Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2023/00530

 

 

 

 

  2023             06            07     

                        130/ШШ2023/00530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 01 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн М төв /захирал Х.Н/

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 35,322,096 төгрөг, алданги 17,661,048 төгрөг, нийт 52,983,144 /тавин хоёр сая есөн зуун наян гурван мянга нэг зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/ нь хариуцагч Б аймгийн М төв /захирал Х.Н/-д холбогдуулан дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 35,322,096 төгрөг алданги 17,661,048 төгрөг нийт 52,983,144 /тавин хоёр сая есөн зуун наян гурван мянга нэг зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Б аймгийн М төв манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 35,322,096 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.

1.2. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

1.3. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 19,250,542 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 17,661,048 төгрөг болж байна.

1.4. Иймд хариуцагч Б аймгийн М төвөөс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 35,322,096 төгрөг алданги 17,661,048 төгрөг нийт 52,983,144 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б аймгийн М төвийн захирал Х.Нуркен хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэхэмжлэгч талаас хариуцагч буюу тус сургууль нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний дулааны төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 35.322.096 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ” гэжээ. Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Б аймаг дахь М төв нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно” гэх заалт болон Э ХК-тай хамгийн сүүлд буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 07 дугаартай ‘Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” тухай гэрээнд тусгасан тарифаар дулаан, халаалтын төлбөрөө төлж ирсэн. Өөрөөр хэлбэл тус гэрээний 4 дэх хэсгийн 4.1-д “Гэрээт талууд Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан дулааны үнэ тарифыг мөрдөж ажиллана” гэж тусгасан бөгөөд энэхүү үнэ тарифыг хариуцагч мөрдөж ажиллаж ирсэн. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тариф, гэрээний үнэ”-ийн талаар зохицуулсан бөгөөд 27.5-д “Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх ...” гэж хуульчилсан. Энэхүү хуулийн зохицуулалтын хүрээнд хэрэв дулааны үнэ тарифт өөрчлөлт орсон тохиолдолд Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тус байгуулагд 15 хоногийн дотор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Гэвч тус байгууллагаас гэрээний үнэ тарифын өөрчлөлтийн талаар төвд мэдэгдэх арга хэмжээ аваагүй учир өмнөх хүчин төгөлдөр гэрээний үнийн тарифаар хариуцагч тал дулааны төлбөрөө төлж ирсэн.

2.2. Гэтэл тус компани нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор дулааны тарифыг шинэчлэн батлуулж, дулааны үнэ тариф өмнөх тогтоосон тарифаас нэмэгдсэн байсан. Төсвийн тухай хуульд зааснаар төсөвт байгууллагууд жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор төсвийн төслөө боловсруулж, харьяа дээд шатны байгууллага, Сангийн яаманд хүргүүлж, дараа оны төсвийг батлуулдаг журамтай. Тус компани нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу төсвийн төсөл хийгдэж холбогдох газарт явснаас хойш тариф батлуулснаас болж эрчим хүчний төлбөр төсөвт дутуу сууж, үүнээс болж зөрүү гарч төлбөр үүсэж байгаа.Бидний зүгээс батлагдсан төсвийн дагуу санхүүжилтээр ирсэн халаалтын зардлыг тус компанийн дансанд халаалтын улирал үргэлжлэх хугацаанд сар тутам бүрэн шилжүүлж ирсэн.Батлагдсан төсвийг өөр зориулалтаар зарцуулсан асуудал байхгүй.

2.3. Манай төв нь нэгэнт төсөв дутуу батлагдаж ирсэн учир батлагдсан төсвийн хүрээнд гэрээ хийнэ гэж, Э ХК нь батлагдсан тарифын хүрээнд гэрээ хийнэ гэж хоёр тал тохиролцоонд хүрээгүй учир талуудын хооронд 2021, 2022, 2023 оны дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Тус компани нь талуудын хооронд гэрээ хийгдээгүй байхад гэрээний 4.3-д заасныг үндэслэн алданги 17,661,048 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төлбөртэй байна гэж хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гэрээг бичгээр хийгээгүй учир нэхэмжлэгч тал манай төвөөс алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.

2.4. Нөгөө талаас Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифаар оюутны байр,  подвал, 00-ийн өрөөний халаалтыг орон сууцны халаалтын нэгэн адил м.кв-аар тооцож авах ёстой байхад Э ХК нь манай төвийн дотуур байрыг 3730 м.куб-ээр халаалттай бие засах газрыг 192 м.куб-ээр тооцож эрчим хүчний төлбөрийг илүү авч ирсэн асуудал байгаа.Бид энэ асуудлаар тус компанид хандахад хүлээн зөвшөөрөөгүй учир Эрчим хүчний тухай хуульд зааснаар маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан болно.

2.5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Э ХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7/288 дугаартай гэрээг шинэчлэн байгуулах тухай албан тоот, Э ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай байгууллага, аж ахуйн нэгжийн дулааны эрчим хүчээр ханга, хэрэглэх гэрээ, А.Серикжанд олгосон итгэмжлэл, Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай тушаал, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас эмнэлгийн магадалгаа, Э ХК-тай байгуулж байсан 2018, 2020 оны гэрээ болон М төвийн харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

6. Нэхэмжлэгч Э ХК /гүйцэтгэх захирал М.Тилеуберди/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6.1. Хариуцагч Б аймгийн М төв нь манай ХК-тай дулааны эрчим хүч худалдах, хадалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 35,322,096 төгрөг алданги 17,661,048 төгрөг нийт 52,983,144 /тавин хоёр сая есөн зуун наян гурван мянга нэг зуун дөчин дөрвөн/ төгрөг төгрөгийг Э ХК-иас гаргуулж өгнө үү гэв.

7. Хариуцагч Б аймгийн М төвийн захирал Х.Н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

7.1. Манай төв нь нэгэнт төсөв дутуу батлагдаж ирсэн учир батлагдсан төсвийн хүрээнд гэрээ хийнэ гэж, Э ХК нь батлагдсан тарифын хүрээнд гэрээ хийнэ гэж хоёр тал тохиролцоонд хүрээгүй учир талуудын хооронд 2021, 2022, 2023 оны дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Тус компани нь талуудын хооронд гэрээ хийгдээгүй байхад гэрээний 4.3-д заасныг үндэслэн алданги 17,661,048 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаас Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифаар оюутны байр,  подвал, 00-ийн өрөөний халаалтыг орон сууцны халаалтын нэгэн адил м.кв-аар тооцож авах ёстой байхад Э ХК нь манай төвийн дотуур байрыг 3730 м.куб-ээр халаалттай бие засах газрыг 192 м.куб-ээр тооцож эрчим хүчний төлбөрийг илүү авч ирсэн асуудал байгаа.Бид энэ асуудлаар тус компанид хандахад хүлээн зөвшөөрөөгүй учир Эрчим хүчний тухай хуульд зааснаар маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Э ХК, хариуцагч Б аймгийн М төв нар хоорондоо харилцан тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт , хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 15,721, тариф /НӨТ-тэй үнэ/ 1,552, нэг сард төлөх 24,400,564, халаах сар 7,5 сар, халаалтын хөлс жилд 183,004,230 гэж бичигдсэнээр хариуцагч Б аймгийн М төв нь хэрэглэсэн дулаан, эрчим хүчний төлбөрт сард 2,566,080 төгрөг төлөх ёстой юм байна.

8.2. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 07 дугаартай гэрээнээс хойш дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулаагүй байгаа хэдий ч хариуцагч Б аймгийн М төв нь нэхэмжлэгч байгууллагаас эрчим хүч худалдаж авч хэрэглэсний хувьд маргаагүй байна.

8.3. Хавтаст хэрэгт авагдсан талуудын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар Б аймгийн М төв нь нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд 35,322,096 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь тогтоогдож байна.  

Үүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгч чадаагүй болно.

8.4. Хариуцагч М төв нь ... Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тариф, гэрээний үнэ”-ийн талаар зохицуулсан бөгөөд 27.5-д “Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх ...” гэж хуульчилсан. Энэхүү хуулийн зохицуулалтын хүрээнд хэрэв дулааны үнэ тарифт өөрчлөлт орсон тохиолдолд Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тус байгуулагд 15 хоногийн дотор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Гэвч тус байгууллагаас гэрээний үнэ тарифын өөрчлөлтийн талаар төвд мэдэгдэх арга хэмжээ аваагүй учир өмнөх хүчин төгөлдөр гэрээний үнийн тарифаар хариуцагч тал дулааны төлбөрөө төлж ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б аймгийн Э хувьцаат компани нь гэрээ байгуулах санал болон дулаан эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос  шинэчлэн тогтоосон талаар гэрээг шинэчлэн байгуулах тухай албан бичгийг тус тус хариуцагч байгууллагад хүргүүлж байсан байна.

Мөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар тус тус нотлогдож байна.  

8.5. Иймээс нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн М төвөөс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ төсөв дутуу батлагдсан,  мөн эзлэхүүний талаар маргаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч талаас энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, гэрээний эрх үүрэг нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн М төв нарын хооронд үүссэн байх тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

8.6. Мөн хариуцагч М төвөөс 2023/01/25 Б аймаг дахь М төв нь харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актыг гаргаж өгч “төлбөрийн үлдэгдэл тооцоогүй” гэх боловч энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

8.7. Хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн  №07 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №07 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус гаргаж өгсөн ба энэхүү 2018 оны, 2020 оны Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнүүд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

9. Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 7 дугаартай гэрээний 1.5 дахь хэсэгт энэхүү гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан ба үүнээс хойш талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй буюу харилцагч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй учир үүрэг гүйцэтгэгч алданги шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаа хэтрүүлсний алдангийг тооцож хариуцагч М төвөөс алданги 17,661,048 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байна.

9.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, мөн хуулийн 31.4 дэх хэсэгт Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.

10. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 35,322,096 төгрөгийг хариуцагч Б аймгийн М төвөөс гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, нэхэмжлэгч Э ХК-ийн илүү нэхэмжилсэн алданги 17,661,048 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн М төвөөс 334,560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн М төвөөс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 35,322,096 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн  алданги 17,661,048 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн М төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 334,560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б