Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2023/01639

 

 

 

 

 

 

 

 

2023 05 31

182/ШШ2023/01639

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 62/1 тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 тоот тогтоолын ******* ХХК дахь ******* ХХК-ийн эзэмшлийн хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б*******,

Хариуцагчийн төлөөлөгч Ч.*******,

Гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнджав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч П.Б*******ас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь 2013.04.06-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж ******* ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлж авч байсан. Өнгөрсөн хугацаанд ******* ХХК-д ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй, тус компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй байдаг. Анх тендерт оролцоход нь туслалцаа үзүүлэх зорилгоор баталгаа болж, тус компанийн 49 хувийг эзэмшиж байсан байдаг.

Ингээд 2021.11.10-ний өдөр ******* ХХК-иас 2013 онд шилжүүлж авсан 49 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч *******д буцаан шилжүүлэхээр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа бэлэглэх гэрээг байгуулаад нотариатаар баталгаажуулсан. ******* ХХК-г анх бол ******* гэдэг хүн өөрөө байгуулаад 100 хувийн хувьцаа эзэмшигчээр байсан. Энэ бүх гэрээнүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээд ******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулъя гэж улсын бүртгэлийн байгууллагад хандахад ******* ХХК бол бусдад өр төлбөртэй байгаа шалтгаанаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан учраас бид материалыг хүлээн авах боломжгүй гэж буцааж байсан. Ийм учраас 49 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч н.Болормаад буцаан шилжүүлэхээр байгуулсан компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа бэлэглэх хүчин төгөлдөр гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байгаа. Энэ асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаа холбогдох шийдвэрийг авч үзэхэд 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай гэсэн 20300287/01 дугаартай тогтоолыг манайд өгсөн.

Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад шат дараалан гомдол гаргасан боловч үр дүнд хүрээгүй. Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд хандсан.

Энэ Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14.-т заасан төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэсэн заалтыг үндэслээд ******* ХХК-г хуулийн этгээдийн бүртгэлд бүхэлд нь хориг тавьсан байгаа. Энэ тогтоолын үр дагавраар тус компанийн хувьцаа эзэмшигч ******* ХХК нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх гэх мэт аливаа байдлаар шилжүүлэх эрх нь давхар хязгаарлагдсан.

Бидний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.14.-т зааснаас үзэхэд энэ нь төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх, хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх гэдэг 2 ойлголт ялгаатай эсэх асуудал үүсдэг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3.-т хуулийн этгээдийн улсын бүртгэл гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлнэ гэж, 3.1.4-т эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байгаа.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл /цаашид эрхийн улсын бүртгэл гэх/ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд 9 төрлийн эрхийг буюу эд хөрөнгө өмчлөх эрхийн, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, сервитутын, ипотек /барьцаа/-ийн, узуфруктын, түрээсийн, усан *******ын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний эрхийн, батлан даалтын, газар эзэмших, ашиглах эрхийн гэсэн бүртгэлүүдийг заасан. Тэгэхээр улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх гэдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэл гэдгээс өөр хууль зүйн ойлголт байна гэдэг нь дээрх хуулиудаас харагдаж байгаа юм.

Иргэний хуульд эд хөрөнгийн төрөл гэдэг ойлголт маань эдийн болон эдийн бус хөрөнгөөс бүрдэнэ. Эдийн бус хөрөнгө нь эрх болон оюуны үнэт зүйл шаардах эрх байдаг. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх гэдэг бол эдийн бус хөрөнгө байна гэж ойлгож байна. Энэ ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй ямар эдийн бус хөрөнгүүд, өмчлөх эрх нь юу байгаа юм, барьцаа бүртгэсэн байдаг юм уу, газар эзэмших ашиглах эрх байдаг юм уу, батлан даалт байдаг юм уу гэх мэт ийм эрхүүдийг нь шалгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.14.-т зааснаар түдгэлзүүлэх заалтыг заасан байхад төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх гэдэг агуулгаар хариуцагч байгууллага хэрэгжүүлж байгаа нь буруу, хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна.

Өөрөө хэлбэл улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх гэдэг ойлголт хуулийн этгээдийн бүртгэл гэдэг ойлголтоос өөр, адилтган үзэх боломжгүй ялгаатай ойлголт байна гэж харагдаж байгаа. Төлбөр төлөгч гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр гаргах үүрэгтэй этгээдийг хэлдэг. Тэгэхээр хавтас хэрэгт авагдсан шүүхийн гүйцэтгэх хуудаснуудад төлбөр төлөгчөөр дандаа ******* ХХК байгаа. Энэ дээр төлбөр төлөгч болон төлбөр гаргагчийн үүргийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гээд хуулийн 32 дугаар зүйлд мөн адил тодорхойлсон. Хариуцагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа учраас энэ ******* ХХК-ийн ******* ХХК-д хувьцаагаа бусдад шилжүүлэхийг зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарладаг нь үндэслэлгүй.

Гэтэл энэ төлбөр төлөгч нь хуулийн этгээд буюу компани байгаад тэр компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж солигдох нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдэг нь тодорхой байгаа.

Өөрөөр хэлбэл хуулийн этгээд бол өөрөө татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддагаараа явагдах нь тодорхой. Тэгэхээр төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэдэг ойлголтын дор тухайн төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь түдгэлзүүлээд тэр компанид хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн эрхийг давхар хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Үүнд, Үндсэн хуулиас эхлэлтэй өмчлөгчийн халдашгүй байдлын асуудал яригдана. Хуулиар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэдгийг тодорхой заасан. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн хувьцаа бол тухайн компанийн хөрөнгө, өмч юм. Үүнийгээ захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, ашиглах, эзэмших ийм эрх нь Иргэний хууль болон Үндсэн хуулиар тодорхой баталгаажуулсан эрхүүд байгаа. Энэ төлбөр төлөгч ******* ХХК-тай холбоотой энэ ажиллагаанд ******* ХХК-ийн ******* ХХК дахь хувьцаагаа бусдад шилжүүлэх энэ эрхийг шууд хязгаарлаж зогсоож байгаа нь хуульд нийцээгүй, хуульд үндэслээгүй байна.

Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд яг төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад шилжүүлж болохгүй гэсэн ийм хориглосон, хязгаарласан зохицуулалт огт байхгүй байгаа юм. Тиймээс бидний гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй.

Төлбөр төлөгч нь хуулийн этгээдийн өр төлбөрийг нь компанийн хувьцаа эзэмшигч нар давхар хариуцна гэдэг бол өөрөө хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдгийн учир холбогдлыг огт байхгүй болгож байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага практикт хувьцаа эзэмшигчийн дансыг битүүмжлэх гэх мэт ажиллагаанууд хийдэг. Энэ бол үндсээрээ буруу гэж үзэж байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрийнхөө оруулсан хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Бид 49 хувиа магадгүй өр төлбөртэй хүнд нь шилжүүлээд өгч болно. Жишээ нь ХХК юм уу ******* ******* ХХК-д юм уу тэр компаниуд нь хувьцаагаа авъя гэвэл бид Компанийн тухай хуулийн 9.3.-т зааснаар эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэх юм бол шилжүүлж болно. Тэгэхээр компанийн хувьцаа эзэмшигч тэр компанийнхаа өр төлбөрийг өөрийн хөрөнгөөр хариуцна гэдэг бол байж болохгүй зүйл гэж үзэж байна. Тэр тусмаа 2-3 хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд. Нэг хувьцаа эзэмшигчтэй бол эд хөрөнгө нь зааглагдсан юм уу гэдэг асуудал гарцаагүй Компанийн тухай хуулийн 9.5.-д зааснаар хувьцаандаа мөнгө оруулахгүй байж өөрийнхөө хөрөнгийг компанидаа ашиглаад үйл ажиллагаа явуулаад байдаг.

Компанийн тухай хуулийн 32.1.-д зааснаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж хувьцаа гэдгийг тодорхойлсон байдаг.

Тэгэхээр энэ бол ******* ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийн асуудал байгаа юм. Энэ эрхээ бусдад яаж шилжүүлэх, бэлэглэх, худалдах эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хязгаарласан зүйл байхгүй.

Төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч нар солигдох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг хэлбэрээрээ явагдах асуудал байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй зогсох, дуусгавар болох ийм үр дагавар үүсэхгүй юм.

Тэгэхээр ******* ХХК нь, ******* гэдэг нөгөө хувьцаа эзэмшигчид өөрийнхөө хувьцааг шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөөлөл байхгүй.

Нөгөөтэйгүүр, хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлсэн үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль болон Иргэний хуульд заасан компанийн хувьцаа эзэмшигчийн эрхэд нөлөөлөх асуудал байгаа эсэхийг анхаарах ёстой. Тэгэхээр энэ тогтоол нь өөрөө нэхэмжлэгчийн эрхэд нөлөөлж байна. Яаж нөлөөлж байгаа вэ гэхээр, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ байгуулаад үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд энэ шийдвэр саад болж байгаа учраас хувьцаа эзэмшигчийн эрхэд нөлөөлж байна гэж үзэж байна.

Хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх эрх нь хуулиараа нээлттэй байдаг. Харин ******* болон ******* ХХК хоорондоо хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулаагүй атлаа энэ асуудлаар нэхэмжлэл гаргаад явбал эрхэд нөлөөлөөгүй байна гэх боломжтой. Энэ тохиолдолд хувьцаагаа шилжүүлэх үйлдэл хийгээгүй байж ирээдүйд шилжүүлэх эрхэд саад болж байгаа гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэж болох юм.

Харин энэ нэхэмжлэлтэй хэргийн хувьд бол бид гарцаагүй 2021 оны 11 дүгээр сард нотариатаар баталгаажуулсан гэрээг хийсэн. Үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэ хариуцагчийн шийдвэр саад болж байгаа учраас Компанийн тухай хууль болон Иргэний хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхэд нөлөөлж байна гэж үзэж шүүхэд эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

Манай нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 тоот тогтоолын ******* ХХК дахь ******* ХХК-ийн эзэмшлийн хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага байгаа бөгөөд шүүхээс хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Төлбөр төлөгч ******* ХХК-д холбогдох нийтдээ 400 891 400 төгрөгийн 7 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо явагдаж байгаа.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 62 009 486 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 467 997 төгрөгийг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14.-т заасны дагуу 2020.09.18-ны өдрийн 2030028/01 дугаар тогтоолоор түдгэлзүүлж, 2020.09.23-ны өдрийн 4-122/34 дугаар албан бичгээр улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Өр төлбөрөөс ямар нэгэн төлөлт огт хийгээгүй. ******* ХХК нь хувьцаагаа шилжүүлэх гэрээгээ 2021.11.10-ны өдөр байгуулсан. Тэгэхээр шүүхийн шийдвэр гарснаас хойш эднийх компанийн хувьцаа бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх гэрээ хийсэн нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд санаатайгаар зайлсхийж, хариуцлагаас мултрах гэсэн арга байна гэж үзэж байна.

******* ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.7.-д зааснаар төлбөр төлөгч-хуулийн этгээд энэ хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зээлдэгч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас бий болсон хөрөнгийн өөрчлөлтийн талаар улсын бүртгэл, татварын байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Энэ заалтаар ******* ХХК нь 49 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХХК-д мэдэгдэх ёстой, энэ бол хоёр компанийн хоорондын дотоод асуудал.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээнийхээ дагуу 44.2.14.-т зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг нь түдгэлзүүлсэн. Тогтоолд бүртгэлийг түдгэлзүүлэх гэж бичсэн ч хуульд зааснаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа.

Энэ нь ******* ХХК-д холбоотой 7 гүйцэтгэх баримт бичгийн төлбөрийн асуудалд хамааралтай, түүнийг шийдвэрлүүлэх гэж ийм арга хэмжээ авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Беринг ХХК бол олон удаа компанийн эрхэд өөрчлөлт оруулсан байдаг. Хоёр хувиа шилжүүлээд охин компани байж байгаад дараа нь аваад хараат компани болох жишээтэй. Энэ хугацаанд яагаад 49 хувийн хувьцаагаа шилжүүлж болоогүй вэ, өнөөдрийг хүртэл ******* ХХК Беринг ХХК-д итгэмжлэл өгснөөр Беринг ХХК тендерт орсноос одоо явагдаж байгаа энэ 6-7 гүйцэтгэх баримт бичгийн өр төлбөр үүссэн байна. Тэгэхээр нэхэмжлэгч мөн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр үүрэг хүлээх ёстой.

Компанийн тухай хуульд хэрэв Беринг ХХК-ийн хөрөнгө нь төлбөрт хүрэхгүй бол хувьцаа эзэмшигчээс төлөх тухай Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан, мөн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахаар заасан байгаа. Мөн шүүхийн шатанд ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд ч ******* ХХК-г төлөөлж ******* ХХК оролцдог. Тиймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өр төлбөртэй байгааг нэхэмжлэгч мэдэж байсан.

Манай байгууллагын гол чиг үүрэг бол шүүхийн шийдвэрийг биелүүлүүлэх асуудал юм.

Иймд 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 тоот тогтоолын ******* ХХК дахь ******* ХХК-ийн эзэмшлийн хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед буюу 2012-2013 онд ******* ХХК-ийн хүсэлтээр бид тендерт орохоор болж байсан. Гэвч тус тендертээ орж ажлаа авч ажиллаагүй. Тиймээс бидний хамтын ажиллагаа үргэлжлээгүй дууссан. 2012 оны 12 дугаар сараас ажлаа яриад 2013 оны хавар тендерт орохоор болсон юм. Гэтэл тухайн ярьсан ажил тендертээ орохооргүй болоод яриа маань хүчингүй болсон. Хамгийн сүүлд 2013.04.06-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр 49 хувийн эзэмшлийн хувьцааг ******* ХХК-д бүртгэсэн дүрэм маань улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. Тэгээд 2013 онд манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан учраас ******* ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй, ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл, хувьцаагаа буцааж авах асуудал яригдахгүй байсан. Мөн тухайн үед татварын хуулиар жижиг аж ахуйн нэгж байх тусмаа татвар бага төлөх зохицуулалттай байсан юм. 2021 оноос хойш татварын хуулийн суурь үнийн дүн өсөөд ирэхээр ******* ХХК-иас хувьцааг чинь буцааж өгье, бид охин компаниудаа нэгтгэж байгаа гэдэг асуудал тавьсан. ******* ХХК-ийн захирал н.Б******* гэдэг хүн манайх шиг жижиг компаниудын хувьцааг эзэмшдэг, нийт 32 аж ахуйн нэгжтэй хүн. Бидний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Манай компанид ямар ч саадгүй байсан учраас үйл ажиллагаа маань хэвийн явсаар ирсэн. Тэгээд хувьцаагаа буцааж авах гэрээг хийгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээр болоход танайх шийдвэр гүйцэтгэл дээр өртэй юм байна бүртгэж болохгүй байна гэдэг асуудал тавиад хүрч ирсэн. Өнөөдрийн байдлаар бид 49 хувийн хувьцааг буцааж авснаар манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа зүйл байхгүй. Манай компани өөрөө 239 000 000 төгрөгийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэйгээр улсын бүргэлд бүртгэгдээд явж байгаа аж ахуйн нэгж байгаа. Үйл ажиллагааны чиглэл бол улирлын чанартай ******* гүүр барьдаг ажилтай. Цар тахлын үеийн 2 жил болон түүний дараагийн жил гээд 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа маань хэвийн явж чадаагүйгээс болоод өр төлбөрийн асуудал төлөгдөөгүй, ийм нөхцөл байдал үүссэн. Бичгээр өгсөн хариу тайлбарын нэгэн адил манайх 49 хувийн хувьцаагаа буцааж авахад татгалзах зүйл байхгүй байна. Одоогоор манай үйл ажиллагаа эхлээгүй байдалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зүйл байхгүй. Манай өр төлбөрөөс ******* ******* ХХК-ийн төлбөр дуусаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Бусад төлбөр авагчийн өр төлбөр төлөгдөөгүй байгаа нь үнэн гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 тоот тогтоол, 2022.08.23-ны өдрийн 4/612, 2022.09.20-ны өдрийн 4/674 тоот хариу мэдэгдэх хуудас, ******* ХХК-ийн 2022.08.31-ний өдрийн 22/402 тоот, 2022.09.26-ны өдрийн 22/440 тоот албан бичгүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдлууд, ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2021.11.10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 21/20 тоот ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 21/15 тоот хурлын тэмдэглэл, 2022.12.26-ны өдрийн 22/520 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэт гэх газрын 2022.12.27-ны өдрийн 4-175/1035 тоот хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.16-ны өдрийн 1072 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022.12.16-ны өдрийн 3678 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн 2022.06.03-ны өдрийн 15300125/124-02 тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022.10.26-ны өдрийн 03/2334 тоот албан бичиг /1 хх-ийн 5, 7, 9-13, 15-16, 100-111, 116/ зэргийг,

5.Хариуцагч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, 2020.02.27-ны өдрийн 2132 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020.02.27-ны өдрийн 176 дугаартай шүүхийн гүйцэтгэх гүйцэтгэх хуудас, 2020.09.23-ны өдрийн 4-122/34484 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан албан бичиг /1 хх-ийн 32-36/ зэргийг,

6.Гуравдагч этгээд ******* ХХК-иас нотлох баримтаар, тус компанийн 2588498 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл /2 хх-ийн 211-212/ зэргийг тус тус гаргасан.

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2023.02.24-ний өдрийн 2766 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх гүйцэтгэх хуудас / 1 хх-ийн 41-44/, тус шүүхийн шүүгчийн 2020.03.31-ний өдрийн 637 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж / 1 хх-ийн 72-75/, тус шүүгчийн 2020.08.19-ний өдрийн 1788 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх гүйцэтгэх хуудас / 1хх-ийн 82-86/, тус шүүхийн 2021.07.27-ны өдрийн 1244 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.08-ны өдрийн 1529 дугаартай магадлал, шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас /1хх-ийн 45-70/, тус шүүхийн 2021.11.08-ны өдрийн 2405 дугаартай шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх гүйцэтгэх хуудас / 1хх-ийн 87-93/, тус шүүхийн шүүгчийн 2021.12.20-ны өдрийн 12289 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх гүйцэтгэх хуудас / 1хх-ийн 94-98/, тус шүүхийн шүүгчийн 2022.03.28-ны өдрийн 706 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх гүйцэтгэх хуудас / 1хх-ийн 76-81/ зэргийг,

тус шүүхийн шүүгчийн 2023.03.27-ны өдрийн 3823 дугаар захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас ирүүлсэн ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас арилжааны банкуудад болох бүртгэлийн байгууллагад явуулсан төлбөр төлөгч ******* ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, хасалт хийх тухай мэдэгдэл, албан бичгүүд, ******* ХХК, ******* ХХК, ******* нарт холбогдуулан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол-ууд, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, ******* ХХК-ийн захирал *******гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.08.12-ны өдрийн 1227 тоот тогтоол, 2020.09.30-ны өдрийн 20300287/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, үнэлгээний мэдэгдэл, 2021.12.06-ны өдрийн 1/5 тоот Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, нийтэд зарласан тухай мэдэгдэл, 2022.08.05-ны өдрийн 124/01 тоот Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол, 2022.12.09-ний өдрийн 22/12-1301 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /1 хх-ийн 153-203/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.04.14-ний өдрийн 4/3480 тоот албан бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрмүүд /1 хх-ийн 2147-250, 2 хх-ийн 1-37/, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрмүүд / 2 хх-ийн 38-88/,

тус шүүхийн шүүгчийн 2023.05.08-ны өдрийн 5837 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2015.04.27-ны өдрийн 2/13877 тоот, 2021.09.15-ны өдрийн 4-122/17295 тоот, 2020.09.23-ны өдрийн 4-122/34484 тоот, 2022.11.08-ны өдрийн 4-121/21208 тоот албан бичгүүд зэрэг баримтууд авагджээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 тоот тогтоолын ******* ХХК-ийн эзэмшлийн, ******* ХХК дахь хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар тодруулсан байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагчийн 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор ******* ХХК-ийн бүртгэлд бүхэлд нь хориг тавьсан нь түүний хувьцаа эзэмшигч ******* ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх зэрэг Үндсэн хуульд болон Иргэний хуульд заасан эрхийг хязгаарлаж зөрчсөнөөс нэхэмжлэгч нь өөрийн 49 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч *******д буцаан шилжүүлэхээр байгуулсан 2021.11.10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г улсын бүртгэлд бүртгүүлж, ******* ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгүүлэх боломжгүй болж хувьцаа эзэмшигч ******* ХХК-ийн эрх ашиг хохирсон. Улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх гэдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэл гэдгээс өөр хууль зүйн ойлголт бөгөөд ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй эдийн болон эдийн бус эрхүүдийг нь шалгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.14.-т зааснаар түдгэлзүүлэхээр заасан байхад төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болсон, компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөн бүртгэгдсэнээр тухайн компанийн төлбөр төлөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчиж явагдсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 62 009 486 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 467 997 төгрөгийг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14.-т заасны дагуу 2020.09.18-ны өдрийн 2030028/01 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй, хуулийн 93 дугаар зүйлийн 93.4.-т зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөрт хүрэлцэхгүй бол хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөрийг төлөх зохицуулалттай, ******* ХХК-д холбогдох 7 шийдвэрт ажиллагаа явагдаж байгаа, 1 гүйцэтгэх бичиг баримтын ажиллагаа дуусгавар болсон. Энэ тогтоол нь дээрх 7 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд бүгдэд нь хамаарна гэж тайлбарлан маргасан.

 

3.Гуравдагч этгээд ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-иас 49 хувийн хувьцааг буцааж авахад татгалзах зүйл байхгүй гэж тайлбарлан, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжин оролцсон.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

4.1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, гуравдагч этгээд буюу төлбөр төлөгч ******* ХХК-д холбогдуулан, бүртгэлийн 20300287 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн төлбөр авагч ХХК-д 62 477 433 төгрөг, 22300854 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн төлбөр авагч Т.Баянмөнхөд 38 293 250 төгрөг, 20300926 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн төлбөр авагч Дельта констракшн ХХК-д 79 096 105 төгрөг, 22301040 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн төлбөр авагч А.Ариунаад 35 332 950 төгрөг, 21300010 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн төлбөр авагч Наранбулаг хан ХХК-д 155 936 550 төгрөг 22300145 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн төлбөр авагч Хүдэрмөнх ХХК-д 20 953 032 төгрөг, 22300347 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн төлбөр авагч Эко асфальт ХХК-д 8 957 003 төгрөг, 15300125 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр авагч ******* ******* ХХК-д 210 776 965 төгрөг тус тус гаргуулж олгох тухай шүүхийн нийт 8 шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд 2015 оноос хойш одоог хүртэл явагдаж байгаа бөгөөд үүнээс төлбөр төлөгч ******* ХХК-иас төлбөр авагч ******* ******* ХХК-д 210 776 965 төгрөг гаргуулж олгох бүртгэлийн 15300125 дугаартай гүйцэтгэх баримт, бичигт явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2022.12.09-нд дуусгавар болсон нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан шүүхийн шийдвэрүүд, гүйцэтгэх хуудсууд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар нотлогдсон.

4.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамжаар хариуцагч ******* ХХК-иас ХХК-д 62 477 433 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэж, үүний дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн, бүртгэлийн 20300287 дугаартай гүйцэтгэх бичиг баримтад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах явцад шийдвэр гүйцэтгэгчээс 2020.09.18-ны өдөр 20300287/01 тоот Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол гарч уг тогтоолыг хариуцагч байгууллагын 2020.09.23-ны өдрийн 4-122/34484 тоот, 2021.09.15-ны өдрийн 122/17295 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж дээрх бүртгэлийн 20300287 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14.-т заасныг үндэслэн төлбөр төлөгч ******* ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, 2020.09.28, 2021.09.20-ны өдрүүдэд хориг тавьсан тэмдэглэл үйлджээ.

Энэ нь хэрэгт авагдсан шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан, хэргийн 166-184 дэх талд авагдсан бүртгэлийн 20300287 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн явагдсан ******* ХХК-д холбогдох 2020.09.21-ний өдрийн 20300287/01 тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, ******* ХХК-ийн захирал *******гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.08.12-ны өдрийн 1227 тоот тогтоол, 2020.09.30-ны өдрийн 20300287/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, үнэлгээний мэдэгдэл, 2021.12.06-ны өдрийн 1/5 тоот Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, нийтэд зарласан тухай мэдэгдэл, 2020.09.23-ны өдрийн 4-122/34484 тоот, 2021.09.15-ны өдрийн 122/17295 тоот албан бичгүүд, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдсон.

4.3. Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрмүүд, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрмүүд, 2013.04.02-ны өдрийн 13/01 тоот ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэргээс үзэхэд хамгийн сүүлд 2013.03.06-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлаас баталсан ******* ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 13 290 025 ширхэг хувьцаа буюу 49 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* ХХК, 13 832 475 ширхэг хувьцаа буюу 51 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн ******* нар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа...эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ гэснээр төлбөр төлөгч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн хараат компани байна.

4.4. Төлбөр төлөгч ******* ХХК-д холбогдуулан нийт 8 төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн эзэмшлийн ******* ХХК-ийн 13 290 025 ширхэг хувьцаагаа иргэн *******д шилжүүлэхээр тохиролцож 2021.11.10-нд Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан болох нь дээрх гэрээнүүд, 2021.11.10-ны өдрийн ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 21/20 тоот шийдвэр, 21/15 тоот хурлын тэмдэглэл зэргээр нотлогдсон.

4.5. Нэхэмжлэгч ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн 2020.09.18-ны өдрийн 20300287/01 тоот Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолд удаа дараа гомдол гаргаж байсанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.08.23-ны өдрийн 4/612 тоот, 2022.09.20-ны өдрийн 4/674 тоот, 2022.12.27-ны өдрийн 4-175/1035 тоот хариу мэдэгдэх хуудсууд, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022.10.26-ны өдрийн 03/2334 тоот албан бичиг зэргээр хариу өгч байсан тухай баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд...нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно, 122.3.-т Энэ хуулийн 44.3., 63.4.-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг зохицуулсан бөгөөд хуулийн 93 дугаар зүйлийн 93.4.-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд бүртгэлийн 20300287 дугаартай гүйцэтгэх баримт бичигт үндэслэн явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байх бөгөөд дээрх төлбөр төлөгч ******* ХХК-иас ХХК-д 62 477 433 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамжийг биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11.-д зааснаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, 44.2.14.-д зааснаар төлбөр төлөгч ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг 2020.09.18-ны өдрийн 20300287/01 тоот тогтоолоор түдгэлзүүлэхээр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсныг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахгүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэгчийн 20300287/01 тоот тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх /үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулах гэх мэт/-д хориг тавьж түдгэлзүүлсэн үйл баримт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй бөгөөд тус хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5., 22 дугаар зүйлийн 22.1.3.-т заасны дагуу хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай зохицуулалтуудыг тодорхойлсон бөгөөд 2021.11.10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний талууд болох ******* ХХК болон ******* нараас, түүнчлэн гуравдагч этгээд ******* ХХК-иас дээрх гэрээнүүдийг хэрэгжүүлэхээр бүртгэлийн байгууллагад хүсэлт, гомдол гаргасан баримтгүй байна.

 

7. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015.04.30-ны өдрийн 2/13877 тоот албан бичгээр бүртгэлийн 15300125 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр авагч ******* ******* ХХК-д 210 776 965 төгрөг гаргуулж олгох тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* ХХК-ийн улсын бүртгэлд 2019.09.09-нд хориг тавьж түдгэлзүүлсэн, мөн 2022.11.08-ны өдрийн 4-121/21280 тоот албан бичгээр бүртгэлийн 22301040 дугаартай гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн төлбөр авагч А.Ариунаад 35 332 950 төгрөг гаргуулж олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 20300287/01 тоот тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн улсын бүртгэлд 2022.11.10-нд хориг тавьж түдгэлзүүлсэн талаар ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд тус тус бүртгэгдсэн байна.

Харин дээрх лавлагаанд бусад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд буюу бүртгэлийн 22300854 дугаартай төлбөр авагч Т.Баянмөнхөд 38 293 250 төгрөг, 20300926 дугаартай төлбөр авагч Дельта констракшн ХХК-д 79 096 105 төгрөг, 21300010 дугаартай төлбөр авагч Наранбулаг хан ХХК-д 155 936 550 төгрөг, 22300145 дугаартай төлбөр авагч Хүдэрмөнх ХХК-д 20 953 032 төгрөг, 22300347 дугаартай төлбөр авагч Эко асфальт ХХК-д 8 957 003 төгрөг гаргуулж олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дээрх 2020.09.18-ны өдрийн 20300287/01 тоот тогтоолын дагуу төлбөр төлөгч ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг хориг тавьж, түдгэлзүүлсэн тухай бүртгэл байхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 25.3.-т зааснаар биелэгдээгүй байгаа дээрх 7 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, төлбөр авагчдын хүсэлтээр тус тусдаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэгдэн явагдаж байх тул төлбөр авагч ХХК-ийн төлбөрийг барагдуулах бүртгэлийн 20300287 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үйлдэгдсэн 2020.09.18-ны өдрийн 20300287/01 тоот Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор бусад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудтай холбогдуулан ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагч талын төлбөр төлөгч ******* ХХК-д холбогдуулан явуулж бусад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд уг тогтоол хамаарч үйлчилж байгаа гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

8. Төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах бүрэн боломжтой талаар хэрэгт баримт авагдаагүй, ажиллагааны явцад тус компанийн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4.-т заасан үндэслэл тогтоогдсон, нэхэмжлэгч ******* ХХК нь хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээх хуульд заасан үүрэгтэй тул 2020.09.18-ны өдрийн 20300287/01 тоот Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор явуулсан төлбөр төлөгч ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хариуцагч байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагаа гэж үзэхээр байна.

Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүсэж, 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тоо өөрчлөгдсөн эсэхийг бүртгээгүйгээс, мөн өөрийн өмчлөлийн хувьцаа эзэмших эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй байгаагаас иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдах эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх нь зөрчигдсөн, хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч байгууллагаас гаргасан бүртгэлийн 2020.09.18-ны өдрийн 20300287/01 тоот Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор ******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 дугаартай тогтоолын ******* ХХК-ийн эзэмшлийн, ******* ХХК дахь хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, тус газрын 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 дугаартай тогтоолын ******* ХХК-ийн эзэмшлийн, ******* ХХК дахь хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.И уулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА