Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00714

 

                                     

 

 

 

   2019 оны 04 сарын 23 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00714

 

               Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, “Туул ривер кондоминиум” хотхон 103 дугаар байрны 63 тоотод оршин суух, 36 настай, эмэгтэй, Боржигон овгийн Мөнгөншагайгийн Отгонтуяа /РД:ЖЯ83083108/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 56/2 дугаар байр, Канон төв 3 дугаар давхар 301 тоотод байрлах, “Пума” ХХК /РД:2089009/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, НҮБ-ийн гудамж 5-1, өөрийн байранд байрлах, Татварын ерөнхий газарт тус тус холбогдох

НӨАТ-ын буцаан олголтыг авч чадаагүйгээс учирсан хохирол 2.128.473 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Отгонтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагч “Пума” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, Ч.Октябрь, гэрч Б.Очгэрэл, иргэдийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Отгонтуяа миний бие нь “Пума” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, “Туул ривер кондоминиум” хотхоны 103 дугаар байрны 63 тоот болох 60.03 м.кв орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авсан. Урьдчилгаа төлбөр болох 25.066.000 төгрөгийг “Пума” ХХК-ийн дансанд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Мөн банкнаас хүссэн зээл болох 92.000.000 төгрөг маань 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Пума” ХХК-ийн дансанд шилжиж орсон байсан. Энэ тухай би тус компанийн менежер н.Оюунтунгалаг руу утсаар залган ярьж байхдаа мэдсэн, е-баримт авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “манайх жилийн эцсийн тайлангаа тушаасан”, одоо өгөх боломжгүй бид мэдэлгүй тайлангаа тушаасан гэх хариу өгсөн. Зөрүү 80.300 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэг хийн төлбөрийг барагдуулж дууссан.

            Хотхоны оршин суугчид хурал хийн “Пума” ХХК-иас е-баримтаа авах хэрэгтэй талаар зөвлөсний үндсэн дээр “Пума” ХХК-д дахин хандаж, ерөнхий нябо  Г.Долгорсүрэнтэй утсаар холбогдон ярьж баримтаа нэхэхэд манайх баримт хэвлэх боломжгүй, дахин асууж байгаад ирэх хариуг өгч байсан. Олон дахин утсаар лавлан асууж байгаад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр компанийн байранд очиж нэхэхэд 117.000.000 төгрөгийн үнийн дүнтэй, сугалааны дугааргүй, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эсэн огноотой баримтыг хэвлэн өгсөн. Ингээд уг баримтыг е-баримтын цахим системд бүртгүүлэхэд “аж ахуйн нэгж илгээгээгүй байна” гэх улаан төлөвтэй болсон байсан.

             Үүнийг зургаар баталгаажуулан Татварын ерөнхий газарт очиж уулзахад Нийслэлийн Татварын албатай уулзахыг зөвлөсөн. Үүний дагуу Нийслэлийн Татварын албаны “Пума” ХХК-ийг хариуцсан татварын байцаагчтай уулзахад “Пума” ХХК нь 2016 оны тайландаа 96 айлыг бөөн дүнгээр шивж илгээсэн бөгөөд 2017-2018 онд тус тайландаа 3 удаа засвар оруулсан талаар мэдээлэл өгсөн. Ингээд Татварын ерөнхий газрын хуулийн хэлтэстэй уулзан тэдний зөвлөсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газарт албан хүсэлт гаргасан.  Үүний   дараа е-баримтын цахим сүлжээ хариуцсан ажилтан нь холбогдож тухайн баримтаа дахин давтагдашгүй төлбөрийн дугаар /ДДТД/-аар дахин бүртгүүлэхийг санал болгосны дагуу дахин бүртгүүлэхэд аж ахуйн нэгж хүлээн авсан хэмжээн ногоон төлөвт орсон байсан.

Татварын ерөнхий газраас албан хүсэлтийн хариуг өгсөн ба тус е-баримт нь хүчингүй болохыг мэдэгдсэн бөгөөд хугацаа хэтэрсэн болохыг заасан байсан.    Пума ХХК  нь урт хугацааны туршид намайг хохироож орон сууц худалдаж авсны е-баримтыг өгөхгүй чирэгдэл учруулан олон дахин явуулсан түүгээр зогсохгүй тухайн оны тайлангаа бөөн дүнгээр илгээснээс үүдэн олгосон баримт нь хүчингүй байсан. Иймд “Пума” ХХК-иас миний е-баримтын буцаан олголтын хохирол 2.128.472,72 төгрөгийг гаргуулж өгнө үү. Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна ... гэв.

Хариуцагч “Пума” ХХК хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Долгосүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Пума” ХХК нь Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн эрх үүргийн тухай 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн зүйлийн 18.1.2-т заасны дагуу “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” хуулийн хүрээнд тайлант хугацаанд 2016 оны тайлант хугацаанд борлуулалт, зардлаа тайлагнасан. 2016 оны 12 дугаар сарын 31-нд нийт 53 орон сууц худалдан авсан иргэдийг, хувь хүн тус бүрээр НӨАТ-ын тайланг шивж илгээсэн болно. Тухайн үед е-баримт авах гээд ирсэн хүн бүрт өгч байсан. Манай улс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж 2017 оноос НӨАТ-ын 20 хувийн буцаалтыг иргэдэд олгож эхэлсэн. Манай компани нь иргэний худалдан авсан орон сууцны төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд хуулийн хугацаанд бүртгэж, баталгаажуулах үүрэгтэй.

Хуулийн хугацаа гэдгийг Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4-р зүйлд ‘‘4.6 Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 7-ны дотор бүртгүүлсэн байна” гэж заасны дагуу жилийн эцсийн тайлангаа тушаасан. М.Отгонтуяа нь орон сууцны е-баримтаа хуулийн хугацаандаа ирж авч аваагүй. Манай байгууллага дээр биеэр ирэхэд нь 2016 онд тайлагнасан е-баримтыг (58408 тоот) хэвлэж өгсөн. Манайх худалдсан орон сууцыг тэр жилд бөөн дүнгээр шивээгүй.

НӨАТ-ын тухай хуулийн 4.1.1 зүйлд “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгөөр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг” гэж заасан байдаг. Мөн Татварын тухай хуулийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах тухай 4.2.2 заалтанд “Барилга угсралтын үйл ажиллагаанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн борлуулалтанд тооцон ногдуулна” гэж заасны дагуу хуулийн хүрээнд тайлангаа илгээсэн. Иймд иргэн М.Отгонтуяагийн 2016 онд худалдаж авсан орон сууцыг тухайн онд нь манайх татварт тайлагнасан тул татварын албанд дахин тайлагнаж е-баримт өгөх боломжгүй, дахин борлуулалт тооцох үндэслэл байхгүй тул М.Отгонтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Октябрь, Б.Баттогтох  нар хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Отгонтуяа нь “Пума” ХХК-иас 2016 онд орон сууц худалдан авсны НӨАТ-ын е-баримтын буцаан олголтын 2 128 472 төгрөг нөхөн төлүүлэх  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шинэчлэн батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох” журамд нэмэгдсэн өртөгийн албан татварыг төлөх, тайлагнах, урамшуулал буцаан олгохыг заасан байгаа.  

            Төлбөрийн баримтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь худалдан авагчид хэвлэж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага олох НӨАТ-ын буцаан олголтыг “Пума” ХХК нөхөн төлөх ёстой гэж үзэж байна.  “Пума” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2, 17.3.3-т заасан үүргээ тайланд хугацаанд гаргалгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс   нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцах нь зүйтэй ... гэв

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Б.Очгэрэлийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Отгонтуяа нь анх хариуцагч “Пума” ХХК-д холбогдуулан   НӨАТ-ын буцаан олголтыг авч чадаагүйгээс учирсан хохиролд 2.341.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Татварын  ерөнхий газрыг татан оролцуулах тухай хүсэлт гаргаснаар, тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 00018 дугаар тогтоолоор хамтран хариуцагчаар Татварын ерөнхий газрыг татан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан.

            М.Отгонтуяа нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч “Пума” ХХК, Татварын ерөнхий газарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа “...  2.128.473 төгрөг гаргуулах”-аар багасган өөрчилсөн. /х.х-ийн 94 тал/

Нэхэмжлэгч М.Отгонтуяа нь хариуцагч “Пума” ХХК-иас орон сууц худалдан авсан 117.066.000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт болох 2.128.475,72 төгрөгийн баримтыг хугацаанд нь олгоогүй, нэгдсэн системд тухайн борлуулалтын мэдээллийг борлуулалт хийсэн даруйд илгээгээгүй, худалдан авалтаас өөр дүнтэй баримт өгсөн, е-баримт нь хүчингүй, “Пума” ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг авч чадаагүй тул гэм хорын хохирол гаргуулахаар шаардаж, харин Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М.Отгонтуяа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч М.Отгонтуяа хариуцагч “Пума” ХХК-иас гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлийн үндэслэлд орон сууц захиалгаар бариулах гэрээ, “Пума” ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилгаа төлбөрт 25.081.900 төгрөг төлсөн гэх баримт, Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мемориалын баримт, байр хүлээлцэх акт, “Пума” ХХК-иас хэвлэж өгсөн гэх 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн огноотой сугалааны дугааргүй е-баримт, Татварын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09/1436 тоот албан бичиг, Туул ривер кондоминиум хотхоны оршин суугчдаас Татварын  ерөнхий газрын даргад 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлт зэрэг бусад баримтуудыг үндэслэж байгаа болно. /х.х-ийн 4-11, 104-111 тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ “орон сууц худалдан авсан 117.066.000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт болох 2.128.473 төгрөг гэж тодорхойлсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т “албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох” гэсэн заалттай нийцэж байна.

Хариуцагч “Пума” ХХК нь “Татварын хуульд заасан үүргээ биелүүлсэн, хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч өөрөө эрхээ эдлээгүй, е-баримтаа ирж аваагүй нь компанийн буруу биш...

          М.Отгонтуяагийн 2016 онд худалдаж авсан орон сууцыг тухайн онд нь манайх татварт тайлагнасан тул татварын албанд дахин тайлагнаж е-баримт өгөх боломжгүй, дахин борлуулалт тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 18-34 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж зохицуулсан байх тул хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж үзнэ.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргээс үзэхэд

М.Отгонтуяа “Пума” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч “Пума” ХХК-иас Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Туул ривер кондоминиум хороолол, 13 дугаар байрны 63 тоотын 60.03 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.950.000 төгрөгөөр нийт 117.058.500 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 20 хувь болох 25.066.000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлж, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авснаар “Пума” ХХК-ийн дансанд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 92.000.000 төгрөгийг шилжүүлж, орон сууцны үнийг бүрэн төлж дуусгасан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4-8 тал/

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д “худалдагч албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ” гэж, мөн хуулийн  17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно,” гэж, 17.3.3-т “Хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ”, мөн хуулийн 17.5-т “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж тус тус заажээ.

Хариуцагч “Пума” ХХК нь 2016 онд худалдсан 53 орон сууцны  борлуулалтын тайлангаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татварын албанд илгээсэн болох нь зохигчийн тайлбар, “Пума” ХХК-ийн тайлангаар тогтоогдож байгаа хэдий ч, “Пума” ХХК нь төлбөрийн баримт буюу анхан шатны баримтыг худалдан авагч талд тухай бүрд нь өгөөгүй, төлбөрийн баримт нь нэгдсэн /цахим/ системд бүртгэгдээгүй байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн “Пума” ХХК нь нэхэмжлэгч М.Отгонтуяад орон сууц худалдан авсан төлбөрийн баримтыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэвлэн өгсөн, мөн М.Отгонтуяа, “Пума” ХХК нь төлбөрийн баримтыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус хэрэглэгчийн системд шивж оруулсан нь зохигчдын тайлбар, хавтас хэргийн 9-10, 73-75, 80-92 дугаар талд шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт, үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Очгэрэлийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  

 Хариуцагч “Пума” ХХК нь орон сууцны үнийг төлсөн тухай бүр төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид олголгүй, бараа худалдан авсан үнийн дүнгээс зөрүүтэй, 117.058.500 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан байхад 117.000.000 төгрөгөөр худалдан авсан үнийн дүнтэй төлбөрийн баримтыг худалдан авагчид өгөх зэргээр  Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн дээрх зүйл заалт, Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 3.1, 3, 4.6, 5.1-5.3-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч “Пума” ХХК  нь  хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч М.Отгонтуяа татварын буцаан олголтыг авч чадаагүй хохирол үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч, нэхэмжлэгчийн эс үйлдэл /орон сууцны төлбөрийн үлдэгдэл төлбөр 92.000.000 төгрөг хэзээ төлөгдөж дууссанаа мэдээгүй, худалдан авсан орон сууцны төлбөрийн баримтыг хугацаанд нь шаардан авч, хэрэглэгчийн системд бүртгүүлээгүй зэрэг байдал нь/ нь хохирол үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж, хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                                                                     ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч М.Отгонтуяагийн  татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-ийг баримтлан хариуцагч “Пума” ХХК-иас 1.064.236,36 /нэг сая жаран дөрвөн мянга хоёр зуун гучин зургаан төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж М.Отгонтуяад олгож, нэхэмжлэлээс 1.064.236,36 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Отгонтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.411,72 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Пума” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 30.091 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Отгонтуяад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ                             Ж.ЦЭНГЭЛ

                      ШҮҮГЧИД                              Ч.ДАВААСҮРЭН

                                                                     Н.НАРАНГЭРЭЛ