Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/01386

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 183/ШШ2023/01386

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн 0 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Д.Б,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, Б.Э,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 9 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Машины засварын төлбөр 1 027 848 төгрөг, олох ёстой байсан орлого 3 360 000 төгрөг, нийт 4 387 848 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу,

Хариуцагч Б.Э ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол /ШТҮЭД-0730/,

Гэрч Д.Оюун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.​

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Б.Э ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ...Миний бие 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.Э ын Инфинити 35 маркийн машин зарна гэсэн зарын дагуу холбогдож, уулзахад Б.Э ын зүгээс 100 км-т 10 литр шатахуун зарцуулдаг, ямар ч эвдрэл гэмтэл байхгүй маш сайн машин гээд гэсний дагуу тухайн өдрөө тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Б.Э ын өмчлөлийн 00-00 УБЦ улсын дугаартай Инфинити РХ35 маркийн хар өнгөтэй 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд орж ирсэн суудлын авто машиныг худалдан авахаар болсон. Бид гэрээний нийт үнийн дүн 18 000 000 төгрөг, үүнээс гэрээг байгуулагдмагц 7 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар, төлбөрийг бүрэн дууссаны дараа автомашины өмчлөлийг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Миний бие автомашиныг гэрээ хийсэн өдрөө өөрийн эзэмшилд авсан бөгөөд маргааш нь машиныг угаалгатал маш их будаг замаск хийсэн, өнгө үзэмж муутай машин байсан бөгөөд хоёр хоногийн дараагаас унтарчхаад асахгүй байсан. Ингээд "Таны маш сайн гэсэн машин чинь унтарчхаад байна, олон эвдрэл гэмтэлтэй, мөн үнэтэй машин гээд байсан чинь яг ийм үзүүлэлттэй машинууд 10 сая орчмоор зарагддаг юм байна, та намайг хуурч хуучин муу машинаа өндөр үнэтэй зарсан байна" гэхэд 7 дугаар сарын төлөлтөөс 500 000 төгрөгийг хасаж, 1 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсний дагуу 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 100 км-т 10 л шатахуун зарцуулдаг гэхээр нь сарын цалинтай надад болно гэж итгэж тооцож авсан машин 100 км-т 10 биш харин 30 литр зарцуулж байсан бөгөөд миний сарын цалин шатахуунд зарцуулагдаж эхэлснээс гадна хурааж хуримтлуулсан таван цаасаараа доголдолтой муу машин авсандаа, мөн Б.Э ад хуц солиор, гөлгөө гэх мэтээр элдэв муу муухайгаар хэлүүлсэндээ сэтгэл санаагаар унаж, бие өвдөж удалгүй ажлаасаа гарсан. Ажлаасаа гарч цалин орлогогүй болсноос гадна автомашин доголдолтой байсан тул доголдлыг арилгаж өгөх, эсхүл сар бүрийн төлөлтийг багасгаж 500 000 төгрөгөөр төлөх хүсэлтэйгээ Б.Э ад хэлж 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн төлөлтөд 500 000 төгрөгийг төлсөн. Гэвч хариуцагч нь доголдлыг арилгаж өгөлгүй, гэрээний дагуу төлөлтөө хийж чадахгүй бол наймаагаа буцаана, чамд зарах албагүй, миний машин доголдолгүй гэх зэргээр маргасан ба сүүлдээ гэрээгээ цуцалж, авснаа буцаахаар болж, 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр машинаа ирээд аваад явсан. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул хариуцагчаас автомашины төлбөрт төлсөн 9 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: ...Б.Э  миний машинаа зарахаар тавьсан зарын дагуу Д.Б  холбогдож, эхнэр Д.О-тэй уулзан машиныг үзээд шууд авахаар болсон. Урьдчилгаа 7 500 000 төгрөг төлөөд үлдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хувааж төлье гэдэг санал тавьсныг бид хүлээж авахгүй гэсэн боловч удаа дараа гуйсан учир зөвшөөрч, оношилгоонд оруулсан, эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн. Гэтэл үлдэгдэл мөнгөө өгөх гэж элдэв шалтаг хэлж, удаа дараа хойшлуулж явсаар 2022 оны 10 дугаар сард мөнгөө төлөхгүй байхаар нь очиж уулзтал цаашид машины төлбөр төлж чадахгүй машинаа ав гэсэн. Ингээд Б.Б  нь өөрөө худалдах, худалдан авах гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний дараа гэрээнээсээ татгалзах хүсэлт гаргасан. Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, биет байдлын доголдолгүй, зориулалтаар нь буюу унаад явах бүрэн боломжтой, машин хүлээлгэж өгсөн байтал миний машиныг 4 сарын хугацаанд унахдаа гадна кузов, дотор эд анги, тэнхлэг тохиргоо алдагдсан гэх мэт олон зүйлийг эвдэлж гэмтээсэн байсан. Би 2022 оны 10 дугаар сард машинаа авахдаа Б.Б д үзлэг оношилгоонд оруулж, хүлээж авъя гэсэн боловч өөрөө үгүй гэснээс гадна энэ хугацаанд гаргасан торгуулиа хүртэл төлөөгүй байсан. Ингээд би машинаа хүлээн аваад эвдэрсэн эд ангийг засаж, зарим алга болсон зүйлсийг худалдаж авахад нийт 1 027 848 төгрөг болсон. Үүнд, рулын бүрээс 28 000 төгрөг, МРЗ хөгжим 35 000 төгрөг, дугуйн хар таг 1 000 төгрөг, Хүч засварын газрын оношилгооны төлбөр 15 000 төгрөг, R талын гар 380 000 төгрөг, R талын гар солих ажлын хөлс 30 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 40 000 төгрөг, бензин 100 000 төгрөг, цэвэрлэгээ угаалга 100 000 төгрөг, зураг угаалгах 10 000 төгрөг, зогсоолын төлбөр 4 000 төгрөг, спиннинг дугуй 150 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны торгууль 134 849 төгрөг болсон байна. Мөн хэрэв бид тухайн үед машинаа бэлэн мөнгөнд зарсан бол одоо ингэж засварын мөнгөөр хохирохгүй байсан. Д.Б  нь удаа дараа үлдэгдэл мөнгийг цаг тухайд нь төлж чадна, 2 ажил давхар хийдэг зэргээр итгэл төрүүлж, худалдан авсан мөртлөө сүүлд нь мөнгөө өгч чадахгүй гээд буцааж өгсөнд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгчид машинаа зараагүй байсан бол зуны улиралд хүмүүст түрээслүүлэхэд дунджаар нэг өдрийн 120 000-150 000 төгрөгөөр түрээслүүлж, 4 сарын хугацаанд 14 000 000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 4 сарын хугацаанд машиныг минь унаж, өөрсдийн хэрэгцээг хангасны дараа эвдрэлтэй машин буцааж өгсөн тул машинаа хамгийн багаар буюу өдрийн 30 000 төгрөгөөр түрээслүүлсэн гэж тооцож, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 112 хоногийн нэг өдрийг 30 000 төгрөгөөр тооцож, 3 360 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч нь машиныг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдолтой талаар мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, машиныг хүлээж авахад эд анги нь дугарч байна уу, асахад асуудалтай юу гээд мэдэх бүрэн боломжтой байсан мөөртлөө хүлээн авсан шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас машины засварын төлбөр 1 027 848 төгрөг, олох ёстой байсан орлого 3 360 000 төгрөг, нийт 4 387 848 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна гэв.

 

3. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд Б.Э ын машиныг эвдэж сүйтгэсэн, мөн эд материалыг нь салгаж авсан зүйлгүй. Тухайн үед машин нь хэвэндээ буюу сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа шиг эд зүйл дутааж эвдсэн зүйлгүй байсан учраас хариуцагч аваад явсан. Надад машинаа зарахдаа оношилгоонд оруулж өгөх байтугай, угаалгаж ч өгөөгүй байж бодит үнэнд нийцээгүй худал тайлбар гаргасан байна. Хэрвээ угаалгасан байсан бол маш муу гадаргуутай, битүү будаг замасктай, лак нь хагарсан болохыг тухайн үедээ мэдэх боломжтой байсан. Гэвч маргааш нь машиныг угаалгаснаар энэ бүгдийг мэдсэн. Б.Э  нь зарын групп дээр олон төрлийн машин зарах зарыг байнга байршуулж, хуучин машин зардаг ченж байсан бөгөөд машинаа буцааж авчхаад мөнгийг маань буцааж өгөхгүй байх санаатай байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн бид гэрээгээ цуцалсан тохиолдолд машины түрээс гэх төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцоогүй бөгөөд энэ талаарх түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэх тайлбарыг гаргасан.  

 

4. Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 0756 тоот худалдах, худалдан авах гэрээ, Д.Б гийн Хаан банк дахь 5084042720 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Хариуцагч талаас, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн фото зураг, Б.Э ын иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрэгэ системс ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн торгуулийн баримт, Богд банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн худалдан авалтын баримт, зогсоолын төлбөрийн баримт, Нисдэг машин ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, Коника фото студийн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн баримт, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хүч авто оношилгоо, завсрын төвийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн автомашины засвар, үйлчилгээний хуудас зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.  

  2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зарын дагуу Б.Э тай холбогдож, түүний өмчлөлийн 00-00 УБЦ улсын дугаартай Инфинити РХ35 маркийн хар өнгөтэй 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд орж ирсэн суудлын авто машиныг 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдмагц 7 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1 500 000 төгрөгөөр төлөхөөр, төлбөрийг бүрэн дууссаны дараа автомашины өмчлөлийг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээ хийсэн өдрөө автомашиныг авч, маргааш нь угаалгатал маш их будаг замаск хийсэн, өнгө үзэмж муутай машин байсан бөгөөд хоёр хоногийн дараагаас унтарчхаад асахгүй байсан. Ингээд "Таны маш сайн гэж зарсан машин чинь унтарчхаад байна, олон эвдрэл гэмтэлтэй, яг ийм үзүүлэлттэй машинууд 10 сая орчмоор зарагддаг юм байна, та намайг хуурч хуучин муу машинаа өндөр үнэтэй зарсан байна" гэхэд 7 дугаар сарын төлөлтөөс 500 000 төгрөгийг хасаж, 1 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсний дагуу төлсөн. Тус машиныг 100 км-т 10 л шатахуун зарцуулдаг гэхээр нь надад болно гэж итгэж авсан, гэтэл 100 км-т 30 литр зарцуулж байсан.  Б.Э ад автомашины доголдлыг арилгаж өгөх, эсхүл сар бүрийн төлөлтийг багасгаж 500 000 төгрөгөөр төлөх хүсэлтэйгээ хэлж 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн төлөлтөд 500 000 төгрөгийг төлсөн. Гэвч хариуцагч нь доголдлыг арилгаж өгөлгүй, гэрээний дагуу төлөлтөө хийж чадахгүй бол наймаагаа буцаана, чамд зарах албагүй, миний машин доголдолгүй гэх зэргээр маргасан ба сүүлдээ гэрээгээ цуцалж, авснаа буцаахаар болж, 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр машинаа ирээд аваад явсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул төлсөн 9 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: ...Д.Б  зарын дагуу холбогдон, миний машиныг авахаар болж, урьдчилгаа 7 500 000 төгрөг төлөөд, үлдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хувааж төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд түүнд оношилгоонд оруулсан эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн. Гэтэл үлдэгдэл мөнгөө өгөхгүй элдэв шалтаг хэлж, хойшлуулсан тул 2022 оны 10 дугаар сард очиж уулзахад цаашид машины төлбөр төлж чадахгүй машинаа ав гэж хэлсэн. Ингээд Б.Б  нь өөрөө худалдах, худалдан авах гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний дараа гэрээнээсээ татгалзах хүсэлт гаргасан. Машинаа буцааж авахдаа хандаж, үзлэг оношилгоонд оруулж, хүлээж авъя гэхэд үгүй гэсэн. Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, биет байдлын доголдолгүй, зориулалтаар нь буюу унаад явах бүрэн боломжтой, машин хүлээлгэж өгсөн байтал миний машиныг 4 сарын хугацаанд унахдаа гадна кузов, дотор эд анги, тэнхлэг тохиргоо алдагдсан гэх мэт олон зүйлийг эвдэлж гэмтээсэн байсныг засаж, зарим алга болсон зүйлсийг худалдаж авахад нийт 1 027 848 төгрөг болсон. Үүнд, рулын бүрээс 28 000 төгрөг, МРЗ хөгжим 35 000 төгрөг, дугуйн хар таг 1 000 төгрөг, Хүч засварын газрын оношилгооны төлбөр 15 000 төгрөг, R талын гар 380 000 төгрөг, R талын гар солих ажлын хөлс 30 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 40 000 төгрөг, бензин 100 000 төгрөг, цэвэрлэгээ угаалга 100 000 төгрөг, зураг угаалгах 10 000 төгрөг, зогсоолын төлбөр 4 000 төгрөг, спиннинг дугуй 150 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны торгууль 134 849 төгрөг болсон байна. Мөн бид тухайн үед машинаа бэлэн мөнгөнд зарсан бол одоо ингэж засварын мөнгөөр хохирохгүй байсан. Д.Б  нь удаа дараа бид үлдэгдэл мөнгийг цаг тухайд нь төлж чадна, 2 ажил давхар хийдэг зэргээр итгэл төрүүлж, худалдан авсан бөгөөд бид нэхэмжлэгчид машинаа зараагүй байсан бол зуны улиралд хүмүүст түрээслүүлэхэд дунджаар нэг өдрийн 120 000-150 000 төгрөгөөр түрээслүүлж, 4 сарын хугацаанд 14 000 000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 4 сарын хугацаанд машиныг минь унаж, өөрсдийн хэрэгцээг хангасны дараа эвдрэлтэй машин буцааж өгсөн. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч нь машиныг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдолтой талаар мэдэх боломжтой байсан, уг шаардлагыг гаргах эрхгүй тул олох байсан орлого буюу 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 112 хоногийн түрээсийн төлбөрийг хоногийн 30 000 төгрөгөөр тооцож 3 360 000 төгрөг, машины засварын төлбөр 1 027 848 төгрөг, нийт 4 387 848 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг ...Миний бие хариуцагч Б.Э ын машиныг эвдэж сүйтгэсэн, мөн эд материалыг нь салгаж авсан зүйлгүй. Тухайн үед машин нь хэвэндээ буюу сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа шиг эд зүйл дутааж эвдсэн зүйлгүй байсан учраас хариуцагч аваад явсан. Надад машинаа зарахдаа оношилгоонд оруулж өгөх байтугай, угаалгаж ч өгөөгүй байж бодит үнэнд нийцээгүй худал тайлбар гаргасан байна. Хэрвээ угаалгасан байсан бол маш муу гадаргуутай, битүү будаг замасктай, лак нь хагарсан болохыг тухайн үедээ мэдэх боломжтой байсан. Б.Э  нь зарын групп дээр олон төрлийн машин зарах зарыг байнга байршуулж, хуучин машин зардаг ченж байсан бөгөөд машинаа буцааж авчхаад мөнгийг маань буцааж өгөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн бид гэрээгээ цуцалсан тохиолдолд машины түрээс гэх төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцоогүй бөгөөд энэ талаарх шаардлага үндэслэлгүй байна гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч Б.Э  нь өөрийн өмчлөлийн JNRAS08U27X100091 арлын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн Infiniti-FX35 маркийн 00-00 УБЦ улсын дугаартай, суудлын автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч Д.Б  нь урьдчилгаа 7 500 000 төгрөгийг мөн өдрөө, үлдэгдэл 10 500 000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1 500 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б  нийт 9 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаангүй.  

 

6. Нэхэмжлэгч Д.Б  гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч Б.Э  гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн ...гэрээний дагуу төлөлтөө хийж чадахгүй бол наймаагаа буцаана, чамд зарах албагүй, миний машин доголдолгүй гэх зэргээр маргасан ба сүүлдээ гэрээгээ цуцалж, авснаа буцаахаар болж, 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр машинаа ирээд аваад явсан гэх тайлбар болон хариуцагчийн машинаа буцааж авсан үйл баримт зэргээр тогтоогдох тул дээрх гэрээ цуцлагдсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 9 000 000 төгрөгийг буцааж төлөх үүрэг хариуцагчид үүсэж байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөрт төлсөн 134 849 төгрөг, спининг дугуйны үнэ төлбөр 150 000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслээд, Иргэний хуулийн 227 дугаар зүйлйн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийн R талын гар солиулсан төлбөр 380 000 төгрөг, R талын гар солих ажлын хөлсөнд төлсөн 30 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин хариуцагч нь рулын бүрээс 28 000 төгрөгөөр сольсон, МРЗ хөгжим 35 000 төгрөгөөр сольсон, дугуйн хар таг сольсон 1 000 төгрөг, Хүч засварын газрын оношилгооны төлбөр 15 000 төгрөг, тэнхлэг тохиргооны төлбөр 40 000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагч түрээсийн үйл ажиллагаа явуулдаг талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт гаргаж өгөөгүй, бензин 100 000 төгрөг, цэвэрлэгээ угаалгын төлбөр 100 000 төгрөг, зураг угаалгасан төлбөр 10 000 төгрөг, зогсоолын төлбөр 4000 төгрөгийг тус тус хохирол тооцох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э аас 9 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар нэхэмжлэгчээс 694 849 төгрөг гаргуулан хариуцагчид олгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3 692 999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж зааснаар үндсэн нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцоод, хариуцагч Б.Э аас 8 350 151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 155 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 21 226 төгрөг гаргуулж хариуцагчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2,  115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 205 дугаар зүйлийн 205.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э аас 8 350 151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 692 999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 155 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 21 226 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ