Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2023/00206/И |
Дугаар | 181/ШШ2023/01288 |
Огноо | 2023-04-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2023/01288
2023 04 26 | 181/ШШ2023/01288
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,
Хариуцагч: С.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч: З.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч С.Б-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Т.Б болон хариуцагч С.Б нар нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь С.Б-д 5,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн харилцах Төрийн банкны 102200274908 тоот дансанд шилжүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Б нь зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 5,000,000 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгч намайг хохироож байгаа болно.
С.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12,600,000 төгрөгийг зээлж авсан ба мөн оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлсөн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 18,200,000 төгрөгийг зээлэн авч 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгасан. Өмнө нь зээлийн харилцаатай байсан.
Би хариуцагч С.Бгийн охинтой Солонгос улсад нэг хотод ойролцоо амьдардаг байснаас бус хамт амьдарч байгаагүй. Би 2013 оноос 2022 оныг хүртэл өөрийн ээж С.Дэлгэрмаатай БНСУ-ын Чунгон хот, Кавон дүүрэг, Сэгён 5 байрны 508-305 тоот хаягт амьдарч байсан.
Нэхэмжлэгч миний зүгээс С.Б-д зээлийн гэрээний дагуу мөнгө зээлсэн бөгөөд мөнгө хэрэгтэй байна гэхэд нь шилжүүлсэн болохоос бэлэглэж, эргүүлж авахгүй гэж тохиролцсон тохиролцоо байхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчид зээлээ төлөхийг утас болон биечлэн уулзаж шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж эрх ашиг сонирхлоо сэргээлгэхээр хандаж байгаа болно. Иймд талуудын хооронд байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу 5,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт С.Бгаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2018 оны намар Т.Б нь миний охинтой танилцаж улмаар тус оны 02 дугаар сарын сүүлээр миний охиныг Өмнөд Солонгос улсад суралцуулах зорилготойгоор авч явсан юм. Миний охин хэлний бэлтгэлд нэг жилийн хугацаатай суусан ба үргэлжлүүлэн үндсэн ангид нь элсэн суралцсан буюу 4 жилийн хугацаанд охинтой маань хамт байр түрээслэн амьдарсан.
Энэ хугацаанд миний охин гэрийн /ар талын/ бүхий л ажлыг хийж хажуугаар нь суралцаж, ажиллаж харин би өөрийн зүгээс охиндоо сургалтын болоод амьжиргааны мөнгийг нэмэр болох үүднээс шилжүүлж ирсэн бөгөөд миний шилжүүлсэн мөнгийг миний охин, Т.Б хоёул хэрэглэдэг байсан. 2021 оны зун миний санхүүгийн байдал муудаж энэ хоёрт мөнгө шилжүүлэх боломжгүй болсноор Ээж нь мөнгөгүй боллоо, цаашид санхүүгээ өөрсдөө зохицуулаарай хэмээн хэлсэн. Гэтэл Т.Б над руу Та мөнгөтэй байгаа юу гэхэд нь би Байхгүй гэснээр надад 5,000,000 төгрөгийг өөрийн данснаасаа шилжүүлсэн.
Би тухайн үед энэ мөнгийг надад мөнгөгүй болохоор тусалж бэлэглэж байна хэмээн ойлгож хүлээн авсан. Гэтэл одоо миний охиноос салчихаад өсөрхөн намайг мөнгө залилан авсан мэтээр цагдаад дуудан өгч байсан бөгөөд тэр нь үндэслэлгүй нь нотлогдсон болохоор арга буюу шүүхэд хандаж надаас нэхэж байгаа нь хүн ёсонд нийцэхгүй, надад зээлсэн мэтээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байгааг үндэслэлгүй хэмээн үзэж байна.
Иймд Т.Бын нэхэмжлэлтэй надад холбогдох энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөг төлсөн баримт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Э.О-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар оршин суугаа хаягийн Засаг даргын тодорхойлолт, Төрийн банкны харилцан дансны харилцагчийн хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ХЗТҮГ-23/01-01 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.Бтай 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулан 5,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Хариуцагч С.Б нь 5,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор буцаан төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар 5,000,000 төгрөгөө гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Т.Б миний охинтой хамт амьдарч байсан. Уг 5,000,000 төгрөгийг зээлж авах хүсэл зориг байгаагүй. Намайг хэрэглээрэй гэж шилжүүлсэн боловч миний охиноос салсан шалтгаанаар надаас энэ мөнгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Т.Б нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 15,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч, мөн өдрөө 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 төгрөгийг хариуцагч С.Бгийн Төрийн банк дахь 102200274908 тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Т.Бын Худалдаа хөгжлийн банкны 4531633** тоот дансны хуулгаар тогтоогдож байна./хх-3/
4.2. Нэхэмжлэгч Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 14,500,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан байх бөгөөд Т.Бын Худалдаа хөгжлийн банк дахь 4730236** тоот дансанд 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баярмаагаас Бархас Тайшир-ийн зээл хаав гэх гүйлгээний утгатай 13,535,382.42 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга гэх баримтаар тогтоогдож байна./хх-34/
4.3. Нэхэмжлэгч Т.Б нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 18,200,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан байх бөгөөд Т.Бын Худалдаа хөгжлийн банк дахь 452629490 тоот дансанд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баярмаагаас зээл төлөлт гэх гүйлгээний утгатай 3,124,597.27 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Зээл төлөв Баярмаа ХА67092464 гэх гүйлгээний утгатай 1,591,946.01 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга гэх баримтаар тогтоогдож байна./хх-35/
5. Зохигчид 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Т.Баас С.Б-д 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй.
Харин зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн эсэхэд маргав.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцогдоно.
Нэхэмжлэгч Т.Б нь 5,000,000 төгрөгийг хариуцагч С.Б-д зээлдүүлсэн гэх үндэслэлээ нотлохоор Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 453163306 тоот дансны хуулга, С.Бтай зээлийн харилцаатай байсан талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд хүлээн авсан талаар маргаагүй боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б-аас ямар нэг авлага байхгүй талаар тайлбар гаргасан, уг 5,000,000 төгрөгийг бэлэглэсэн гэж тайлбарласан боловч уг тайлбарыг дэмжих баримт авагдаагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч С.Б-ийн охин Б.М нар хайр сэтгэлийн холбоотой, хамтын амьдралын харилцаатай байсан гэх үйл баримт нь нэхэмжлэгч Т.Б-ыг хариуцагч С.Б-д 5,000,000 төгрөгийг бэлэглэсэн гэх үйл баримтыг шууд нотлохгүй.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч С.Бгийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Т.Б-аас 2021 онд 18,000,000 төгрөг зээлсэн, буцаан төлсөн. Т.Б-аас авлага байхгүй гэх тайлбар, нэхэмжлэгч Т.Б-ын Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр авсан 14,500,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн эргэн төлөлтийг С.Б төлсөн зэргээс дүгнэхэд Т.Б, С.Б нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээг талууд амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Т.Б нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч С.Б-ийн Төрийн банк дахь 1022002749** тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Т.Бын дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Харин нэхэмжлэгч талаас дээрх зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулагдсан, хариуцагч С.Б 5,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан гэж тайлбарласан боловч зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулагдсаныг нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд хугацаа заагаагүй зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. зааснаар буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч С.Б-аас мөнгөн төлбөрийг шаардаж өмнө цагдаад гомдол гаргаж, хэрэгсэхгүй болгож байсан талаар хариуцагч С.Б тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар хариуцагч С.Б-аас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгохоор шийдвэрлэв.
7. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар хариуцагч С.Б-аас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ