Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01405

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 19 210/МА2023/01405

 

 

*.* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01386 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Үндсэн нэхэмжлэл: худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 9,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 4,387,848 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч **.** , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр **.** тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний өмчлөлийн 00-00 *** улсын дугаартай, Инфинити РХ35 маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 7,500,000 төгрөгийг төлж, үлдэх 10,500,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,500,000 төгрөг төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа автомашины өмчлөлийг миний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

1.2 Автомашиныг шилжүүлэн авснаас хойш 2 хоногийн дараа автомашин унтраад асахгүй байсан тул **.** ад энэ тухай хэлсэн. Тэрээр 7 дугаар сарын төлөлтөөс 500,000 төгрөгийг хасаж, 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн.

1.3 Тухайн автомашин 100 км-т 10 литр шатахуун зарцуулдаг гэсэн боловч 100 км-т 10 литр биш 30 литр зарцуулж байсан. Миний бие ажлаасаа гарч цалин орлогогүй болсноос гадна автомашин доголдолтой байсан тул доголдлыг арилгаж өгөх, эсхүл сар бүрийн төлөлтийг багасгаж 500,000 төгрөгөөр төлөх хүсэлтийг **.** ад хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Гэвч хариуцагч нь доголдлыг арилгаж өгөөгүйгээс гадна гэрээний дагуу төлөлт хийж чадахгүй бол наймаагаа буцаана гээд 2022 оны 9 дүгээр сард автомашиныг аваад явсан.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул хариуцагчаас автомашины төлбөрт төлсөн 9,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *.* нь миний өмчлөлийн 00-00 *** улсын дугаартай, Инфинити РХ35 маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр худалдаж авах, урьдчилгаа 7,500,000 төгрөг төлөөд, үлдэх төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хувааж төлөхөөр тохиролцсон. Түүнд оношилгоонд оруулсан, эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн автомашин хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь үлдэх төлбөрийг төлөхгүй, элдэв шалтаг хэлж, удаа дараа хойшлуулсан. 2022 оны 10 дугаар сард тэрээр ...цаашид машины төлбөрийг төлж чадахгүй тул автомашинаа буцааж ав гэсэн тул автомашиныг буцааж авсан.

2.2 Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, биет байдлын доголдолгүй, зориулалтаар нь буюу унаад явах бүрэн боломжтой, автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь автомашиныг 4 сарын хугацаанд хэрэглэхдээ гадна кузов, дотор эд анги, тэнхлэг тохиргоо алдагдсан гэх мэт олон зүйлийг эвдэлж гэмтээсэн байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Нэхэмжлэгчээс автомашин хүлээн аваад эвдэрсэн эд ангийг засаж, зарим алга болсон зүйлсийг худалдаж авахад нийт 1,027,848 төгрөг болсон. Үүнд, рулын бүрээс 28,000 төгрөг, МРЗ хөгжим 35,000 төгрөг, дугуйн хар таг 1,000 төгрөг, хүч засварын газрын оношилгооны төлбөр 15,000 төгрөг, R талын гар 380,000 төгрөг, R талын гар солих ажлын хөлс 30,000 төгрөг, тэнхлэг тохиргоо 40,000 төгрөг, бензин 100,000 төгрөг, цэвэрлэгээ угаалга 100,000 төгрөг, зураг угаалгах 10,000 төгрөг, зогсоолын төлбөр 4,000 төгрөг, спиннинг дугуй 150,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны торгууль 134,849 төгрөг болсон байна.

3.2 Түүнчлэн, нэхэмжлэгчид тухайн автомашиныг зараагүй байсан бол зуны улиралд хүмүүст өдрийн 30,000 төгрөгөөр түрээслүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 112 хоногийн, нэг өдрийг 30,000 төгрөгөөр тооцож, 3,360,000 төгрөгийг орлого олох боломжтой байсан.

Иймд хариуцагчаас нийт 4,387,848 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Тухайн автомашиныг эвдсэн, эд зүйлсийг нь салгаж авсан зүйлгүй. Тухайн үед автомашин нь хэвэндээ байсан тул хариуцагч аваад явсан. Бид гэрээ цуцалсан тохиолдолд автомашины түрээс гэх төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцоогүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 205 дугаар зүйлийн 205.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч **.** аас 8,350,151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,692,999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,155 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 21,226 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Нэхэмжлэгчид автомашиныг хүлээлгэж өгөхдөө рулийн бүрээс хамт хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан гэрэл зургаар тогтоогдож байгаа. Мөн автомашины хамт өгсөн МРЗ нь автомашиныг буцаан авах үед эвдэрсэн, дахин ашиглах боломжгүй болсон байсан.

6.2 Мөн автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үед угаалгын газар угаалгаж, цэвэрхэн эвдрэл гэмтэлгүй машин хүлээлгэж өгсөн. Мөн автомашиныг буцаан авах үед зарим эд анги нь эвдэрсэн, зарим эд зүйлс нь алга болсон байсан тул засварын газар орж, оношлогоонд оруулсан тул уг мөнгө нь хохиролд тооцох бүрэн боломжтой.

6.3 Гэрээ байгуулсан өдөр автомашиныг *.* д шилжүүлснээр гэрээ биелэгдсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 4 сарын хугацаанд *.* нь автомашиныг ашиглаж ашиг хүртэж байсан. Надад 3,360,000 төгрөгийн хохирол учирсан.

6.4 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг түүний охины хамт оролцуулах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Хариуцагчийн зүгээс гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч талууд гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсаны дараа **.** нь *.* гаас автомашиныг авч явахдаа ямар нэгэн акт үйлдээгүй байдаг. Хариуцагчийн зүгээс гаргасан баримтуудыг харахад 00-00 *** дугаартай тээврийн хэрэгсэлд зарцуулсан болох нь тодорхойгүй. Талуудын хооронд түрээсийн төлбөрийг төлөх талаар тохиролцоогүй хийгдээгүй. Тухайн автомашиныг түрээсэлдэггүй бөгөөд **.** ын бусдад худалдахаар хэрэглэж байсан автомашин юм. Уг худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байсан тохиолдолд орлого олох ёстой байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нотлогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...автомашиныг буцаан авахад засвар, оношилгоо хийлгэсэн төлбөр, гэрэл зураг болон автомашиныг угаалгасан болон шатахууны зардал, автомашины хүрдний бүрээс, МРЗ хөгжимийн үнэ, зогсоолын төлбөр, спиннинг дугуйн үнэ болон олох байсан орлого буюу нийт 4,387,848 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргасан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагаас торгуулийн төлбөрт төлсөн 134,849 төгрөг, спининг дугуйны үнэ 150,000 төгрөг тус тус төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

3.1 Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр хариуцагч нь 00-00 *** улсын дугаартай, Infiniti-FX35 маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь автомашины урьдчилгаа төлбөр 7,500,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх4-5/

3.2 Нэхэмжлэгч нь автомашиныг хүлээн авч, урьдчилгаа төлбөрт 7,500,000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд 2,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь автомашины үнэд шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

5.1 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

5.2 Хариуцагчаас автомашины хүрдний бүрээс сольсон зардалд 28,000 төгрөг, МРЗ хөгжмийн үнэд 35,000 төгрөг, дугуйн хар тагны үнэд 1,000 төгрөг, хүч засварын газрын оношилгооны төлбөрт 15,000 төгрөг, тэнхлэг тохиргооны төлбөрт 40,000 төгрөгийн буюу нийт 119,000 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн 21-22 дугаар талд авагдсан гэрэл зургаар хариуцагчаас автомашины хүрдний бүрээс сольсон зардалд 28,000 төгрөг, МРЗ хөгжмийн үнэд 35,000 төгрөг төлснийг буюу дээрх хэмжээний зардал гарсан гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна.

Түүнчлэн, хариуцагчаас автомашинд хийсэн шатахууны үнэ гэх 100,000 төгрөгийг, автомашиныг угаалгасан гэх 100,000 төгрөгийг, зураг угаалгасан гэх 10,000 төгрөгийг, зогсоолын төлбөрт төлсөн гэх 4,000 төгрөгийг буюу нийт 214,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх зардлыг гэрээнээс татгалзсантай холбоотой гэж үзэх шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

5.3 Хариуцагч нь тухайн автомашиныг нэхэмжлэгчид худалдаагүй бол бусдад түрээсэлж зайлшгүй орлого 3,360,000 төгрөг олох байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага 4,387,848 төгрөгөөс олох байсан орлого 3,360,000 төгрөг, хохирол, зардалд 333,000 төгрөг буюу нийт 3,693,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн болон Д.О-г гэрчээр тус тус оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас автомашины торгуулийн төлбөр 134,849 төгрөг, спининг дугуйны үнэ 150,000 төгрөг гаргуулах хэсгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болсон байна. Иймд дээрх шаардлагын шаардах эрхийн үндсийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар тодорхойлж, шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулна.

Түүнчлэн, анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн болон сөрөг шаардлагыг харилцан тооцсон нь, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байхаас гадна харилцан тооцохдоо хариуцагчаас 8,305,151 төгрөг /9,000,000 694,849/ гаргах байтал 8,350,151 төгрөг буюу 45,000 төгрөг илүү гаргаж нэхэмжлэгчид олгож тооцооллын алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч **.** аас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож, нэхэмжлэгч *.* гаас 694,849 төгрөг гаргуулан хариуцагч **.** ад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,692,999 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 74,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН