Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01251

 

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01251

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01045 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 2660 дугаар захирамжаар Б ХХК, А- нар нь 3,708,783,027 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлж барагдуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол гарсан. Шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А-гийн өмчлөлийн орон сууцанд нэвтэрсэн боловч хуульд заасан хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй.

Төлбөр төлөгч А-д 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байрны *** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Энэ нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй.

Иймд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20290999 дүгээр тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээд нь төлбөрөөс 3,332,783,027 төгрөгийг төлж, үлдэгдэл 376,000,000 төгрөгийн төлбөртэй байна.

Төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдэд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20290999/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор А-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 4 дүгээр байрны *** тоот хаягт байршилтай 63.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр битүүмжлэхдээ хуульд заасан журмын дагуу хийгээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор шүүх, бусад албан тушаалтнаас төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн тохиолдолд тухайн хөрөнгийг хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэн, түүний бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна гэж заасан. Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авахын тулд уг хөрөнгөд нэвтрэх ажиллагааг зайлшгүй хийхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс А-гийн өмчлөлийн орон сууцанд нэвтэрсэн боловч хуульд заасан хэмжээнд хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгөх ажиллагаа ч огт хийгдээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааг хайцалж, хамгаалсан шийдвэрийг гаргаж байгаа нь бусад хүн, хуулийн этгээд хууль зүйн хамгаалалт авах эрхийг үгүйсгэж байгаагаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид хууль зөрчсөн ажиллагаа явуулах үр дагаврыг үүсгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01045 дугаар захирамжаар Б ХХК, А- нар нь Худалдаа хөгжлийн банк ХХК-д 3,707,768,027 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, хариуцагч нар нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Y-2206023485 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр\17070\ чингисийн өргөн чөлөө-66 тоот хаягт байршилтай 883.1 м.кв талбайтай агуулах, улсын бүртгэлийн Y-22065023486 дугаартай, Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-н урд байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон 5,873 м.кв талбайтай газар, мөн А-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206009257 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж , 1 дүгээр байрны ** тоот хаягт байрлах 105.7 м.кв талбай бүхий орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203016885 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, *** тоот хаягт байрлах 63.03 м.кв талбайтай орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх 6-7/,

3.2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,

А-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байрны *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн /хх 63-64/.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20290999/01 тоот тогтоолын дагуу хийгдсэн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, *** тоот хаягт байрлах 63.03 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх хэсэгт нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахыг шаардахгүй.

Мөн төлбөр төлөгч А-гийн өмчлөлийн орон сууцад түүнийг байлцуулан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийснийг бусдын орон байранд нэвтэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ