Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2023/00322

 

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2023/00322

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* банк ХХК /РД: 2698072/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 баг, 1 хэсэг 054 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвсүрэнгийн ******* /РД: МЭ76061816/-д холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 156,019.312 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр, А.Тэмүүлэн /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* банк нь зээлдэгч П.*******тай байгуулсан 2019 оны 04 сарын 22-ны өдрийн ЗГ/80 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу 93,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П.******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000855 дугаартай Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 3 багийн нутаг Номтын амралтад орших хаягтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт барьцаалуулж 2019 оны 04 сарын 22-ны өдрийн БГ/80 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцаануудыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. П.******* нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2019 оны 90 сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 4 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүд 6,134,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 194,000 төгрөг, нийт 6,328,165 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна. Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэг ч бодиттой төлөлт огт хийгээгүй юм. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 93,000,000 төгрөг, зээлийн хүүнд 60,371,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,647,636 төгрөг нийт 156,019,312 төгрөгийг тус тус банкинд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул...дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 22-ны өдрийн ЗГ/80 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 93,000,000 төгрөг, зээлийн хүүд 60,371,676 өгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,647,636 төгрөг, нийт 156,019,312 төгрөгийг төлүүлэх,

2. талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 22-ны БГ/80 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-130100855 дугаартай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг гарын хамт худалдан борлуулах замаа зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* банк зээлээ төлөх шаардлага тавиагүй гэж байна. *******тай зээл төлөх шаардлагын дагуу утсаар холбогдож, уулзаж ярьсан. Зээл төлүүлэх арга хэмжээ авсан хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байна. Материал байхгүй болохоор гүтгэж болохгүй. ******* банкны Сэлэнгэ салбар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан салбар руу шилжсэн. Явахаасаа өмнө харилцагч нартаа мэдэгдсэн. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ салбар дээр очиж харилцагч нартайгаа уулзаж мэдэгдэл хүргүүлсэн. Хэргийн материалд гаргаж өгөөгүй байна. ******* өөрөө шүүх хуралдаанд оролцохгүй байгаа нь шүүхийг үл хүндэтгэж хариуцлагаа биелүүлэхгүй байна. Зээлийн хүүгийн хувьд хэрэглээний зээл дээр хүү хойшлуулах зүйл байгаа учраас бусад бүх зээлд хүү болон нэмэгдүүлсэн хүүгээ төлөх ёстой, хөнгөлөх боломжгүй. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Гэрээр цуцалсан асуудал байхгүй. Хариуцагчийн төлсөн 6,000,000 төгрөг төлбөрийн хуваарийн дагуу үнсэн зээлээс төлөгдөөгүй, зээлийн хүүгээс хасаж тооцсон. Зээлээ төлөхийг мэдэгдсэн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байгаа. Дархан салбарын банканд зээлийн материалд бол мэдэгдсэн баримт байгаа. *******тай уулзаж байсан. Барьцаа хөрөнгийг зараад өгөөч гэж хэлээд худалдан борлуулах хүмүүстэй нь уулзаж өгч байсан. Хамтран хариуцагч нь Солонгос улс руу явсан учраас хариуцагчаас татгалзсан гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар хөөн хэлэлцэх хугацаа нь зээлийн гэрээ дууссан цагаас гэдгийг тодорхойлохгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сард дуусна. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн учир шүүхэд хандсан. Зээлийг авсан хугацаанд нь төлөх үүрэгтэй. Цар тахлаас болж улс орон даяар хэцүү байсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд зээлдэгч хүсэлт гаргавал нэмэгдүүлсэн хүүг тооцуулахгүй байх тухай хүсэлтийг Засгийн газар болон Монгол банк гаргасан байдаг. Зээлдэгч ******* нь ямар нэг хүсэлт гаргаж хандсан асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон, үүнээс хойш нэмэгдүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй болохоор үнэхээр зээлээ төлөхгүй юм байна гээд шууд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мэдэгдэл хүргүүлсэн баримт банканд байгаа юм байна, үүнийг шүүхэд хүргүүлэх шаардлагатай юм байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байна. Тиймээс гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Зээлээ авсан хугацаанд зөрчил үүсгэсэн бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Төлөхгүй байх үндэслэлгүй байгаа тул нийтдээ 156,019,312 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэх.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 27 дугаар тал/: ...******* банкнаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбар гаргаж байна. Миний зүгээс тус банкнаас 2019 оны 04 сарын 22-ны өдөр 93,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Улмаар зээлнээсээ хугацаандаа 6 сая гаруй төгрөг төлөөд явж байтал коранавирус халдварт өвчин дэлхий даяар гарч хатуу хөл хорио тогтоосон. Дээрх зээлийг өөрийн нэр дээр байдаг Сэлэнгэ аймгийн Номт амралтын газраа засвар өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан бөгөөд энэ нь хөл хорио тогтоогдсоноор амралтын газар ажиллах боломжгүйд хүрсэн. Нэхэмжлэгч банкнаас энэ хугацаанд над руу огт холбоо тогтоож байгаагүй, ба тус зээлийг авсан Сэлэнгэ аймгийн салбар нь хаагдаж хариуцах хүнгүй болсон. Миний хувьд Монгол улс даяар хатуу хөл хорио тогтоогдсон учраас зээлийн хүү тодорхой хугацаанд зогссон гэж ойлгосон. Энэ талаар лавлах гэхээр салбар үргэлж хаалттай байдаг байсан. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан хүүнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

******* банкны шүүхэд гаргасан ... хариуцагч П.*******аас 2019 оны 04 сарын 22-ны өдрийн ЗГ/80 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлд 93 сая төгрөг, хүүнд 60 371 676 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,647,636 төгрөг, нийт 156,019,312 төгрөг гаргуулах, мөн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн БГ/80 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-1301000855 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч ******* банк ХХК- нь хариуцагч П.*******, М.******* нартай харилцан тохиролцож дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан ба талууд уг зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан хийгээд хүчин төгөлдөр эсэх, мөн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, түүний хэмжээ, тооцоолол зэрэг дээр маргаангүй байна.

Дээрх маргааны үйл баримт нь хавтаст хэргийн 1-18, 27, 59, 83-86, 105 дугаар талд авагдсан нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 04 сарын 22-ны өдрийн ЗГ/80 тоот зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн БГ/80 тоот барьцааны гэрээ, зээлийн тооцооны хуудас, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу газрын гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байхаас гадна, хариуцагч П.*******ын бичгийн тайлбар /хавтаст хэргийн 27 дугаар тал/ -т ...93 сая төгрөгийн зээл авсан нь үнэн, уг зээлээс 6,000,000 төгрөг төлсөн, ... халдварт өвчин гарч зээл, хүү төлөх боломжгүй байгаа тул хүүнээс чөлөөлж өгнө үү гэх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 156,019,312 төгрөг нь дээрх нэхэмжлэлээс өмнө хариуцагчийн төлсөн гэх 6,328,165 төгрөгийг хасаад уг хугацаанаас хойших үндсэн зээл хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэл бүхий гэж үзнэ.

Харин хариуцагч нь хавтаст хэргийн 60-82 дугаар талд авагдсан ковидтой холбоотой аймгийн засаг даргын захирамжуудыг үндэслэн зээлийн хүүнээс чөлөөлүүлэх тайлбар өгч байгаа боловч энэ нь түүнийг зээлийн гэрээний хариуцлага / хүүгээс чөлөөлөх / -аас чөлөөлөх гэрээнд заасан үндэслэл болохгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс ... иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасны дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх боловч талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний хугацаа 60 сар буюу 2024.04.20-нд дуусахаар байхаас гадна, нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэл, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, зээл, зээлийн хүүгээс зохих хэмжээгээр төлж байсан зэрэг нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар зээлдүүлэгч банк нь зээлийн гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс шаардах, зээлдэгч нь буцааж төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар .. үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах, ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар ...барьцаалагч нь барьцаалуулагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Иймд хэргийн 12 -18 дахь талд авагдсан барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч хамтран зээлдэгч М.Болор-Эрдэнийг хариуцагчаар татахаас татгалзах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг дурдвал зохино. /хавтаст хэргийн 29,44-45/

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,247 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагч Пүрэвсүрэнгийн *******аас үндсэн зээлд 13,000,000 төгрөг, зээлийн хүүд 60,371,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,647,636 төгрөг, нийт 156,019,312 төгрөг гаргуулж ******* ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 3 дугаар баг, номтын амралтад байрлалтай 25 мкв 3 ширхэг, 104 мкв, 13 мкв 10 ширхэг, 14 мкв 2 ширхэг амралтын зориулалттай гэрчилгээний 000401465, улсын бүртгэлийн Ү-1301000855 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эзэмших эрхтэй, 000459698 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн 170102971 дугаартай 4 га Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 3 баг, Номтын аманд байрлах газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,247 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг 1,008,247 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л. ЭНХТАЙВАН