Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01890

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 27 210/ШШ2023/01890

 

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/03357 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Т.*******т холбогдох,

 

16,700,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 сарын 08-ны өдөр Лове Лаят Лэнд ХХК-ийн захирал Т.*******тай М/06 дугаартай ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ байгуулсан.

Уг гэрээний барьцаа болгож 30,000,000 төгрөгийг Хаан банк ХК дахь ******* тоот дансанд хийхээр харилцан тохиролцсон. Барьцааны мөнгийг гэрээнд заасан данс руу өөрийн ээж болох Д*******агийн данснаас 2020 оны 01 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн. Гэрээний хугацаа 2021 оны 01 сарын 08-ны өдөр дуусаж, түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардахад Хаан банк ХК дахь Т.*******ын эзэмшлийн ******* тоот данснаас Б.*******ийн эзэмшлийн ******* тоот данс руу 13,300,000 төгрөгийг шилжүүлсэн.

Түрээсийн гэрээний барьцаа 30,000,000 төгрөгийн үлдэгдэл 16,700,000 төгрөгийг Т.*******аас шаардахад төлнө гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөхгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд Т.*******аас ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээний барьцааны үлдэгдэл 16,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т.*******т холбогдох 16,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, үндэслэл бүхий шийдвэр болоогүй. Учир нь анхан шатны шүүх ...Хаан банк дахь нэхэмжлэгчийн данс уруу мөнгөн хөрөнгө буцаан шилжүүлж буй ******* тоот дансыг хариуцагч эзэмшдэг гэх үйл баримт тогтоогдоогүй... гэж дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт авагдаагүй, үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт ажиллагаа дутуу байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч Т.******* нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 сарын 08-ны өдөр гардаж аваад 1 сарын хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүх хуралдаандаа ирээгүй нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгааг шүүх үнэлээгүй.

Хэдийгээр компанитай гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулагдах үед тухайн үеийн захирлаар Т.******* ажиллаж, уг гэрээнд гарын үсэг зурсан.

4.2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлээгүй.

Т.******* тухайн мөнгийг компани аваагүй, хувьдаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд төлнө гэдгээ илэрхийлдэг байсан. Т.******* өөрийн данснаас Ж.******* рүү төлбөр төлж байсан, өөрийн гэрийн хаягийг зааж өгч байсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан. Т.******* өөрийн данснаас эргэн төлөлтийг хийсэн талаар талууд маргаагүй. Маргаагүй үйл баримтыг заавал нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй.

Барьцааны гэрээ байгуулсан гэх компани Манайх төлөхгүй, Т.******* төлнө гэдэг бөгөөд Т.*******ын тухайд би төлөх ёстой гээд барьцаанд үлдсэн төлбөрийг төлж байсан үйл баримт байгаа бөгөөд энэ асуудлаар ******* маргасан бол холбогдох баримтаа гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч хүлээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч бодит үнэнд нийцсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу нөгөө тал нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн тайлбар гаргаж өгөөгүй. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасныг шүүх анхаарч үзээгүй.

Талуудын хооронд гэрээ байгуулсан ба барьцааны мөнгийг компани төлөхгүй, Т.******* төлнө гэж байгаа нөхцөлд шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж нотлох баримт, хэргийн үйл баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хэрэв хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

 

2.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан түрээсийн гэрээний барьцааны үлдэгдэх төлбөр 16,700,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3.Хэргийн нотлох баримтаас үзвэл, Лове Лаят Лэнд ХХК-ийг төлөөлж захирал Т.*******, Б.******* нар 2019 оны 01 сарын 08-ны өдөр Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Лове Лаят Лэнд ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Гэрэлт гэр цогцолборт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай М-06 дугаар байрны 30 м.кв талбайг түрээслэгч Б.*******эд эзэмшүүлж ашиглуулах, түрээслэгч Б.******* нь түрээсийн төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. .

Гэрээний дагуу түрээслэгч нь барьцааны төлбөрт 30,000,000 төгрөг түрээслүүлэгчид шилжүүлж, гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд түрээслэгч талд буцаан олгох, хэрэв гэрээний явц болон хугацааны эцэст гэрээг дүгнэхэд түрээслэгчийн буруугаас түрээслүүлэгчид хохирол учирсан бол барьцаа төлбөрөөс хохирлыг тооцон суутгаж, үлдэгдлийг буцаан олгох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх6-7/

 

3.1.Нэхэмжлэгч нь барьцааны төлбөр болох 30,000,000 төгрөгийг иргэн Д*******агийн данснаас хариуцагч Т.*******ын данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн ба хариуцагчаас 13,300,000 төгрөгийг буцаан өгсөн, Лове лаят лэнд ХХК төлөхгүй, Т.******* төлнө гэсэн тул үлдэх 16,700,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

Дээрх хэргийн нотлох баримтуудаас үзвэл талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь тодорхой бус байхад шүүх үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.******* дээрх гэрээг Лове Лаят Лэнд ХХК-тай байгуулсан ба хариуцагч Т.******* компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан байхад барьцааны зүйлийг ямар үндэслэлээр хариуцагч Т.*******аас шаардаж байгаа нь, гэрээний үүргийг хариуцагч Т.******* хэрхэн шилжүүлж авсан зэрэг нөхцөл байдал нь тодорхойгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүйн гадна дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/03357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД