Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01740

 

2023 09 11 210/МА2023/01740

 

Ч.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03341 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-т холбогдох, гэм хорын хохиролд 9,712,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Б.О нь 2023 оны 01 сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13-р хороо, Нарны замын уулзвар замд Тоёота Ноа /Toyota Noah/ маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ миний өмчлөлийн Ниссан Тиана /Nisssan Teana/ маркийн *** улсын дугаартай автомашины араас мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан. Автомашины эвдрэлийг И ХХК-аар үнэлүүлэхэд автомашин засварлах зардал 9,336,000 төгрөг, үнэлгээний зардал 376,000 төгрөг, нийт 9,712,000 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоосон. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй тул хариуцагчаас 9,712,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2023 оны 01 сарын 14-ний өдрийн 20:00 цагт Баянзүрх дүүргийн 13-р хороо, Нарны замын уулзвар дээр зам тээврийн осол миний буруутай үйлдлийн улмаас болж гарсан нь үнэн. Тухайн учирсан хохирлыг зах зээлийн үнэлгээний дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа И ХХК-аар хийлгэсэн үнэлгээ бодит бус, хэт өндөр бөгөөд тухайн автомашинд учирсан хохирлыг ямар ч үндэслэлгүйгээр үнэлсэн. Интернэтээр сэлбэгийн үнийг хайхад тухайн үнэлүүлсэн гэх үнийн дүнгээс 50-60 хувиар бага үнэлгээтэй байна. Түүнчлэн, БНХАУ-ын Тао Бао /Tao Bao/ гэх сайтаар захиалга хийх үнэ 400 юан буюу 200,000 гаруй төгрөг болохоор байна. Иймд хариуцагчийн зүгээс дээрх 9,712,000 төгрөгийг хохирлыг үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.О-аас 9,712,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хуралдаан болох өдөр миний бие ажлын байрандаа байхдаа осолд орсон бөгөөд энэ талаараа өөрийн эхнэрээрээ дамжуулан шүүгчийн туслахад мэдэгдэхэд итгэмжлэл байхгүй тохиолдолд шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж хэлсэн байдаг. Түүнчлэн, шүүх хуралдаан эхлэх үед шүүх хуралдааны нарийн бичгийн даргад энэ талаар хэлэхэд та хэргийн оролцогч биш учир оролцох боломжгүй, гадаа хүлээгээд сууж бай гэж хэлээд хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч миний хууль ёсны эрх ашгийг шүүх ноцтой зөрчиж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс нийт хохиролд 9,712,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр бөгөөд И ХХК-аас гаргасан үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндөр гарсан үнэлгээ байдаг.

4.3. Анх үнэлгээ хийлгэхдээ надад танилцуулаагүй бөгөөд үнэлгээ хийлгэсэн хохирол 9,336,000 төгрөг болсон гэхээр нь үнэлгээтэй танилцмаар байна гэхэд надад танилцуулахгүй, харуулахгүй байсан тул би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан буюу хохирогчийн талд шууд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Б.О-т холбогдуулан гэм хорын хохирол нийт 9,712,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 29/

3.   Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадлагаа, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас, М ХХК-ийн урьдчилсан нэхэмжлэл, И ХХК-ийн гаргасан автомашин техникийн үнэлгээний тайлан, фото зураг, төлбөрийн баримт зэргээр дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. 2023 оны 01 сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчим Нарны замын уулзвар замд Б.О- нь Тоёота Ноа /Toyota Noah/ маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Ч.Т-гийн өмчлөлийн 2016 онд үйлдвэрлэгдсэн Ниссан Тиана /Nissan Teana/ маркийн *** улсын дугаартай автомашиныг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан ба уг осолд жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 53-т заасны дагуу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ; /хх 5-11/

3.2. Үнэлгээний компани Ч.Т-гийн эд хөрөнгөд учирсан хохирлыг 9,336,000 төгрөгөөр тогтоосон; /хх 13, 14-15, 16-17/

3.3. Үнэлгээний төлбөр 376,000 төгрөгийг Б.О-ын өмнөөс А ХХК төлсөн. /хх 18/

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дээрх үйл баримтыг зөв тогтоожээ.

4.   Хариуцагч нь зам тээврийн осол гарсан эсэх, зам тээврийн осолд гэм буруутай эсэх талаар маргаагүй, харин ..үнэлгээчний гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшаас хэт өндөр... гэсэн агуулгаар маргасан байна. 

5.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээдэг.

Зам тээврийн осол жолооч Б.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас гарсан, уг зам тээврийн ослын улмаас жолооч Ч.Т-гийн эд хөрөнгө буюу автомашинд хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

6.   И ХХК-ийн гаргасан автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирлын үнэлгээг зах зээлийн ханшаас хэт өндөр гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

Хариуцагч нь БНХАУ-ын Тао Бао /Tao Bao/ цахим дэлгүүрээс авсан үнийн санал гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч гадаад хэл дээрх нотлох баримтыг шүүх үнэлэхгүй тул уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх 30/

7.   Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй.

Учир нь, хариуцагч эрүүл мэндийн шалтгаанаа нотолсон баримтын хамт шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

8.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.

Иймд хариуцагчаас давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн М эмнэлгийн эмийн жор, хариуцагчийн эхнэр гэх Т.А-ийн гаргасан хүсэлт зэрэг нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

9.   Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд ...миний бие автомашиныг нь засварлаад өгье гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй... гэх агуулгатай тайлбарыг гаргаж байх боловч өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө мэргэжлийн компаниар засварлуулах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн сонголт буюу нэхэмжлэгчийн эрхэд хамаарч байна.  

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 09-ний өдөр төлсөн 180,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 Д.НЯМБАЗАР