Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/00662

 

 

 

 

 

 

 

 

2023 03 01

181/ШШ2023/00662

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ТБ ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,500,000 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 19,323,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч ТБ ХХК-д холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч ТБ ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15900581 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 30 хоногийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 04** УАА улсын дугаартай, ZVW04** УАА улсын дугаартай, ZVW01139995 арлын дугаартай авто машиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн.

Хариуцагч ТБ ХХК нь барьцаалан зээлдүүлэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох тусгай зохицуулалттай гэрээ. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч ТБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах, тус барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохоос өөр аргаар буюу фидуцийн гэрээ байгуулж, гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй. Зээлийн гэрээний үүргийг хангуулах арга нь хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахаар шаардах эрхтэй талаар тусгайлан зааж өгсөн.

Гэтэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан Фидуцийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Тухайн авто машиныг 17,500,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд талууд уг үнэлгээг гэрээгээр тохиролцож, түргэн борлогдох үнэ буюу хамгийн доод үнэлгээгээр тогтоосон. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзлээ гээд машины үнэлгээг хүчингүйд тооцож болохгүй. Хариуцагч ТБ ХХК нь автомашиныг бусдад худалдан борлуулсан учраас биет байдлаар нь гаргуулах боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу үнийг гаргуулах үндэслэлтэй байна. Иймд хариуцагч ТБ ХХК-иас 17,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ТБ ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Л.М-тэй 15900581 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Приус 30 маркийн 04** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд зээлийн болон фидуцийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор зээлдэгч Л. Мөнхчимэг нь үндсэн зээлийн хуваарьт заасан хэмжээгээр 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч Л.М нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ямар нэг төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөх хугацааг 522 хоногоор хэтрүүлсэн. Манай байгууллага үүрэг гүйцэтгэгчээс авто машиныг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бодитоор авч зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дууссан.

Л.Мт үндсэн зээл 8,463,969 төгрөг, 522 хоногийн хүү 4,418,191 төгрөг, алдангийг хуульд нийцүүлэн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 6,441,080 төгрөг, нийт 19,323,240 төгрөг хуримтлагдсаныг тайлбарлаж, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид хамгийн бага үнээр 17,500,000 төгрөгөөр авахыг санал болгож удаа дараа мэдэгдэн 3 сар гаруй хугацаанд хүлээсэн боловч ямар ч үр дүн гараагүй тул 04-** УАА улсын дугаартай Приус 30 маркийн авто машиныг 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгүүлэгч ТБ ХХК нь үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу 04** УАА улсын дугаартай Приус 30 маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй буюу ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасны дагуу хохирол шаардаад байна уу? Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байна уу? гэдэг нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Талууд 04** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар ямар нэг тайлбар, татгалзал гаргаагүй. Авто машины үнийг 17,500,000 төгрөгөөр хэн тогтоож байгаа юм бэ? Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч 17,500,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл гэдгээ нотолсон баримтаа гаргаж өгөөгүй. Шүүх талуудын гаргасан тайлбарын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх ёстой. Иймд машины үнийг 17,500,000 төгрөг гэж тогтоосон үйл баримт байхгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж гэж үзэж үр дагаврыг арилгуулахаар шаардсан атал хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн 17,500,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийн үнийг тогтоох боломжгүй. Иймд нэхэмжлэгч Л.М-ийн гаргасан 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ТБ ХХК нь нэхэмжлэгч Л.М-т холбогдуулан 19,323,240 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ТБ ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Л.М-тэй 15900581 дугаар зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцон хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч ямар нэг үр дүнд хүрээгүй.

Зээлдэгч Л.М нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш огт зээл төлөөгүй бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 8,463,969 төгрөг, 522 хоногийн хүү 4,418,191 төгрөг, алданги нь 17,774,334 төгрөг болсон боловч алдангийг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 6,441,080 төгрөг, нийт 19,323,240 төгрөгийг төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дууссан.

Зээлдэгч нь зээл төлөх хугацааг 522 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулж авсан. Тээврийн хэрэгслийг 17,500,000 төгрөгөөр хаахыг нэхэмжлэгчид санал болгож удаа дараа хэлж 3 сарын хугацаанд худалдан борлуулахгүйгээр хүлээсэн боловч үр дүн гараагүй. Улмаар тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгөөр худалдан борлуулж гэрээний үүргийг дуусгавар болгосон.

Гэтэл нэхэмжлэгч фидуцийн зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй, 17,500,000 төгрөг шаардаж байгаа тул бид зээлийн гэрээний үүргээ шаардах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Л.М-ээс 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,463,969 төгрөг, 522 хоногийн хүү 4,418,191 төгрөг, алданги 6,441,080 төгрөг, нийт 19,323,240 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Л.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгодог, үүргийн тусгай төрлөөр зээл олгодог байгууллага. Энэ үүднээсээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид мэдэгдэх ёстой. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг комиссын дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулан үлдсэн мөнгийг олгоно гэсэн тусгай зохицуулалт байгаа.

Хуулийн дагуу энэхүү зээлийн гэрээний үүргийг хангуулах аргаа сонгоод хийсэн бол 10 хоногоор алданги хязгаарлагдана. Манайх 10 хоногийн алдангийг хүлээн зөвшөөрнө. Иймд 522 хоногийн алданги тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Нийт төлбөр, үндсэн зээл, зээлийн хүү нийлээд 14,189,941 төгрөг болж байгаа. Үндсэн зээл болон үндсэн хүүнээс Л.М 3,711,700 төгрөг төлсөн. Нийт төлөх ёстойгоос төлсөн мөнгийг хасахаар 10,478,241 төгрөг гаргаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,478,241 төгрөгийг бид хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 8,844,999 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,844,999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж 245,500 төгрөг төлсөн баримт, М.Цэдэнпунцагт олгосон итгэмжлэл, 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15900581 тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Б.Гантулгын Хаан банкны 5027716824 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: ТБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.Батнямд олгосон итгэмжлэл, 0457 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 15010185 дугаартай М.Сүхбаттай байгуулсан Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, ТБ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21/4-23387 тоот албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09/791 тоот албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж 254,570 төгрөг төлсөн баримт, 04** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 0457 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар хариуцагч ТБ ХХК-иас зээлдэгч Л.Мт фидуцийн зүйл буюу 04** УАА улсын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 17,500,000 төгрөгөөр авахыг санал болгож байсан талаарх баримт, уг тээврийн хэрэгслийг М.Сүхбатад худалдсан худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч ТБ ХХК нь шүүгчийн захирамжаар шаардсан баримтыг ирүүлээгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч ТБ ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15900581 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 04** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Уг фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Хариуцагч ТБ ХХК нь 04** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 17,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг болох фидуцийг сонгосон нь гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд сайн дурын үндсэн дээр хийгдсэн хуульд нийцсэн хэлцэл. Зээлдэгч Л.М зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй зээлийн гэрээний хугацаа дууссан тул фидуцийн зүйлийг бусдад худалдан борлуулж гэрээний үүргийг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Л.М фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, 17,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа тул бид Л.М-ээс 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,463,969 төгрөг, 522 хоногийн хүү 4,418,191 төгрөг, алданги 6,441,080 төгрөг, нийт 19,323,240 төгрөг шаардах үндэслэлтэй гэж тодорхойлов.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,478,241 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Үүнд: Хариуцагч ТБ ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгодог байгууллага учраас мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан. ТБ ХХК нь хуулийн дагуу энэхүү зээлийн гэрээний үүргийг хангуулах аргаа сонгоод хийсэн бол 10 хоногоор алданги хязгаарлагдана. Манайх 10 хоногийн алдангийг хүлээн зөвшөөрнө. Иймд 522 хоногийн алданги тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн төлбөрийг зээл болон хүүгийн төлбөрөөс хасуулж тооцох ёстой гэж маргав.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15900581 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ТБ ХХК нь 10,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, Л.М нь зээлийг гэрээнд заасан хугацаанд, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцож, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

6.2. Тухайн өдөр ТБ ХХК, Л.М нар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж, Л.М-ийн өмчлөлийн 04** УАА улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн автомашиныг ТБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

6.3. ТБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 04** УАА улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн автомашиныг М.С-ын өмчлөлд шилжүүлсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 231 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

 

6.4. Хэрэгт авагдсан хариуцагч ТБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцагч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь тогтоогдож байна.

 

7. Зохигчид зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгчээс тухайн зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч тухайн зээлийн гэрээний үүрэгт 3,711,700 төгрөг төлсөн, ТБ ХХК нь нэхэмжлэгч Л.М-ийн 04** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлсэн, улмаар М.С-ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

 

Харин хариуцагч ТБ ХХК нь фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч Л.М-ийн төлсөн төлбөрийг зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүүгээс хасах үндэслэлтэй эсэх, Л.М-ийн төлөх ёстой алдангийн хэмжээн дээр маргаж байна.

 

8. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зохигчид 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15900581 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээгээр зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ хугацаандаа буцаан төлөхийг шаардах эрхтэй.

 

Зээлдэгч Л.М нь зээлийн эргэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээл, хүүг хугацаанд нь төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлдэгч Л.М нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 4,189,941 төгрөг, нийт 14,189,941 төгрөг төлөх үүрэгтэй байснаас гэрээний хугацаанд 3,711,700 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдсон тул Л.М-ийн төлөх ёстой 14,189,941 төгрөгөөс төлсөн 3,711,700 төгрөгийг хасч тооцоход 10,478,241 төгрөгийг Л.М нь ТБ ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

9. Зээлийн гэрээнд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3-т заасантай нийцсэн байна.

 

Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаа болох 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон тул зээлдүүлэгч нь гэрээнд заасан алдангийг шаардах эрхтэй боловч барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон тул уг зээлийн харилцаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд тэрээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй.

 

Иймд зээлдэгч нь гэрээгээр тохирсон алдангийг 10 хоногийн хугацаагаар шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Л.М-ээс алдангид 523,912 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

10. Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Л.М-ийн өмчлөлийн, 04** УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг ТБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.

 

Хариуцагч ТБ ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар барьцаалан зээлдэх газрын хувьд барьцааны зүйлийг өмчлөх эрхгүй.

 

Гэтэл ТБ ХХК нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-ний дагуу барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн зүйлийн 56.5-д зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар ТБ ХХК Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-ний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан 04** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М.Сүхбатад шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үнийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Харин зохигчдын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл"-д хамаарахгүй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл-д хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгох тул дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийн үнийг 17,500,000 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг хариуцагч баримтаар няцаагаагүйн зэрэгцээ М.С-д 04** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаарх баримтыг гаргуулахаар шүүгчийн захирамжаар шаардсан боловч М.Сүхбатад худалдсан худалдах, худалдан авах гэрээг хэрэгт ирүүлээгүй, 16,000,000 төгрөгөөр худалдсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч ТБ ХХК-иас 17,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.М-т олгох үндэслэлтэй.

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагч ТБ ХХК-иас 17,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.М-т олгож, нэхэмжлэгч Л.М-ээс 11,002,153 /10,478,241+523,912/ төгрөгийг гаргуулан ТБ ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,321,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,500 төгрөг, хариуцагч ТБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТБ ХХК-аас 245,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Л.М-ээс 190,984 төгрөгийг гаргуулан хариуцагч ТБ ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ТБ ХХК-иас 17,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.М-т олгож, нэхэмжлэгч Л.М-ээс 11,002,153 төгрөгийг гаргуулан хариуцагч ТБ ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,321,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,500 төгрөг, хариуцагч ТБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТБ ХХК-аас 245,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Л.М-ээс 190,984 төгрөгийг гаргуулан хариуцагч ТБ ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ