Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/00964

 

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/00964

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч.................... хаягт байрлах, ЭДКББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч .......................... хаягт байрлах, “АИ” ХХК-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 46.969.277.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, түүний өмгөөлөгч Г.Б/…..../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “АИ” ХХК-ний захирал О.Д нь 2015-05-11-ний өдөр зээл авах хүсэлтээ илэрхийлж ирж уулзан зээл хүссэн өргөдөл болон зээл авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ирж нийт 3 зээлийн гэрээ байгуулж зээл авсан. 2015-05-12-ний өдрийн ЗГ00150075 тоот зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Уг зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч зээлдэгч нь 2017-01-31-нийг дуусталх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 7.361.666,66 төгрөг, 2018 оны 2 дугаар сард зээлийн хүүгийн төлбөрт 454.055 төгрөг, нийт зээлийн хүү 7.815.721 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 571.666,64 төгрөгийг тус тус төлсөн. Гэвч үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй, зээлийн хугацаа 2016-05-12-ны өдөр дууссан тул зээлдэгчтэй хийсэн тооцоо нийлсэн акт болон 2018-03-31-ний өдрийг хүртэлх үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4.492.612,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.187.666,98 төгрөг нийт 15.680.279,32 төгрөгийг,

2015-05-18-ний өдрийн ЗГ00150077 тоот зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хавсралт графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2015 оны 1 дүгээр сарын 31-нийг дуустал зээлийн хүүгийн төлбөрт 7.280.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард зээлийн хүүгийн төлбөрт 454.055 төгрөг, нийт зээлийн хүүд 7.734.055 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 164.114 төгрөг төлсөн байна. Гэвч үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул зээлдэгчтэй хийсэн тооцоо нийлсэн акт болон 2018 оны 3 дугаар 31-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4.496.612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.593.667,07 төгрөг, нийт 16.086.279,07 төгрөгийг,

2015 оны 05 дугаар 19-ний өдрийн ЗГ00150080 тоот зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хавсралт графикийн дагуу зээл, зээлийн хүүг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2017 оны 4 дүгээр сарын 05-нийг дуустал зээлийн хүүгийн төлбөрт 7.968.532,78 төгрөг, 2018 оны 2 дугаар сард зээлийн хүүгийн төлбөрт 780.722 төгрөг, нийт зээлийн хүү 8.749.054,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 164.111 төгрөг төлсөн байна.

Гэвч үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг биелүүлээгүй зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдөр дууссан тул зээлдэгчтэй хийсэн тооцоо нийлсэн акт болон 2018 оны 3 дугаар 31-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.477.612,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.593.406,81 төгрөг, нийт 15.071.019,14 төгрөгийг тус тус нэхэмжлэж байна. Дээр дурдсан ЗГ00150075, ЗГ00150077, ЗГ00150080 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлүүлэхээр манай байгууллагын зүгээс хугацаа олгож, албан бичиг хүргүүлж, уулзалт хийсэн боловч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 46.969.277,53 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр фидуцийн гэрээгээр хэдэн автомашин байгаа боловч өмчлөл нь манай компанид дээр бүртгэгдсэн эзэмшил нь автомашины эздэд ашиглагдаж байгаа. Мөн А ХХК-ийн захирал О.Д эдгээр машинууд өөр өөр хүмүүсийнх учир өгөхгүй гэсэн нөхцөл байдал үүссэний улмаас 2018 оны 4 сард тооцоо нийлж гарын үсэг зурсан. Эцсийн байдлаар шийдэлд хүрээд явж байсан. Манай зүгээс 6 сарын хугацаа өгсөн боловч хугацаа богино байна 1 жилийн хугацаа хэрэгтэй гэж ярьсан. Эдгээр зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, тооцоо нийлсэн актыг А ХХК-ийн захирал Д-тэй байгуулсан. Компаний эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн талаар мэдээгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлүүдийг авах болсон зорилго нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилготой байсан. Тэр нь маргаантай бөгөөд гэрээнүүд нь хууль бус байсан учраас хууран мэхлэх үйл ажиллагаа гэж цагдаад хандсан. Шүүхээр иргэний хэрэг үүсгэгдээд одоо болтол шийдэгдээгүй явж байгаа. Төлбөр төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй. Үнэхээр орлогогүй, боломжгүй болсон. Би нэг ч удаа төлөхгүй гэж эсэргүүцэж байгаагүй, найз нөхдийн харилцаагаа сахихын тулд 10 000 000 төгрөг зээлсэн мөртлөө миний төлсөн 8, 9 сая төгрөгийг зөвхөн хүүнд суутгаж авсан байдаг. Надад орлого алга, хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг ч төлөх боломжгүй түрээсийн байранд амьдарч байна. Боломжоороо зээлээс төлөөд байхад ийм их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний хугацаа сунгаж өгөөч гэж амаар хэлж байсан боловч хүлээж аваагүй. Компанийн эрх өөр этгээдэд шилжсэн байгаа боловч эдгээр зээлийг О.Д хариуцна гэсэн баримт О.Д бидний хооронд үйлдсэн. Зээлийн гэрээ байгуулагдсан үеэс хойш төлсөн төлөлтийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлөөгүй тул би зөвшөөрөхгүй өнөөдрийг хүртэл маргаж байна. Би Ланд 200 автомашинаа тавиад ямар ч зарж борлуулах шаардлаггүй байхад шахалтад орж 65 000 000 төгрөгөөр зарж энэ дүнгээр тодорхой хэмжээний төлөлтийг хаасан. Би 8 машин барьцаалж зээл авсан. Эвлэрэх гэхээр хугацаа бага учир надад боломжгүй байна. Хан-Уул дүүргийн шүүх дээр явагдаж байгаа тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр гартал зээл төлөх боломжгүй. Тэр хэрэг 3 жил болж байна. Үнийн дүн нь өндөр болохоор хойшлоод байдаг гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК нь хариуцагч “АИ” ХХК-д холбогдуулан 2015 онд ЗГ-00150075, ЗГ-00150077, ЗГ-00150080 дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 46.837.577,53 төгрөгийг, нотариатын зардалд 131.700 төгрөгийг нийт 46.969.277,53 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК-нийг төлөөлөх бүрэн эрхийг 2019-03-22-ны өдрийн 19/23 тоот албан бичгээр П.Эд хоёр жилийн хугацаатай, хариуцагч “АИ” ХХК-нийг төлөөлөх бүрэн эрхийг 2019-04-22-ны өдрийн 04/22-1 тоот албан бичгээр О.Д -д гурван жилийн хугацаатай тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь автомашин барьцаалсан зориулалтын зээл авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчтай байгуулсан ЗГ-00150075, ЗГ-00150077, ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний үүрэг шаардсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй болно.

 

Талуудын хооронд буюу нэхэмжлэгч, хариуцагч, С.Б нарын хооронд 2015-05-12-ны өдөр ЗГ-00150075 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Ф-00150045 дугаартай фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр АХХК-нд 10.000.000 төгрөгний зээлийг автомашин барьцаалсан зээлийн зориулалтаар, 12 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй, зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн үнийн дүнгээс 0,5 хувиар төлөхөөр харилцан тохирсон байна /хх-11-13/.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хамтран зээлдэгч С.Б өмчлөлийн Toyota crown маркийн, ….. УНГ улсын дугаартай,…........арлын дугаартай, хар өнгийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж /хх-14-15/ тухайн эд хөрөнгө 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл хийгдсэн байна /хх-17/.

 

Мөн талуудын хооронд 2015-05-18-ны өдөр ЗГ-00150077 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Ф-00150046 дугаартай фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр АХХК-нд 10.000.000 төгрөгний зээлийг автомашин барьцаалсан зээлийн зориулалтаар, 12 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй, зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн үнийн дүнгээс 0,5 хувиар төлөхөөр харилцан тохирсон байна /хх-22-24/.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон О.Д гийн өмчлөлийн Toyota estima маркийн, ….... УНМ улсын дугаартай,…..... арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж /хх-25-26/ тухайн эд хөрөнгө 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл хийгдсэн байна /хх-27-28/.

 

Мөн талуудын хооронд 2015-05-19-ний өдөр ЗГ-00150080 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Ф-00150047 дугаартай фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр АХХК-нд 10.000.000 төгрөгний зээлийг автомашин барьцаалсан зээлийн зориулалтаар, 12 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй, зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн үнийн дүнгээс 0,5 хувьиар төлөхөөр харилцан тохирсон байна /хх-33-35/.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон О.Д-гийн өмчлөлийн Hyundai starex маркийн, ….... …. улсын дугаартай,….... арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж /хх-36-37/ тухайн эд хөрөнгө 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл хийгдсэн байна /хх-38-39/.

 

Нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа 2015-05-12-ны өдөр ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүү 4.492.612,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.187.666,98 төгрөг нийтдээ 15.680.279,32 төгрөгийг, 2015-05-18-ны өдрийн ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүү 4.492.612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.593.667,07 төгрөг нийтдээ 16.086.279,07 төгрөгийг, 2015-05-19-ний өдрийн ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүү 3.477.612,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.593.406,81 төгрөг нийт 15.071.019,14 төгрөг дээрх гурван зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийтдээ 46.837.577,53 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

 

Хариуцагч зээл авсан болохоо хүлээн зөвшөөрч тухайн зээлийг зориулсан өөр маргаан анхан шатны шүүхээр шийдэгдээгүй байгаа тул тэр маргааныг хэрхэн шийдвэрлэсний дараа уг зээлийг төлж барагдуулах эсэх асуудал шийдэгдэнэ, мөн боломжоороо төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй хэт их хэмжээний зээлийн төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд автомашин барьцаалсан зээлийн зориулалт бүхий ЗГ-00150075, ЗГ-00150077, ЗГ-00150080 тоот зээлийн гэрээнүүд 2015 оны 05 дугаар сарын 12, 18, 19-ний өдрүүдэд байгуулагдаж, нийт 30.000.000 төгрөгийг гэрээ тус бүрийн хугацаа 12 сар, гэрээ тус бүрийн нэг сарын хүү 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй байхаар тус тус харилцан тохирчээ. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу 30.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, зээлийн гэрээний 3.2.3-т зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 2.1.4-т гэрээний хугацаа 12 сар ба гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016-05-12, 2016-05-18, 2016-05-19-ний өдөр тус тус дууссан байна.

 

Зохигчийн 2019-01-21-ний өдрийн төлбөрийг баталгаажуулах тухай актанд дурдсанаар 2015-05-12-ны өдрийн ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний хугацаа 2016-05-12-ны өдөр дуусгавар болсон байхад түүнээс хойш 5.354.054,97 төгрөгийг, 2015-05-18-ны өдрийн ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний хугацаа 2016-05-18-ны өдөр дуусгавар болсон байхад түүнээс хойш 5.961.499,33 төгрөгийг, 2015-05-19-ний өдрийн ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний хугацаа 2016-05-19-ний өдөр дуусгавар болсон байхад түүнээс хойш 6.976.499 төгрөгийг тус тус төлсөн байна /хх-18, 29, 41/.

 

Түүнчлэн зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу зээлдэгч нь нийтдээ 30.000.000 төгрөгийг хүлээн авсан болон уг зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, хариуцагч нь ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний үүрэгт 2015-05-31-ний өдрөөс 2018-03-31-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.387.388,30 төгрөгийг /хх-18/, ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний үүрэгт 2015-05-19-ний өдрөөс 2018-03-31-ний өдрийг хүртэлх хугацаанд 7.898.166 төгрөгийг /хх-29/, ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний үүрэгт 2015-05-19-ний өдрөөс 2018-03-31-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.913.165,67 төгрөгийг /хх-41/ тус тус төлсөн талаар зохигчийн хооронд 2019-01-21-ний өдөр байгуулсан төлбөр баталгаажуулах тухай актын талаар зохигчид маргаагүй болно.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан хэдий ч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг нэхэмжлэгч зөрчиж зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 12, 18, 19-ний өдрөөс хойш төлсөн төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцож авсан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, ...татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1.3-т зааснаар гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөхөөр тохирсон байна.

 

Зээлийн гэрээ тус бүр нэг сарын хугацаатай, гэрээний зүйл нь 10.000.000төгрөг х42%= 4.200.000 /нэг жилийн хүү/ :12 сард= 350.000 /нэг сарын хүү/ : 30/хоногт/ =11.666 /нэг өдрийн хүү/ төгрөг байна.

 

Нэмэгдүүлсэн хүү нь төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцох, зээлийн үндсэн хүү нь гэрээний ерөнхий хугацаа дууссан өдрөөс хойш гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үлдэгдлээс тооцож буй хүүг гэж гэрээнд тодорхойлсон тул 10.000.000х42%=4.200.000 х20%=840.000 :367=2.289 төгрөг нэг өдрийн нэмэгдүүлсэн хүү байна.

 

Иймд нэхэмжлэгч хуульд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан

1. ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш төлсөн 5.354.055 төгрөгийг үндсэн зээл 10.000.000 төгрөгөөс хасаж тооцход 4.645.945 төгрөгийг үндсэн зээлд,

гэрээний 12 сарын хугацаа 2015-05-12-ны өдрөөс 2016-05-12-ны өдрийг хүртэлх хуанлийн 367 хоног байх тул нэг өдрийн хүү 11.666 төгрөгөөр тооцоход 12 сарын зээлийн хүүд 4.281.422 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд буюу 2016-05-31-ний дотор төлсөн 3.033.333,33 төгрөгийг хасаж тооцоход 1.248.088,67 төгрөгийг зээлийн хүүд,

зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцоход гэрээний үүргийг эргэн төлөх хуваарийн дагуу 2015 оны 05-р сарын 31-ний өдрөөс хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа нь 1352 хоног байх тул 2289 /нэг өдрийн нэм/хүү/20 20%=2333,2 төгрөгөөр тооцоход нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.154.486,4 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд дээрх зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 9.048.520,7 төгрөгийг,

2. ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлсөн 5.961.499,33 төгрөгийг үндсэн зээл 10.000.000 төгрөгөөс хасаж тооцоход 4.038.500,67 төгрөгийг үндсэн зээлд,

гэрээний 12 сарын хугацаа 2015-05-18-ны өдрөөс 2016-05-18-ны өдрийг хүртэлх хуанлийн 367 хоног байх тул нэг өдрийн хүү 11.666 төгрөгөөр тооцоход 12 сарын зээлийн хүүд 4.281.422 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд буюу 2016-05-31-ний дотор төлсөн 1.936.666,67 төгрөгийг хасаж тооцоход 2.344.755,33 төгрөгийг зээлийн хүүд,

зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцоход гэрээний үүргийг эргэн төлөх хуваарийн дагуу 2015 оны 05-р сарын 31-ний өдрөөс хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа нь 1352 хоног байх тул 2289 /нэг өдрийн нэм/хүү/20 20%=2333,2 төгрөгөөр тооцоход нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.154.486,4 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус төлөх үүрэгтэй бөгөөд дээрх зээлийн гэрээний үүрэгт нийтдээ  9.537.742,4 төгрөгийг,

3. ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлсөн 6.976.499 төгрөгийг үндсэн зээл 10.000.000 төгрөгөөс хасаж тооцоход 3.023.501 төгрөгийг үндсэн зээлд,

гэрээний 12 сарын хугацаа 2015-05-19-ний өдрөөс 2016-05-19-ний өдрийг хүртэлх хуанлийн 367 хоног байх бөгөөд үүнийг нэг өдрийн хүү 11.666 төгрөгөөр тооцоход 12 сарын зээлийн хүү 4.281.422 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд буюу 2016-05-31-ний дотор төлсөн 1.927.666,67 төгрөгнөөс хасаж тооцоход 2.353.755,33 төгрөгийг зээлийн хүүд,

зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцоход гэрээний үүргийг эргэн төлөх хуваарийн дагуу 2015 оны 05-р сарын 31-ний өдрөөс хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа нь 1352 хоног байх тул 2289 /нэг өдрийн нэм/хүү/20 20%=2333,2 төгрөгөөр тооцоход нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.154.486,4 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус төлөх үүрэгтэй бөгөөд дээрх зээлийн гэрээний үүрэгт нийтдээ  8.531.742,73 төгрөгийг тус тус төлөхөөр байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримт материалыг нотариатаар гэрчлүүлсэн зардалд 131.700 төгрөгийг шаардсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлохоор нотлох баримт бүрдүүлэх нь түүний хуулиар хүлээсэн үүрэг тул нотариатын зардалд 131.700 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч А ХХК-иас

ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9.048.520,7 төгрөгийг,

ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9.537.742,4 төгрөгийг,

ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8.531.742,73 төгрөгийг нийтдээ 27.118.005,83 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.851.271,7 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний хамтран зээлдэгч

С.Б өмчлөлийн Toyota crown маркийн, …. УНГ улсын дугаартай,…......арлын дугаартай, хар өнгийн автомашиныг,

О.Д гийн өмчлөлийн Toyota estima маркийн, …...УНМ улсын дугаартай, …... арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн автомашиныг,

О.Д гийн өмчлөлийн Hyundai starex маркийн, ….. УНТ улсын дугаартай, ….... арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн автомашиныг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж тухайн эд хөрөнгүүд нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК-ний өмчлөлд бүртгэгдэж, дээрх автомашинууд хариуцагч А ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшил, ашиглалтад байгаа талаар зохигчид тайлбарлаж маргаагүй боловч нэхэмжлэгч тал барьцааны зүйлийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч А ХХК-ний захирал О.Д гарын үсэг зурсан боловч хариуцагчийн гаргасан баримтаар О.Д нь компанийн эрх шилжүүлэх 2017-11-14-ний өдрийн гэрээгээр А ХХК-нийг О.Д шилжүүлж, 2017-11-28-ны Ачикон ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээнд О.Д захиралаар томилсон бүртгэл хийгдсэн байх боловч /хх-54-57/ хариуцагч АХХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэлийг 2019-04-16-ны өдрийн итгэмжлэлээр О.Д д олгосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 392.796,39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХХК-иас 293.540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч А-ХХК-иас ЗГ-00150075 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9.048.520,7 төгрөгийг, ЗГ-00150077 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9.537.742,4 төгрөгийг, ЗГ-00150080 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8.531.742,73 төгрөгийг нийтдээ 27.118.005,83 /хорин долоон сая нэг зуун арван найман мянга таван 83/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.851.271,7 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.796,39 /гурван зуун ерөн хоёр мянга долоон зуун ерэн зургаан 39/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХХК-иас 293.540 /хоёр зуун ерэн гурван мянга таван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭДКББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Д.ЯНЖИНДУЛАМ