Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/03341

 

 

 

 

                                                                   

 

 

 

                             2023        06         30

          101/ШШ2023/03341

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, шүүгч З.Б, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Т /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О /рд:/-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 9,712,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Ч.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ө.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Т би ,,, Teana маркийн ,,, улсын дугаартай авто машины өмчлөгч болно. Хариуцагч Б.О нь 2023 оны 01 сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13-р хороо Нарны замын уулзвар замд Toyota Noah маркийн ,,, улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ миний өмчлөлийн Nissan Teana маркийн ,,, улсын дугаартай авто машины араас мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан. Хариуцагч Б.Оын буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан нь Зөрчил хариуцсан байцаагч цагдаагийн ахлах дэслэгч О.Дн 2023 оны 01 сарын 19- ний өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл болон 2023 оны 01 сарын 14-ний өдрийн № дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдож байдаг. Гэвч Хариуцагч Б.О нь учирсан хохирлыг барагдуулахгүй өдийг хүрч байна. Nissan Teana маркийн ,,, улсын дугаартай авто машины эвдрэлийг “И” ХХК-аар үнэлүүлэхэд үнэлгээний дүн 9,336,000 төгрөг болсон. Үнэлүүлсэн зардал 376,000 төгрөг болсон. Нийт хохирол 9,712,000 /есөн сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөг болсон.

Иймд хохирол 9,712,000 /есөн сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

1а. Хохиролд 9,712,000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь Ниссан маркийн машины өмчлөгч юм. Хариуцагч нь машин жолоодож явах үедээ мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан. Улмаар цагдаа шалгаад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Ингээд шийтгэл оногдуулсан. Гэтэл хариуцагч нь хохирлыг барагдуулахгүй байгаа юм. Иймд машины хохирол 9,336,000 төгрөг, үнэлгээний зардал 376,000 төгрөг, нийт 9,712,000 төгрөг гаргуулна. Хариуцагчийн тайлбараар гэм буруу дээр маргаагүй. Үнэлгээ дээр маргаж байгаа боловч үндэслэл нь хуульд нийцэхгүй. Хариуцагч нь хятад улсад үйлдвэрлэсэн буюу дуураймал бүтээгдэхүүний үнийг хэлээд байна. Хятад улсад үйлдвэрлэсэн дуураймал эд ангийг яриад байна. И нь бодит сэлбэгийн үнэлгээг гаргасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Охиноо нь нэхэмжлэгчийн ээж нь бөгөөд машин засагдчихсан байгаа болно. Засвар хийлгэх эсэх нь тухайн хүний асуудал тул үнэлгээгээр нэхэмжлэл гаргасан юм гэв.

 

2.         Хариуцагч Б.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Нэхэмжлэгч Ч.Тгээс хариуцагч надад холбогдуулан нийт 9,712,000.00 төгрөгийн шаардлагатай нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлд заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20:00 цагт Баянзүрх дүүргийн 13-р хороо Нарны замын уулзвар дээр зам тээврийн осол гарсан үнэн. Тухай осол миний буруутай үйлдлээс болж гарсан үнэн. Миний би бусад учруулсан хохирлоо төлж барагдуулахгүй гэсэн зүйл байхгүй ээ. Харин тухайн учирсан хохирлыг зах зээлийн үнэлгээний дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа “И” ХХК-аар хийлгэсэн үнэлгээ нь өөрөө хэт өндөр бөгөөд тухайн автомашинд учирсан хохирлыг ямар ч үндэслэлгүйгээр үнэлсэн байдаг бөгөөд тухайн ослоос хойш миний зүгээс зах зээлийн үнэ ханшинд нийцсэн, учруулсан хохирлыг бодитоор буюу үнэн зөв гаргасан бол хариуцагчийн зүгээс тухайн хохирлыг төлчих байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хийлгэсэн үнэлгээ нь өөрөө бодит бус байсан бөгөөд учирсан хохирлыг монгол улсад хайгаад олдохгүй байгаа сэлбэгийг интернэтээс хайгаад гаргаад ирэхэд тухайн “И” ХХК-ын үнэлсэн үнэлгээнээс 50-60 хувийн доогуур үнэлгээ гарч ирж байсан. Мөн хариуцагч тухай машины монгол улсад байхгүй гэх Хятад улсад байдаг Солонгосын автомашин үйлдвэрлэгч нарт нийлүүлдэг гэрлийн үйлдвэрээс худалдаж авах ямар үнэ ханшаар авч болох талаар судлахад ТАО ВАО гэх сайтаар захиалга хийх үнэн 400 юан буюу Монгол мөнгөөр 200,000.00₮ гаран төгрөг болохоор байгаа харагдаж байдаг. Иймд хариуцагчийн зүгээс дээрх 9,712,000.00 төгрөг ямар ч үндэслэлгүй гарсан хохирлын үнэлгээ тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

3.         Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: ,,, улсын дугаар автомашины гэрчилгээний хуулбар /хх5/, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар /хх6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчийн хуулбар /хх7/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /хх8/, 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хуулбар /хх9/, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагааны хуулбар /хх10/, шийтгэлийн хуудасны хуулбар /хх11/, холбогдогчоос авсан мэдүүлгийн хуулбар /хх12/, М моторсын үнийн санал /хх13/, “И” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх14-17/, оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх19/, мемориалын баримт /хх31/

3а. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: 2 ширхэг гэрэг зураг /хх30/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 9,712,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Ч.Т нь зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 9,712,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Б.О нь зам тээврийн осол гарахад гэм буруутай талаар маргаагүй боловч хохирлын хэмжээг хэт их гэж маргаж байна.

 

4.         Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шуудангаар, мөн зүйлийн 77.2-т зааснаар утсаар тус тус мэдэгдсэн. /хх38, 34/

Түүнчлэн хариуцагч нь дээрх хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

4а. Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

4б. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь гэнэтийн шалтгааны улмаас хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаар шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байна. /хх39/

Улмаар шүүх хуралдаанд оролцож буй нэхэмжлэгчийн төлөөлөгч нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

5.         Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Toyota Noah маркийн, ,,, улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөний улмаас Nissan Teana маркийн, ,,, улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай болох нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, мөн өдрийн магадлагааны хуулбар, мөн оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 0499997 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, 17-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх9-12/

Хариуцагч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй, зөвшөөрсөн.

 

6.         Дээрх баримтуудад дурдсан зам тээврийг осолд өртсөн Nissan Teana маркийн, ,,, улсын дугаартай автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч Ч.Т болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх5/

 

7.         Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд ийнхүү сэргээх боломжгүй бол гэм хорыг мөнгөөр төлнө.

7а. Иймд мөн зүйлийн 228.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг мөнгөөр шаардах эртэй.

 

8.         Хариуцагч нь гэм хорын хэмжээний талаар маргасан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

8а. Зөрчлийн хэрэг шалгах явцад “М” ХХК-иас сэлбэгийн үнийн санал авч, улмаар “И” ХХК нь хохирлын үнэлгээ гаргажээ. /хх13-17/

Энд үнэлгээний тайлангаар гаргасан сэлбэгийн үнэ нь “М” ХХК-ийн сэлбэгийн үнийн саналаас багаар үнэлэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

9.         Дээрх хохирлын үнэлгээний тайланг үнэлгээчин М.Э гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь түүнд ажлын хөлсөнд 376,000 төгрөг төлсөн болох нь Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна. /хх31/

 

10.       Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

11.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэг төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Оаас 9,712,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тд олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.Г

 

                                 ШҮҮГЧИД                                            З.Б

 

                                                                                             Д.Ц