Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110  

 

 

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр                         Дугаар 2021/ШЦТ/110                                          Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Хохирогч: С.Мөнхцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Оюунчимэг /цахимаар/,

Шүүгдэгч: З.А нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.А-д холбогдох эрүүгийн 2029000000107 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.А нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 227 дахь км-т С.Мөнхцэцэгтэй үл ялиг шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.А-д холбогдох эрүүгийн 2029000000107 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А мэдүүлэхдээ:

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би засмалын ачаатай хил рүү явж байсан. Тайван зогсоолын урд тал дээр явж байгаад тухайн үед би herbalife тураах бүтээгдэхүүн хэрэглэж байсан учир ойр ойрхон бие засах хэрэгтэй байсан. Тэгээд түр зогсоол дээр ойр ойрхон яваад байсан учраас бид нарт бие засах боломж нь байхгүй. Манай тэнд нойл байхгүй байсан. Тэгээд 7 дугаар сарын 23-ны өдөр улаан бүс, ногоон бүс гээд зөвшөөрөлгүй машинууд 4-р постоос урагшаа орж болохгүй байсан үе. Зөвхөн эрх бүхий жолооч, зөвшөөрөлтэй машин, зөвшөөрөлтэй хоолны машин явдаг байсан. Тэгээд түр зогсоод таталтаас таталтын хооронд түр зогсонгуутаа бие засах гэсэн чинь приустэй эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд хажууд зогсоод байсан. Би урд тал, хойд талынхаа хүмүүсээс нуугдаж л дугуйн доороо нуугдаж бие засдаг. Тэгээд сууж байсан чинь тэр хоёр хүн ирэхээр нь би өшөө жоохон холдоод өгөөчээ. Би бие засах юмаа гэсэн чинь чиний шээдэг баадаг газар чинь юм уу? хол явж 7 уулынхаа цаагуур явж бие зас гээд олон юм ярьсан. Тэгээд тэсэхээ болиод үүнийг чинь олон нийтийн сүлжээнд тавилаа шүү гээд байхаар нь би бие засаж чадаагүй. Нулимсаа гарсан хүн босож ирээд би хэлсэн. Адилхан эмэгтэй хүмүүс байж нэг нэгнийгээ бодохгүй байна уу? бид нар нойлын асуудал байхгүй шдээ. Ажил ийм байна. Түр холдоод өгч болоогүй юм уу? наад бичлэгээ устгаад өгөөчээ гэхэд чи мэддэг юм уу? чамайг олон нийтийн сүлжээнд тавьж онигоо болгоно. Чи миний газар дээр шээж баадаг хэн бэ? элдэв янзаар хэлээд цээж рүү цохиод байсан. Тэгэхээр нь би та ингэж болохгүй гээд сүүлдээ тэсэхээ болиод хүн орилоод дайраад байхаар би ч бас уурлана. Хүнийг бие засах гэж байхад бичлэг хийгээд дайраад байхаар би ч гэсэн айж сандарна уурлана. Тэгээд намайг сүүлдээ цохиод байхаар тэсэхгүй шилэн хүзүүн дээрээс  цохиж унагаасан нь үнэн. Тэгээд таталт ирээд би явах болсон. Тэнд байсан хүмүүсээс 2-3 хүн нь харж байсан. Тэгээд таксины жолооч ах намайг танихгүй гэдэг худлаа. Би тэр хүнийг таксинд олон удаа дуудаж явж байсан. Түүнээс огт танихгүй хүн биш. Өмнө нь 2 жилийн өмнө нь эхнэртэйгээ байхад нь би такси дууддаг учраас тэр хүн намайг танихгүй гэж мэдүүлэг өгснийг ойлгохгүй байгаа. Тэгээд таталт ирээд дараагийн машинууд ар араасаа ирээд байсан учраас би хөдлөх хэрэгтэй болсон. Энэ хүн дээр очоод хоёулангийнх нь буруу юм чинь би одоо ажлаа хийгээд явлаа. Та ч гэсэн одоо яваа гэхэд тийм юм байхгүй. Эмч цагдаа дуудна гээд үлдээд би цаашаа машинаа бариад явсан. Би өөрийгээ гэм буруутай байна гэж бодохгүй байна. Гар утас эвдэрсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Хохирлыг нөхөн төлөхгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Прокурорын дүгнэлтийг сонслоо. Өмгөөллийнхөө дүгнэлтийг 2 чиглэлээр хэлнэ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дүгнэлтдээ хэлнэ. Мөн иргэний нэхэмжлэлийг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ 2 чиглэлээр өмгөөллийн дүгнэлтээ явуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь гэмт хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох асуудлын талаар санал тавьж байгаа. Яагаад энэ асуудлыг тавьж байгаа вэ? гэхээр өмнөх хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд дээр маш тодорхой бичсэн байгаа. Мөнхцэцэгийн биед гэмтэл учирсан асуудал нь шинжээч эмч гэмтэл учирсан гэж дүгнэж байгаа болохоос биш чухам хэний үйлдлээс болсон юм бэ? А-г цохисноос болж гэмтэл учирсан гэдэг нь үнэндээ тогтоогддоггүй. Яагаад тогтоогдохгүй байгаа вэ гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал дээр байгаа. Тогтоогдохгүй байвал яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ. Энэ асуудлыг прокурорын шатанд шийдэх боломж байсан. Яагаад ингээд байгаа вэ? гэхээрээ 2 талаасаа маш их маргаантай. Ийм учраас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар шүүхээр орж байж энэ асуудал тогтоогдоно гэж шүүхэд шилжүүлсэн асуудалд маш их харамсаж байгаа. З.А-д эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол дээр 2019 он гээд байгаа юм уу? 2029 он гээд байгаа юм уу? гэдэг нь үнэхээр гаргац муутай. Прокурор бол 2020 он гэж хэлэх байх. Миний хувьд 2019 он юм уу? 2029 он гэж харагдаж байгаа. Энэ бол маш ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ хэрэг нэгэнт жил гаруйн хугацаа өнгөрсөн. Хөөн хэлэлцэх асуудлын талаар ярьж байгаа. Ийм асуудлыг техникийн алдаа биш байх гэж бодож байгаа. Хохирогчийн хувьд тухайн үедээ эмчид үзүүлэх боломж байсан. Өөрөө өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ найз дээрээ очиж эмчлүүлээд цусыг нь тогтоолгоод явсан гэсэн утгатай мэдүүлэг өгдөг. Нэгэнт тэгж байгаа юм чинь Ханбогд сумын эмнэлэг дээр очоод эмнэлгийн анхны үзлэгт орох ёстой. Цагаан хад чинь өөрөө эрсдэлтэй. Хаана юу ч хийж байгаад гэмтэж болно. 8 хоногийн дараа гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр З.А-ийн үйлдлээр Мөнхцэцэгийн биед гэмтэл учирсан байна гэж дүгнэж байгаа нь үнэхээр учир дутагдалтай. Хамгийн маргаан дагуулаад байгаа утасны асуудал байгаа. Энэ асуудал дээр цагдаад буруу өгч байна. Тухайн үедээ миний утас ингээд эвдэрчихлээ шүү гээд цагдаад яагаад бариад очоогүй юм бэ? цагдаа дээр аваад очих боломж байсан. Нөгөө талаар гэрчүүдийн мэдүүлгээр миний утас эвдэрсэн байна гэж Мөнхцэцэг яриад байсан боловч дам ярианы шинжээр энэ утсыг гэмтээсэн байна. А-г гэмтээсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Утсан дээр үзлэг хийсэн үнэлгээ тогтоосон дүгнэлт байгаа. Энэ дээр 750,000 төгрөгөөр утсаа үнэлээд байгаа юм уу? утасныхаа засварыг үнэлээд байгаа юм уу? энэ бол үнэхээрийн тодорхой биш. Өмнөх шүүх хуралдаан дээр прокурорын хэлж байсныг маш сайн санаж байгаа. 750,000 төгрөг бол засварын үнэ гэсэн. Засварын үнэ гэж байгаа бол дахиад ямар ямар засварыг яаж хийх юм бэ? сэргээн засварлахад хэдэн төгрөг болох талаараа нотлоод хавтаст хэрэгт хийх хэрэгтэй. Мөн орон нутгийн үнэлгээ байгаа. Орон нутгийн үнэлгээг сумын засаг даргын захирамжаар томилогдсон орон тооны бус үнэлгээний комисс орон нутагт ажилладаг. Энэ хүчинтэй юм уу, эсхүл үнэлгээний төрийн бус байгууллагаар хийлгэсэн үнэлгээ хүчинтэй юм уу? гэдэг зөрүүтэй асуудал байгаа. Мөн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх эмнэлгийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээр тархины доргилт гэсэн байгаа. Тархины доргилт гэж юуг хэлээд байгаа гэж тархины зураг байхгүй. Зүгээр толгой өвдөөд байна гэхээр нь тархины доргилт гэж үзэх боломж байхгүй. Эд мөрийн баримт шинжлэн судлахад хоёр хөлийн зураг харуулаад байгаа. Хэрвээ үнэхээр хөл нь гэмтсэн байсан бол яагаад зургийг нь авчраад өгч болохгүй байгаа юм бэ? мөн эд мөрийн баримтыг шинжлэн судлахад бичлэг харлаа. Бичлэгээс харахад Алтантуяагийн хэргийг нотолж өгөх гэж байгаа юм бол энэ бичлэг дээр А Мөнхцэцэгийг түлхэж унагаасан зүйл байхгүй. Харин Мөнхцэцэгийн хувьд илүү зохисгүй асуудал гаргаад байгаа нь бичлэг дээрээс харагдаж байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан бол хөнгөн гэмтэл гэдэг. Энэ хүнд хөнгөн гэмтэл учраад байгаа юм уу? эмчийн акт, эмчийн дүгнэлт байхгүй байгаа. Ийм учраас энэ дээр манайх маргаж байгаа. Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгч авах эрхийг хангаж өгсөн. Өмгөөлөгч авах авахгүй асуудал нь шүүгдэгчийн өөрийнх нь эрхийн асуудал учраас 800,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож болно. А гэм буруутай байлаа гэж бодъё. Тэгэхээр 750,000 төгрөг нь засварын үнэ юм уу? шинэ утасны үнэ юм уу? би бодохдоо засварын үнэ гэж бодож байгаа. Тэгэхээр 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн үнэлгээний дүгнэлт дээр зах зээлийн дундаж үнэ гэж 750,000 төгрөгөөр үнэлчихээд байгаа. Прокурор яллах дүгнэлтдээ засварын үнэ гээд байгаа. Тэгэхээр үүнийг үнэхээр үнэлэх боломж байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нотолбол зохих байдал гэж байгаа. Бид нар яагаад энэ дээр маргаад байгаа вэ? гэхээр 8 хоногийн дараа шүүх эмнэлэг дээр үзүүлж байгаа нь З.А үнэхээр зодсон уу? үгүй юу гэдэг нь үнэхээр нотлогдохгүй. Хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж гаргаж өгөөд байгаа болохоос биш чухам аль нөхцөлд аль цаг үед хэний үйлдлээс болоод гэмт хэрэг учраад байгаа талаар нотолж өгөөгүй. Тэгэхээр прокурорын ялын шүүмжийг сонсохоор шүүх эмнэлгийн дүгнэлтийн хөнгөн зэргийн гэмтэл учирсныг нотлох баримт болоод байгаа. З.А-ийн хувьд үнэхээр төлөв даруу өмгөөлөгчийн хувьд хэлнэ. Өөрөөр болсон асуудлыг яг л үнэн зөвөөр хэлдэг. Би цохиогүй алгадаагүй гэж хэлээгүй. Гагцхүү миний энэ байдлаас болоод гэмтэл учирсан гэдэг дээр маргаж байгаа. З.А бид хоёр ярилцаад үнэхээр чиний буруу болоод гэмтэл учруулсан бол уучлалт гуйна. Мөнхцэцэг бол юмыг ойлгох хэмжээнд биш байна. Тиймээс нэг талаас гэмт хэрэг гараагүй гэж үзэж байгаа. Нөгөө талаас гэмт хэрэг гараагүй гэж үзэж байгаа учраас иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.12 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа маань гэмт хэргийн шинжтэй, гэмт хэргийн шинжгүй гэх 2 үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгодог. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Эрүүгийн хариуцлага дээр санал байхгүй гэв.               

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:

Би Цагаан хадан дээр очоогүй нэлээн удаан байж байгаад 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хоол аваад удаагүй 2-3 удаа тараалтад явсан. Тэгээд Цагаан хаданд очоогүй удсан учраас учрыг нь ч сайн ойлгодоггүй. Хоол хийчихээд тараах гэсэн чинь машин байдаггүй. Цагаан хадны машинууд дундуур таксинууд байдаг. Тэгээд хамгийн хямд хэлсэн хүн Ганбаа гэх ах байсан. Тэгээд бид хоёр тохиролцоод хамгийн эхний машинд хэлсэн чинь би цэргийн албан дээр байна гэж хэлсэн. Тэгээд цэргийн алба руу нь явж байсан чинь эгчээ татаа ирж байна шүү хурдлаарай гэсэн. Татаа ирнэ гэдэг нь би машинуудыг хооронд нь ялгаж чадахгүй аймар их будилж байсан. Такси авчихаар такси нэг явахдаа 5,000 төгрөгөөр явдаг учраас би ерөөсөө ажилдаа л анхаарлаа хандуулж байсан. Тэгээд хамгийн сүүлчийн 5 машин байсан. Сүүлийн машин нь шар машины ард байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд ирээд зогсоод дэвтэр дээр машинуудын номерыг гар утасных нь номертой биччихсэн. Утсаа нэг гартаа бариад дэвтрээ эргүүлээд дугаарыг нь хараад утсаар залгаад  миний дүү эгч нь ирчихлээ гарч ирээд хоолоо авчих гээд би машинаасаа буугаад ирсэн чинь нэг эмэгтэй пизда минь зайл гээд байхад чинь зайлдаггүй чи хэн бэ чамайг ална гээд машины бөгсөөр хашхираад ирэхээр нь би энэ чинь одоо юу болж байна гээд шууд утсан дээрээ бичлэг хийгээд авсан. Тэгээд тэр эмэгтэй над дээр хүрч ирснээ чи муу чамайг зайл гээд байхад зайлдаггүй муу пизда вэ гээд над руу дайраад байсан. Тэгээд над дээр ирээд дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь шүлс нь үсчээд дайраад байсан. Би бодохдоо согтуу ч юм уу эрүүл ч юм уу хаашаа юм гээд бид нар ч өөрсдөө ойлгохгүй гайхаад тэгсэн чинь чи муу зайл гээд байхад зайлдаггүй муу пизда вэ гээд шууд үсдэж аваад дугтраад унагасан. Тэгээд унагангуутаа хэд хэдэн удаа газар мөргүүлэнгүүт нь би хүүеээ чи намайг яагаад зодоод байгаа юм бэ толгой хагалчихлаа гэсэн чинь толгойгоо барьсан чинь толгой аймар хурдан хавдахаар нь би хүүеээ чи намайг яагаад зодоод байгаа юм гэсэн чинь дуугүй бай гөлчгий миний яасан олон үгтэй гөлчгий вэ? пизда минь дуугүй бай гээд хэлэх хэлэхгүй үг энэ хүүхнээс гардаг юм билээ. Хүүеээ болиоч чи яасан гэж намайг зодоод байгаа юм бэ? гэж хэлэхэд дуугүй бай гээд намайг бичлэг хийж байгааг минь мэдэнгүүтээ зүүн гараараа намайг алгадаад байсан. Тэгээд таксины Ганбаа гэх ах бууж ирээд хөөе боль гээд намайг сөхрүүлээд би босох гэхээр намайг дөрвөн хөллүүлээд нэг гартаа дэвтрээ, нөгөө гартаа утсаа барьсан явж байсан. Тэгээд ойчиход дэвтэр бүгд тараад унасан. Намайг шилэн хүзүүн дээр минь цохисон нь үнэн. Тэгээд би босох гэхээр яасан олон үгтэй юм гээд хүүхэд зодож байгаа юм шиг би амьдралдаа хүнд ингэж зодуулж үзээгүй. Надад хэлсэн зүйлүүд нь одоо хүртэл чихэнд сонсогдож байдаг. Хурал гэхээр л энэ хүнд зодуулсан маань бодогдож би амьдралдаа хүнд зодуулж дээрэлхүүлж үзээгүй. Тэгээд Ганбаа гэх хүн намайг салгаад приусны цаагуур тойроод машин дотроо ороод хаалгаа түгжсэн чинь цонх балбаад гараад ир гээд байсан, буугаад ир машинд суу гээд намайг машиндаа суулгаад хөдөө аваачиж яах гэж байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд байж байсан чинь татаа нь ирээд яваад өгсөн.  Тэгээд би машиных нь зургийг дарж аваад цагдаа дуудсан. Нар жаргахад нөгөө цагдаа ирээд хэдэн номерын машин байсан гэсэн чинь би машиных нь номерыг өгөөд надтай ч уулзахгүй давхиад явсан. Тэгээд би дахиад залгасан чинь хажуугаар өнгөрөөд явсан. Хүүеээ би яах юм бэ гэсэн чинь та эхлээд хоолоо тараачих гэсэн. Тэгээд би хоолоо тараачхаад орой цагдаа ирдэггүй бие өвдөөд эмийн сан орж эм авч уучихаад Оюунбилэг гэх найзыгаа дуудаад зодуулчихлаа гээд бүх юмаа үзүүлээд ийм зүйл болсон гээд хөл гарынхаа зургийг дарчхаад утас ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд би Санжаа цагдаа дээр яваад очсон. Тэгсэн чинь гадаа зогсож бай гээд гадаа зогсож байсан чинь өөрөө гарч ирээд ороод ир гэсэн. Тэгээд орж очоод миний бие өвдөөд байна. Ерөөсөө унтаж чадахгүй байна. Би одоо Өмнөговь аймаг явж үзүүлмээр байна гэхэд “та явна гэвэл явчихдаг зүйл биш. Үзүүлнэ гээд үзүүлчихдэг зүйл биш. Та даргын гарын үсэг авч байж үзүүлнэ” байж бай гэсэн. Тэгээд би миний утас ийм болчихлоо. Би айгаад байна гэж хэлээд Оюунбилэг өөрөөсөө эм гаргаж уулгаад тэгээд та намайг дуудтал байж бай гэсэн. Маргааш нь дахиад очиход байж бай. Таныг явна гэхээр явуулчихдаг зүйл биш. Даргаас гарын үсэг авч байж шинжээч эмчид үзүүлдэг гэж хэлсэн. Тэгээд би Санжаа цагдаагаас олон удаа асуусан чинь байж бай гэж хэлдэг. Ингэж аягүй олон удаа хэлсэн. Тэгсэн нэг орой Санжаа цагдаа залгаад та маргааш өглөө явж болно. Та яв хурдан яв, одоо яв гэдэг. Хүүе нөгөө даргаас чинь гарын үсэг авах юу болсон бэ? гэсэн чинь болсон болсон зохицуулсан та яв гэж хэлсэн. Тэгээд би тэр оройгоо яваад маргааш өглөө нь би очоод үзүүлсэн. Тэгээд намайг тэр өдөр нь яагаад үзүүлээгүй. Яагаад 7 хоногийн дараа үзүүлсэн юм бэ? өөрөө хөлөө шалбалчихаад гэж хэлсэн. Би тийм ёс зүйгүй хүн биш. Би тийм хүмүүжилгүй хүн биш. Хүнд нэг алгадуулчхаад шүүх цагдаагаар өдий хүртэл явахгүй. Яагаад гэвэл чи намайг дэндүү дээрэлхэж доромжилсон. Би амьдралдаа анх удаа хүн зодуулж доромжлуулж үзсэн шүү. Хурал гэхэд миний нүд миний чихэнд сонсогддог. Чи намайг газар хүртэл мөргүүлсэн. Эрэгтэй хүн ч хүртэл ингэхгүй байх шүү. Яагаад намайг энэ олон хоног үзүүлээгүй бэ гэхээр чи Санжаа цагдаагаас асууя. Яагаад явуулахгүй байсан нь тэр чамтай холбоотой шүү. Чи юмыг дандаа аргалах гэж үздэг. Би чамд хэлсэн. Намайг олон хүнээр гуйлгуулж байгаа. Тэгэхээр нь би эхлээд буруугаа хүлээ дандаа худлаа ярьж байна. Би өөрөө ойччихоод хүнийг цагдаад өгдөг хүн биш.  Би тийм ёс зүйгүй хүмүүжилгүй хүн биш. Би чамд нэг алгадуулчхаад өдий хүртэл шүүх цагдаагаар ажлаа алдаад явах юм уу? чи ажилтай, би ажилгүй хүн биш. Би ажилтай. Чамаас их ажилтай. Би чамтай гудамжинд 2 удаа таарсан. Тэгэхэд би за яах вэ? чи эмэгтэй хүн, би охин дүүтэй. Чи надаас хүн шиг уучлал гуйгаад ир. Үнэнээ ярь. Чи яагаад дандаа худлаа яриад байдаг юм бэ? чи намайг газар мөргүүлснээ хэл, унагааснаа хэл, доромжилсноо хэл тэгвэл би чамайг уучилъя гэж хэлсэн. Тэгэхэд чи нэгээс нь очоод уучлалт гуйчихлаа. Нэг нь алга байна гээд хоёулаа Санжаа цагдаа дээр очоод чи миний буруу байсан. Би энэ хүнийг зодож татаж унагаасан гэж хэлсэн. Би iphone утсаа гарсан цагаас нь эхэлж барьсан. Үүнийг цагаан хадныхан бүгд мэднэ. Би дандаа шинэ утас авч барьдаг. Энэ утсыг би 650,000 төгрөгөөр аваагүй. Америкаас манай хүүхдийн үеэлээс нь би  захиж сая гаруй мянган төгрөгөөр авсан утас байгаа. Би хуучин утас барьж байгаад эвдэлчихээд хүнээр төлүүлэхгүй. Би хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй монгол эмэгтэй хүн, тэгээд би Санжаа цагдаа дээр ирээд уулзахад та шээж байхад нь ирээд бичлэг хийсэн юм биш үү гэсэн. Юун бичлэг гэсэн чинь чамайг бичлэг хийхээр нь зодсон гэсэн. Хүмүүсээс нуугдаж шээсэн хүн бол биш. Өөрөө л ёс зүйгүй. Хүмүүжилгүй учраас машин доороо орж бие засаж байсан. Тэгээд энэ эмэгтэй дандаа худлаа ярьдаг. Нэг ширхэг ч үнэн үг хэлдэггүй. Тэгээд хэргийг прокурорт шилжүүлэх гээд байна. Хурдан ир гээд Цагаан хаднаас такси 150,000 төгрөгөөр хөлсөлсөн. Энэ хүн намайг хохироосон учраас би хохирлоо авах гээд байгаа. Тэгээд одоо бензин тосны мөнгө, өмгөөллийн зардал, утасны мөнгө гээд 2,100,000 төгрөг нэхэмжилж байна. Тэгээд утас эвдэлснийг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа. Тэр утсыг Ханбогд суманд үнэлгээний газраар үнэлүүлсэн чинь албан ёсны биш гэсэн. Улаанбаатар хотод албан ёсны газраар нь хууль сануулаад үнэлүүлчхээд байхад хүлээн зөвшөөрөхгүй гэж яаж чи ийм сонин зүйл яриад байдаг юм бэ? чиний надад учруулсан хохирлыг би нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч З.А нь хохирогч Мөнхцэцэгтэй 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бие засуулсангүй гэх шалтгааны улмаас хохирогчийн шилэн хүзүү рүү нь цохисон гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үйлдлээс нь болоод хохирогч Мөнхцэцэгийн толгой хавдсан, хөл шалбарсан гэмтэл үүссэн байдаг. Энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр шүүгдэгч З.А-ийн үйлдлээс хохирогч Мөнхцэцэгт хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа. 8 хоногийн дараа эмчид үзүүлсэн. Энэ нь А-ийн цохисон үйлдэл биш нотлогдохгүй байна гэж яриад байх юм. Мөрдөгчийн тогтоол 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Тогтоол гарсны дараа маргааш өдөр нь шинжээч эмчид үзүүлсэн. Тэгэхээр 5 хоногийн дараа шинжээч эмчид үзүүлсэн. Шинжээчийн дүгнэлт нь үзүүлсэн өдрөө гардаг гэсэн ойлголт байхгүй. 7-14 хоногийн дотор дүгнэлт гаргах ёстой. Шинжээч нь 7 дугаар сарын 28-ны өдөр үзээд 7 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлтээ гаргасан байдаг. Дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гэдэг нь тогтоогдсон. Мөн хөлийн зураг харуулаад байна. Энэ нь Мөнхцэцэгийн хөл мөн ч юм уу, биш ч юм уу? гэсэн тайлбарыг хэлээд байна. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтууд байгаа. Мөн  утсанд үзлэг хийлгээд огноог нь харуулсан. 7 дугаар сарын 23-ны өдөр тухайн зураг дарагдсан байгаа. Тэгэхээр шүүгдэгчийн үйлдлээс болоод хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Тийм учраас шүүгдэгч З.А нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч тархины доргилтыг яаж тогтоосон юм бэ гэж яриад байна. Түүнийг тогтоогоогүй байлаа гэхэд толгойн хавдар хөлний урагдалт нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна гэдгийг шинжээч эмч мэдүүлгээрээ тайлбарласан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг зүйлийг ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг зохицуулж өгсөн байдаг.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон бол эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж Эрүүгийн хуульд зааж өгсөн болохоос биш гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй. Тухайн хэрэг үйлдсэнээс хойш 2 сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гарсан учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирч хохирлын талаар шүүх хуралдаанд ирж очих зардал гарсан байдаг. Нийтдээ 550.000 төгрөгийн замын зардлыг баримттай нь хамт гаргаж өгсөн байгаа. Үүнийг гаргуулах саналтай байна. Утасны хохирол болох 750,000 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлыг хөрөнгийн үнэлгээ хийлгээд гаргасан байгаа. Тухайн үнэлгээтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч талаас хүлээн зөвшөөрөөд энэ талаар маргадаггүй. Харин шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна. Тухайн утасны төлбөрийг гаргуулах саналтай байна. Мөн өмнө нь нэг өмгөөлөгчийг 500,000 төгрөгөөр хөлсөлсөн байдаг. Дараа нь 300,000 төгрөгөөр хөлсөлсөн. Нийтдээ 800,000 төгрөгийн өмгөөллийн хөлс гарсан байгаа. Эдгээр зардал нийлээд 2,100,000 төгрөг болж байгаа. Үүнийг гаргуулж өгнө үү? гэсэн саналтай байна гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хавтас хх-ийн 2-3/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-ийн 5/,

 

-Хохирогч С.Мөнхцэцэгийн гаргасан өргөдөл /1-р хавтас хх-ийн 7-8/,

 

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-ийн 9-10, 100/,

 

-Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-ийн 12-13/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 17-19, 97-99/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 20-22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 23-24, 95-96/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 27-28/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амаржаргалын өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 29-30/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Мөнхтөрийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 31-32/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №436 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт” /1-р хавтас хх-ийн 34-35/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд З.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 41-43/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-ийн 49, 57, 58, 59, 62-65/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч С.Шүрцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 74, 113/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Оюунбилэгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 75-76/,

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-82, 100/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цэцэгдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94/,

 

-“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №01/55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107/,

 

-Хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт утсанд хийсэн үзлэг, флаш диск-д бичигдсэн дуу, дүрсний бичлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч З.А нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 227 дахь км-т С.Мөнхцэцэгтэй үл ялиг шалтгааны улмаас маргалдан зодож, хохирогчийн эрүүл мэндэд “тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, өвдөгний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Мөнхцэцэгийн өгсөн “...чи намайг бие засах гэж байхад зайлсангүй гэж над руу уурлаад миний үснээс зулгаагаад газарт унагаахад би өвдгөөрөө газарт сөхрөөд толгойгоороо газарт мөргөөд унасан. Тэгээд газарт унахад миний үснээс зулгаагаад газарт миний толгойг мөргүүлсэн...тэр эмэгтэй нүүрс тээврийн машины араас над руу харааж загнаад ирэхээр нь би бичлэг хийсэн. Намайг зодож байх үед тэр эмэгтэйн дуу хоолой бичигдсэн...миний Iphone8  загварын гар утасны нүүр цуурч хагарсан дуу нь сонсогдохгүй байгаа жирэлзээд байгаа би гар утсаа төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 17-19/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ганбаатарын өгсөн “...нүүрс тээврийн машинаа харалдаа зогсоод байж байтал нэг танихгүй эмэгтэй холдооч би бие засмаар байна гээд С.Мөнхцэцэг бид хоёрт хандаж хэлээд байж байтал С.Мөнхцэцэг хоолоо өгөх гээд миний машинаас буусан. Тэгтэл тэр эмэгтэй дахиад холдооч би бие засмаар байна гэхэд С.Мөнхцэцэг энэ чиний бие засдаг газар юм уу гээд хэлтэл тэр эмэгтэй Мөнхцэцэг рүү уурлаж хүрч ирээд үсдээд газарт унагааж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 23-24/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Мөнхбатын өгсөн “...Хоол хүргэж өгдөг эгч рүү чиглээд явж байтал эмэгтэй хүн дуугараад ёоё болиочээ гээд орилохоор нь би хартал нэг эмэгтэй нөгөө хоол зөөдөг эмэгтэйг газар унагаачихсан үсдээд байж байхад тэр тогооч эгчтэй хамт хоол хүргэж явсан машины ах очоод болиоч гээд хэлтэл тэр эмэгтэй үстсэн гараа тавьтал бид нарт хоол хүргэж өгдөг эгч газраас бостол дух нь хавтчихсан хоёр өвдөг нь шалбарчихсан байсан. А гэх эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 27-28/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Амаржаргалын өгсөн “...А чи яахаараа бичлэг хийдэг юм бэ? гээд орилохоор нь хартал А нэг эмэгтэй хүнтэй хэрэлдэж маргалдаад байж байтал тэр танихгүй эмэгтэй А-ийн цээж рүү хальт цохиод авахад А тэр эмэгтэйг шилэн хүзүүн дээр нь баруун гараараа татаад шилдээд алгадаад авахад тэр эмэгтэй цээжиндээ тэвэрч байсан дэвтрээ тэврээд газарт сөхөрч унасан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 29-30/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Мөнхтөрийн өгсөн “...хоёр эмэгтэй хүн маргалдаад эхлэхээр нь би нүүрс тээврийн машин дотроосоо хартал А нэг танихгүй хүнтэй маргалдаад нэг нэгнийгээ түлхээд байсан. Тэгээд А тэр эмэгтэйг нэг удаа шилэн хүзүүнээс нь нэг удаа татаад алгадаад автал тэр эмэгтэй газарт унахаар нь би эхнэртэйгээ хамт явж очоод А-г салгасан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 31-32/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний алба 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 436 дугаартай шинжээчийн “...1.С.Мөнхцэцэгийн биед тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хавтас хх-ийн 34-35/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч С.Шүрцэцэгийн өгсөн “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 436 дугаартай С.Мөнхцэцэгийн биед учирсан гэмтэл нь тухайн гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун шууны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтлүүд нь бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөнхцэцэг өөрийн биеэр ирж үзүүлэхдээ толгой шилэн хүзүү өвдөнө гэсэн зовиуртай, дагзны булчингийн хөшингө илэрсэн байсан зэргийг үндэслэн тархины доргилт гэмтлийг тогтоосон. Шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлүүд нь өөр өөр байрлалтай учир тус бүртээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба дух, өвдөгний гэмтлүүд нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шууны жижиг зулгаралт гэмтэл нь 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 74, 113/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч З.А-ийн яллагдагчаар өгсөн “...тэр эмэгтэй дээр очоод би бичлэг хийж болохгүй гээд хэлтэл намайг элдвээр хэлээд чи миний газар нутаг дээр байгаа шүү гээд байсан. Тэгээд над руу уурлаад миний цээж рүү 3-4 удаа цохиод байхаар нь би С.Мөнхцэцэг гэх эмэгтэйг нэг удаа шилэн хүзүүн дээрээс араас нь гараараа татаад алгадаад автал С.Мөнхцэцэг гэх эмэгтэй газарт унахдаа 2 өвдгөөрөө сөхрөөд унахдаа толгойгоороо газарт мөргөөд уначихсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 41-43/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны кодыг хохирогч С.Мөнхцэцэгээр тайлуулан Photos цэсний 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр авагдсан зурагт үзлэг хийхэд “...нийт 13 зураг, 0:04, 0:55, 0:18 секундын 3 бичлэг байна. Эхний зураг нь тухайн өдрийн 17:21 минутад дарагдсан Bassire premium бичлэгтэй морь болон хүүхдийг дүрсэлсэн 1 ширхэг зураг, тухайн өдрийн 20:01 минутад хийгдсэн 0:04 секундын бичлэг, 20:02 минутад хийгдсэн 0:55 секундын бичлэг, 20:03 хийгдсэн 0:18 секундын бичлэг, тухайн өдрийн 20:16 минутад дарагдсан хохирогч С.Мөнхцэцэгийн дух хэсгийн хавдсан байдлыг харуулсан 2 ширхэг зураг, тухайн өдрийн 20:19 минутад дарагдсан 74-36 УБМ улсын дугаартай улаан өнгийн чирэгч толгойн урд талыг харуулсан 1 ширхэг зураг, тухайн өдрийн 20:20 минутад дарагдсан 14-08 УНӨ гэсэн чирэгч толгойн арын хэсэг болон урд хэсгийг харуулсан 3 ширхэг зураг, тухайн өдрийн 20:20 минутад дарагдсан 74-36 УБМ улсын дугаартай улаан өнгийн чирэгч толгойн урд талыг харуулсан 1 ширхэг зураг, тухайн өдрийн 20:21 минутад саарал өнгийн хаалганы хэсэг мэт зүйлийг дарсан 1 ширхэг зураг, 20:21 минутад 74-36 УБМ дугаартай улаан өнгийн чирэгч толгойн номер, урд талын гэрэл хэсгийг харуулсан 1 ширхэг зураг, тухайн өдрийн 23:31 минутад баруун хөлний өвдөг хэсгийн зулгаралтыг харуулсан 1 ширхэг зураг, тухайн өдрийн 23:31 минутад 2 хөлний өвдөг хэсгийн зулгаралтыг харуулсан 1 ширхэг зураг, тухайн өдрийн 23:31 минутад баруун өвдөг хэсгийн зулгаралтыг харуулсан 1 ширхэг зураг, 3 ширхэг бичлэг нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флаш диск-д бичигдсэн бичлэгтэй ижилхэн байв”.

 

-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск-д бичигдсэн дуу, дүрсний бичлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжээч эмч С.Шүрцэцэгийг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан, бусад оролцогч нар тухайн хүсэлтийг зөвшөөрсөн тул шүүх хуралдаанд шинжээч эмч С.Шүрцэцэгийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр, эсвэл 2029 он гэж үйлдсэн нь эргэлзээ төрүүлж байна. Гэмт хэрэг гарсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүгдэгчийн цохьсон үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр шүүгдэгч З.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлэсэн. Шүүгдэгч бид гэм буруу дээрээ маргаж байгаа, гэм буруугүй учир хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлөхгүй” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч З.А-ийн гэм буруутай үйлдлээс хохирогч С.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтээр бүрэн дүүрэн нотлогдож байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэх хүртэлх хугацаанд тоолохоор хуульчилсан. Гэмт хэрэг бол 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарсан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарснаас хойш 2 сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Тэгэхээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хохиролд 2.100.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж талууд тус тус мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч З.А-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг 2019 он эсвэл 2029 он гэж бичсэн нь эргэлзээ төрүүлж байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Тухайн гэмт хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд тухайн хэрэгт 2019 онд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар З.Алтантуяаг татах боломжгүй, мөн он тооллын хувьд 2029 он болоогүй учир тухайн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг 2019, 2029 онд үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тухайн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” саналаа мөрдөгч гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлснийг прокурор хүлээн авч хянаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар З.А-г татсан 2029000000107 дугаартай тогтоол үйлдэж, үйлдсэн тогтоолоо яллагдагч З.А-д 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна. Иймээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Прокуророос үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус тус хуульчилсан байна.

 

Тухайн гэмт хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарсан ба үүнээс хойш 27 хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар З.А-г татаж прокуророос 2029000000107 дугаартай тогтоолыг үйлдсэнээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх үндэслэлгүй, харин хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж тус тус дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч З.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  З.А-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч С.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд “тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, өвдөгний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 436 дугаартай дүгнэлт /хх-34-35/-ээр тогтоогдож байна. /1-р хавтас хх-34-35/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн С.Мөнхцэцэгийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хавтас хх-15-16/

 

Хохирогч С.Мөнхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн гар утас эвдэрсэн, засварлах боломжгүй болсон тул шинжээчийн дүгнэлтэд заасан 750.000 төгрөг, 2 өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, хуралд ирж буцсан бензины зардал 550.000 төгрөг нийт 2.100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэж хохирлоо нэхэмжилсэн.

 

Хохирогч С.Мөнхцэцэгийн эзэмшлийн эд хөрөнгө болох гар утсанд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед эвдрэл гэмтэл учирсан болох нь:

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ганбаатарын өгсөн “...С.Мөнхцэцэг, З.Алтантуяа гэдэг эмэгтэй хэрэлдэж маргалдаад дууссаны дараа миний машинд суугаад Цагаан хадруу явж байх замдаа Хайрхан өнгөрөөд явж байхдаа миний гар утас унагаагаад эвдэлчихсэн байна гээд надад хэлж байсан. Би С.Мөнхцэцэгийн гар утас яаж эвдэрч гэмтсэнийг нь би нүдээрээ хараагүй...”гэх мэдүүлэг /1-р хавтас хх-95-96/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Оюунбилэгийн өгсөн “...Зодуулсан талаар мэднэ тухайн үед намайг дуудаад хүнд зодуулчихсан байна ирээд ав гэсэн тэгээд авч явахад сая зодуулахдаа хар өнгийн Ipone 8 гар утас дэлгэц нь хагарсан, дуу нь дуулдахгүй байна саяхан авсан гээд үзүүлж байсан. Тэгээд би уг утсыг үзэхэд утасных нь дэлгэц хагарчихсан дуу нь дуулдахгүй байсан. Уг утас өмнө нь бүрэн бүтэн байсан тэрнийг би сайн мэдэж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-75-76/,

 

-2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл “Уг гар утасны өргөн нь 6 см, урт нь 13 см ,хар өнгөтэй байх ба хар өнгийн хар дэлгэцтэй, дэлгэцний шилэн нүүр хэсэгт баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл олон тооны хагарч цууралт үүссэн байв. Уг утсыг эргүүлж үзэхэд ар талын хэсэгт алимны зурагтай IPhone гэх бичигтэй байв...” гэх тэмдэглэл /1-р хавтас хх 9-10/,

 

-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флаш диск-д бичигдсэн бичлэгээр тус тус тогтоогдож байна.

 

Тухайн гар утасны үнэлгээг “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/55 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Ipone-8 гар утас /евро/, 2019 онд худалдан авч байсан, 1 ширхэг, зах зээлийн дундаж үнэ 750.000 төгрөг” гэж үнэлжээ.

 

Хавтас хэрэгт бензины 50.000 төгрөг /1-р хавтас хх-62/, 91.000 төгрөг, 90.029 /1-р хавтас хх-196/, 76.700 төгрөг /1-р хавтас хх-197/, 40.000 төгрөг /1-р хавтас хх-198/, 76.000 төгрөг /2-р хавтас хх-29/, 50.000 төгрөг /2-р хавтас хх-30/, 72.016 төрөг /2-р хавтас хх-39/, 80.000 төгрөг /2-р хавтас хх-39/, өмгөөллийн хөлс төлсөн баримт 300.000 төгрөг /1-р хавтас хх-197/, хоолны мөнгө 40.000 төгрөг /2-р хавтас хх-30/-ийн баримтууд авагдсан байна.

 

Хохирогч С.Мөнхцэцэгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгөд учирсан хохирол буюу гар утасны төлбөрт 750.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, бензины зардалд 625.745 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1.375.745 төгрөгийг шүүгдэгч З.А-аас тус тус гаргуулж, хохирогч С.Мөнхцэцэгт олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгч авах бол хохирогчийн эрх бөгөөд эрхээ эдэлж өмгөөлөгч авсан төлбөрийг хохиролд тооцох боломжгүй гэж үзэж, өмгөөллийн хөлс 800.000 төгрөгийг, мөн хоол идсэн төлбөрийг хохиролд тооцох боломжгүй тул хоолны мөнгө 40.000 төгрөг, нийт 840.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч С.Мөнхцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох З.Алтантуяагаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

 

Хохирогч С.Мөнхцэцэгийн эд хөрөнгө болох гар утсанд “дэлгэцийн баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл олон тооны хагарч цууралт үүссэн, дэлгэцийн дээд, доод булан хэсэгт 1 см дэлгэц нь эмтэрсэн, дуу нь дуулдахгүй” зэрэг гэмтэл учирсаныг тухайн гар утсыг цаашид зориулалтынх нь дагуу хэвийн ашиглах боломжгүй гэж үзэж, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заагдсан үнэлгээгээр хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч З.А нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 227 дахь км-т С.Мөнхцэцэгтэй үл ялиг шалтгааны улмаас маргалдан зодож, хохирогчийн эрүүл мэндэд “тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, өвдөгний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар,

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөггүй, хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар талууд саналаа тус тус гаргасан.

 

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч З.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-49/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч З.Алтантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /Найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С.Мөнхцэцэгийн эзэмшлийн утасны өргөн 6 см, урт нь 13 см, хар өнгийн, хар дэлгэцтэй, дэлгэцийн шилэн нүүр хэсгийн баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл олон тооны хагарч цууралт үүссэн дэлгэцийн дээд, доод булан хэсэгт 1 см дэлгэц нь эмтэрсэн “iphone” загварын 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Мөнхцэцэгт буцаан олгох, 1 ширхэг флаш дискийг хэрэгт нь хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байх, хэргийн зүйлчлэлийг буюу эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт үйлдлийнх нь улмаас зөрчигдсөн эрхийг сэргээсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэж обьектив байдлаар тайлбарлагдаг хууль зүйн ойлголт юм.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаар бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй учир шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч З.А-д холбогдох хэргийг хамруулаагүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөггүй, хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй” гэсэн саналыг үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар санал хэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт З-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан хохирол буюу гар утасны төлбөрт 750.000 төгрөгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бензины зардалд 625.745 төгрөг, нийт 1.375.745 төгрөгийг шүүгдэгч З.Алтантуяагаас тус тус гаргуулж, хохирогч С.Мөнхцэцэгт олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 800.000 төгрөгийг, хоолны мөнгө 40.000 төгрөг, нийт 840.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Мөнхцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох З.А-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч С.Мөнхцэцэгийн эзэмшлийн утасны өргөн 6 см, урт нь 13 см, хар өнгийн, хар дэлгэцтэй, дэлгэцийн шилэн нүүр хэсгийн баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл олон тооны хагарч цууралт үүссэн дэлгэцийн дээд, доод булан хэсэгт 1 см дэлгэц нь эмтэрсэн “iphone” загварын 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Мөнхцэцэгт буцаан олгохоор, 1 ширхэг флаш дискийг хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН