Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2023/00104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023          09            15                                            212/МА2023/00104                                      

 

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00530 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *****-т үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал Т/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *****-т үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн М төв /захирал Х.Н/-т холбогдох,

 

“Дулааны эрчим хүчний төлбөр 35,322,096 төгрөг, алданги 17,661,048 төгрөг, нийт 52,983,144 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн М төв манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 35,322,096 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.

1.2. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

1.3. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 19,250,542 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 17,661,048 төгрөг болж байна.

1.4. Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвөөс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 35,322,096 төгрөг алданги 17,661,048 төгрөг нийт 52,983,144 төгрөг гаргуулж өгнө үү. 

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Баян-Өлгий аймаг дахь М төв нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно гэх заалт болон Э ХК-тай хамгийн сүүлд буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 07 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд тусгасан тарифаар дулаан, халаалтын төлбөрөө төлж ирсэн. Өөрөөр хэлбэл тус гэрээний 4 дэх хэсгийн 4.1-д Гэрээт талууд Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан дулааны үнэ тарифыг мөрдөж ажиллана гэж тусгасан бөгөөд энэхүү үнэ тарифыг хариуцагч мөрдөж ажиллаж ирсэн. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлд Тариф, гэрээний үнэ-ийн талаар зохицуулсан бөгөөд 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх ... гэж хуульчилсан. Энэхүү хуулийн зохицуулалтын хүрээнд хэрэв дулааны үнэ тарифт өөрчлөлт орсон тохиолдолд Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тус байгуулагд 15 хоногийн дотор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Гэвч тус байгууллагаас гэрээний үнэ тарифын өөрчлөлтийн талаар төвд мэдэгдэх арга хэмжээ аваагүй учир өмнөх хүчин төгөлдөр гэрээний үнийн тарифаар хариуцагч тал дулааны төлбөрөө төлж ирсэн.

2.2. Гэтэл тус компани нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор дулааны тарифыг шинэчлэн батлуулж, дулааны үнэ тариф өмнөх тогтоосон тарифаас нэмэгдсэн байсан. Төсвийн тухай хуульд зааснаар төсөвт байгууллагууд жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор төсвийн төслөө боловсруулж, харьяа дээд шатны байгууллага, Сангийн яаманд хүргүүлж, дараа оны төсвийг батлуулдаг журамтай. Тус компани нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу төсвийн төсөл хийгдэж холбогдох газарт явснаас хойш тариф батлуулснаас болж эрчим хүчний төлбөр төсөвт дутуу сууж, үүнээс болж зөрүү гарч төлбөр үүсэж байгаа.Бидний зүгээс батлагдсан төсвийн дагуу санхүүжилтээр ирсэн халаалтын зардлыг тус компанийн дансанд халаалтын улирал үргэлжлэх хугацаанд сар тутам бүрэн шилжүүлж ирсэн.Батлагдсан төсвийг өөр зориулалтаар зарцуулсан асуудал байхгүй.

2.3. Манай төв нь нэгэнт төсөв дутуу батлагдаж ирсэн учир батлагдсан төсвийн хүрээнд гэрээ хийнэ гэж, Э ХК нь батлагдсан тарифын хүрээнд гэрээ хийнэ гэж хоёр тал тохиролцоонд хүрээгүй учир талуудын хооронд 2021, 2022, 2023 оны дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Тус компани нь талуудын хооронд гэрээ хийгдээгүй байхад гэрээний 4.3-д заасныг үндэслэн алданги 17,661,048 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төлбөртэй байна гэж хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гэрээг бичгээр хийгээгүй учир нэхэмжлэгч тал манай төвөөс алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.

2.4. Нөгөө талаас Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифаар оюутны байр, подвал, 00-ийн өрөөний халаалтыг орон сууцны халаалтын нэгэн адил м.кв-аар тооцож авах ёстой байхад Э ХК нь манай төвийн дотуур байрыг 3730 м.куб-ээр халаалттай бие засах газрыг 192 м.куб-ээр тооцож эрчим хүчний төлбөрийг илүү авч ирсэн асуудал байгаа.Бид энэ асуудлаар тус компанид хандахад хүлээн зөвшөөрөөгүй учир Эрчим хүчний тухай хуульд зааснаар маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан болно.

2.5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00530 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвөөс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 35,322,096 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 17,661,048 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 334,560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож шийдвэрлэжээ. 

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00530 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн М төв нь манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 35,322,096 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон, үүнд хариуцагч тал маргаагүй.

5.3. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон юм.

5.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн, эдгээр нотлох баримтуудыг хариуцагч тал няцааж чадаагүй юм. Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00530 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бахытбекийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 4.3-т “Хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг тухайн сарын 30-ны дотор төлнө, хэрэв хэрэглэгчид хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд төлөөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан” гэж заасныг тайлбарлаж байна. Харин 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээний үйлчлэлийн хугацааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Уг гэрээний 1.5-т гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр болно гэж гэрээний үйлчлэлийг тодорхой тусгаж өгсөн.

6.2. Үүнээс хойш манай байгууллага Эрчим Баян-Өлгий ХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллагын зүгээс алданги төлнө гэж Эрчим Баян-Өлгий ХК-тай бичгээр гэрээ байгуулаагүй.

6.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 130/ШШ2023/00530 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвд холбогдуулан гаргасан  “дулааны эрчим хүчний төлбөр 35.322.096 төгрөг, алданги 17.661.048 төгрөг, нийт 52.983.144 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            8. Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвд холбогдуулан “...2021 оноос 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны  дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ 35.322.096 төгрөг, алданги 17.661.048  төгрөг, нийт 52.983.144 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, хариуцагч “манай төв нь нэгэнт төсөв дутуу батлагдаж ирсэн учир батлагдсан төсвийн хүрээнд гэрээ хийнэ гэж, “Э” ХК нь батлагдсан тарифын хүрээнд гэрээ хийнэ гэж хоёр тал тохиролцоонд хүрээгүй учир талуудын хооронд 2021, 2022, 2023 оны дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Тус компани нь талуудын хооронд гэрээ хийгдээгүй байхад гэрээний 4.3-д заасныг үндэслэн алданги 17,661,048 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаас Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифаар оюутны байр, подвал, 00-ийн өрөөний халаалтыг орон сууцны халаалтын нэгэн адил м.кв-аар тооцож авах ёстой байхад “Э” ХК нь манай төвийн дотуур байрыг 3730 м.куб-ээр халаалттай бие засах газрыг 192 м.куб-ээр тооцож эрчим хүчний төлбөрийг илүү авч ирсэн асуудал байгаа. Бид энэ асуудлаар тус компанид хандахад хүлээн зөвшөөрөөгүй учир Эрчим хүчний тухай хуульд зааснаар маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.  

 

            9. Хэрэгт авагдсан баримтуудаар “Э” ХК болон  Баян-Өлгий аймгийн М төвийн хороонд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдийн 07 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт, хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 15.721, тариф /НӨТ-тэй үнэ/ 1,552, нэг сард төлөх 24.400.564 төгрөг, халаах хугацаа 7,5 сар, халаалтын хөлс жилд 183.004.230 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

“Э” ХК нь 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Э/253 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах санал, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Э/288 дугаартай албан бичгээр гэрээг шинэчлэн байгуулах тухай санал бүхий албан бичгүүдийг хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвд  удаа дараа хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  

           

10. Талуудын хоорондын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар хэрэглэгч Баян-Өлгий аймгийн М төв нь 35.322.096 төгрөгийн өртэй буюу худалдан авч, хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнээ төлөөгүй буюу Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогджээ. Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвөөс дулааны эрчим хүчний төлбөрт 35.322.096 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бүхий шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцжээ.

 

11. Анхан шатны шүүх талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах 7 дугаартай гэрээний 1.5 дахь хэсэгт энэхүү гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан ба үүнээс хойш талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй буюу харилцагч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй учир үүрэг гүйцэтгэгч алданги шаардах эрхгүй, нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаа хэтрүүлсний алдангийг тооцож хариуцагч М төвөөс 17,661,048 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,  Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүч түгээх, хэрэглэхтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 3.3 дугаар зүйлд зааснаар маргааны үйл баримтад уг хуулийг хэрэглэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

12. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,  Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, мөн хуулийн 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги нэхэмжилсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцсэн байна. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд (1) дулааны эрчим хүчээр хангагч байгууллага нь удаа дараа гэрээний санал, шинэчлэн байгуулах төсөл зэргийг хүргүүлэхэд дулаан хэрэглэгч байгууллагаас хариу өгөөгүй, (2) Эрчим хүчний тухай хуулиар хангагч болон хэрэглэгч байгууллагын хооронд бичгээр гэрээ хийсэн эсэхээс үл хамаарч хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол түүнд хангагч байгууллагаас алданги ногдуулахаар хуульчилсан байх тул дулааны эрчим хүч нийлүүлэх харилцааны хувьд хэрэглэгч болон хангагчийн хооронд бичгээр гэрээ байгуулагдсанаас үл хамаарч үүргийн зөрчил үүссэн тохиолдолд талуудад зохих хариуцлага хүлээлгэхийг хууль тогтоогч нарийвчлан хуульчилж өгсөн байна.

 

13. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвөөс дулааны эрчим хүч худалдан авсан төлбөрт 35.322.096  төгрөг, алдангид 17.661.048  төгрөг, нийт 52.983.144 төгрөг гаргуулж шийдвэрлэхээр шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн 130/ШШ2023/00530 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн М төвөөс дулааны эрчим хүчний төлбөрт 35.322.096  төгрөг, алданги 17.661.048  төгрөг, нийт 52.983.144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай” гэж,  2 дахь заалтын  “334560 төгрөг” гэснийг  “422.866 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.255 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧ                                                                       М.НЯМБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ