Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00031

 

 

******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХ,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 156,019,312 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 Хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 22-ны өдрийн ЗГ/80 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 93,000,000 төгрөг, зээлийн хүүд 60,371,676 өгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,647,636 төгрөг, нийт 156,019,312 төгрөгийг төлүүлэх,

 2. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 22-ны тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-130100855 дугаартай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг гарын хамт худалдан борлуулах замаа зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...

.... ******* нь эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай Сэлэнгэ аймаг ******* сум 3 багийн нутаг ******* амралтад орших хаягтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт барьцаалуулж 2019 оны 04 сарын 22-ны өдрийн тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцаануудыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2019 оны 90 сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 4 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүд 6,134,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 194,000 төгрөг, нийт 6,328,165 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна... гэжээ

 Хариуцагч хариу тайлбартаа:

 ...******* ******* *******наас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбар гаргаж байна. Миний зүгээс тус *******наас 2019 оны 04 сарын 22-ны өдөр 93,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Улмаар зээлнээсээ хугацаандаа 6 сая гаруй төгрөг төлөөд явж байтал коранавирус халдварт өвчин дэлхий даяар гарч хатуу хөл хорио тогтоосон. Дээрх зээлийг өөрийн нэр дээр байдаг Сэлэнгэ аймгийн Номт амралтын газраа засвар өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан бөгөөд энэ нь хөл хорио тогтоогдсоноор амралтын газар ажиллах боломжгүйд хүрсэн. Нэхэмжлэгч *******наас энэ хугацаанд над руу огт холбоо тогтоож байгаагүй, ба тус зээлийг авсан Сэлэнгэ аймгийн салбар нь хаагдаж хариуцах хүнгүй болсон. Миний хувьд Монгол улс даяар хатуу хөл хорио тогтоогдсон учраас зээлийн хүү тодорхой хугацаанд зогссон гэж ойлгосон. Энэ талаар лавлах гэхээр салбар үргэлж хаалттай байдаг байсан. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан хүүнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагч Пүрэвсүрэнгийн Энхжаргалаас үндсэн зээлд 13,000,000 төгрөг, зээлийн хүүд 60,371,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,647,636 төгрөг, нийт 156,019,312 төгрөг гаргуулж ******* ******* ХХК-нд олгож,

 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, номтын амралтад байрлалтай 25 мкв 3 ширхэг, 104 мкв, 13 мкв 10 ширхэг, 14 мкв 2 ширхэг амралтын зориулалттай гэрчилгээний *******, улсын бүртгэлийн *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эзэмших эрхтэй, гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай 4 га Сэлэнгэ аймаг ******* сумын 3 баг, ******* аманд байрлах газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,247 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг 1,008,247 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

 ******* ******* *******ны нэхэмжлэлтэй *******д холбогдох 156.019.312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс гомдол гаргаж байна.

1.Тус *******наас 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 93.000.000 төгрөгийг зээлсэн ба 4 сарын төлөлт хийгээд явж байхад Коронавирус халдварт өвчин гарч хөл хорио тогтоосноор Сэлэнгэ аймгийн Номтод үйл ажиллагаа явуулдаг амралтын газар зогсонги байдалд орсноор зээлээ төлж чадахгүйд хүрсэн.

Учир нь дээрхи зээлийг авах болсон үндэслэл нь гэрээнд зааснаар амралтын газрын засвар өргөтгөлд зарцуулаад буцаад ашиг олж өгөх зорилготой байсан нь тухайн үеийн өвчний гамшгаас болж 2 жил гаруй хугацаанд зогссон. Иймд надаас шалтгаалаагүй асуудлаас болж бизнессийн үйл ажиллагаа зогссон тул энэ үеийн хүүг хасаж тооцож өгнө үү.

2.Нэхэмжпэгч нь нэхэмжлэлдээ өр төлбөр төлөхийг зээлдэгчид 10 гаруй удаа мэдэгдсэн гэж байгаа боловч энэ талаар хэрэгт огт баримт байхгүйг шүүх анхаарч үзээгүй, хариуцагч болон нэхэмжлэгч нар нь энэ талаар удаа дараа шүүхийн хэлэлцүүлэгт маргасан боловч энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Учир нь нэхэмжлэгч байгууллагаас огт зээлийн төлөлт хийхийг мэдэгдээгүй, сануулаагүй, хугацаа олгоогүй байж 3 жил өнгөрсний дараагаар 60.371.676 төгрөгийг шүүхэд шууд нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т ...Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно.Энэ хугацаанд үүргээ ахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл энэ эрхээ нэхэмжлэгч байгууллага хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т...Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийг тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтэрсэн гэж үзнэ, 224 дүгээр зүйлийн 224.1-т ...энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаас хугацаа хэтрүүсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй...224.2.3-т...мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан.

Мөн Банк, эрх бүхийхуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т ...Зээлийн гэрээнд дараахи зүйлийг тусгана...20.2.10-т ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах нөхцөл..ийг тусгана гэж заасныг зөрчиж гэрээ байгуулсан ба энэ илт хариуцагчид хохиролтой гэрээ гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжпэгч байгууллага нь хариуцагчийн бизнессийн үйл ажиллагаа зөрчигдсөн байхад гэрээг цуцлахгүйгээр хүү тооцох хугацааг санаатайгаар үргэлжлүүлж байгаа нөхцөл хэргээс харагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

3.Нэхэмжпэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

 Анх зээлийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авсан ба нэхэмжлэлийг шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75.2 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа дууссан байна. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2024.04.20-нд дуусахаас гадна хариуцагч нь зээлийн хүүг зохих хэмжээгээр төлж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно... гэжээ. Хэдийгээр гэрээний үүрэг 2024 оны 04 сарын 22-ны өдөр дуусахаар боловч 2019 оны 08 сарын 22-ны өдрөөс зээлийг төлөөгүй учраас энэ хугацаанаас нэхэмжлэгч байгууллагад шаардах эрх үүссэн гэж ойлгож байна. Үүнээс хойш хариуцагчаас өөр ямар нэгэн байдлаар хүү болон төлбөр төлөөгүй болно.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаартай шийдвэрт еөрчлөлт оруулж үндсэн хүү 60.371.676 төгрөгийг хасаж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2 жилийн хугацаанд тооцсон хүү хасаж өгөөч гэсэн гомдол гаргасан. Тус хуульд улс даяар шийдсэн асуудал байхгүй тул Мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулиар хүүг тооцох нь зүйтэй. Хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээ дууссанаас хойш 3 жил байдаг. Зээлдэгчтэй холбогдож байсан. Энхжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, өмнө нь удаа дараа хойшлуулж байсан. Банкны тайлбар үндэслэлтэй. Банкны зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******д гүйцэтгэх хуудаснууд өгч байсан талаар баримт хавтаст хэрэгт байгаа. ******* амралтыг зараад өгөөч гэж хэлсний дагуу зургийг нь дарж байсан, уулзаж байсан баримтууд байгаа. Үндсэн зээл 93 сая хүү 60 сая нийт 153 сая байгаа. Шийдвэрийг хэврээр үлдээх саналтай байна гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* ******* *******ны Сэлэнгэ аймаг дахь салбар хариуцагч *******, М.Болор-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93.000.000 төгрөг, зээлийн хүү 60.371.676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.647.636 төгрөг, нийт 156.019.312 төгрөгийг зээлдэгч *******тай, байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/80 тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй амралтын зориулалттай барилга, дугаартай гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...үндсэн зээлийн 93.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа доголдсон, улмаар ******* ******* *******ны Сэлэнгэ салбар татан буугдсанаар уг зээлийг хариуцаж харилцах хүнгүй болсон ба өвчний улмаас хатуу хөл хорио тогтоогдсон учраас зээлийн хүү зогссон гэж ойлгосон. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 3.******* ******* *******ны Сэлэнгэ аймаг дахь салбар болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, талуудын хооронд байгуулсан БГ/102 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх... гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага буюу талуудын хооронд бий болсон үйл баримтыг тогтоосон боловч зохигчдын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, үүссэн эрх зүйн харилцаа нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хариуцагчийн татгалзал түүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж маргасан байхад энэ талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй түүнчлэн дэлхий нийтээр хамарсан ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоосноор зээлдэгч үүргээ биелүүлж чадаагүй нь өөрөөс шалтгаалахгүй нөхцөл үүссэн гэж тайлбарласан байхад энэхүү татгалзал түүнтэй холбоотой баримтуудад, эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

Дээрх шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч ******* ******* *******ны нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шийдвэрт тавигдах хууль ёсны шаардлага, агуулгыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс ...зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон тухайлбал хэдэн сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцон нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тодорхойгүй байна.

 4.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэргийг шийдвэрлэхдээ шаардлага тус бүрт эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, үйл баримтын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан, нэхэмжлэгчийн зүгээс *******, М.Болор-Эрдэнэ нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч М.Болор-Эрдэнийг Солонгос улс явсан гэх шалтгаанаар хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлт гаргасныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 5. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 459,810 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ