Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01107

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01107

 

 

  Б.Б-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01062 дугаар шийдвэртэй, Б.Б-ний нэхэмжлэлтэй Д.О-т холбогдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч Д.О-т холбогдуулан Хан-Уул дүүрэг ** дүгээр хороо, Үйлдвэр ** гудамж *** тоот хаягт байрлах 263.17 м.кв талбайтай ** өрөө хувийн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч Д.О-т даалгахаар шаарджээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:...7 өрөө байр бол хүү бид хоёрын хамтын хөрөнгө. 2015 онд С ХХК-тай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулаад, нөгөө компани маань барьцаа хөрөнгө байхгүй байсан. Эхний банкнаас хүссэн зээл нь 6 сарын хугацаатай байсан. Боломжтой бизнес байна гэж үзээд өөрийн хөрөнгөө барьцаанд тавьсан. С ХХК-ийн төслийн хэрэгжилт дундаасаа зогсож, зээлээ буруу ашиглаж, лиценз нь сэргээгүй байгаа. Энэ асуудал нь миний өмчлөлд том эрсдэл учирч байгаа. Тийм ч учраас хүүхдүүд маань гэр оронгүй болоход хүрч байна. Хүү маань хөдөө уул уурхайгаар ажилтай байдаг учир сүүлд мэдсэн, нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-нийг Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Үйдвэр **, Зайсангийн гудамж, *** тоот хувийн орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч Д.О-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,467,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,467,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-нд олгож шийдвэрлэжээ.

 4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгчийн туслахын зүгээс шүүх хуралдаан товлогдсон талаар мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн тохиолдолд шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан. Хэргийн тов мэдэгдээгүйгээс үүдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хэргийн материалтай танилцах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж хууль ёсны эрх ашгаа хамгаалах боломжоор ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 2. Нэхэмжлэгч Б.Б-н нь хариуцагч Д.О-т холбогдуулан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд байрлах 263.17 м.кв талбайтай ** өрөө хувийн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

 3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

3.1. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр МУХБ ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг шүүхэд гаргах 14 хоногийн хугацаа дуусаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнээр гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан байна.

3.2. Гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэлийг Г.Санжаадоржид 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгосон байхад шүүх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст түүнд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэжээ. Иймд шүүх хуралдаан товлогдсон талаар мэдэгдээгүй гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх ба шүүх гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй байна.

 4. Дээрх байдлаар шүүх гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01062 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НЯМБАЗАР

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН