Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/01330

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр

          Дугаар 183/ШШ2023/01330

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, Ж.Б,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б  нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дүгээр тогтоолоор Ж.Б аас 105 682 950 төгрөгийг гаргуулж, Б ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн барьцаа болох улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, орон сууцыг 190 447 664 төгрөг болон 24 120 000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн. Үнэлгээг хийхдээ шинжээч 2001-2022 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексийг бодож гаргажээ. Үнийн өсөлтийн индекс зөвхөн нэг шинжээчийн дүгнэлтээр гардаг зүйл биш олон дахин нягталж үзэж тухайн зах зээлийн тухайн үеийн үнийн индексээр тодорхойлогддог зүйл байхад хэт доогуур үнийн индексээр тооцож бодсон нь хэт үнэгүйдүүлж, үнэ цэнэгүй болгосон байна. Учир нь зах зээлийн өртгийн үнэд ашиглалтад орсон он, барилгын бүтэц хийц, ашигтай байрлал, хотын зэрэглэлийн бүс, дуу чимээ агаарын бохирдлын хэмжээ зэрэг бусад хүчин зүйлийг огт тооцоолж бодоогүй. Уг орон сууц нь хотын төвд байрлалтай, ойр орчныг бүхэлд нь харах боломжтой, нарны гэрэл шууд тусдаг, дуу чимээнээс хол, агаарын бохирдлын хэмжээ бусад бүстэй харьцуулахад харьцангуй бага, хотын төвд учраас сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудтай ойрхон зэрэг ашигтай байрлалтай зэрэг олон давуу талуудтай. Дээрх үнэлгээг хийсэн компанийн үнэлгээ хийсэн байдлыг www.unegui.mn сайтаас харахад нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн орон сууцтай адил бүтэц хийц, байршилтай орон сууцанд хийсэн үнэлгээгээр 1 м.кв сууцны талбайд ноогдох үнэ 3 000 000 болж байгаа юм. Хуучин орон сууцны 1м.кв-ын дундаж үнийг тодорхойлсон Master properties үл хөдлөх хөрөнгийн худалдааны байгууллагаас гаргасан судалгаагаар хэт бага байгаа бөгөөд үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй харьцуулахад даруй 30-40 сая гаруй төгрөгийн зөрүүтэй байгаа нь миний өмчийг хэтэрхий багаар үнэлж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөөд байна. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 200-300 сая төгрөгийн үнэлгээтэй болох нь хөндлөнгийн шинжээчийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дүгээр тогтоолоор Ж.Б аас 105 682 950 төгрөгийг гаргуулж, Б ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ж.Б д холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2022 оны 02 дугаар 18-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч Ж.Б  нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 22290341/01, 22290341/02 дугаар актаар тус тус битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11290341/03, 22290341/04 дугаар тогтоолоор тус тус хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2022 оны 4-137/18792 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Б д гардуулан өгч, 4-137 19028 тоот үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Б ББСБ ХХК-иас шинжээч томилуулж, үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн тул тус газраас хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийг, мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанг шинжээчээр тус тус томилсон. Шинжээчээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 97 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 190 447 664 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцыг 24 120 000 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд хариуцагч байгууллагаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02682 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дүгээр  тогтоолоор хариуцагч Ж.Б аас 105 682 950 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул манай байгууллагаас барьцаа хөрөнгийг албадан борлуулж, шүүхээс гаргасан шийдвэрийг хангуулахын тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд барьцаа хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, хураах ажиллагааг хийж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон. Гуравдагч этгээдийн зүгээс үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас, Ж.Б ы иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4-137/20222 дугаар мэдэгдэл, Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2021/01154 дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 йдугаар сарын 14-ний өдрийн 22290341/01, 22290341/02 дугаар  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч талаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ГХ2022/00033 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2022/00324 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22290341 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 22290341/01, 22290341/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Ж.Б ы тайлбар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 447 тоот албан бичиг, Ж.Б ы Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 97 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 403 тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22290341/03, 22290341/04 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-137/18792 тоот мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-137/19028 тоот үнийн санал авах тухай албан бичиг, Б ББСБ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/19/01 дүгээр шинжээч томилуулах тухай хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/327 дугаар шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, мөн өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Дамно ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Ш22-49 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Ш22-49 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/324 тоот шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тушаал, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 506 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

   2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дүгээр тогтоолоор Ж.Б аас 105 682 950 төгрөгийг гаргуулж, Б ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн барьцаа болох улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, орон сууцыг 190 447 664 төгрөг болон 24 120 000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн. Үнэлгээг хийхдээ шинжээч 2001-2022 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексийг бодож гаргажээ. Үнийн өсөлтийн индекс зөвхөн нэг шинжээчийн дүгнэлтээр гардаг зүйл биш олон дахин нягталж үзэж тухайн зах зээлийн тухайн үеийн үнийн индексээр тодорхойлогддог зүйл байхад хэт доогуур үнийн индексээр тооцож бодсон нь хэт үнэгүйдүүлж, үнэ цэнэгүй болгосон байна. Уг орон сууц нь хотын төвд байрлалтай, ойр орчныг бүхэлд нь харах боломжтой, нарны гэрэл шууд тусдаг, дуу чимээнээс хол, агаарын бохирдлын хэмжээ бусад бүстэй харьцуулахад харьцангуй бага, хотын төвд учраас сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудтай ойрхон зэрэг ашигтай байрлалтай зэрэг олон давуу талуудтай атал ашиглалтад орсон он, барилгын бүтэц хийц, ашигтай байрлал, хотын зэрэглэлийн бүс, дуу чимээ агаарын бохирдлын хэмжээ зэрэг бусад хүчин зүйлийг огт тооцоолж бодоогүй. www.unegui.mn сайтаас харахад уг орон сууцтай адил бүтэц хийц, байршилтай орон сууцны 1 м.кв талбайд ноогдох үнэ 3 000 000 болж байгаа юм. Хуучин орон сууцны 1м.кв-ын дундаж үнийг тодорхойлсон Master properties үл хөдлөх хөрөнгийн худалдааны байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд 30-40 сая гаруй төгрөгийн зөрүүтэй байгаа нь миний өмчийг хэтэрхий багаар үнэлж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөөд байна. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 200-300 сая төгрөгийн үнэлгээтэй болох нь хөндлөнгийн шинжээчийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дүгээр тогтоолоор Ж.Б аас 105 682 950 төгрөгийг гаргуулж, Б ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ж.Б д холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2022 оны 02 дугаар 18-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч Ж.Б  нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 22290341/01, 22290341/02 дугаар актаар тус тус битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11290341/03, 22290341/04 дугаар тогтоолоор тус тус хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2022 оны 4-137/18792 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Б д гардуулан өгч, 4-137 19028 тоот үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Б ББСБ ХХК-иас шинжээч томилуулж, үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн тул тус газраас шинжээч томилж, шинжээчээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 97 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 190 447 664 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцыг 24 120 000 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд хариуцагч байгууллагаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

4.Гуравдагч этгээд Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:  “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02682 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дүгээр  тогтоолоор хариуцагч Ж.Б  105 682 950 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул манай байгууллагаас барьцаа хөрөнгийг албадан борлуулж, шүүхээс гаргасан шийдвэрийг хангуулахын тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд барьцаа хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, хураах ажиллагааг хийж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Шинжээч томилох тухай” тогтоолыг гаргаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Дамно ХХК нарыг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Гуравдагч этгээдийн зүгээс үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн баримтаар, улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 97 дугаар байр,  5 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь Ж.Б  болох нь, Ж.Б  болон Б ББСБ ХХК нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь тус тус тогтоогтдог.

 

Зээлдэгч Ж.Б  нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Б ББСБ ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2021/01154 дүгээр тогтоолоор хариуцагч Ж.Б аас 105 000 000 төгрөгийг гаргуулан Б ББСБ ХХК-д олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Уг захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ГХ2022/00033 тоот гүйцэтгэх хуудас олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/324, 10/327 дугаар тогтоолуудаар барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор Дамно ХХК болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нарыг шинжээчээр томилж, Дамно ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 97 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 190 447 664 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Сүхбаатар үүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 24 120 000 төгрөгөөр тус тус төгрөгөөр тогтоосон байна.

 

6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгсөн, мөн төлбөр авагчаас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/324, 10/327 дугаар тогтоолуудаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

Дамно ХХК болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нар нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамжны 97 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 190 447 664 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Сүхбаатар үүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 24 120 000 төгрөгөөр тус тус төгрөгөөр тус тус тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...www.unegui.mn сайтаас харахад нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн орон сууцтай адил бүтэц хийц, байршилтай орон сууцанд хийсэн үнэлгээгээр 1 м.кв сууцны талбайд ноогдох үнэ 3 000 000 төгрөг, ...хуучин орон сууцны 1м.кв-ын дундаж үнийг тодорхойлсон Master properties үл хөдлөх хөрөнгийн худалдааны байгууллагаас гаргасан судалгаагаар 30-40 сая гаруй төгрөгийн зөрүүтэй байгаа, ...өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 200-300 сая төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон” гэж дурдсан боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлоогүй байна.

 

8. Иймд дээрх шинжээч нарын тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

10. Энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаярт түүний 8902-0238 гэх дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн үнэлгээг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч уг асуудлаар маргаагүй, мэдэгдлийг хэзээ гардуулснаа нотлоогүй тул шүүх хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ