Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01531

 

 

 

 

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01531

 

  

Ж.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01330 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Б-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Н-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дүгээр тогтоолоор Ж.Б-аас 105,682,950 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.1. Зээлийн барьцаа болох улсын бүртгэлийн Ү-220604**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, А гудамж, ** дугаар байрны ** тоот, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, орон сууцыг 190,447,664 төгрөг болон 24,120,000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн. Үнэлгээг хийхдээ шинжээч 2001-2022 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексийг бодож гаргажээ. Үнийн өсөлтийн индекс зөвхөн нэг шинжээчийн дүгнэлтээр гардаг зүйл биш олон дахин нягталж үзэж тухайн зах зээлийн үеийн үнийн индексээр тодорхойлогддог байхад хэт доогуур үнийн индексээр тооцож бодсон нь хэт үнэгүйдүүлж, үнэ цэнэгүй болгосон байна. Учир нь зах зээлийн өртгийн үнэд ашиглалтад орсон он, барилгын бүтэц хийц, ашигтай байрлал, хотын зэрэглэлийн бүс, дуу чимээ агаарын бохирдлын хэмжээ зэрэг бусад хүчин зүйлийг тооцоологүй. Уг орон сууц нь хотын төвд байрлалтай, ойр орчныг бүхэлд нь харах боломжтой, нарны гэрэл шууд тусдаг, дуу чимээнээс хол, агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага, хотын төвд учраас сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудтай ойрхон зэрэг ашигтай байрлалтай.

1.2. Дээрх үнэлгээ хийсэн байдлыг www.unegui.mn сайтаас харахад нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн орон сууцтай адил бүтэц хийц, байршилтай орон сууцанд хийсэн үнэлгээгээр 1 м.кв сууцны талбайд ногдох үнэ 3,000,000 төгрөг байгаа. Хуучин орон сууцны 1 м.кв-ын дундаж үнийг тодорхойлсон Мастер пропертиз үл хөдлөх хөрөнгийн худалдааны байгууллагаас гаргасан судалгаагаар хэт бага байгаа бөгөөд үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй харьцуулахад 30-40 сая гаруй төгрөгийн зөрүүтэй байгаа нь миний өмчийг хэтэрхий багаар үнэлж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөж байна.

Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 200-300 сая төгрөгийн үнэлгээтэй болох нь хөндлөнгийн шинжээчийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дугаар тогтоолоор Ж.Б-аас 105,682,950 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.1. Төлбөр төлөгч Ж.Б гүйцэтгэх хуудсыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч Ж.Б нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-220604**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, А гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22290341/01, 22290341/02 дугаар актаар битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11290341/03, 22290341/04 дугаар тогтоолоор тус тус хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 4-137/18792 тоот үнийн санал ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Б-д гардуулан өгч, 4-137/19028 тоот үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй.

2.2. Төлбөр авагч Б ХХК-аас шинжээч томилуулж, үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн тул тус газраас хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн шинжээч Ц.Д-ийг, мөн ХХ ХХК-ийн үнэлгээчин Ж.У-г шинжээчээр тус тус томилсон. Шинжээчээс Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, А гудамжны ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 190,447,664 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцыг 24,120,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Иймд хариуцагч байгууллагаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02682 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1154 дүгээр тогтоолоор хариуцагч Ж.Б-аас 105,682,950 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тул манай байгууллагаас барьцаа хөрөнгийг албадан борлуулж, шүүхээс гаргасан шийдвэрийг хангуулахын тулд Н-т хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд барьцаа хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, хураах ажиллагаа хийж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон. Гуравдагч этгээдээс үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшид нийцсэн дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд авч холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, маргааны талаар бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.

5.1.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4,5, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт тус тус зааснаар хөрөнгийн үнэлгээг гаргахаар байна. Гэтэл "Д" ХХК-ийн үнэлгээчин Ц.Д, "ХХ" ХХК-ийн үнэлгээчин Ж.У нар Олон улсын үнэлгээний стандартыг дагаж мөрдөв гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үнэлгээг хийхдээ үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлал зэрэг эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөөгүй. Үүнийг шүүх тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.2. "Д" ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ц.Д , "ХХ" ХХК-ийн үнэлгээчин Ж.У нар зах зээлийн хандлагын аргыг ашигласан ч тухайн хандлагаар бодох аргачлал нь харилцан адилгүй. Тодруулбал, үнэлгээчин Ц.Д нь үнэлгээчин Ж.У-гийн үнэлгээ хийсэн үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийвэл Ж.У-гийн хийсэн үнэлгээнээс өөр дүн гарахаар мөн үнэлгээчин Ж.У нь Ц.Д үнэлгээчний хийсэн үнэлгээнд өөрийн аргачлалыг ашиглавал өөр дүн гарахаар харагдаж байгаа нь үнэлгээний нэгдсэн нэг аргачлалаар бодоогүй нь нотлогдоно.

5.3. ХХ" ХХК-ийн үнэлгээчин Ж.У нь Улсын бүртгэлийн Ү-229301**** тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 33 дугаар байрны 0 тоот 12 м.кв талбайтай орон сууцыг 24,120,000 төгрөгийн үнэлэхдээ тухайн орон сууцанд орж үзээгүй байж дотор засал зэргийг "ердийн засалтай" гэх байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн тухайн орон сууц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн орон сууц битүүмжилсэн тогтоолтой буюу гагцхүү өмчлөгч тухайн орон сууцанд нэвтрэх бус шийдвэр гүйцэтгэгчид ч мөн адил нэвтрэх эрх байсан гэж харж байна. Үнэлгээчин Ж.У нь Ж.Б эзгүй хөдөө орон нутагт явж байсан, түүний эхнэрт орон сууцны түлхүүр байхгүй гэх үндэслэлээр орон сууцны дотор орж засал чимэглэл болон бусад үйл баримтыг тогтоолгүйгээр үнэлгээ гаргасныг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл гэж харж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн үнэлгээг олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хийсэн. Мөн тус барьцаа хөрөнгийн үнэлгээг, хөрөнгийн захиалагч зээлийн үнэ ханшид нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлын 3-т Хийн ажилтан н.Уртнасан нь улсын бүртгэлийн Ү-22030**** дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт, 12 м.кв орон сууцыг үнэлэхдээ тухайн орон сууцанд очиж үзээгүй атлаа ердийн засалтай гэж дүгнэсэнд гомдол гаргасан байна. Тодорхой хэмжээний үнэ өртгийн засалтай байсан талаарх баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 7. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10ы өдрийн 183/ШШ2019/02682 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Ж.Б-аас 127,043,939 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Б ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2021/01154 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 105,000,000 төгрөг болгон багасгаж, төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү-220604**** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан, А гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай, 85.19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан борлуулахаар зохигч эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан 2 орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 14ий өдөр битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.

3.2. Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Ж.Б-аас үнийн санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагч нь шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор 2022 оны 10 дугаар сарын 19ий өдөр Д ХХК-ийг, 1 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор ХХ ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

3.3. Шинжээч Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Д, ХХ ХХК-ийн үнэлгээчин Ж.У нар нь Сангийн сайдаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч Ц.Д д хуульд заасан эрх, үүргийг нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, ХХ ХХК-ийн шинжээч Ж.У-д 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус тайлбарлан танилцуулсан байна. Шинжээчээр томилогдсон Д ХХК, үнэлгээчин Ц.Д, ХХ ХХК, үнэлгээчин Ж.У нар нь үнэлгээний тайландаа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /зориулалт, байршил, хэмжээ, шинж байдал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө.

Шинжээч нар Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартыг баримтлан үнэлгээний тооцоог хийсэн талаар тайландаа дурдсан байх тул үнэлгээг хийхдээ үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлал зэрэг эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөөгүй гэх гомдол үндэслэлгүй.

4.2. Шинжээч хөрөнгийн байдалтай үзэж танилцахаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч Ж.Б, өмгөөлөгч Амараа нартай утсаар холбогдоход үзүүлэхээс татгалзсан, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус орон сууцны СӨХ-ны ажилтан болон төлбөр төлөгч Ж.Б-ны эхнэр Азжаргал нартай холбогдон хөрөнгийн талаарх мэдээлэл авч хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон талаар тайландаа дурджээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т зааснаар үйлчлүүлэгч үнэлгээний үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч үнэлүүлж буй хөрөнгийн байдалтай танилцуулахаас татгалзсанд үнэлгээчнийг буруутгах үндэслэлгүй. Иймд үнэлгээчин орон сууцны дотор орж засал чимэглэл болон бусад үйл баримтыг тогтоолгүйгээр үнэлгээ гаргасан гэх гомдол үндэслэлгүй.

 5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН