Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00991

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00991

 

Л.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ТБ- ХХК-д холбогдох

 

17,500,000 төгрөг гаргуулах үндсэн,

19,323,240 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Батням, хариуцагчийн өмгөөлөгч: А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би ТБ- ХХК-тай 2019 оны 07 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 2019 оны 07 сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр фидуцийн гэрээ байгуулж 04-57 УАА улсын дугаартай, Тоёота приүс 30 маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. ТБ- ХХК нь хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй, харин фидуцийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй.

Гэтэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, хариуцагчаас автомашины үнэ 17,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ТБ- ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Л.М-тэй дээрх зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүү, 24 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Тоёота приус 30 маркийн 04-57 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд зээлийн болон фидуцийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Гэвч Л.М- нь 2019 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. Бид автомашиныг 2021 оны 06 сарын 10-ны өдөр бодитоор гаргуулан авч гэрээний хугацаа 2021 оны 07 сарын 28-ны өдөр дууссан.

Л.М-т үндсэн зээл 8,463,969 төгрөг, 522 хоногийн хүү 4,418,191 төгрөг, алдангийг хуульд нийцүүлэн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 6,441,080 төгрөг, нийт 19,323,240 төгрөг хуримтлагдсаныг тайлбарлаж, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид хамгийн бага үнэ 17,500,000 төгрөгөөр авахыг санал болгож 3 сар хүлээсэн ч аваагүй тул 2021 оны 09 сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шийдвэрлэгдэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн атлаа үр дагаврыг арилгуулахаар хүчин төгөлдөр бус гэрээний заалтаар автомашиныг 17,500,000 төгрөгөөр үнийг тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч нь зээл төлөх хугацааг 522 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулж авсан. Тээврийн хэрэгслийг 17,500,000 төгрөгөөр хаахыг нэхэмжлэгчид санал болгосон ч үр дүн гараагүй учир автомашиныг 16,000,000 төгрөгөөр худалдаж гэрээг дуусгавар болгосон. Гэтэл нэхэмжлэгч фидуцийн зүйлийн үнийг 17,500,000 төгрөгөөр тооцон шаардаж байгаа тул бид зээлийн гэрээний үүргээ шаардаж, Л.М-ээс 2019 оны 07 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,463,969 төгрөг, 522 хоногийн хүү 4,418,191 төгрөг, алданги 6,441,080 төгрөг, нийт 19,323,240 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: 10 хоногийн алдангийг хүлээн зөвшөөрнө, 522 хоногийн алданги нь хууль зүйн үндэслэлгүй. Үндсэн зээл, зээлийн хүү нийлээд 14,189,941 төгрөг болж байгаа. Үндсэн зээл болон үндсэн хүүнээс Л.М- 3,711,700 төгрөг төлснийг хасахад 10,478,241 төгрөг болсныг зөвшөөрч байна. Үлдэх 8,844,999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ТБ- ХХК-аас 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.М-т олгож, нэхэмжлэгч Л.М-ээс 11,002,153 төгрөг гаргуулан хариуцагч ТБ- ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 8,321,087 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 245,500 төгрөг, хариуцагчийн төлсөн 254,750 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ТБ- ХХК-аас 245,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Л.М-ээс 190,984 төгрөг гаргуулан хариуцагч ТБ- ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийн унийг 17,500,000 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг хариуцагч баримтаар няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнэ 17,500,000 төгрөг болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, тээврийн хэрэгслийн үнийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Зохигч тээврийн хэрэгслийн үнийн талаар шүүх хуралдаанд маргаж байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг нь үндэслэн хариуцагчаас 17,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй. Тухайлбал, маргаан бүхий тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсон тул нэхэмжлэгч хохирол нэхэмжлэх эсхүл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үнийг шаардах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны эцэст нэхэмжлэлийг шийдвэрлэх учиртай юм.

6.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Анхан шатны шүүх заал болон хүүгийн төлбөрийн хэмжээг багасгаж 14,180,041 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу 17,200,000 төгрөг төлөх үүрэгтэй боловч 3,711,700 төгрөг төлсөн талаар маргаагүй ба 13,488,300 төгрөг огт төлөөгүй. Гэтэл шүүх үндсэн зээл болон хүүгийн төлбөр нь 17,200,000 төгрөг бус 14,189,941 төгрөг гэж үндэслэлгүй тогтоож, зээлдэгчийн төлсөн 3,711,700 төгрөгийг дээрх төлбөрөөс хассан. Үүний улмаас "ТБ- ХХК нь 3,010,059 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах боломжгүй болж байна.

Мөн шүүх гэрээгээр тохирсон алдангийг 10 хоногийн хугацаанд шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. 2019 оны 07 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 1, 232 6-д заасныг зөрчөөгүй бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр тохиролцоо юм. Зээлийн гэрээний үүргээ Л.М- биелүүлээгүй байхад түүний алдангийг багасгах ёсгүй, энэ нь талуудын чөлөөт байдлын зарчимд харш юм. Шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаархи зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Л.М- нь хариуцагч ТБ- ХХК-д холбогдуулан автомашины үнэ 17,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 19,323,240 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Л.М- болон ТБ- ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 15900581 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Л.М- нь 10,000,000 төгрөгийг сарын хүү 3 хувийн хүү, 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 3,711,700 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлсөн талаар зохигч маргаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн үүрэгт 10,000,000 төгрөг, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар 4,189,941 төгрөгийн хүү төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчийн төлсөн 3,711,100 төгрөгийг хасч, зээлийн гэрээний үүрэгт 10,478,241 төгрөгийг нэхэмжлэгч Л.М-ээс гаргуулан хариуцагч ТБ- ХХК-д олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

5. ТБ- ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанд барьцаалсан хөрөнгийг өмчлөх эрхгүй. Хариуцагчийн үйл ажиллагааны онцлог нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг сонгон хэрэглэх эрхгүй байна.

Иймд зохигчийн хооронд 2019 оны 07 сарын 28-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл болохыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ. Хариуцагч нь автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч автомашины үнийг шаардсан нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцэх тул хариуцагчаас 04-57 УАА улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн автомашины үнэ 17,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.

Фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын чадвараа алдахгүй тул шүүх тус гэрээний 5.12-т заасныг үндэслэн автомашины үнийг тооцсон нь хуульд нийцэх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж алдангийг 10 хоногоор тооцсон гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлд фидуцийн нэгэн адил Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан анзыг хэрэглэхгүй, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар анз шаардах эрхийг үүсгэхгүй бөгөөд анхан шатны шүүх 10 хоногийн алданги 523,912 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир талуудын зарчмыг баримтлан хариуцагчийн гомдлын хүрээнд энэхүү хангагдсан шаардлагыг хэвээр үлдээнэ.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ