусгавар болсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн атал “Э” ХХК-ийг тухайн гэрээнд заасан хэмжээгээр түрээсийн төлбөр төлөх хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, хүчин төгөлдөр бусд тооцсон нь гэрээний 1.3, 1.7-дахь зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Э” ХХК-иас түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, “Р” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан засвар үйлчилгээ, байрлуулсан тоног төхөөрөмж, тохижилтын үнэ эсхүл салгаж болох эд хөрөнгийг буцаан шаардах эрхийг хязгаарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

“Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд түрээсийн төлбөрт 5,250,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрснийг бүхий л хугацааны түрээсийн төлбөр 5,250,000 төгрөг байхаар тооцоолж, зах зээлийн үнэ хөлс, ковид-19 цар тахлын нөлөө, сургалтын үйл ажиллагаа явуулж болохгүй байсан тухай нэгэнт нотлогдсон үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн нь шийдвэрт нөлөөлсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, зохигчдын тайлбарыг хариуцагчийн талд илтэд ашигтайгаар үнэлсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид заасан баримт бүрэн ирсэн тул захирамжийн биелэлт хангагдсан. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгууллагад эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн бөгөөд шүүх нэхэмжлэгчийг орлого зарлагын баримтыг ирүүлээгүй тул үнэлэх боломжгүй талаар дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Түрээсийн байр 2019 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд байсан, 15,000,000 төгрөг төлсөн. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан 107,271,864 төгрөг гаргуулах, сургалтын материал, ном, хэвлэмэл материал, багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 53,625,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Р” ХХК-аас түрээсийн талбайн засвар үйлчилгээ, үлдээсэн тавилга, эд хогшлын үнэ болох 107,271,864 төгрөг гаргуулах, сургалтын материал, ном, хэвлэмэл материал, багаж хэрэгслийг жагсаалтын дагуу буцаан олгохыг “Р” ХХК-д даалгах” гэж тодорхойлсон бол хариуцагч “нэхэмжлэгч үлдээсэн эд зүйлсээ биет байдлаар нь буцаан авахад татгалзахгүй, харин үнийг нь төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ. 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр түрээсийн байранд нэхэмжлэгчийн тодорхой эд хөрөнгө байгаа нь тогтоогдсон байна. /1 х.х 125-156/ Эдгээр эд хөрөнгийг биет байдлаар буцааж өгөхийг хариуцагч зөвшөөрсөн байхад нэхэмжлэгч ямар үндэслэлээр тухайн эд хөрөнгийн үнийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаар шүүх тодруулаагүй, уг үйл баримтын талаар зохигч бүрэн мэтгэлцээгүй байна.

 Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,006,010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

   

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ

                                            ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.БЯМБАСҮРЭН