Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/01233

 

М.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00714 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “П” ХХК, Тт холбогдох,

 

Хариуцагч үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 2 128 473 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК-тай 2016.09.08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, Туул ривер кондоминиум хотхоны 103 дугаар байрны 63 тоот болох 60.03 м.кв орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авсан. Урьдчилгаа төлбөр болох 25 066 000 төгрөгийг 2016.09.16-ны өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл 92 000 000 төгрөг 2016.12.08-ны өдөр хариуцагчийн дансруу орсон. Хариуцагчийн менежер н.Оюунтунгалагруу е-баримт авах хүсэлтэйгээ хэлсэн боловч өгөх боломжгүй, мэдэлгүй тайлангаа тушаасан гэсэн. Төлбөрийг барагдуулж дууссан. Олон дахин утсаар лавлан асууж, 2017.10.30-ны өдөр 117 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, сугалааны дугааргүй, 2016.12.31-ний өдөр гэсэн огноотой баримтыг хэвлэн өгсөн. Ингээд уг баримтыг е-баримтыг бүртгүүлэхэд аж ахуйн нэгж илгээгээгүй гэх улаан төлөвтэй болсон. Үүнийг зургаар баталгаажуулан Т, Нийслэлийн Татварын албатай уулзахад П ХХК нь 2016 оны тайландаа 96 айлыг бөөн дүнгээр шивж илгээсэн 0бөгөөд 2017-2018 онд тус тайландаа 3 удаа засвар оруулсан талаар мэдээлэл өгсөн. Татварын ерөнхий газрын зөвлөсний дагуу 2018.01.22-ны өдөр Тт албан хүсэлт гаргасан. Татварын ерөнхий газраас албан хүсэлтийн хариуг өгсөн ба тус е-баримт нь хүчингүй болохыг мэдэгдсэн бөгөөд хугацаа хэтэрсэн болохыг заасан. Хариуцагч П ХХК нь урт хугацааны туршид намайг хохироож орон сууц худалдаж авсны е-баримтыг өгөөгүй. Иймд хариуцагчаас е-баримтын буцаан олголтын хохирол 2 128 472,72 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч П ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь хуулийн хүрээнд тайлант хугацаанд 2016 оны борлуулалт, зардлаа тайлагнасан. 2016.12.31-нд нийт 53 орон сууц худалдан авсан иргэдийг, хувь хүн тус бүрээр НӨАТ-ын тайланг шивж илгээсэн. Тухайн үед е-баримт авах гээд ирсэн хүн бүрт өгч байсан. Манай улс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж 2017 оноос НӨАТ-ын 20 хувийн буцаалтыг иргэдэд олгож эхэлсэн. Манай компани нь иргэний худалдан авсан орон сууцны төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд хуулийн хугацаанд бүртгэж, баталгаажуулах үүрэгтэй. Хуулийн хугацаа гэдгийг Сангийн сайдын Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 7-ны дотор бүртгүүлсэн байна гэж заасны дагуу жилийн эцсийн тайлангаа тушаасан. Нэхэмжлэгч нь орон сууцны е-баримтаа хуулийн хугацаандаа ирж авч аваагүй. Манай байгууллага дээр биеэр ирэхэд нь 2016 онд тайлагнасан е-баримтыг (58408 тоот) хэвлэж өгсөн. Манайх худалдсан орон сууцыг тэр жилд бөөн дүнгээр шивээгүй. Нэхэмжлэгчийн 2016 онд худалдаж авсан орон сууцыг тухайн онд нь манайх татварт тайлагнасан тул татварын албанд дахин тайлагнаж е-баримт өгөх боломжгүй, дахин борлуулалт тооцох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Октябрь, Б.Баттогтох нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.О нь П ХХК-иас 2016 онд орон сууц худалдан авсны НӨАТ-ын е-баримтын буцаан олголтын 2 128 472 төгрөг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд нэмэгдсэн өртөгийн албан татварыг төлөх, тайлагнах, урамшуулал буцаан олгохыг заасан байгаа. Төлбөрийн баримтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь худалдан авагчид хэвлэж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох НӨАТ-ын буцаан олголтыг П ХХК нөхөн төлөх ёстой. П ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2, 17.3.3-т заасан үүргээ тайланд хугацаанд гаргалгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч М.Огийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-ийг баримтлан хариуцагч П ХХК-иас 1 064 236,36 /нэг сая жаран дөрвөн мянга хоёр зуун гучин зургаан төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж М.Од олгож, нэхэмжлэлээс 1 064 236,36 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Огаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 411,72 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 30 091 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь баримтыг хуулийн хугацаа өнгөрсний дараа 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойшхи хугацаанд хүлээн авахаар хариуцагчид хандсанаа нэхэмжлэлдээ дурдсан. Хариуцагч компани нь хууль, журамд заасан хугацаанд татварын тайлангаа тайлагнасан. Гэтэл шүүх хариуцагч компанийг татварын хууль, холбогдох журмыг зөрчсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн. Хариуцагч компани хууль, журам зөрчсөн эсэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй байхад шүүх хууль зөрчсөн гэм буруутай гэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч П ХХК, Тт холбогдуулан нэмэгдсэн өртөгийн албан татварын буцаан олголт бүртгүүлэх баримтыг хугацаандаа олгоогүйгээс учирсан хохирол 2 128 473 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч П ХХК эс зөвшөөрч “хуульд заасан хугацаанд татварын тайлангаа өгсөн тул баримтыг нөхөж өгөх боломжгүй, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлж баримтыг шаардсан ” гэж, хариуцагч Т “хохирлыг П ХХК барагдуулах ёстой” гэж маргасан. / хх 1-2, 18-20, 93/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгч нь хариуцагч Тт холбогдуулан гаргасан шаардлагаас  татгалзсаныг анхан шүүхээс баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

 

Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагч П ХХК-иас Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Туул ривер кондоминиум хороолол, 13 дугаар байрны 63 тоотын 60.03 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 950 000 төгрөгөөр нийт 117 058 500 төгрөгөөр худалдан авсан, нийт төблөрийн 20 хувь болох 25 066 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авснаар П ХХК-ийн дансанд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үлдэгдэл 92 000 000 төгрөгийг шилжүүлж, орон сууцны үнийг бүрэн төлсөн,  үйл барим тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 4-7/

 

Талууд нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтыг нэхэмжлэгч хугацаандаа шаардаагүй нь хариуцагч уг баримтыг хэвлэж өгөх үүргээс чөлөөлөгдөх эсэх талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууц худалдан авсан төлбөрийн баримтыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авсан, хариуцагч П ХХК нь төлбөрийн баримтыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэглэгчийн системд шивж оруулсан болох нь зохигчдын тайлбар, хавтас хэргийн 9 талд авагдсан НӨАТ-ийн буцаан олголттой баримт, 75 дугаар талд авагдсан Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвийн ирүүлсэн баримт, 80-92 дугаар талд шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт, үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Очгэрэлийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

 

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д худалдагч албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ, мөн зүйлийн 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно, мөн зүйлийн 17.3.3-т Хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ, мөн зүйлийн 17.5 дахь хэсэгт Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заажээ.

 

Хариуцагч нь төлбөрийн баримтыг борлуулалт хийсэн тухай бүрд нэхэмжлэгчид өгөөгүй, нэхэмжлэгчид хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримтыг өгч дээрх хуульд заасан үүргээ зөрчсөн болох нь шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт, үзлэгийн тэмдэглэл, хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тодорхой зааж, эрх үүргийг танилцуулсан гэрч Б.Очгэрэлийн “2016 оны 12 дугаар сараас баримтыг шаардаж эхэлсэн, байнга утсаар ярьж е-баримтаа өгөхгүй юм уу гэж шаардаж байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Энэ талаар дүгнэсэн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. /хх-81-92, 124-126/

Иймд хариуцагчийн “хуульд заасан үүргээ биелүүлсэн, хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч өөрөө эрхээ эдлээгүй, е-баримтаа ирж аваагүй нь компанийн буруу биш” гэх татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 1 064 236 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД