Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/01045

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/01045

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......... оршин суух Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... НШШГГт холбогдох

 

2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

хариуцагчийн төлөөлөгч Н,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

/Нэхэмжлэгч Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, өмгөөлөгч У.Түвшин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

  Нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б хариуцагч НШШГГт холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар ..... тоот шийдвэрээр 3.708.783.027 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа НШШГГт явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б миний өмчлөлийн ..............хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийсэн. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдаж шаардлагатай. Төлбөр төлөгч этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй этгээд мөн боловч тухайн этгээдийн эрхэнд хуульд заасан хязгаар. хүрээний хэмжээнд эрхэнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Иймээс эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсхүл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцөлүүдийг нэг бүрчлэн заасан байдаг. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх, нөгөө талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавихгүй тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй оролцохоор хуульд заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Бгийн өмчлөлийн орон сууцанд нэвтэрсэн боловч хуульд заасан хэмжээнд хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй. Тухайлбал төлбөр төлөгч Бд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ............. хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нөгөөтэйгүүр, төлбөрөө төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль нийцэхгүй байна. Логик дарааллын хувьд ч алдаатай байна. НШШГГ нь Б миний ............... хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 25-ний өдөр хурааж, мэдэгдсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 09 дугаар сарын 13-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гомдлыг шийдвэрлэж хариуг бичгээр өгсөн. Дээр дурдсанаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар шийдвэрээр Б, И ХХК-иас 3 707 783 027 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-22........... дугаартай, .............. хаягт байрлах 883.1 м.кв талбай бүхий агуулах, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206......... дугаартай 443.8 м.кв талбайтай граж, нэгж талбарын 8014-/..... дугаартай, ........... байршилтай үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон 5873 м.кв талбай бүхий газар, иргэн Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206........ дугаартай, ........-ын 105.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203......... дугаартай .....-ын 63.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ........ дүгээр тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээд нь төлбөрөөс 3 332 783 027 төгрөгийг төлж, үлдэгдэл 376 000 000 төгрөгийн төлбөртэй байна. Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдэд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206........ 1 дугаартай, ......-ын 105.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 138/....., 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ........./019 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор улсын эрхийн бүртгэлийн Ү-2203......... дугаар бүртгэлтэй. ......... хаягт байршилтай 63.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дах хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу явагдсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлд дурдаад байгаа гэрч оролцуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан гэв.

3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 183/ШЗ2020/0..... дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.08.25-ны өдрийн .........../01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.13-ны өдрийн 4/........дүгээр хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2022.10.03-ны өдрийн 03/.... тоот албан бичиг зэргийг ирүүлсэн./хх-ийн 6-11/

4. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 183/ГХ2020/...... дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 183/ШЗ2020/...... дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 183/ШЗ2020/..... дүгээр захирамж, 2020.08.26-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, 2020.08.26-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, 2020.08.26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.07.27-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.07.27-ны өдрийн 138/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.09.07-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.07-ны өдрийн ...... дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.01-ний өдрийн ....... дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.23-ны өдрийн ..... дугаар магадлал, 2022.08.25-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.08.25-ны өдрийн ............/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.08.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.09.01-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.01-ний өдрийн ............/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2022.09.01-ний өдрийн тэмдэглэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 29-71/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б миний өмчлөлийн ............. хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хийсэн бөгөөд уг ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Бгийн өмчлөлийн орон сууцанд нэвтэрсэн боловч хуульд заасан хэмжээнд хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй. Бд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч ...Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гаргуулахад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий орон сууцыг битүүмжилсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу явагдсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарлав.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК, төлбөр төлөгч Ба, И ХХК нар зээлийн гэрээний үүрэгт 3 707 768 027.39 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр талуудын байгуулсан .... дугаар эвлэрлийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар баталсан байна. /хх-ийн 6-7/

6. Дээрх гэрээний дагуу төлбөр төлөгч Б нар нь өргөдлийн шаардлага 3 707 768 027.39 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд хариуцагч төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн Y-2206........ дугаартай, .............. хаягт байршилтай 883.1 м.кв талбайтай агуулах, улсын бүртгэлийн Y-2206....... дугаартай, .............. байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон 5873 м.кв талбайтай газар, мөн Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206....... дугаартай ............ хаягт байрлах 105.7 мкв талбай бүхий орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203......... дугаарт бүртгэгдсэн, ............. хаягт байрлах 63.03 мкв талбайтай орон сууц зэрэг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

7. Гэвч төлбөр төлөгч Б нь 3 707 768 027.39 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 6 сарын 04-ны өдрийн гүйцэтгэх хуудсанд үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

8. Нэхэмжлэгч Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ...../01 тоот тогтоол хүчингүй болгож, .......... хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байна.

Дээрх маргаан бүхий асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шийдвэрлэж 183/ШШ2021/...... дүгээр шийдвэр гарсан байх боловч нэхэмжлэгч нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 315 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна./хх-ийн 51-62/

9. НШШГГ нь Бгийн ......... хаягт байрлах үл хөдөлх эд хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ............/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ...../01 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Бд төлбөрийг 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ............/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөхийг тус тус мэдэгдсэн байна.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд Төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагааны талаар зохицуулсан байх ба хуулийн 49.1-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно. гэж заажээ.

Мөн хуулийн 41 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох зохицуулалтыг заасан ба мөн хуулийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна., 41.2-т Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно. гэж тус тус заажээ.

11. Хуулийн дээрх заалтаас шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахаар заагаагүй байх тул дээрх ажиллагааг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй.

12. Шүүх нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч У.Түвшин нарт шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан аливаа баримт хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр, тэдний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

13. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХЖАРГАЛ