Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/03357

 

 

 

 

 

 

                                2023       07          03

                   101/ШШ2023/03357

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.У /рд:/-т холбогдох

 

16,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр “Л” ХХК-ийн захирал Т.Утай М/06 дугаар бүхий “Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний барьцаа төлбөр болгож 30,000,000 төгрөгийг гэрээнд заасан Хаан банкны ,,,,, тоот данс руу хийхээр харилцан тохиролцож байгуулсан. Барьцааны мөнгийг гэрээнд заасан данс руу өөрийн ээж болох Дашдондовын Дгийн данснаас 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн. Гэрээний хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дуусаж, түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 30,000,000 төгрөгөө гаргуулахаар шаардахад Б.Э миний хаан банкны ,,, тоот данс руу

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг,

2021  оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000

2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөгийг Т.У нь өөрийн Хаан банкны ,,, тоот дансаар хийсэн.

Түрээсийн гэрээний барьцаа болох 30,000,000 төгрөгийн үлдэгдэл 16,700,000 төгрөгийг өгөхийг Т.У-аас шаардахад “төлнө” гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөөгүй байгаа нь Б.Э миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд Т.Уаас ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээний барьцаа төлбөрийн үлдэгдэл болох 16,700,000 (Арван зургаан сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019.1.8-нд түрээсийн гэрээ байгуулсан. Улмаар барьцааг ээжийнхээ данснаас шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусаад барьцааг буцаан шаардахад 13,3 саяыг буцаан өгсөн боловч 16,7 төлнө гэсэн боловч төлөөгүй байх тул уг мөнгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь уг мөнгийг өөрөө хэрэглэсэн өөрөө төлнө гэдэг юм. Буцааж өгсөн мөнгийг өөрийнхөө данснаас төлөөд байдаг юм. 502 эхэлсэн данс Цийн данс байсан бөгөөд энэ данс уруу л түрээсийн төлбөрийг төлдөг байсан юм. Хариуцагч нь нэхэмжлэл гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.         Нэхэмжлэгч нь шүүхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02861 дүгээр захирамж /хх4/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 00714 дүгээр шийдвэр /хх5/, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн М/06 дугаар түрээсийн гэрээ /хх6-7/, Хаан банк дахь Д.Дгийн дансны хуулга /хх8/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх9-15/, төрөл садны лавлагаа /хх32/, Д.Дгийн гаргасан тодорхойлолт /хх33/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.Э нь барьцааны гэрээний зүйлийн үлдэх 16,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Т.У нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид хуралдааны товыг мэдэгдэж, хариуцагч нь хүлээн авсан талаар хариу мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Улмаар хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

3а. Түүнчлэн энэхүү байдал нь хариуцагчийг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох ёстой.

 

4.         Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түрээсийн гэрээг “Л” ХХК-тай байгуулжээ. /хх6-7/

Гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагааг байгуулсан, өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан байна.

4а. Гэрээний 3.1-д зааснаар талууд 30,000,000 төгрөг барьцаалахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр ,,, тоот дансанд нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банк дахь Д.Дгийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх8/

Уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн этгээд нь нэхэмжлэгчийн эх бөгөөд мөнгө нь нэхэмжлэгчийн өмч болох нь шүүхэд ирүүлсэн гараар бичсэн баримтаар тогтоогдож байна. /хх33/

 

5.         Барьцааны зүйл болох 30,000,000 төгрөгийг хүлээн авсан Хаан банк дахь ,,, тоот дансыг хариуцагч эзэмшдэггүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч хариуцагч нар цуг байж байгаад хариуцагчийн хэлсэн хүний данс уруу мөнгийг шилжүүлсэн” гэх агуулга бүхий тайлбараар тогтоогдож байна.

5а. Түүнчлэн Хаан банк дахь нэхэмжлэгчийн данс уруу мөнгөн хөрөнгө буцаан шилжүүлж буй ,,, тоот дансыг хариуцагч эзэмшдэг гэх үйл баримт тогтоогдоогүй боловч гүйлгээний утгыг Ulaanbaatar болон UB гэсэн байна. Гэвч хариуцагч нь барьцааны зүйлийн зарим хэсгийг буцаан шилжүүлж байгаа нь түүнд барьцааны гэрээний үүрэг үүсгэхгүй.

Мөн барьцааны зүйлийг хариуцагч авч ашигласан гэх тайлбар нотлогдоогүй.

 

6.         Эдгээр үйл баримтаас үзэхэд барьцааны зүйлийг хариуцагч хүлээн аваагүй, хариуцагч нь түрээсийн гэрээний оролцогч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгийг хүлээн авсан этгээдээс буцаан шаардах эрх нээлттэй байна.

Мөн компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн эрх, үүргийг бусдын өмнө хэрэгжүүлэхгүй.

 

7.         Нэхэмжлэгч нь зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

8.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т.Ут холбогдох 16,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.Г