Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/25

 

З.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: М.Хүрэлбаатар нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/82 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч З.А-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын прокурор Б.Амармөрөнгийн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эмэгтэй,

Шүүгдэгч З.А нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт С.М-тэй үл ялиг шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь шүүгдэгч З.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Яллагдагч З.А-д холбогдох эрүүгийн 2029000000107 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч С.М-н эзэмшлийн гар утасны өргөн 6 см, урт нь 13 см хар өнгийн, хар дэлгэцтэй, дэлгэцний шилэн нүүр хэсгийн баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл олон тооны хагарч цууралт үүссэн, дэлгэцний дээд, доод булан хэсэгт 1 см дэлгэц нь эмтэрсэн Айфоне загварын 1 ширхэг утас, дууны бичлэг хадгалсан хавтгай цагаан флаш диск 1 ширхгийг хэрэгт нь хавсарган хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг, прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Амармөрөн нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: ...Шүүгч захирамждаа “...хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд авагдсан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Iphone 8 загварын гар утас /евро/1 ширхэг 2019 онд худалдан авч байсан, зах зээлийн дундаж үнэн 750.000 төгрөг гэсэн байх ба улсын яллагч нь шинжээчийн үнэлгээг утасны эвдрэл гэмтлийг засварлах үнэлгээ гэж тайлбарласан ба талууд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, хохирогчийн хохирол гэж нэхэмжилж байгаа гар утасны үнэлгээг утасны одоогийн зах зээлийн үнэ, утсанд үүссэн эвдрэл гэмтлийг засварлах зардлын үнэ гэж маргаж байгаа тул дахин шинжээч томилох” гэж заасан байна.

Хохирогч С.М-н эзэмшлийн Iphone-8 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ болох 750.000 төгрөг гэж “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-н 01/55 дугаартай дүгнэлтээр гарсан байдаг. Уг Iphone-8 загварын гар утсанд учирсан хохирлын үнэлгээнд заасан 750.000 төгрөгийг С.М нь яллагдагч З.А-с гаргуулан авах, хэрэг учрал болохоос өмнө нь Iphone-8 загварын гар утас нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан түүнээс хойш эвдэрсэн гэх гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан, Iphone-8 загварын гар утсыг бүтнээр нь эд мөрийн баримтаар хэрэгт хураан авсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” зааснаар бодитоор тогтоосон гэж үзэхээр байна.

Хохирогчоос эвдэрсэн утсыг ашиглах боломжгүй, эд зүйлийн биет байдал алдагдсан тул утсыг бүхлээр нь гаргуулахаар нэхэмжилж байгаа тул утсыг зах зээлийн ханшаар үнэлж хохирогчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэв шүүх утасны хохирлын нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл иргэний журмаар нотлох баримтаа гаргаж, шийдвэрлэх боломжтой байна.

2. Хохирогч С.М мэдүүлэхдээ “...Би зодуулсан үедээ Т гэх эмчид үзүүлсэн. Зодуулсан үедээ авсан зургаа хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Би З.А-д зодуулсны дараа даралт ихэсдэг өвчтэй болсон.

Түүндээ эмчилгээ хийлгэж байна гэж байгаа тул З.А-д зодуулсан гэх гэмтлийн улмаас даралт ихсэх өвчин үүсэх боломжтой эсэх талаар шинжээч томилох” гэжээ.

Хохирогч С.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчид З.А-д зодуулсны дараа авсан гэх гэрэл зургийг гаргаж өгсөн үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг “...хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж заасны дагуу тэмдэглэл үйлдэн нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт хавсаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.М нь ямар нэгэн байдлаар Т эмчид үзүүлсэн талаар мэдүүлдэггүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд анх хэлдэг, гэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар З.А нь С.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Мөн С.М нь З.А-д зодуулснаас хойш даралт ихэсдэг болсон иймд дахин шинжээч томилуулах гэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Хохирогчид даралт ихэсч байгаа эмнэл зүйн шинж тэмдэг нь гэмтлээс хамаарсан эсэхийг шинжээчээс тодруулж асуух боломжтой байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 82 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг прокурорт буцаалгүйгээр шүүхээс нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой. Мөн дээрх үндэслэлүүдийн 2-т заасан ажиллагааг эд мөрийн баримтаар хураагдсан Iphone-8 маркийн гар утсанд үзлэг хийх байдлаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байсан ч нэгэнт шинжээчийн дүгнэлт гарсан, уг дүгнэлттэй талууд маргаагүй тул уг ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байсан тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж дээрх ажиллагааг хэлэлцүүлэхэд прокурорт буцаалгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр шүүх хуралдааны тов гаргасан байдаг. Гэтэл шүүгдэгчийн гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-д “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...шүүх ... хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Тэгэхээр шүүхээс хэргийг үндэслэлгүйгээр буцаасан, дээрх ажиллагаануудыг шүүхээс шинжээч томилох, үзлэг хийх гэх мэтээр нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа учир хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү.” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхээс хэргийг эд зүйлийн үнэлгээ гаргуулах шинжээч томилох шаардлагатай, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан асуудалд дүгнэлт гаргуулах гэсэн 2 үндэслэлээр прокурорт буцаасан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогчийн дахин ашиглах боломжгүй гэсэн учраас гар утасны үнэлгээг гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин гаргуулах шаардлагатай гэж үзвэл шүүхийн шатанд шинжээч томилж шийдвэрлэх боломжтой. Гэтэл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримталсан. Урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд, гэм буруугийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжтой гэж үзчихээд урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг прокурорт буцаах зүйл, заалтыг баримтлан буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс шүүгчийн захирамж үндэслэлгүй. Орон нутгийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийн үнэлгээ 2 зөрүүтэй гэж байна. Орон нутгийн үнэлгээ гэдэг нь шинжээчийн дүгнэлт биш. Шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтооно. Орон нутгийн үнэлгээний хүмүүст ямар нэгэн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж гарсан үнэлгээ биш юм. Харин шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шинжээч томилсон тогтоол танилцуулаад гаргасан үнэлгээ хууль ёсны буюу хуульд заасан шаардлага хангаж гаргасан нотлох баримт юм. 2 үнэлгээ хоорондоо зөрүүтэй гэдэг нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна Эрүүл мэндийн шалтгаан дээр маргаантай гэж байна. Маргаж болно. Гэхдээ эргэлзээтэй гэж үзвэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дахин шинжээч томилох боломжтой. Заавал прокурорт буцаах шаардлага байхгүй. Прокуророос шинжээчийн дүгнэлт гаргуулаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх, прокурорт шинжээч томилох, дүгнэлт гаргуулах эрхийг олгосон байдаг. Тэгэхээр шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэрэглэх хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчиж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэргийн хувьд хөнгөн гэмт хэрэг боловч мөрдөн шалгах ажиллагаанаас маш их маргаантай явсан. Гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдсэн бол хэргийг тал бүрээс нь судлах, нотлох ёстой. Өмгөөлөгчийн зүгээс З.А-н хэргийн зүйлчлэл дээр маргадаг. Хохирогч гэмтэл учирсан гэдэг боловч хэрэг болсноос хойш 8 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тиймээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. З.А тухайн үйл явдлын дараа уулзахад нүүр нь хэвийн байсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр тухайн гэмтлийг Алтантуяа учруулсан гэхэд эргэлзээтэй.

Энэ хэрэгт гэрчүүд 2 хуваагддаг. З.А-н талд мэдүүлэг өгсөн хүмүүс байдаг. Гэтэл О.М-тэй хамт явсан гэрчүүд өөр мэдүүлэг өгдөг. Ямар нэг байдлаар мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. З.А О.М-г нэг удаа түлхсэн үйлдэл байдаг. Гэхдээ үүнээс болж гэмтэл учирсан эсэх нь тодорхойгүй.

Утасны үнэлгээний хувьд дахин шалгах шаардлагатай. Яагаад гэвэл 650.000 төгрөгөөр авсан гэдэг. Гэтэл 750.000 төгрөгөөр үнэлсэн. Орон нутгийн үнэлгээг шүүх үнэлэхгүйгээр дахин шинжээч томилдог. Орон нутгийн үнэлгээг хүчингүй болгосон талаар нотлох баримтгүй. Мөн тухайн орон нутгаас үнэлгээг гаргуулахдаа үнэлгээний ажлын хэсэг байгуулсан, хурлын тэмдэглэл байх ёстой. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Шүүгчийн захирамждаа хор уршгийн хэр хэмжээний талаарх дүгнэлтийг үнэн зөв гэж үзэж байна. Яагаад гэвэл хор уршгийн хэмжээ, учирсан хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох нь гэм буруугийн, хэргийн зүйлчлэл шийдвэрлэлтэд чухал нөлөөтэй. Тиймээс Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Гар утас эвдэрсэн талаар харсан гэрч байхгүй. Хохирогчийг бүтэн гар утастай явсан уу, үгүй юу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Утасны үнэлгээг дахин гаргуулах асуудлыг шүүхээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой. Хохирогчид гэмтэл учирсан талаар дахин дүгнэлт гаргуулах нь хэргийг прокурорт буцаахгүйгээр мөн адил шүүхийн шатанд шинжээч томилж тухайн гэмтлийн зэргийг тогтоох боломжтой. З.А-д зодуулсан гэх үедээ анхан шатны тусламж авсан талаар үзлэгийн нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар хавтаст хэрэгт хавсаргуулахаар хэргийг буцаасан. Үүнийг хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн баримт гар утсанд байсан. Тэгэхээр гар утсанд үзлэг хийгээд, эмнэлэгт, эмчилгээнд хамрагдсан эсэх талаар шалгаж үзэх боломжтой байсан. Иймд прокурорт буцаах үндэслэл байхгүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан. Тиймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Б.Амармөрөнгийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бичсэн 11 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/26 дугаартай захирамжаар З.А-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт ирүүлсний дагуу шүүх хуралдааны товыг тогтоосон байна. /хх-158/

Мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/47 захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс гаргасан “гэрч А.А, О.М нарын мэдүүлэг хохирогч С.М-н мэдүүлгээс зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах” тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, прокурорын “шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж, гаргасан дүгнэлтийг тодруулъя” гэсэн хүсэлтийг хангаж, шинжээч эмч С.Ш-г шүүх хуралдаанд оролцуулахаар тогтож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон З.А-г шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоожээ. /хх-180-181/

Шүүгдэгч З.А-д холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шинжээч эмч С.Ш-г оролцуулсан ба шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх болсон үндэслэлээ шүүгчийн захирамжид заагаагүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-209/ ...даргалагчаас гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаарх дүгнэлтийг танилцуулах хугацааг тогтоож, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, тайлбар болон шүүгдэгчийг эцсийн үг хэлсний дараа шүүх хуралдааныг түр завсарлуулаад зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудал тус бүрийг хэлэлцэж шийдвэрлээгүй байна.

“Хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2-т заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах заалтыг баримтлан “...шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг  шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шүүх нотолж шийдвэрлэх үүрэгтэй.

Иймд шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд зүйлийн үнэлгээ тогтоох, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох эрхтэй тул прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/82 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч З.А-д холбогдох 2029000000107 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны  шүүхэд очтол шүүгдэгч З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                                            ШҮҮГЧИД                                    Х.ГЭРЭЛМАА

                                                                                                 Г.ТЭГШСУУРЬ