Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01500

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 31 210/МА2023/01500

 

 

В-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/01639 дугаар шийдвэртэй

В-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НШШГГ-т холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 сарын 18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 тоот тогтоолын Б- ХХК дахь В-ХХК-ийн эзэмшлийн хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. В-ХХК нь 2013 оны 04 сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж Б- ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлж авсан. Өнгөрсөн хугацаанд Б- ХХК-д ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй, үйл ажиллагаанд нь оролцоогүй. Анх тендерт оролцоход нь туслах зорилгоор баталгаа болж, тус компанийн 49 хувийг эзэмшсэн. Ингээд 2021 оны 11 сарын 10-ны өдөр Б- ХХК-иас 2013 онд шилжүүлж авсан 49 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч П.Б-д буцаан шилжүүлэхээр компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэх гэрээг байгуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

 

1.2. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүртгэх байгууллагад хандахад Б- ХХК нь бусдад өр төлбөртэй шалтгаанаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан нь бидний материалыг хүлээн авах боломжгүйд хүргэсэн. Иймд 49 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч н.Болормаад буцаан шилжүүлэхээр байгуулсан компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа бэлэглэх хүчин төгөлдөр гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 09 сарын 18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 дугаартай тогтоолоор түдгэлзүүлсэн байсан. Энэ асуудлаар нэхэмжлэгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргасан ч үр дүнд хүрээгүй. Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд хандсан.

1.3. Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын үр дагавраар тус компанийн хувьцаа эзэмшигч В-ХХК нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх г.м эрх нь давхар хязгаарлагдсан. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.14-т заасан нь төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх, хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх гэдэг 2 ойлголт үүсэх ба Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3, 3.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх гэдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээс өөр ойлголт юм.

1.4. Төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэдэг ойлголтын дор тухайн төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь түдгэлзүүлээд тэр компанид хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн эрхийг давхар хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй. Төлбөр төлөгч Б- ХХК-тай холбоотой ажиллагаанд В-ХХК-ийн Б- ХХК дахь хувьцаагаа бусдад шилжүүлэх энэ эрхийг шууд хязгаарлаж зогсоож байгаа нь хуульд нийцээгүй, хуульд үндэслээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Төлбөр төлөгч Б- ХХК-д холбогдох нийтдээ 400,891,400 төгрөгийн 7 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо явагдаж байгаа. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 1111 дугаар шийдвэрээр Б- ХХК-иас 62,009,486 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 467,997 төгрөгийг Т П- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14.-т зааснаар 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 2030028/01 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Өр төлбөрөөс ямар нэгэн төлөлт огт хийгээгүй. В-ХХК нь хувьцаагаа шилжүүлэх гэрээг 2021 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш эднийх компанийн хувьцаа бэлэглэх, хувьцааны эрх шилжүүлэх гэрээ хийсэн нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд санаатайгаар зайлсхийж, хариуцлагаас мултрах гэсэн юм. Б- ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7.-д зааснаар 49 хувийн хувьцаа эзэмшигч В-ХХК-д мэдэгдэх ёстой, энэ бол хоёр компанийн хоорондын дотоод асуудал.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээнийхээ дагуу 44.2.14-т зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн. Тогтоолд бүртгэлийг түдгэлзүүлэх гэж бичсэн ч хуульд зааснаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа. Манай байгууллагын гол чиг үүрэг бол шүүхийн шийдвэрийг биелүүлүүлэх асуудал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Б- ХХК-ийн тайлбарын агуулга: Тухайн үед буюу 2012-2013 онд В-ХХК-ийн хүсэлтээр бид тендерт орохоор болж байсан. Гэвч тус тендертээ орж ажлаа авч ажиллаагүй. Тиймээс бидний хамтын ажиллагаа үргэлжлээгүй дууссан. 2021 оноос хойш татварын хуулийн суурь үнийн дүн өсөөд ирэхээр В-ХХК-иас хувьцааг чинь буцааж өгье, бид охин компаниудаа нэгтгэж байгаа гэдэг асуудал тавьсан. Манай компанид ямар ч саадгүй байсан учраас үйл ажиллагаа маань хэвийн явсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар бид 49 хувийн хувьцааг буцааж авснаар манай компанийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэлээс татгалзах зүйлгүй. Манай өр төлбөрөөс Нутгийн зам ХХК-ийн төлбөр дуусаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Бусад төлбөр авагчийн өр төлбөр төлөгдөөгүй байгаа нь үнэн гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох, тус газрын 2020.09.18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 дугаартай тогтоолын В-ХХК-ийн эзэмшлийн, Б- ХХК дахь хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч В-ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх Компанийн тухай хуулийн 9.3-т заасныг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй. В-ХХК нь Б- ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийн үүргийг хариуцахгүй, зовхөн өөрийн эзэмшлийн 49 хувьд ногдох хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх, уг хариуцлагыг хүлээх хууль зүйн урьдчилсан нөхцөл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т заасан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахгүй гэх нөхцөл тогтоогдоогүй байхад В-ХХК-ийн эрхийг хязгаарласан.

Шүүх Компанийн тухай хуулийн хязгаарлагдмал хариуцлагын үндсэн зарчим болох "хувьцаа эзэмшигчийг хариуцлагаас хязгаарла" суурь зарчмыг үндсээр нь үгүйсгэж, хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь хязгаарлагдмал хариуцлагатай компани үг нь limit the liability of the shareholder үгнээс гаралтай буюу тухай хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс хариуцлага хүлээхгүй, хувьцаа эзэмшигчид нь компанийн өмнөөс хариуцлага хүлээхгүй юм. Энэ талаар Компанийн тухай хуулийн 9.3-т "Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ" гэж тодорхой заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т "Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ" гэж заасан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь дээрх зохицуулалтыг зөвхөн эхний хэсэг буюу хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах гэснийг дурдаж дээрх зохицуулалтын хамгийн чухал хэсэг болох үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ" гэснийг орхигдуулсан.

В-ХХК нь Б- ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, эд хөрөнгийг нь ашигладаггүй, мөн В-ХХК-ийн зүгээс Б- ХХК-ийг 2013 онд тендерт ороход нь 2012 онд хувьцааг шилжүүлснээс хойш В-ХХК нь Б- ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцоогүй гэж тайлбарласаар байтал шүүх нэхэмжлэлийн энэхүү үндэслэл бухий тайлбарыг авч үзээгүй. Б- ХХК-ийн хөрөнгө нь төлбөр авагчийн төлбөрийн шаардлагыг биелүүлэх шаардлагыг хангахад хүрэлцэхгүй гэдгийг тогтоогоогүй, хэрэгт ийм баримтгүй гэдгийг шүүх дүгнэсэн ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмж авсныг буруутгах боломжгүй гэж дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шийдвэр гүйцэтгэгчийн 23000287/1 тоот тогтоол нь В-ХХК-ийн өмч хөрөнгөө бусдад захиран зарцуулах эрхийг зөрчсөн байхад шүүх бодит байдалтай нийцэхгүй буруу дүгнэлт хийсэн. Төлбөр төлөгч этгээд өр төлбөрөө барагдуулаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бол хууль зүйн үндэслэл бүрдээгүй буюу хуулийн шаардлага хангаагүй байхад иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авч, төлбөр төлөгчийн хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхийг зөрчсөнийг буруутгах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэсэн нь компанийн тухай хууль, эрх зүйн суурь зарчмыг зөрчсөн, хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хууль бус үйлдлийг өөгшүүлж, төлбөр төлөгчийн төлбөрийг төлүүлэхийн тулд шийдвэр гүйцэтгэгч хууль бус шийдвэр гаргасныг буруутгаагүйд гомдолтой байна.

Мөн Б- ХХК-тай холбоотой гарсан нэг ч шүүхийн шийдвэрт В-ХХК дурдагдаагүй. В-ХХК хариуцагчаар татагдаж, үүрэг хүлээсэн шийдвэр байхгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч "тус компани шүүхийн шийдвэр бислүүлэхэд санаатайгаар зайлсхийж хариуцлагаас мултрах гэсэн арга байна" гэж хэт субьектив байдлаар хандаж, хууль зөрчиж, муйхарлан зүтгэж байхад шүүх хууль зөрчсөн гэж үзэх, буруутгах үндэслэл алга" гэж үзсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 9.4.7-д зааснаар "бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох" аргаар иргэний эрхийг хамгаална гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8 дахь хэсгийн 2-р догол мөрд дурдагдсан дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэхдээ энэ маргааны хүрээнд үндсэн эрх, эрх чөлөөний асуудал буюу Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийн асуудал хөндөгдөж байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Иймд давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч В-ХХК, хариуцагч НШШГГ-т холбогдуулан тус газрын 2020 оны 09 сарын 18-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 20300287/01 тоот тогтоолын В-ХХК-ийн эзэмшлийн, Б- ХХК дахь хувьцаанд хамаарах бүртгэлийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 1111 дугаартай захирамжаар хариуцагч Б- ХХК-иас 62,009,486 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т П- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, тус захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг НШШГГ- 2020 оны 02 сарын 27-ны өдөр үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг даруй авах үүрэгтэй бөгөөд хуульд заасан үүргийн дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар төлбөр төлөгчийг дуудан ирүүлж, шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэх, эд хөрөнгийн мэдүүлэг авах, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг тодорхой арга хэмжээг зохих дарааллын дагуу авч хэрэгжүүлжээ.

Дээрх ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.14-т заасны дагуу төлбөр төлөгч Б- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 2030028701 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол-оор хориг тавьснаар Б- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн байна. /хх 7/

4. Хариуцагч тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх ажиллагааг явуулахдаа тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой хуулийг үндэслэн явуулсан нь хууль бус, мөн тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас Б- ХХК-ийн хувьцааны 49 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх В-ХХК-ийн эрх хязгаарлагдаж, эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, эс биелүүлбэл албадан биелүүлэх үр дагавартай.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасны дагуу хариуцагч нь төлбөр төлөгч Б- ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсан ажиллагаа нь улсын бүртгэлийн нэг төрөлд хамаарах бөгөөд энэ нь төлбөр төлөгчийн эрх, үүрэг өөрчлөгдөж, дуусгавар болсноор төлбөр төлөх үүргээс зайлсхийх, энэ зорилгоор эрх, үүргээ бусдад шилжүүлэх, дуусгавар болгох замаар шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байхаас сэргийлэх, түүнчлэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн өрийг мэдэж шилжүүлэн авснаас бусад төлбөр төлөгчийн эрх, үүргийг шилжүүлэн авагч этгээдийг ч хамгаалах ач холбогдол, зорилготой.

Төлбөр төлөгч Б- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх ажиллагааг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасан арга хэмжээнд хамааруулан явуулсан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнд хамаарах учир хариуцагч хууль зөрчиж төлбөр төлөгч Б- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх ажиллагаа явуулаагүй байна. Уг тодорхой арга хэмжээний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 19 дүгээр зүйлийн 19.4.5 болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13-т зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хуульд нийцнэ.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Наймдугаар бүлэгт, төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг зохицуулсан бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч хөрөнгөгүй нь тогтоогдсон, төлбөр төлөгчийн хөрөнгө шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байх тохиолдолд мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Б- ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах эсэх ажиллагаа явуулах урьдчилсан нөхцөл болно.

Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх ажиллагаа нь урьдчилсан нөхцөл, тодорхой ажиллагаа шаардахгүй тул Б- ХХК-ийн хувьцаа эзэмшигч В-ХХК-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах журам зөрчиж байгаа гэх гомдлыг хүлээн авахгүй.

6. Хариуцагч нь төлбөр төлөгч "Б- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлснийг нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж маргаж, улмаар уг ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин В-ХХК-ийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа, уг ажиллагаа хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д гуравдагч этгээдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах үндэслэл, шүүх гомдлыг хянан хэлэлцэх хүрээг тогтоосон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч В-ХХК-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулаагүй, өмнө нь 43,833,912.85 төгрөг гаргуулсан ажиллагааг цуцалсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанаар В-ХХК-ийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаатай холбоотой асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ны өдрийн 182/ШШ2023/01639 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ