Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/01062

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/01062

Улаанбаатар хот

               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............ оршин суух Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... оршин суух О-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ........... байрлах, М ХХК

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч У,

хариуцагч О,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б хариуцагч От холбогдуулан ................ хаягт байрлах 263.17 м.кв талбайтай 7 өрөө хувийн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч От даалгахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч 2 шаардлага гаргасан байгаа. ................ хаягт байрлах 263.17 м.кв талбайтай 7 өрөө хувийн орон сууц нь гэр бүлийн бусад гишүүн болох Б миний дундын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан байгаа. Энэ орон сууцны хамтын өмчлөгчөөр улсын бүртгэлд Бийг нэмж бүртгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан. Оийн ганц хүү, 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Гэтэл аав нь 1995 онд нас барсан. 2014 онд Х гэр бүл болоод 2015 онд охин Б.О, 2016 онд охин Б.А нар төрсөн. Анх 2007 онд авахад нь хамтран амьдарч байсан, гэр бүлийн хамтын хөрөнгө гэж үздэг. Б хөдөө орон нутагт ажилтай байсан. Ээж нь нэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад түүнд нь санхүүжилт хэрэг болоод хүүгээсээ зөвшөөрөл авалгүйгээр гэр бүлийн дундын эд хөрөнгөө барьцаанд тавьсан байсан. 2022 оны 9 сард тус эд хөрөнгийг битүүмжилсэн өдөр мэдсэн. Хэдийгээр О нь өмчлөгч боловч хамтран өмчлөгч Бий гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хөндөж байна гээд нэхэмжлэл гаргасан юм. Өөрөөр хэлбэл уг орон сууц нь зээлийн өр төлбөрт хураагдвал Б болон түүний эхнэр хүүхдүүд орох орон гэргүй байдалд хүрэх нөхцөл үүсээд байгааг анхаарна уу гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...7 өрөө байр бол хүү бид хоёрын хамтын хөрөнгө. 2015 онд С ХХК-тай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулаад, нөгөө компани маань барьцаа хөрөнгө байхгүй байсан. Эхний банкнаас хүссэн зээл нь 6 сарын хугацаатай байсан. Боломжтой бизнес байна гэж үзээд өөрийн хөрөнгөө барьцаанд тавьсан. С ХХК-ийн төслийн хэрэгжилт дундаасаа зогсож, зээлээ буруу ашиглаж, лиценз нь сэргээгүй байгаа. Энэ асуудал нь миний өмчлөлд том эрсдэл учирч байгаа. Тийм ч учраас хүүхдүүд маань гэр оронгүй болоход хүрч байна. Хүү маань хөдөө уул уурхайгаар ажилтай байдаг учир сүүлд мэдсэн, нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.16-ны өдрийн ..... дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.28-ны өдрийн 3/.. дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, дуудлага худалдааны зар зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх 6-15, 22,23, 66-68/

 

4. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2007.12.24-ний өдрийн мэдүүлэг, 2007.12.24-ний өдрийн ..... дугаар орлогын ордерын тасалбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007.12.24-ний өдрийн хувийн сууц бэлэглэлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2007.11.13-ны өдрийн мэдүүлэг, 2007.11.13-ны өдрийн ....... дугаар орлогын ордерын тасалбар, 2007.11.12-ны өдрийн орлогын баримт, С.Т, О нарын 2007.11.02-ны өдрийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Г ХХК-ийн 2007.09.12-ны өдрийн тодорхойлолт, 2005.06.15-ны өдрийн .. дугаар амины орон сууц захиалгаар барих гэрээ, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2006.12.28-ны өдрийн 159/..... дугаар акт, өрөөний тодорхойлолт, фото зураг, кадастрын зураг, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт мэдээллийн хэлтсийн 2007.02.01-ний өдрийн 04/... тоот албан тоот, 2005.06.15-ны өдрийн 3 тоот амины орон сууц захиалгаар барих гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргав. /хх 28-51/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ээж 2015 оноос С ХХК-тай уул уурхайн чиглэлээр хамтран ажилладаг байсан С ХХК нь Хөгжлийн банкнаас 15 000 000 000 төгрөгийн зээл авч, зээлийнхээ барьцаанд өөрсдийн хөрөнгөгүй учир ээжийн компанийн болон манай гэр бүлийн бүх хөрөнгийг тавиад зээлээ төлөөгүй учир шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг эхнэрээсээ мэдсэн. Дээрх 7 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь ээж бид хоёрын болон манай гэр бүлийн дөрвөн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд уг хөрөнгийг гишүүн тус бүр адил тэгш эрхтэйгээр эзэмшиж, ашиглан захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн бусад гишүүн Б миний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч хариу тайлбартаа 7 өрөө байр бол хүү бид хоёрын хамтын хөрөнгө. 2015 онд С ХХК-тай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулаад, нөгөө компани маань барьцаа хөрөнгө байхгүй байсан. Эхний банкнаас хүссэн зээл нь 6 сарын хугацаатай байсан. Боломжтой бизнес байна гэж үзээд өөрийн хөрөнгөө барьцаанд тавьсан. С ХХК-ийн төслийн хэрэгжилт дундаасаа зогсож, зээлээ буруу ашиглаж, лиценз нь сэргээгүй байгаа. Энэ асуудал нь миний өмчлөлд том эрсдэл учирч байгаа. Тийм ч учраас хүүхдүүд маань гэр оронгүй болоход хүрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б нь 1990 оны 07 сарын 09-ны өдөр төрсөн байх ба түүний эцэг Г.Б, эх О гэж бүртгэгдсэн, эцэг Г.Б, эх О нар нь 1988 оны 07 сарын 10-ны өдөр гэр бүл болсныг гэрлэлтийн бүртгэлд 1990 оны 02 сарын 24-ний өдөр бүртгэсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгаа зэргээр тогтоогдож байна./хх-ийн 8, 12/

 

5.1 Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ. гэж зааснаар нэхэмжлэгч Б нь хариуцагч Оийн төрсөн хүүхэд ба гэр бүлийн гишүүн байна.

 

5.2 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Б нь ........... оршин суудаг, түүнчлэн тус хаягт бүртгэлтэй, тус хаягт хариуцагч О, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь Өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

 

5.3 ............. амины орон сууцны өмчлөгчөөр хариуцагч О нь 2007 оны 12 сарын 24-ний өдөр бүртгэгдэж, тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж заажээ.

 

7. Хуулийн дээрх заалтаас дүгнэхэд .............. хувийн орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь тогтоогдож байх тул уг хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Бийг тогтоож, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч От даалгах үндэслэлтэй.

 

8. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О нь Хөгжлийн банктай байгуулсан 2017 оны 07 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлж, улмаар тухайн эд хөрөнгийг хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байгаа талаар талууд тайлбарлаж байх ба хэрэгт холбогдох баримтууд авагдсан байна.

 

9. Түүнчлэн тухайн хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Бийг тогтоосон нь гуравдагч этгээд М ХХКны эрх ашигт болон хүчинтөгөлдөр шийдвэрт саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

10. Тус шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Мны төлөөлөгчид С мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бийг ............... хувийн орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч От даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 467 942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оээс улсын тэмдэгтийн хураамжид 2 467 942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ