Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/01189

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 183/ШШ2023/01189

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн байрлах, У  ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн байранд байрлах, Х алба,  

Нэхэмжлэлийн шаардлага: Хатаалгад оруулахаар өгсөн 967.4 тонн улаан буудайн үнэ 319 242 000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж саатуулснаас болж 759 га талбайгаас улаан буудай хурааж авч чадаагүй, ургац алдсаны төлбөр 300 564 000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48 710 000 төгрөг, нийт 668 516 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек /ШТЭҮД-2631/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал. Р.Отгонбямба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У  ХХК нь Хсангийн ажлын албанд холбогдуулан хатаалгад оруулахаар өгсөн 967.4 тонн улаан буудайн үнэ 319 242 000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж саатуулснаас болж 759 га талбайгаас улаан буудай хурааж авч чадаагүй, ургац алдсаны төлбөр 300 564 000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48 710 000 төгрөг нийт 668 516 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ...У  ХХК нь газар тариалан, мал аж ахуй, үр тарианы гурил үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр буюу намрын ургац хураалтын үеэр Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт их хэмжээний цас орж, тариан талбай 40 см цасанд дарагдаж, их хэмжээний цас орж цасан шуурга шуурч, тариа налснаар талбайн улаан буудайн чийгийн хэмжээнд өөрчлөлт орж, хольцын хэмжээ нэмэгдсэнээр улаан буудайг шууд нийлүүлэх боломжгүй болж нөхцөл байдал хүндэрсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Баяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар Сэлэнгэ аймагт ирж, ургац хураалтын байдалтай газар дээр нь танилцан, чийг цэвэрлэгээ дутуу буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушааж, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээ амласан. У  ХХК нь Сэлэнгэ аймгийн Ургацын комисс болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд дээрх хүндрэлтэй нөхцөл байдлаа танилцуулж, улаан буудай хадгалах силосыг түр гаргаж өгөх асуудлаар хандсанаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар манай компанийн энэхүү хүсэлтийг хүлээн авч, уг асуудлаар 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хурал хийсэн. Хурлын үеэр талууд харилцан тохиролцсоноор гэрээ байгуулж, уг гэрээний 3.4-д зааснаар У  ХХК-ийн авчирсан буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар нь ...7 хоногийн дотор хатаалгаар оруулж, буудайн чийгийг бууруулж вагонд ачиж өгөх үүрэг хүлээснээс гадна гэрээний 4.2-д У  ХХК-ийн авчирсан буудайг 7 хоногийн дотор хатаалгад оруулахгүй, ачуулаагүй тохиолдолд түүнтэй холбоотой гарах бүх зардал, хохирлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцахаар, буудай хатаах түлш, вагон тавих, татах зэрэг зардлыг У  ХХК бүрэн хариуцахаар тогтсон юм. Гэрээнд заасны дагуу У  ХХК нь хариуцагч байгууллагад нийт 967,4 тонн буудайг ачиж очсон боловч тэр өдөртөө буудайг хүлээн авахгүй, хүлээлгэн байж хатаалгад оруулснаас болж буудай шатаж, ихэнх буудай хөгцөрч, алдагдал хүлээсэн. Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт гаргуулахаар У  ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбарт шалгалт хийсэн. 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн 45/58/270 дугаартай дүгнэлтээр буудай хадгалсан 1014, 1015 дугаартай силос нь хатаалганы доод талын сав бөгөөд буудай хадгалах үндсэн силос биш, мөн тухайн силосонд хадгалагдаж буй улаанбуудай халж хөгцөрсөн, өнгө нь хувирсан байдалтай байсан. Ийм учраас У  ХХК-ийн хатаалгаж, хадгалуулсан хүнсний улаан буудайг Хүнсний буудай ММХ 1004 стандартын шаардлага /чийг 14-14,5%/ хангуулж, зориулалтын буудай хадгалах силосонд хадгалах шаардлагатай байсан байна. Дээрх шаардлагыг хангаагүйн улмаас буудайн чанар алдагдсан гэж дүгнэсэн. Мөн дахин ачиж очсон улаан буудайг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, нэг сарын хугацаагаар саатуулан сул зогссоноос ачаа эргэлт саатаж, үтрэм будаагаар дүүрч комбайн талбайдаа будаатайгаа сул зогссоноос болж, намрын ургацын ажилд саад учруулсан бөгөөд үүнээс болж 759 га талбайгаас ургац авч, чадахгүй нөхцөл байдал үүссэн. У  ХХК-ийн зүгээс Хсангаас хатаалгад өгөхөөр шилжүүлж өгсөн улаан буудайг MNS 97:2004 стандартын шаардлагыг хангуулж зориулалтын буудай хадгалах силосонд хадгалж, хатаагаагүйгээс буудай чанар алдаж, улаан буудай халж хөгцөрсөн байгаа нь хүнсний болон малын тэжээлд хэрэглэх, худалдаанд гаргах боломжгүй болж хохирол учруулсан тул өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т ...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасанд нийцсэн бөгөөд хариуцагчаас эд хөрөнгийн алдагдлыг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч эд хөрөнгийн алдагдал буюу хатаалгад оруулахаар хариуцагчид шилжүүлэн өгсөн 967.4 тонн буудай нь халж хөгцөрсөн, хүний болон малын тэжээлд хэрэглэх худалдаанд гаргах боломжгүй болсон тул 1 тонн улаан буудайг тухайн үеийн зах зээлийн ханш буюу хүнсний буудай борлуулах тухай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 194 тоот тушаалаар батлагдсан хүнсний буудайг борлуулах үнийг 330 000 төгрөгөөр тогтоосон тарифаар тооцсон. Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолоор батлагдсан Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай тогтоолын 1-д ...Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50.0 /тавин/ мянга төгрөг байхаар тогтоосугай гэж заасан. У  ХХК нь Хсангийн буруутай үйл ажиллагааны улмаас алдсан 967.4 тонн улаан буудайг нийлүүлсэн бол 48 710 000 төгрөгийн орлого олох байсан. Иймд хатаалгад оруулахаар өгсөн нийт 967.4 тонн улаан буудайн үнэ 319 242 000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж саатуулснаас болж 759 га талбайгаас улаан буудай хурааж авч чадахгүй, ургац алдсаны төлбөр 300 564 000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48 710 000 төгрөг, нийт 668 516 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...У  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэл нь адилхан. Тус шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр, хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбараас 373 032 000 төгрөг гаргуулж, үлдэх 248 688 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан. Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ Монгол улсын засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолыг үндэслэн урамшуулал тооцож олгох ёстой байсан гэж тайлбарлаж байна. Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 77 тоот тогтоол гарсантай холбогдуулан Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул дээрх мөнгийг шаардах эрхгүй, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгч У  ХХК нь нэгэнт шүүхээр тогтоогдсон асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, У  ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн компанийн буудайн талаар хэлэлцсэн протокол, мөн өдрийн талуудын хооронд байгуулагдсан нойтон будааг хатааж, вагонд ачуулах тухай гэрээ, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын байцаагчийн дүгнэлт, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 194 дүгээр Хүнсний буудай борлуулах тухай тушаал, У  ХХК-ийн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05, 06, 07, 08, 09 дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 02, 03, 04 дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37, 36, 38, 39, 42, 41 дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай зарлагын баримт, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 31, 32, 33, 34 дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29, 30 дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28, 26, 27, 25, 22, 23 дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 58, 59 дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 57, 56, 55, 54, 55, 53, 50 дугаартай зарлагын баримтууд, 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дугаартай зарлагын баримт, 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 47, 48 дугаартай зарлагын баримт, 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаартай зарлагын баримт, 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 197, 198, 199 дугаартай орлогын баримт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1/144 дүгээр тодорхойлолт, У  ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №20/22 дугаар албан бичиг, У  ХХК-ийн 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/550 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 45/50/270, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45/50/495 дугаар Улсын байцаагчийн дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн төвийн Таримал ургамлын үр шинжилгээний лабораторийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2009218 дугаартай сорилтын дүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 45/50/214 дугаар Улсын байцаагчийн дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн төвийн Таримал ургамлын үр шинжилгээний лабораторийн 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2010083 дугаартай сорилтын дүн, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/199 дүгээр хяналт шалгалтын удирдамж, У  ХХК-ийн 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг, У  ХХК-ийн Сэлэнгэ аймгийн сум дундын нэгдүгээр шүүхэд 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувь, итгэмжлэл, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/04 дугаартай тодорхойлолт, Аймгийн ургацын комиссын өргөтгөсөн 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын протокол, У  ХХК-ийн Улсын ургацын салбар комисс, алтан тариа ХХК-д гаргасан 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт, У  ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ургацын комисс, тариалан эрхлэлтийн дэмжих санд гаргасан 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлт, Тариалан эрхлэлтийн дэмжих санд Хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2009 оны 12 дугаар сарын тооцоо нийлсэн акт, Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр тушаал, У  ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №17/04 дугаартай Тариалан эрхлэлтийг дэмжих санд гаргасан хүсэлт, У  ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, 1 дүгээр багт эзэмших тариалангийн нийт талбай бүхий газрын гэрчилгээнүүдийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, Хсангийн ажлын албаны захирлын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/107 дугаартай Ажил, албан тушаалд томилох тухай тушаал, албан хаагчдын нэрс, Хсангийн ажлын албан ТБАГ-ын Сэлэнгийн салбар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаар шийдвэр, Хсангийн ажлын албаны захирлын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаартай тушаал, ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүний жагсаалт, томилолтын зардал, түрээсийн агуулахад буудай хүлээн авах зардал, нийт зардал, санхүүжилтийн хуваарь, Хсангийн гүйцэтгэх захирлын 2020 оны Ургацаас Хсанд Улаанбуудай хүлээн авах, өр авлага барагдуулах, ажлын хэсгийн ажиллах удирдамж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б-01 дугаартай Н.Төмөрхүүд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн өдрийн Б-02 дугаартай Б.Алтансүхээр албан үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас Сэлэнгэ аймаг дах Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай шийдвэртэй, У  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын албанд холбогдох 621 720 000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг бүхэлд нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан Хсангийн ажлын албанаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас Сэлэнгэ аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 45/50/214 тоот, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 45/50/270 тоот Улсын байцаагчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан хариуцагч Хсангаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбатын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ажилд томилох тухай Б/71 дугаар тушаал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай 44 дүгээр тушаал зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч У  ХХК нь хариуцагч Хсангийн ажлын албанд холбогдуулан хатаалгад оруулахаар өгсөн 967.4 тонн улаан буудайн үнэ 319 242 000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж саатуулснаас болж 759 га талбайгаас улаан буудай хурааж авч чадалгүй ургац алдсаны хохиролд 300 564 000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48 710 000 төгрөг, нийт 668 516 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2009 оны ургац хураалтын үеэр Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт их хэмжээний цас орж, тус компанийн тариан талбай цасанд дарагдан тариа налснаар улаан буудайн чийгийн хэмжээнд өөрчлөлт орж, шууд нийлүүлэх боломжгүй болсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Баяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар Сэлэнгэ аймагт ирж, ургац хураалтын байдалтай газар дээр нь танилцан, чийг цэвэрлэгээ дутуу буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушааж, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээ амласны дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар уг асуудлаар 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хурал хийж гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.4-д У  ХХК-ийн авчирсан буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар нь 7 хоногийн дотор хатаалгаар оруулж, буудайн чийгийг бууруулж вагонд ачиж өгөх, 4.2-д У  ХХК-ийн авчирсан буудайг 7 хоногийн дотор хатаалгад оруулахгүй, ачуулаагүй тохиолдолд түүнтэй холбоотой гарах бүх зардал, хохирлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцна гэж тус тус заасан. Гэрээний дагуу У  ХХК нь хариуцагч байгууллагад нийт 967,4 тонн буудайг ачиж очсон боловч тэр өдөртөө буудайг хүлээн авахгүй, хүлээлгэн байж хатаалгад оруулснаас болж буудай шатаж, ихэнх буудай хөгцөрч, алдагдал хүлээсэн. Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт гаргуулахаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн 45/58/270 дугаартай дүгнэлтээр буудай хадгалсан силос нь хатаалганы доод талын сав бөгөөд буудай хадгалах үндсэн силос биш байсны улмаас тус силосонд хадгалагдаж буй улаанбуудай халж хөгцөрсөн, өнгө нь хувирсан. Тус будааг Хүнсний буудай ММХ 1004 стандартын шаардлага /чийг 14-14,5%/ хангуулж, зориулалтын буудай хадгалах силосонд хадгалах шаардлагатай байсан. Дээрх шаардлагыг хангаагүйн улмаас буудайн чанар алдагдсан байна гэж дүгнэсэн. Хариуцагч ачиж очсон улаан буудайг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, нэг сарын хугацаагаар саатуулан сул зогссоноос ачаа эргэлт саатан үтрэм будаагаар дүүрч, комбайн талбайдаа будаатайгаа сул зогссоноос болж, 759 га талбайгаас ургац авч чадаагүй. Нэхэмжлэгч эд хөрөнгийн алдагдал буюу хатаалгад оруулахаар хариуцагчид шилжүүлэн өгсөн 967.4 тонн буудай нь халж хөгцөрсөн, хүний болон малын тэжээлд хэрэглэх худалдаанд гаргах боломжгүй болсон тул 1 тонн улаан буудайг тухайн үеийн зах зээлийн ханш буюу хүнсний буудай борлуулах тухай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 194 тоот тушаалаар батлагдсан хүнсний буудайг борлуулах үнийг 330 000 төгрөгөөр тогтоосон тарифаар тооцож нэхэмжилж байна. Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолоор батлагдсан Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай тогтоолын 1-д ...Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50.0 /тавин/ мянга төгрөг байхаар тогтоосугай гэж заасан. У  ХХК нь Хсангийн буруутай үйл ажиллагааны улмаас алдсан 967.4 тонн улаан буудайг нийлүүлсэн бол 48 710 000 төгрөгийн орлого олох байсан. Иймд хатаалгад оруулахаар өгсөн нийт 967.4 тонн улаан буудайн үнэ 319 242 000 төгрөг, мөн буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж саатуулснаас болж 759 га талбайгаас улаан буудай хурааж авч чадахгүй, ургац алдсаны төлбөр 300 564 000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48 710 000 төгрөг, нийт 668 516 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...У  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэл нь адилхан. Уг асуудлыг тус шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбараас 373 032 000 төгрөг гаргуулж, үлдэх 248 688 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.4 дэх хэсэгт Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд үйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан. Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ Монгол улсын засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолыг үндэслэн урамшуулал тооцож олгох ёстой байсан гэж тайлбарлаж байна. Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 77 тоот тогтоол гарсантай холбогдуулан Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул дээрх мөнгийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгч У  ХХК нь нэгэнт шүүхээр тогтоогдсон асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах У  ХХК-ийн тариан талбай цасанд дарагдан ургац хураалтын байдал хүндэрсэн, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбараас уг асуудлаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын протоколоор У  ХХК-ийн 570 тонн буудайг Сэлэнгэ салбарт 1 удаагийн хатаалгаар оруулж, вагонд ачиж өгөхөөр, ...буудай хатаах, түлш, вагон тавих, татах зэрэг зардлыг У  ХХК бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн талаар талууд маргаангүй.

 

4.2. Улмаар У  ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар нар 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар тариалангийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх У  ХХК-ийн 1000 тонн будааг нэг удаа хатаалгаар оруулж, хоёроос гурван хувийн чийгийг бууруулж вагонд ачиж өгөх зорилго бүхий гэрээг байгуулж, тус гэрээний 2 дугаар заалтаар У  ХХК нь 1000 тонн будааг тохирсон хугацаанд саадгүй нийлүүлэх, хатаалгаар орсон будааг вагон захиалж тавиулан татаж авах, тээврээр таслахгүй зөөж нийлүүлэх үүргийг, 3 дугаар заалтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар нь хатаалгыг нэг удаа технологийн дагуу хийж буудайн чийгийг бууруулж вагонд ачиж өгөх, тээвэрлэж авчирсан буудайг хатаалгад оруулж тээврийг саатуулахгүй ажиллах, буудайг тохирсон хугацаанд хатааж У  ХХК-ийн захиалсан вагонд саадгүй ачиж өгөх, буудайг ачиж ирснээс хойш 7 хоногийн дотор хатаалгад оруулах үүргийг тус тус хүлээжээ.

 

4.3. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

4.4. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч У  ХХК нь нийт 967.4 тонн улаан буудай нийлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдан зарлагын баримтуудыг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн боловч хэрэгт авагдсан, Алтан тариа ХХК ТЭДСангийн 2009 оны намрын ургацын буудай хүлээн авах гэрээний дагуу Сэлэнгэ салбарт хүлээн авч хадгалж буй буудайн буцаан олгож буй акт 4: У  ХХК-ийн нийлүүлсэн буудайн жин 746.4 тонн гэх баримт /2хх33/, Тариалан эрхлэлтийг дэмжин сангийн Алтан тариа ХХК-д хүргүүлсэн ...2009 оны намрын ургац хураалтын үеэр байгалийн гэнэтий үзэгдэлд болж, ...У  ХХК-ийн 746.4 тн ...буудайг хадгалсан гэх агуулга бүхий 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 44 тоот албан бичиг /2хх59/ зэргээр У  ХХК-ийг нийт 764.4 тонн будааг гэрээний дагуу хатаалгахаар хариуцагчид хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдсон гэж үзэв.

 

4.5. Харин хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, буудайг зориулалтын байранд хадгалаагүйн улмаас ашиглах боломжгүй болсон болох нь мэргэжлийн хяналтын газрын дараах,

 

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45/50/495 тоот Хүнсний улаан буудайн чанарын тухай дүгнэлтэд ...2009.12.14-ний өдөр У  ХХК-ийн Мэргэжлийн хяналтын газар ирүүлсэн хүсэлтийн дагуу ТЭДСан дээр хатаалгаж байгаа 600 тонн хүнсний улаан буудайнаас Ургамал хамгааллын тухай хуулийн дагуу дээж авч, СХЗТөвийн таримал ургамал, үр сортын лабораторид өгч шинжлүүлэв. У  ХХК-ийн 600 тонн хүнсний улаан буудай нь Хүнсний буудай MNS 97:2004 стандартын шаардлага хангахгүй байна. Хатааж, цэвэрлэх шаардлагатай байна гэх,

 

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 45/50/214 тоот Хүнсний улаан буудайн чанарын тухай дүгнэлтэд ...У  ХХК-ийн 742320 тонн хүнсний улаан буудай нь Хүнсний буудай стандартын MNS 97:2004 шаардлага хангахгүй байна. Гадны өвөрмөц өнгө үнэртэй, өөрийн шинж чанарт тохироогүй, халж хөгцөрсөн байгаа нь хүнсэнд болон малын тэжээлд хэрэглэх, худалдаанд гаргах боломжгүй гэх,

 

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 45/50/270 тоот Тариалан эрхлэлтийг дэмжих санг шалгасан тухай дүгнэлтэд ...У  ХХК-ийн хатаалгаж, хадгалуулсан хүнсний улаан буудайг Хүнсний буудай MNS 97:2004 стандартын шаардлага /чийг 14-14,5 хувь/ хангуулж, зориулалтын буудай хадгалах силосонд хадгалах шаардлагатай байсан байна. Дээрх шаардлагыг хангаагүйгээс буудайн чанар алдагдсан байна гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

4.6. Хариуцагч тус шаардлагатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан У  ХХК-иас Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүргүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 17/04 тоот ...Сангийн буруутай үйл ажиллагаанаас болж ...хүлээлгэж өгсөн ...967.4 тонн ...буудай шатаж хөгцөрсөн, ...учирсан хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий албан бичигт хийсэн ...одоогоор санхүүгийн боломжгүй тул хууль журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэх бичвэр болон гэрч В.Үнэнбатын мэдүүлэг зэрэгт үндэслэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэв.

 

4.7. Иймд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн ...хатаалгыг нэг удаа технологийн дагуу хийж буудайн чийгийг бууруулах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэж, хариуцагчаас нийт 746.4 тн буудайн тонн тус бүрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар тушаалаар тогтоосон 330 000 төгрөгөөр тооцож, нийт 246 312 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж саатуулсны улмаас 759 га талбайгаас улаан буудай хурааж авч чадаагүй, ургац алдсаны хохиролд 300 564 000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48 710 000 төгрөгийг тус ту гаргуулахаар шаардсан.

5.2. Нэхэмжлэгч У  ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазай гэх газар 942 га, 1, 2 дугаар бригадын ойролцоо 759 га газрыг эзэмшдэг болох нь, дээрх газрууд 2009 оны намрын ургац хураалтаар цасанд дарагдсан болох нь тус тус У  ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газарт гаргасан хүсэлт болон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1/144 тоот албан бичгээр тогтоогддог.

 

5.3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, уг асуудлаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч У  ХХК Сэлэнгэ аймгийн сум дундын нэгдүгээр шүүхэд 942 га талбай буюу 1884 тонн буудай цасанд дарагдаж хохирол учирсан үндэслэлээр 621 720 000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ дэх салбараас гаргуулахаар нэхэмжилснийг тус шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр зарим хэсгийг хангаж 373 032 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь 1, 2 дугаар бригадын ойролцоох 759 га талбайгаас улаан буудай хурааж авч чадаагүйтэй холбоотой хохирол шаардсан тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй.

 

5.4. Гэвч нэхэмжлэгч нь 2012 онд дээрх 942 га талбайн буудай цасанд дарагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ургац алдсаны хохирол 300 564 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хамтатган гаргах боломжтой байсан, мөн 2009 онд улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48 710 000 төгрөгийг 2023 онд гаргуулахаар шаардсан зэргийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх тул тус шаардлагуудагы хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

6. Дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Хсангийн ажлын албанаас 246 312 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 422 204 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 658 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 389 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У  ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Хсангийн ажлын албанаас 246 312 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 422 204 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 658 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 389 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ