Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/01528

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 183/ШШ2023/01528

Улаанбаатар хот

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 32, өөрийн байранд байрлах, М ХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байрны өргөтгөлд байрлах, Э ТӨХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний үүрэгт 47 568 993 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХКнь Э ТӨХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 47 568 993 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ...М ХКнь Эрчим хүчний үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, даатгалын үйлчилгээ үзүүлэн хариуцагчтай хамтран ажиллахаар болсон. Улмаар үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23:59 цагаас 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 24:00 цаг хүртэл хугацаатайгаар байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний тухайд хариуцагч нь даатгалын гэрээний хавсралт 1-т заасан 3 206 598 525,02 төгрөгийн үнэлгээ бүхий автограж, автограж Б блок, сэлбэгийн агуулах, техникийн үйлчилгээний байр, СҮЦ-ийн конторын барилга, ацетилин кислородны агуулах, 3 автомашины граж, 1 автомашины граж, ЭХХТ-ийн контор, автограж өргөтгөл гэх 10 үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулж, даатгалын хураамжид 16 032 992,63 төгрөгийг даатгагчид төлөх үүргийг хүлээсэн. Харин нэхэмжлэгч М ХКнь гэрээнд заасан даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг даатгуулагчийн өмнө даатгуулагчийн өмнө хүлээсэн болно. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний тухайд хариуцагч нь Тоёота Хай-Эс маркийн 01-36 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Лк 200VX маркийн 01-79 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Соната маркийн 01-44 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ланд 200 маркийн 14-41 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Приус-30 маркийн 44-42 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Hilux маркийн 44-75 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ланд круйзер LC-200 маркийн 07-13 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ланд круйзер LC-200 GXR маркийн 44-03 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Хай-Эйс маркийн 44-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Хай-Эйс маркийн 44-82 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Мерседес бенз спринтер 2500 маркийн 26-35 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Hyundai Granduer маркийн 96-17 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Volkswagon Passat маркийн 03-25 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Prado-150 маркийн 44-67 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, LC Prado-150 маркийн 44-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Соната маркийн 02-44 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Приус-20 маркийн 44-41 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу нийт 17 тээврийн хэрэгслийг даатгуулсан. Дээрх тээврийн хэрэгслүүдийн даатгалын хураамжид 31 536 000 төгрөгийг даатгагч буюу М даатгалХК-д төлөх, манай байгууллага нь гэрээнд заасан даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн. Улмаар талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсанаар даатгуулагч нь гэрээнд заасан даатгалын хамгаалалтыг гэрээний хугацаанд даатгагчаас авсан. Харин даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний хураамж 16 032 992,63 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хураамж 31 536 000 төгрөг нийт 47 568 992,63 төгрөгийг 3 хувааж даатгагчид төлөх нөхцөлтэй буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 270 697,79 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 16 649 147,42 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16 649 147,42 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ...Э нь М даатгалХК-тай 2017 оноос хойш хамтарч ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/62 тоот тушаалаар батлагдсан худалдан авах үйл ажиллагааны үнэлгээний хорооны зөвлөмжөөр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахаар 17C2020000310 тоот гэрээг байгуулсан. Э нь 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 1.2 тэрбум төгрөгийн богино хугацаат өртэй гарсан бөгөөд энэ нь дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас тус төвийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд тогтворгүй байсан тул гэрээний хураамжийг төлөөгүй. М улсын Засгийн газрын 318 дугаар тогтоолоор Э төв аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон Сэргээгдэх Э төрийн өмчит үйлдвэрийн газрыг нийлүүлэн Э төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсан. Түүнчлэн М улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолоор" улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит аж, ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардал гаргах, уй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах" гэж заасны тогтоолыг хэрэгжүүлэн мөрдөж ажилласан. Даатгалын гэрээний 9.2.1-т ...Даатгуулагч даатгалын хураамж энэхүү гэрээний 2.2 дугаар зүйлд заасны дагуу болон хэсэгчлэн төлөх тохиолдолд гэрээнд тусгайлан заагдсан нөхцөлд төлөлгүй хуанлийн 15 хоногоос дээш хожимдуулсан тохиолдолд гэрээ цуцлах саналыг даатгагч даатгуулагчид бичгээр хүргэх бөгөөд төлбөл зохих даатгалыг төлөөгүй тохиолдолд даатгагч гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж заасан. Дээрх заалтын дагуу М даатгалХК-иас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 01/91 тоот "...хураамж төлөгдөөгүй үед даатгалын тохиолдол гарвал нөхөн төлбөр олгохгүй болохыг мэдэгдэж байна" гэх албан бичиг ирүүлсэн тул гэрээний 9.2.1 дэх заалтын дагуу гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн гэж ойлгосон. Мөн Даатгалын гэрээний 9.6.2-т ...даатгуулагч эхний төлбөрөө төлөөгүй байх үед даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч нөхөн төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй гэж заасан бөгөөд 2021 оноос хойш даатгалын тохиолдол гарсан ч нөхөн төлбөр нэхэмжлэхгүй явсаар өдийг хүрсэн. Дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахал, МУ-ын Засгийн газраас гаргасан шийдвэр улмаас улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл арга хэмжээний санхүүжилт буурч санхүүгийн хүндэл үүснээр дээрх байгууллагыг татан буулгасан тул Э төв ТӨААТҮГ-тай байгуулсан гэрээг цуцлах цаашид М даатгалХХК нь Э ТӨХХК-тай шинээр даатгал гэрээ байгуулж ажлыг зохион байгуулж, шалгарсан тохиолдолд хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй болно. Мөн М даатгалХК-тай гэрээ байгуулсан гэх боловч хураамж төлөөгүйгээс гадна аливаа ямар нэгэн даатгалын үйлчилгээнд хамрагдаагүй буюу бодит хохирол учруулаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан №17С2020000310 дугаартай даатгалын гэрээ, мөн талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан №17С2020000310 дугаартай даатгалын гэрээний хавсралт, Даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх төлбөрийн хуваарь, М даатгалХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/91 тоот мэдэгдэл хүргэх тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, Э ТӨҮГ-ын Худалдаа хөгжлийн банк дахь 406082708 тоот депозит дансны хуулга, Э төвийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/942 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, Э төвийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/940 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг зэрэг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...М ХКнь Эрчим хүчний үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23:59 цагаас 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 24:00 цаг хүртэл хугацаатайгаар байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээгээр хариуцагч нь даатгалын гэрээний хавсралт 1-т заасан 3 206 598 525,02 төгрөгийн үнэлгээ бүхий автограж, автограж Б блок, сэлбэгийн агуулах, техникийн үйлчилгээний байр, СҮЦ-ийн конторын барилга, ацетилин кислородны агуулах, 3 автомашины граж, 1 автомашины граж, ЭХХТ-ийн контор, автограж өргөтгөл гэх 10 үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулж, даатгалын хураамжид 16 032 992,63 төгрөгийг, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр нийт 17 тээврийн хэрэгслийг даатгуулж, хураамжид 31 536 000 төгрөгийг тус тус төлөх, манай байгууллага гэрээнд заасан даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг хүлээсэн. Даатгалын гэрээ байгуулагдсанаар даатгуулагч нь гэрээнд заасан даатгалын хамгаалалтыг гэрээний хугацаанд даатгагчаас авсан. Харин даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний хураамж 16 032 992,63 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хураамж 31 536 000 төгрөг, нийт 47 568 992,63 төгрөгийг 3 хувааж даатгагчид 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 270 697,79 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 16 649 147,42 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16 649 147,42 төгрөг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй тул 47 568 993 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Э нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/62 тоот тушаалаар батлагдсан худалдан авах үйл ажиллагааны үнэлгээний хорооны зөвлөмжөөр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Тус төв нь 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 1.2 тэрбум төгрөгийн богино хугацаат өртэй гарсан бөгөөд дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд тогтворгүй байсан тул гэрээний хураамжийг төлөөгүй. М улсын Засгийн газрын 318 дугаар тогтоолоор Э төв аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон Сэргээгдэх Э төрийн өмчит үйлдвэрийн газрыг нийлүүлэн Э төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсан. Даатгалын гэрээний 9.2.1-т ...Даатгуулагч даатгалын хураамж энэхүү гэрээний 2.2 дугаар зүйлд заасны дагуу болон хэсэгчлэн төлөх тохиолдолд гэрээнд тусгайлан заагдсан нөхцөлд төлөлгүй хуанлийн 15 хоногоос дээш хожимдуулсан тохиолдолд гэрээ цуцлах саналыг даатгагч даатгуулагчид бичгээр хүргэх бөгөөд төлбөл зохих даатгалыг төлөөгүй тохиолдолд даатгагч гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж заасны дагуу М даатгалХК-иас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 01/91 тоот ...хураамж төлөгдөөгүй үед даатгалын тохиолдол гарвал нөхөн төлбөр олгохгүй болохыг мэдэгдэж байна" гэх албан бичиг ирүүлсэн тул гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн гэж ойлгосон. Мөн Даатгалын гэрээний 9.6.2-т ...даатгуулагч эхний төлбөрөө төлөөгүй байх үед даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч нөхөн төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй гэж заасан бөгөөд 2021 оноос хойш даатгалын тохиолдол гарсан ч нөхөн төлбөр нэхэмжлэхгүй явсаар өдийг хүрсэн. М даатгалХК-тай гэрээ байгуулсан гэх боловч хураамж төлөөгүйгээс гадна аливаа ямар нэгэн даатгалын үйлчилгээнд хамрагдаагүй буюу бодит хохирол учруулаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

М ХКболон Э төв ТӨҮГ-ын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр даатгалын гэрээнүүд байгуулагдаж, тус гэрээгээр М ХКнь даатгуулагчийн 3 206 598 525,02 төгрөгийн үнэлгээтэй 10 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 31 536 000 төгрөгийн үнэлгээтэй 17 ширхэг тээврийн хэрэгслүүдэд даатгалын тохиолдолд болсон нөхцөлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх, даатгуулагч Э төв ТӨҮГ нь даатгалын хураамжид 47 568 992,63 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байна.

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан, тус гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Даатгуулагч Э төв ТӨҮГ нь гэрээгээр хүлээсэн, төлбөрийг хэсэгчлэн төлөх буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 270 697,79 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 16 649 147,42 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16 649 147,42 төгрөгөөр тус тус төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

5. Хэрэгт авагдсан, М улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаар тогтоолоор Э төв аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон Сэргээгдэх Э төрийн өмчит үйлдвэрийн газрыг нийлүүлэн Э төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн, Э төв ТӨҮГ-ын эрх залгамжлан авсан этгээд нь Э ТӨХХК байх тул шүүх 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийг Э ТӨХХК-иар сольсон байна.

 

6. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Э нь 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 1.2 тэрбум төгрөгийн богино хугацаат өртэй гарсан, ...дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас тус төвийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд тогтворгүй байсан, мөн хэмнэлтийн горимд шилжсэний улмаас хураамжийг төлөөгүй гэж дурдсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөх боломжгүй талаараа нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн баримтгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

7. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч Э ТӨХХК-иас даатгалын гэрээний үндсэн үүрэгт 47 568 992.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М даатгалХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395 795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М даатгалХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан хариуцагч Э ТӨХХК-иас 47 568 993 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М даатгалХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395 795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М даатгалХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ