Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/01296

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00964 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 46 969 277 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “А” ХХК-нь

  1.  2015 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн ЗГ00150075 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч зээлдэгч нь 2017 оны 1сарын 31-нийг дуусталх хугацаанд хүүд 7 361 666,66 төгрөг, 2018 оны 2 дугаар сард зээлийн хүүгийн төлбөрт 454 055 төгрөг, нийт зээлийн хүү 7 815 721 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд  571 666,64 төгрөгийг төлсөн. Зээл,хүүг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй, зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 12-нд дууссан тул зээлдэгчтэй хийсэн тооцоо нийлсэн акт болон 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх зээлд 10 000 000 төгрөг, хүүд 4 492 612,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 187 666,98 төгрөг нийт 15 680 279  төгрөгийг,

 

  1. 2015 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн ЗГ00150077 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан.

Зээлийн гэрээний хавсралт графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч 2015 оны 1 дүгээр сарын 31-нийг дуустал хүүд 7 280 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард хүүд  454 055 төгрөг, нийт  хүүд 7 734 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд  164 114 төгрөг төлсөн. Зээл,хүүг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй, зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дууссан.  2018 оны 3 дугаар 31-ний өдрийг хүртэл зээлд 10 000 000 төгрөг, хүүд  4 496 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 593 667төгрөг, нийт 16 086 279 төгрөгийг,

 

  1. 2015 оны 05 дугаар 19-ний өдрийн ЗГ00150080 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хавсралт графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2017 оны 4 дүгээр сарын 05-нийг дуустал  хүүд 7 968 532 төгрөг, 2018 оны 2 дугаар сард хүүд 780 722 төгрөг, нийт хүүд  8 749 054 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 164 111 төгрөг төлсөн.Гэвч үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдөр дууссан.

Иймд 2018 оны 3 дугаар 31-ний өдрийг хүртэл зээлд 10 000 000 төгрөг,хүүд 3 477 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 593 406 төгрөг, нийт 15 071 019 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Дээр дурдсан ЗГ00150075, ЗГ00150077, ЗГ00150080 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлүүлэхээр манай байгууллагын зүгээс хугацаа олгож, албан бичиг хүргүүлж, уулзалт хийсэн боловч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 46 969 277 төгрөгийг хариуцагч “Ачикон” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна Эдгээр зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, тооцоо нийлсэн актыг “Ачикон” ХХК-ийн захирал Дуламсүрэнтэй байгуулсан. Компаний эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн талаар мэдээгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлүүдийг авах болсон зорилго нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилготой байсан. Үл хөдлөх эд  хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүд хууль бус байсан учраас хууран мэхлэх үйл ажиллагаа гэж цагдаад хандсан. Шүүхээр иргэний хэрэг үүсгэгдээд одоо болтол шийдэгдээгүй явж байгаа. Төлбөр төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй. Үнэхээр орлогогүй, боломжгүй болсон. 10 000 000 төгрөг зээлсэн мөртлөө миний төлсөн 8, 9 сая төгрөгийг зөвхөн хүүд суутгаж авсан байдаг.Боломжоороо зээлээс төлөөд байхад ийм их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.Компанийн эрх өөр этгээдэд шилжсэн байгаа боловч эдгээр зээлийг О.Дуламсүрэн хариуцна гэсэн баримт О.Дуламжав бидний хооронд үйлдсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Ачикон” ХХК-иас ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9.048.520,7 төгрөгийг, ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9.537.742,4 төгрөгийг, ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8.531.742,73 төгрөгийг нийтдээ 27.118.005,83 /хорин долоон сая нэг зуун арван найман мянга таван 83/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.851.271,7 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.796,39 /гурван зуун ерөн хоёр мянга долоон зуун ерэн зургаан 39/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ачикон” ХХК-иас 293.540 /хоёр зуун ерэн гурван мянга таван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж дүгнээд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хариуцагчийн зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүд төлсөн төлбөрийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцсон, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгосон, мөн нотариатын зардалд 131 700 төгрөгийг шаардах эрхгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу төлөхёстой үлдэгдэл төлбөрийн хэмжээг баталгаажуулж, үндсэн зээл, зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ нотлох баримтыг үнэлээгүй. Иргэний хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн гэрээний 4.1.3-т зааснаар гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлийн гэрээний 5.3-д нотариатын үйлчилгээний хураамж зээлдэгч төлнө гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох нотариатын зардалд 131 700 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгчид энэ нэмэлт зардал гарахгүй байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ00150075 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 10 000 000 төгрөг, хүүд 4 492 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 187 666 төгрөг, нийт 15 680 279 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ00150077 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээлд 10 000 000 төгрөг, хүүд 4 496 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 593 667 төгрөг, нийт 16 086 279 төгрөгийг, 2015 оны 05 дугаар 19-ний өдрийн ЗГ00150080 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээлд 10 000 000 төгрөг, хүүд 3 477 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 593 406 төгрөг, нийт 15 071 019 төгрөг, нийт дүнгээр 46 969 277 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./ хх-1-2, 52 /

 

Талууд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-00150075 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй зээлсэн мөн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-00150077 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй зээлсэн, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-00150080 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй зээлсэн үйл баримт тогтоогджээ./хх-11-14, 22-24, 33-35/.

 

Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ00150075 тоот зээлийн гэрээний үүрэгт 7 361 666+454 055 төгрөг+571 666 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ00150077 тоот зээлийн гэрээний үүрэг 7 280 000+454 055+164 114 төгрөг, 2015 оны 05 дугаар 19-ний өдрийн ЗГ00150080 тоот зээлийн гэрээний үүрэгт 7 968 532+780 722 төгрөг+164 111 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Талуудын хоорондын зээлийн гэрээний хугацаа дууссанд, зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаад маргаангүй байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээнүүдийн үүрэгт хариуцагч хэдэн төгрөг төлөх ёстой буюу үүргийн хэмжээний хувьд, мөн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй эсэхэд талууд маргаж байна.

 

Хэдийгээр хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй ч мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дараалалтай юм. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээ болгоныг дээрх хуулийн заалтад нийцүүлэн бодолт хийсэн нь хуулийн хэрэглээний хувьд болон тооцооллын хувьд шалгаж үзэхэд зөв болжээ.

 

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр акт үйлдсэн. Уг актаар 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж уг хугацаанаас хойш хариуцагч 5 354 054 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын18-ны өдрийн ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болж, уг хугацаанаас хойш хариуцагч 5 961 499 төгрөгийг, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болж, уг хугацаанаас хойш 6 976 499 төгрөг тус тус төлөгдсөн. /хх-18, 29, 41/.

 

Гэрээний хугацаанд болон хугацаа хэтрүүлэн төлсөн нийт төлбөрийн хэмжээний хувьд талууд маргаагүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг нэхэмжлэгч зөрчиж зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 12, 18, 19-ний өдрөөс хойш төлсөн төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцож авсан нь үндэслэлгүй болжээ.

 

Анхан шатны шүүхээс хийсэн зээл төлөлтийн талаарх бодолтыг шалгаж үзэхэд зээлийн гэрээ тус бүр адил хугацаатай, гэрээний зүйлийн хэмжээ адилхан буюу 10 000 000 төгрөг х 42%= 4 200 000 /нэг жилийн хүү/ :12 сард= 350 000 /нэг сарын хүү/ : 30/хоногт/ =11 666 /нэг өдрийн хүү/ төгрөг гэж гаргасан нь зөв байна.

 

ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш төлсөн 5 354 055 төгрөгийг үндсэн зээл 10 000 000 төгрөгөөс хасахад 4 645 945 төгрөг нь зээлийн үүрэгт үлдэх юм. Тухайн зээлийн гэрээт хугацааны хүүд 12 сарын хугацаа буюу 2015 оны 5 сарын 12-ны өдрөөс 2016 оны 5 сарын 12-ны өдрийг хүртэлх хуанлийн 367 хоногоор / нэг өдрийн хүү 11 666 төгрөгийг үржүүлж үзэхэд 12 сарын зээлийн хүүд 4 281 422 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлсөн 3 033 333  төгрөгийг хасч  тооцоход 1 248 088 төгрөг гарч байна. Талууд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон хугацаа хэтрүүлсэн 1 352 хоногт  3 154 486 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү гарч нийт үүргийг 9 048 520 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлсөн 5 961 499 төгрөгийг үндсэн зээл 10 000 000 төгрөгөөс хасч 4 038 500  төгрөгийн зээл үлдсэн, мөн хүүд 2 344 755,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 154 486 төгрөг, нийт үүрэг 9 537 742,4 төгрөг гэж зөв тодорхойлсон.

 

ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 6 976 499 төгрөгийг үндсэн зээл 10 000 000 төгрөгөөс хасахад 3 023 501 төгрөг үндсэн зээлд үлдсэн, хүүд 2 353 755 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 154 486 төгрөг нийт 8 531 742 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тодорхойлсныг зөв гэж үзнэ. Нийт А” ХХК-иас

ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9 048 520,7 төгрөгийг,

ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9 537 742,4 төгрөгийг,

ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8 531 742,73 төгрөгийг нийтдээ 27 118 005,83 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс 19 851 271,7 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД