Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0346

 

      

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд хэсэгчлэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А******* ХХК /РД:2111683/,

Гомдол гаргагч: Б******* ХХК /РД:5903858 /,

Гомдол гаргагч: Х******* ХХК /РД:2578697/,

Гомдол гаргагч: Худалдаа  хөгжлийн банк ХХК /РД:2635534/,

Гомдол гаргагч: К******* ХХК /РД:2677377/,

Гомдол гаргагч: Т******* ХХК /РД:5341469/,

Гомдол гаргагч: Г******* ХХК /РД:2075377/

Гомдол гаргагч: Т******* ХХК /РД:2078201/,

Гомдол гаргагч: Х******* ХХК /РД:2693321/,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, тус газрын улсын байцаагчид хологдох,

Маргааны төрөл: Арилжааны банкууд ипотекийн зээлийн шимтгэлийг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэж нэр бүхий 9 банкинд торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавартай маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Б., Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., Т., Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,  Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Т., К******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, М.Мөнхбаатар, Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одгарьд, Т.Хүүбаяр,  Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, С.Энэрэл, гомдол гаргагч банкуудын өмгөөлөгч Б.Халиун, З.Сүхбаатар, хариуцагч Б.Эгшиглэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа, С.Гэрэлцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, С.Ялалт, Г.Чинбат, О.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Туяа нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

Гомдол гаргагч нэр бүхий 9 банк Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002270, 0002268, 0002269, 0002274, 0002272, 0002267, 0002273, 0002271 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар, Х******* ХХК-иас бусад нэр бүхий 8 банк зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг тус тус хүчингүй болгуулахаар, Худалдаа  хөгжлийн банк ХХК зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлагаа тодорхойлжээ.

 

Хоёр. Процессын үйл баримтын хувьд.

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/07 дугаартай удирдамжийн дагуу арилжааны банкуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж,

2. Хяналт шалгалтаар “арилжааны банкууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд нэр бүхий банкинд холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж,

3. Улсын байцаагч 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд

- 0002266 дугаар шийтгэлийн хуудсаар А******* ХХК-д,

- 0002270 дугаар шийтгэлийн хуудсаар Б******* ХХК-д,

- 0002268 дугаар шийтгэлийн хуудсаар Х******* ХХК-д,

- 0002269 дугаар шийтгэлийн хуудсаар Худалдаа  хөгжлийн банк ХХК-д,

- 0002274 дугаар шийтгэлийн хуудсаар К******* ХХК-д,

- 0002272 дугаар шийтгэлийн хуудсаар Т******* ХХК-д,

- 0002267 дугаар шийтгэлийн хуудсаар Г******* ХХК-д,

- 0002273 дугаар шийтгэлийн хуудсаар Т******* ХХК-д,

- 0002271 дугаар шийтгэлийн хуудсаар Х******* ХХК-д тус бүр 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж,

4. Мөн өдөр “зөрчлийн үр дагаврыг арилгуулах” эрх бүхий албан тушаалтны даалгавраар “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авах”-ыг даалгажээ.   

 

Гурав. Гомдлын шаардлага, түүний үндэслэл:

Гомдол гаргагч банкууд улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002270, 0002268, 0002269, 0002274, 0002272, 0002267, 0002273, 0002271 дугаартай шийтгэлийн хуудас, "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай" эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ нийтлэг байдлаар дараах байдлаар тодорхойлсон.

1. Банк нь Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны шууд хяналт, шалгалтын хүрээнд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг.

Банк зээлийн үйл ажиллагааны шимтгэл, зээлийн өргөдлийн хураамжийн хэмжээг дараах хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актаар зохицуулсан байдаг. Тодруулбал:

а/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина” гэж, 6.7-д "Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс тогтоосон бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь, хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх эрхтэй байна" гэж заасны дагуу банкны шимтгэл, хураамжийн хэмжээ түүнд тавих хяналтыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлж байна.

Монгол банк зохицуулагч байгууллагын хувьд арилжааны банкинд дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг батлах, түүний хэрэгжилтийг хангах эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Энэ зарчмын хүрээнд

б/ Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д "Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Монгол банкнаас баталсан тус журамд ипотекийн зээлийн шимтгэлийн дээд хязгаар 1 хувь байхаар журамласан.

в/ Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын тухай” журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17-д "Шимтгэл" гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг ойлгохоор, 3.1-д “банк зээлийн хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гаргаж олон нийтэд мэдээлнэ”, 4.1-д “Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно”, 4.2-т “Харилцагчаас авах шимтгэл, хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгана” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу харилцагчид үйлчилгээ үзүүлсний шимтгэл авдаг.

Хуульд заасан эрх бүхий зохицуулагч байгууллагын хяналтын хүрээнд шимтгэл, хураамжийн хэмжээг тооцоолон зээлийн зардлаа нөхөж, гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг харилцагчаар төлүүлдэг.

 2. Төв банкны тухай хуульд заасны дагуу банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий этгээд нь Монгол банк байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтнууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх" төрийн хяналт шалгалтад баримтлах зарчмыг зөрчиж хяналт шалгалт хийсэн.

3. Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт банк нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтаар шийдвэрлэсэн ба 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа” байхыг шаардсан зохицуулалт бөгөөд “өрсөлдөөнийг хязгаарласан” гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй.

4. Өрсөлдөөний тухай хууль нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах ажиллагааг зохицуулдаг”.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Аж ахуй эрхлэгч нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэж хуульчилсан нь хуулийн энэ зохицуулалтыг урьдчилсан нөхцөлгүйгээр дангаар нь салган авч тайлбарлах боломжгүй бөгөөд 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэх урьдчилсан нөхцөлийг 12.1.10 дахь “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалттай хамт тайлбарлаж хэрэглэнэ. Энэ заалтын “хууль ёсны ашиг сонирхол” гэдэгт өрсөлдөгч аж ахуй эрхлэгчдийн  хууль ёсны ашиг сонирхлыг ойлгохоор байна.

Гэтэл уг шийтгэлийн хуудаст банктай өрсөлдөгч бусад аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны ашиг сонирхлын талаар огт дурдаагүй, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ямар үйл ажиллагааг явуулсныг тогтоогоогүй байх бөгөөд зөвхөн "...хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга" гэх хэсгийг таслан авч шийтгэл оногдуулж байгаа нь хууль тогтоомжийг системтэйгээр хэрэглээгүй бөгөөд захиргааны акт үндэслэлгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна.

5. Хяналт шалгалтын байгууллага нь аливаа зөрчлийг хяналт шалгалтаар тогтоохдоо Зөрчлийн тухай хуульд тухайлан тодорхойлж заасан зөрчлийн шинжүүдийг бүрэн хангаж байгаа эсэхийг тогтоож, яг ямар үйлдлээрээ тухайн зөрчлийг гаргасан болохыг тогтоох, нотлох, тухайн зөрчилд нь тохирсон хариуцлага ногдуулах үүрэгтэй. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтаас субьектив үзэмжээр сонгосон хэсгээ "хамаатуулан, төсөөтэй хэрэглэсэн" нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зарчмыг зөрчсөн.

6. Хяналт шалгалтаар болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар бодит нөхцөл байдлыг тогтоох, зөрчлийг шалган тогтоох ажиллагаа хийгээгүй.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлах үүрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл”-ийн талаар тусгана. Гэтэл ийнхүү шийтгэл ногдуулахдаа шимтгэлийн хэмжээг тогтоосон нь ямар хууль бус худалдааны арга болохыг тодорхойлоогүй, өрсөлдөгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлахын зэрэгцээ хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хөндсөн болохыг дурдаагүй, шийдвэр яг аль үйлдлийг хууль зөрчсөн зөрчил гэж үзсэн, цаашид хэрхэн ойлгож хэрэгжүүлэх нь тодорхой бус байна.

7. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн ажиллагаа хууль зөрчсөн тул үзлэгийн тэмдэглэл нотлох чадвараа алдсан, шийдвэрийн үндэслэл болохгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд ямар тохиолдолд үзлэг хийхийг зохицуулсан, үүнд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийдэг. 4.3 дугаар зүйлийн 7-д баримт бичигт үзлэг хийж болно. Үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулах ёстой бөгөөд дээр дурдсан өдөр үзлэг хийхэд холбогдогчийн төлөөлөгчийг байлцуулаагүй учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг зөрчлийн баримт гэж үзэхгүй, 4.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно гэж зааснаар хууль зөрчиж хийсэн үзлэгийн тэмдэглэл нь нотолгооны ач холбогдолгүй, 4.15 дугаар зүйл 5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй.

8. Шийтгэлийн хуудаст баримталсан зүйлчлэлд “хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж” байж хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох байтал энэ нөхцөл хангагдаагүй. Тодруулбал хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл хууль бусаар олсон орлогыг тогтоож хураах, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэж үзвэл хэрэглэгчид учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоож гаргуулахаар заасныг хэрэгжүүлээгүй.

9. Эрх бүхий албан тушаалтны даалгаварт “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоож, зээлийн үнийн дүн хамааралгүйгээр зээл олгосны шимтгэлийг 1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчиж, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдсон” гэж дүгнэсэн ч хууль ёсны ямар ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хэрхэн ямар хууль бус худалдааны аргаар хохироосон талаар бодитой тогтоогоогүй.

10. Ипотекийн зээлийн шимтгэл нь зээл олгоход гарч буй зардалтай харьцуулахад уялдахгүйгээр үндэслэлгүй тогтоосон эсэхийг нотлох холбогдох тооцоо судалгаа, харьцуулалтыг хийгээгүй, тооцоо судалгаа, харьцуулалтад тулгуурлан дүгнэлт гаргаагүй. Баримт бичгийг хянаж үзэж, зээл олгоход авч буй шимтгэлийг зээл авсантай холбоотой гарч буй зардалтай хэрхэн уялдаж байгаа талаар, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэргээр хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд банкнаас гарч буй зээлийн тодорхой судалгаа тооцооллыг хийгээгүй, мөн банк олон төрлийн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байхад зөвхөн орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн төрлийг тусгайлан заасан, түүнийгээ хангалттай нотлон тогтоогоогүй байх тул "Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох" гэсэн албан шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй.

Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгаварт "орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан" нь хэзээ, ямар цаг хугацаанд хамаарах ипотекийн зээлийн гэрээнд хамаарах, үр дагаврыг арилгах гэдэг нь өмнө нь олгогдсон зээлд хамааралтай эсэх, эсвэл олгогдохоор судлагдаж байгаа ипотекийн зээлд хамаарах аль нь болох талаар ойлгомжгүй, тодорхой дурдаагүй.

11. Зээлийн шимтгэл нь харилцагчид санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй зардлын төлбөр юм. Зээлийн хүү, зээлийн шимтгэл нь тусдаа бие даасан төлбөр бөгөөд олон улсад мөн жишгээр хэрэгжиж байна. Банк харилцагчаас адил төрлийн үйлчилгээнд давхардуулан төлбөр аваагүй байна. Банк харилцагчаас үндэслэлгүйгээр шимтгэл авч хохирол учруулсан гэж үзвэл Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо нь өөрсдийн эрх хэмжээний хүрээнд буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.7, 19 дүгээр зүйлийн 19.10, 28 дугааp зүйлийн 28.1-д заасны дагуу хяналт тавих, шалгах, зөрчил үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон тохиолдолд банканд шийтгэлийн арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Тиймээс шимтгэлийн асуудалд хяналт тавих эрх бүхий субъект нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар биш байна.

12. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор банкуудад холбогдуулан “арилжааны банкууд нь иргэдэд олгож буй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн хоёр үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэлийн хуудсаар банкуудыг “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” болох нь тогтоогдсон гээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар торгох шийтгэл оногдуулсан.

Улсын ахлах байцаагчийн шийтгэлийн хуудаст “хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга" гэдгийг таслан авч, урьдчилсан нөхцөлийг хэрхэн хангаж байгаа эсэхэд тайлбар, дүгнэлт хийлгүйгээр шийтгэл оногдуулснаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хийсэн ажиллагаа нь шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах зорилгогүй, банкны хэрэглэгчийг хамгаалах зорилготой байсан мэт, гэвч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэдэг байдлаар хийгээгүй гэжээ.

 

Дөрөв. Дээрх нийтлэг үндэслэлүүдээс гадна зарим гомдол гаргагч нь дараах нэмэлт үндэслэл гаргажээ.

I. Х******* ХХК гомдлын нэмэлт үндэслэлдээ:

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д "хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлнэ" гэж хяналт, шалгалтыг тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар хийхээр хуульчилсан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нь зөрчилд холбогдогч банкуудын нийтэд ил тавьсан шимтгэлийн хувь хэмжээ, тэдгээрээс ирүүлсэн баримт, мэдээлэл, холбогдогчийн төлөөлөгчийн мэдүүлэгт үндэслэн шийтгэл оногдуулж байгааг хяналт шалгалт хийсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх нь учир дутагдалтай байна.

2. Цаг хугацааны хувьд авч үзвэл зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд Х******* ХХК-иас гадна нэр бүхий 10 банкны нэрийг дурдсан байдаг ба сүүлийн 3 жилийн хугацааны ипотекийн зээлийн хураамж, шимтгэлийн асуудалд хяналт шалгалт хийхээр тусгасан байсан. Нэг арилжааны банкны санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийхэд хяналт шалгалтыг бүтэн жил хийгээд үр дүн нь дараа оны 4 сард арай гэж багтаж дуусдаг. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч яаж 11 банкны ипотекийн зээлийн сүүлийн 3 жилийн хураамж, шимтгэлийн орлогын зарцуулалт, орлого олсон ажиллагаанд хяналт шалгалтыг 14 хоногт хийж гүйцэтгэсэн нь ойлгомжгүй байна.

3. Х*******ны хувьд зөрчлийн хэрэг нээх тогтоолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн хариу тогтоолыг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардан авч, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1/3543 тоот албан бичгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу эрх бүхий албан тушаалтан /Прокурорын зөвшөөрлийн дагуу/-аас шаардсан мэдээллийг хүргүүлсэн. Энэ албан бичгийг өгөх хүртэл улсын байцаагчид аливаа мэдээлэл гаргаж өгөөгүй бөгөөд гаргаж өгсөн мэдээллийг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулж шийтгэх хуудас гардуулсан. Өөрөөр хэлбэл бодитоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ажлын 10 хоногийн хугацаанд хийгдсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн энэ 14 хоногийн хугацаанд улсын ахлах байцаагч Д.Мөнхсолонго коронавирусын халдвар авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг биечлэн хийж гүйцэтгээгүй, мөн банкнаас 7 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн албан бичигт дурдсан мэдээлэл алдаатай байсан учир 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 1/3695 тоот албан бичгээр залруулан хүргүүлснийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэгтэй танилцахдаа улсын байцаагч Д.Мөнхсолонгод хэлэхэд тухайн үед хэвлэж хавтаст хэрэгтээ оруулан, тоолсон гэдгийг тэмдэглэж байна.

Дээрх цаг хугацааны дарааллаас харахад 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Х*******наас хүргүүлсэн мэдээлэлтэй танилцаагүй байсан улсын байцаагч яаж маргааш өдөр нь хяналт шалгалтаа дуусгаж, шийтгэвэр ногдуулсан нь ойлгомжгүй байна. Дүгнэн үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас урьдчилан дүгнэлт хийн дүгнэлтээ батлах зорилгоор зөрчлийн хэрэг нээсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалтын ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглох” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд "хуульд заасан хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаад нэр бүхий 11 банкийг зөрчил үйлдсэн байж болзошгүй" болохыг олсон гэжээ. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна" гэж заасан үндэслэлд хамаарахаар байна.

Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нь хяналт, шалгалтын ажиллагаа хийгээгүй, зөрчлийн шинжтэй үйлдлийг олоогүй, баримтаар нотлоогүй атлаа таамаг, урьдчилсан дүгнэлт дээр үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис х******* нь сүүлийн 3 жилийн хугацаанд орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгоогүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэр бүхий 9 банканд шийтгэл оногдуулснаас харагдаж байна. Эдгээр банкууд зээл олгоогүй гэх асуудлын хувьд зайлшгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байж нотлогдох үйл баримт биш бөгөөд арилжааны банкууд бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, нөхцөлийг нийтэд ил тод мэдэгдэх үүргийнхээ дагуу дээр дурдсан хоёр арилжааны банкны цахим хуудаснаас мэдэх боломжтой байхад наад захын хяналт шалгалтыг хийгээгүй, үнийг хэлцэн тохирсон байж болзошгүй гэрээ, хэлцлийг олж илрүүлээгүй байж зөрчлийг илрүүлсэн мэтээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд төрийн хяналт шалгалт үндэслэл бүхий байх, хууль ёсны байх шаардлагыг хангахгүй бөгөөд улсын байцаагч нь урьдчилан дүгнэлт хийн уг дүгнэлтээ батлах зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхэд хүргэж байна.

5. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг төв банк болох Монгол банк өөрийн батлан гаргасан журамдаа шимтгэлийг хувиар зааж, тогтоосон нь (энэ нь МИК-ийн хөнгөлөлттэй зээлд хамаарах эсэхээс үл хамааран) шимтгэлийг хувьчлан тогтоох нь хамгийн зөв арга болохыг илэрхийлж байна. Мөн Монгол банкнаас эрхлэн гаргасан, өөрийн цахим хуудсанд олон нийтэд харагдахуйцаар нийтэлсэн зээл гэх гарын авлагын 13 дахь талд "Зээлийн зардалд үйлчилгээтэй холбогдон гардаг төрөл бүрийн шимтгэл хураамжууд ордог. Шимтгэлийг тодорхой үнийн дүнгээс хувиар тооцдог бол хураамж нь тогтмол дүнгээр илэрхийлэгдсэн байдаг" гээд зээл олголтын шимтгэл зээлийн шийдвэр гарсны дараа зээл олгоход 1 удаа төлдөг зээлийн дүнгийн 0.5-1%-тай тэнцэх хураамж бөгөөд зээл олгосны дараа зээлийг ашиглах явцад банкнаас хийж буй зээлийн хяналт, зөвлөгөө мэдээллээр хангах, хамтын ажиллагаатай холбоотой зардал үүнд багтдаг гэж тодорхой тайлбарласан байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч зээлийн шимтгэлийг хувьчлан тогтоосон нь хууль бус худалдааны арга гэж үзсэн нь Монгол банкны баримталдаг байр суурьд илт халдсан, төрийн хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагууд нэг төрлийн үйл ажиллагаанд давхардсан байдлаар хяналт шалгалт хийж, өөр өөр байр суурьтайгаар банкны эрх ашигт халдаж байна.

6. Төрөөс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэт халдаж байна. Арилжааны банкны хувьд Монгол банкнаас тогтоосон журам нөхцөлийн дагуу шимтгэл тогтоож, харилцагчаар төлүүлснийг буруутгаж байгаа нь төрийн байгууллагууд зохион байгуулалтгүй, уялдаа холбоогүй ажилладаг болохыг илэрхийлж байна. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17 дахь хэсэгт шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэжээ.

Жишээ болгон авч үзвэл шүүхийн улсын тэмдэгтийн хураамж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар үнийн дүнгээс хамааран суурь хураамж дээр үнийн дүнгийн тодорхой хувийг нэмсэн дүнгээр авдаг. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэж хэлнэ” гэжээ. Хураамж нь тухайн үйлчилгээг үзүүлсний төлөө харилцагч, үйлчилгээ авч байгаа этгээдээр төлүүлж байгаа шинжээрээ банкнаас авч буй зээлийн шимтгэлтэй адил байна. Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хувьчлан тогтоодог бөгөөд ийнхүү тогтоож иргэн, хуулийн этгээдээр төлүүлсэн тохиолдолд хураамжийг гагцхүү тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарцуулсан болохоо нотолдоггүй билээ. Гэсэн атлаа зээлийн шимтгэл нь зээлийн шимтгэлийг тухайн зээлийг судлахад зарцуулсан болохоо бодитоор нотол гэж байгаа нь учир дутагдалтай бөгөөд цаашлаад Монгол Улсын хэмжээнд авч буй бүхий л шимтгэл, хураамжийн зарцуулалтыг нотлох шаардлага бий болох, захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Учир нь Монгол Улс Үндсэн хуулиараа тэгш байдлыг тунхаглан баталсан байдаг тул зөвхөн арилжааны банкны шимтгэлийн асуудлыг дангаар авч шийдвэрлэх нь өрөөсгөл дүгнэлт бүхий захиргааны акт болох юм.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 830 хуулийн 100 гаруйд нь "шимтгэл" гэх агуулга, 120 гаруй хуульд "хураамж" гэх агуулга туссан байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкнаас гадна "үйлчилгээний хураамж, шимтгэл”-ийн талаар зохицуулсан 100-120 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдээр төлүүлж буй хураамж, шимтгэлийг хэрхэн зарцуулсан болохыг нотлох, үүнийгээ холбогдох баримт цуглуулна гэвэл учир дутагдалтай юм. Ийнхүү нотлох баримтыг бүрдүүлэх явц нь ажиллах хүчний, техник хэрэгсэл, бичиг цаасны гэх зэрэг зардлыг нэмэгдүүлэх бөгөөд хэрэглэгчийн төлөх төлбөрийн хэмжээг дагаад нэмэгдүүлэх эрсдэлтэй юм. Энэхүү үүсэж болзошгүй үр дагавар нь хэрхэн хэрэглэгчид ашигтай болох талаар огт тайлбар хийгээгүй тул энэ талаар зохих ажиллагаа хийгээгүй, нөхцөл байдлыг бодитоор тогтоолгоогүйгээр шийтгэл оногдуулсан болох нь зөрчлийн хавтас хэргээс харагдана. 

Энэ тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын хэмжээнд хураамж, шимтгэл төлүүлж буй хуулийн этгээдээс гагцхүү банкыг сонгон шимтгэлийг хувьчлан тогтоосон нь хууль бус худалдааны арга гэж дүгнэж байгаа нь зах зээлийн эдийн засагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчийн эсрэг, ялгаварлан гадуурхсан шинж бүхий байх бөгөөд Өрсөлдөөний тухай хуульд заасан шударга бус өрсөлдөөнөөс аж ахуй эрхлэгчийг хамгаалах зорилгод хэр нийцэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шийдвэрт гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад олон нийтийн сүлжээнд олон нийтэд хандан мэдэгдэл хийж, нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, олон нийтийг банкуудын эсрэг турхирсан, цаашлаад шүүхэд нөлөөлөх оролдлого хийсэн гэж үзэхэд хүргэж байна.

 

II. Х******* ХХК шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлдээ:

   1. Шийтгэлийн хуудасны үндэслэлд “дээрх зөрчлийг үйлдсэнийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/6444 тоот, 08 дугаар сарын 02-ны өдрийн 5/7159 тоот албан бичиг, холбогдогчийн мэдүүлгээр нотлогдсон” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зөрчлийг харьяалан шийдвэрлэх ба томилогдсон байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хараат бусаар, хөндлөнгийн нөлөөллөөс ангид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны туршид 2202000183 дугаар зөрчлийн хэрэг нээсэн улсын ахлах байцаагч Д.Мөнхсолонго бус харин түүний харьяа байгууллага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун мэдээлэл, нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулж, улмаар уг ажиллагааны талаар хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөх зэргээр улсын байцаагчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, зориудаар урьдаас бэлтгэсэн шийтгэлийг банканд ногдуулж байна гэж үзэж байна.

2. Улсын байцаагчийн шийтгэлийн хуудаст банкны аль тушаал, шийдвэрээр гарсан шимтгэл нь хууль зөрчсөн болох тухай тодорхой үндэслэл дурдаагүй ба тус банкны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/6444 тоот, 08 дугаар сарын 02 өдрийн 5/7159 тоот албан бичгийн аль хэсгээр зөрчлийг нотлоод байгаа нь тодорхой бус байна.

Банкны дээрх албан бичгүүдэд орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн шимтгэлийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг "Банк харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй”, 6.6 дахь хэсэг "Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох” гэж заасны дагуу, мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 тоот тушаалаар батлагдсан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 9.1-д "Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна." гэж заасныг үндэслэн шимтгэлийн хэмжээг тогтоосон тухай тодорхой дурдаж, холбогдох баримтуудаа гаргаж өгсөн.

Тодруулбал, дээрх журмын заалттай нийцүүлэн зээлийн шимтгэлийн хэмжээг тогтоосон байсан ба бусад банкнууд 1 хувь хүртэл шимтгэл авч байх үед салбартаа хамгийн бага байх зарчим баримталж 0.5 хувь, хамгийн ихдээ 300.000 төгрөгийн шимтгэл авч байсан.

Мөн Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн нөхцөл байдлаас улбаалан орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах 16.000 гаруй харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийн төлөлтийг хойшлуулж, банк өөрийн эх үүсвэрээр олгосон эсэхээс үл хамаарч нийгмийн хариуцлагын хүрээнд багагүй хэмжээний алдагдлыг дааж ажиллаж байна. Дашрамд дурдахад банкны зүгээс судалгаа хийсний дагуу тодорхой зардлыг тооцож тухайн бүтээгдэхүүний шимтгэлийн хувь хэмжээг хууль болон төрийн байгууллагаас баталсан журамд заасан хувь хэмжээнд нийцүүлэн 2022 оны 1 дүгээр сард зээлийн шимтгэлийн хэмжээг 1 хувь болгон өсгөж, хамгийн ихдээ 1.500.000 төгрөгийн шимтгэл авахаар холбогдох шийдвэр гаргасан нь хууль тогтоомжоор зөвшөөрсөн хэмжээнд буюу "хуулиар зөвшөөрсөн" зээлийн шимтгэлийг тогтоосон байхад хэрэглэгчийг "хууль бусаар хохироосон” гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Шийтгэлийн хуудсаар Худалдаа, хөгжлийн банк ХХК нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар торгох шийтгэл оногдуулсан ба улсын байцаагч нь банкийг хэрхэн, яаж, ямар аргаар "хэрэглэгчийг хууль бусаар хохирсон" талаар нотлоогүй. Энэхүү заалтын урьдач нөхцөл буюу хэрэглэгчийг хууль бусаар хохироох гэдэг нь хууль тогтоомжоос хэт давуу байдал үүсгэх, хэрэглэгчид тулгах зэрэг нөхцөлийг хамруулна. Гэтэл гомдлын үндэслэлийн хоёрдугаар хэсэгт дурдсанчлан банк нь Монгол Улсын хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас баталсан журамд нийцүүлэн орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олголтын шимтгэл авч байгаа тул тус зөрчилд хамаарахгүй юм. Иймд, банк нь аливаа хэлбэрээр хэрэглэгчийг хууран мэхлэх, эсхүл хуулиар зөвшөөрөгдөөгүй худалдааны арга хэрэглээгүй, харин банк Монгол Улсын хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас баталсан журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа.

4. Мөн харилцагч банкны салбарт зээлийн хүсэлт гаргах үе шатаас эхлээд зээл бүрэн төлөгдөж дуустал 10-30 жилийн хугацаанд, банкны 30-40 газар, хэлтэс, 100 гаруй ажилтан ажилладаг бөгөөд энэхүү ажиллагааны процессыг бүрэн тооцсон судалгаа хийх нь хүн цагийн болон программ, системийн нөхцөл байдлаас шалтгаан тооцоолох боломгүй юм.

Өнөөдрийн зах зээлийн системд үйлчилгээ үзүүлсний төлбөрт шимтгэл, хураамж авч байгаа нөхцөл олон улсын жишиг бөгөөд тухайлбал брокерын компани арилжааны шимтгэлээ үйлчлүүлэгчийн өгсөн захиалгын үнийн дүнгээс 0.5-2 хувь гэх мэт хэмжээгээр авч байна.

5. Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар" нь хууль зөрчиж гаргасан шийтгэлийн хуудсыг үндэслэн гаргасан байх бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг 106.3.2 дахь заалтаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

Нэгд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн  мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4, 5.1.7-д заасанчлан банкны үйлчилгээний хураамж, шимтгэл үндэслэлтэй тогтоогдсон эсэхэд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар байна. Түүнчлэн Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм"-ийн 1.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний болон аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага байна.

Гэтэл Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт тавих чиг үүргээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч Д.Мөнхсолонго, улсын байцаагч Б.Эгшиглэн нар нь маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" буюу улсын байцаагч нар нь эрх мэдлээ хэтрүүлэн захиргааны акт гаргасан ба уг захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй юм.

Хоёрт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 01/07 дугаар удирдамжаар "Арилжааны банкуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах”-даа улсын байцаагч нар нь хяналт шалгалтын ажлыг бодитоор хийгээгүй бөгөөд хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн хяналт шалгалтыг тухай хуулийг дараах байдлаар удаа дараа зөрчиж 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002269 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргаж түүндээ үндэслэн зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “.. хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" үндэслэлд хамаарч байна. Үүнд:

1/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх", мөн зүйлийн 4.1.6-д "хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх" зарчмыг баримтлахаар, 5 дугаар зүйлийн 5.1-д "Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх ..." гэж тус тус заасан.

Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны туршид 2202000183 дугаар зөрчлийн хэрэг нээсэн улсын ахлах байцаагч Д.Мөнхсолонго бус харин түүний харьяа байгууллага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун мэдээлэл, нотлох баримт цуглуулах ажиллагааг 2022 оны 01/836 тоот, 2022 оны 01/1065 тоот, 2022 оны 01/1139 тоот, 2022 оны 01/1189 тоот, 2022 оны 01/1285 тоот албан бичгээр явуулж улмаар уг ажиллагааны талаар хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөх зэргээр улсын байцаагчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, зориудаар урьдаас бэлтгэсэн шийтгэлийг банканд ногдуулж, түүнд үндэслэж “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар" гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

2/ Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-т "Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ" гэж заасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/07 тоот хяналт шалгалтыг хийх болсон үндэслэл, зорилго, хамрах хүрээ, бүрэлдэхүүн, хяналт шалгалтын удирдамж, хяналтын хуудсыг танилцуулаагүй төдийгүй хяналт шалгалтын явцад “Хяналт шалгалтын хүрээгээ орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийн үйл ажиллагаа" болгож өөрчилж шийтгэлийн хуудас оногдуулж түүн дээрээ үндэслэж зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг гаргасан.

3/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Хяналт, шалгалтын явцад нэг удаа үзлэг хийж банкийг оролцуулсан" гэх үзлэгийн тэмдэглэл үйлдсэн боловч уг үзлэгтээ банкийг оролцуулаагүй буюу хуульд заасан эрхийг эдлүүлээгүй юм.

Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг удаа дараа зөрчиж, банкны хууль ёсны эрх ашигт халдсан үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д "хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасанд хамаарч байна.” гэжээ.

 

III. К******* ХХК-ийн гомдлын шаардлагын нэмэлт үндэслэлдээ:  

1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 369 дугаар тогтоолоор баталсан "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-ын 7.1 дэх хэсэгт "Санхүү, төсвийн болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монгол банк орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд хамтран хяналт тавих бөгөөд хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийвчилсан харилцааг энэ журмын 5.1-д заасан гэрээгээр зохицуулна" хэмээн тус тус заасан. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны тогтоолд дурдсан ипотекийн зээл, түүний шимтгэлийн асуудлыг Засгийн газрын 2018 оны 369 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-ын 7.1 дэх хэсэгт заасан ипотекийн зээлийн чиглэлээр хяналт шалгалтыг Сангийн яам, Монгол банк хамтран хэрэгжүүлэхээр журамласан байна. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэж заасан учир энэ тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалтыг баримтлан, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл хураамжийн үндэслэлтэй эсэхэд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтанд Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр буюу ипотекийн зээлийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлт болон банк өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэлээ үндэслэлтэй тогтоосонд хяналт шалгалт явуулах бүрэн эрх хуулиар олгогдоогүй бөгөөд эрх бүхий албан тушаалтан Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр Монгол банкны бүрэн эрхийг хэрэгжүүлж хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн байна.

2. Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А-294/340 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн багц материал баримт бичгийн 4.3 “зээл” хэсгийн “банкны шимтгэл” дэд хэсэгт зээлийн шимтгэл хураамжийг 1-рт “үр ашигт хүүгээр тооцох санхүүгийн хэрэгслийн шимтгэл”, 2-рт “үйлчилгээний шимтгэлийг тайлант үеийн орлогод бүртгэх”, 3-рт “Тодорхой үйлдлийг гүйцэтгэсний төлөө авсан төлбөр” гэсэн 3 үндсэн хэсгийн хүрээнд хэрхэн орлогод тооцож бүртгэлийг хийх талаар нарийвчлан зохицуулсан байдаг. Дээрхээс дүгнэвэл, банк өөрийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, хөлсөө өөрөө тогтоох буюу шимтгэлээ тогтоож, тооцох эрхтэй.

3. Эрх бүхий албан тушаалтан нь актын үндэслэлдээ “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол" гэсэн заалтыг баримталсан.

Онолын буюу хууль хэрэглээний техникийн хувьд хууль тогтоомжийг тайлбарлахдаа 1/ үндсэн зорилгоор, 2/ системчлэлийн дагуу 3/ үгийн агуулгаар гэсэн 3 үндсэн дүрмийг баримталдаг билээ. Эдгээрээс үзвэл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь заалт нь Өрсөлдөөний тухай хуульд заасан "өрсөлдөөнийг хязгаарлах, бусдад өрсөлдөх боломжийг хаах боомилох ямар нэг үйлдэл гаргасан" гэж үзэх урьдчилсан нөхцөлийг хангасан байхыг шаардана. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "Өрсөлдөгч" гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчдийг ойлгоно хэмээн заасан ба К*******ны өрсөлдөгч нь Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж буй бусад арилжааны банкууд байхаар байна. Гэтэл Зөрчлийн хэрэгт бусад арилжааны банкуудаас К*******анд хандаж “өрсөлдөөнийг хязгаарласан хууль бус аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа тухай" гомдол авагдаагүй болно. К******* зээлийн шимтгэлийн хувь хэмжээг тогтоосноор бусад арилжааны банкны зах зээлд өрсөлдөх эрхийг аливаа хэлбэрээр хязгаарласан үйл баримт зөрчлийг хянан шалгах явцад тогтоогдоогүй, энэ төрлийн нотлох баримт авагдаагүй байдаг ба арилжааны банкууд тус бүрдээ Монгол банкны зохицуулалтын хүрээнд зээл олголтын шимтгэлийн хувь, хэмжээг тогтоосон байдаг.

Тэрбишийн “Өрсөлдөөний эрх зүй: Хувийн ба нийтийн эрх зүйн зэрэглэл" эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэлд өрсөлдөөний талаар тэр дундаа Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтад тусгагдсан "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" талаар нарийвчлан судалсан байдаг бөгөөд уг нийтлэл, өгүүлэлд тусгагдсанаар энэ заалтын хувьд "хууль ёсны ашиг сонирхолд харшлах худалдааны арга хэрэглэх" гэдгийн "хууль ёсны ашиг сонирхол" гэдэгт зах зээл дээр өрсөлдөгчдийн хууль ёсны ашиг сонирхол хамаарна гэж үзэх ёстой. Учир нь тус хуулийн 12 дугаар зүйлийн ерөнхий заалт нь "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэж эхэлсэн байдлаар тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл, энд өрсөлдөгч этгээдүүд өөр хоорондын өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаагаараа бие биеийнхээ хууль ёсны ашиг сонирхолд харшлах худалдааны арга хэрэглэж болохгүй гэсэн санааг тусгажээ... хэмээжээ.

Мөн дээрх нийтлэл, өгүүлэлд тусгагдсанаар өрсөлдөөнд харш, хэлцэл, үйл ажиллагаа гэдгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шалган тогтоох бөгөөд шалгалтын үр дүнгээ шүүхийн өмнө нотлох анхдагч үүргийг мөн хүлээнэ. Ийнхүү нотлохдоо хууль зүйн хувьд дараах шаардлагыг зайлшгүй анхаарах ёстой. Үүнд а) Өрсөлдөөнийг хязгаарласан буюу түүнд харш хэлцэл, үйл ажиллагаа хийсэн гэдгийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэм хэмжээний акт гаргаж тогтоодоггүй (тийм боломжгүй) тул ерөнхий, хийсвэр дүгнэлтээр өрсөлдөөнийг хязгаарласан буюу хууль бус хэлцэл гэдгийг нотлох боломжгүй; b) Өрсөлдөөний хязгаарласан буюу түүнд харш хэлцэл хийсэн гэдгийг зөвхөн захиргааны акт гаргаж тогтоох учиртай тул тэрхүү захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хангалттай нотлох чадвартай тухайлсан тодорхой нотлох баримтаар нотлох учиртай. Өрсөлдөөнд харш хэлцэл, картель хийсэн гэдгийг шалгах, нотлон тогтоох талаар Европын холбооноос баталсан бие даасан нарийвчилсан журам байдаг бөгөөд тэрхүү журмаар хууль бус өрсөлдөөний хэлцэл, картелийг шалган тогтох процессыг цэгцтэй журамласан байдаг. Манай улсын Өрсөлдөөний тухай хуулиар дээрх асуудлыг нарийвчлан журамлаагүй бөгөөд тусгай журам ч одоогоор алга байна... хэмээжээ.

Дээрхээс дүгнэвэл, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалт буюу түүний үндэслэл болсон Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтын дагуу К******* нь өрсөлдөгч бусад банкууд болон банктай ойролцоо үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллагуудын өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаагаараа бие биеийнхээ хууль ёсны ашиг сонирхолд харшлах аливаа арга хэрэглээгүй болно. Мөн эрх бүхий албан тушаалтнаас тус банкийг уг хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, одоог хүртэл ямар арга, аргачлалаар нотлон тогтоосон нь тодорхойгүй байдаг. Иймд К*******ийг буруутгах нотлох баримтгүй тул тус банк өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн худалдааны арга хэрэглээгүй болно.

4. Хэрэглэгчийн хохироох хууль бус худалдааны арга хэрэглээгүй. Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 онд баталсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д энэ шимтгэлийн зардалд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт шалгалт, хугацаа сунгасны шимтгэл зэргийг багтаасан байхаар тусгасан болно.

Зарим гадаад эх сурвалж: АНУ-ын Корнелийн их сургуулийн хууль зүйн нэр томьёоны лавлах тайлбарт "зээл олгосны шимтгэл" (origination fee)-г зээлийн хүсэлтийг судалж шийдвэрлэх ажиллагааг явуулсантай холбогдуулан зээлдүүлэгчид төлж буй төлбөр бөгөөд шимтгэлийн хэмжээ нь тухайн зээлийн төрөл, зээлийг судлахтай холбоотой хийгдэж буй ажиллагаа зэргээс хамааран тогтоогдох ба зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар тооцогддог, тус шимтгэл нь дунджаар олгосон зээлийн хувь хэмжээтэй гэж тусгасан байна. АНУ-ын Зээл болон хөрөнгө оруулалтын аргачлалын 3 4.4-т зээлийн шимтгэл, түүний бүрдүүлбэрт ямар үйл ажиллагаа, зардлууд хамаарах талаар тухайлан заасан байна.

Ипотекийн зээлийн бүтээгдэхүүний төрөлд төрөөс санхүүжүүлж буй ипотекийн зээл, банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж буй ипотекийн зээл, газар буюу ипотек худалдан авах зээл, ипотект засвар хийх зээл зэргүүд багтдаг болно. Эдгээр бүтээгдэхүүний хугацаанаас хамааруулан 1-12 сарын хугацаатай зээл авбал зээл олгосны шимтгэл 0,5%, харин 12 сараас дээш хугацаатай зээл авбал 1%- ийн зээл олгосны шимтгэл авдаг. Төрөөс санхүүжүүлж буй ипотек /орон сууц худалдан авах/ зээлийн хувьд урт хугацаатай /240-360 сар/ зээл байдаг тул зээл олгосны шимтгэл 1%-ийн шимтгэл авч байна. Энэ нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 онд баталсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д "Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна" гэсэн заалтад нийцэж байх тул хууль тогтоомжид нийцсэн байна.

Зээлийн үйл ажиллагааны шимтгэлийн хувийг тодорхойлохдоо тухайн зээлийг судалж олгохтой холбоотой зардлыг тусган тогтоосон бөгөөд дундаж нэг зээлийн хувьд зардлын задаргааг тооцоолж эрх бүхий албан тушаалтанд баримтаар гаргаж өгсөн. К*******ны хувьд орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийг олгохтой холбоотойгоор зарцуулж буй зардал нь 1%-иас хэтэрдэг ч дээрх Монгол банкны журамд нийцүүлэн шимтгэлийг 1%-иар тогтоож ирсэн, банк хууль тогтоомжид заасны дагуу өөрийн үйлчилгээний шимтгэлийн нөхцөл болзолтоо тогтоох бүрэн эрхтэй, үүнийгээ ил тод мэдээлсээр байсан тул хэрэглэгчийг хууль бусаар хохироох ямар нэгэн худалдааны арга хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох гэдэгт хууль бус буюу хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг хориглосон, үндэслэлгүйгээр хохироохыг ойлгохоор байх ба ипотекийн зээлийн шимтгэлийн хувьд банкийг хянан шалгах, холбогдох асуудлаар журам гаргах эрх бүхий Монгол банкны хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын хүрээнд тогтоосон 1%-ийн шимтгэлээс илүү хэмжээгээр шимтгэлийг огт тооцож авч байгаагүй болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэгтэй гэж заасан байдаг ба тус банкийг шимтгэлээ үндэслэлгүйгээр тогтоосон хэмээн эрх бүхий албан тушаалтнаас үзсэн үндэслэл, түүнийг нотлох үндэслэл бүхий нотлох баримт нь зөрчлийн хэрэгт авагдаагүй болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.

Дээрхээс дүгнэвэл, К******* нь ипотекийн зээл олгосны шимтгэлийг авахдаа Банкны тухай хуульд заасны дагуу зээл олгох болзол, нөхцөлөө өөрөө тогтоож (зах зээлийн чөлөөт эдийн засагтай улсын хувьд төрөөс энэ эрхийг хуулиар бүрдүүлсэн), Монгол банкнаас тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд харилцагчид ил тод, нээлттэй мэдээлж, гэрээний дагуу тооцон авч байдаг тул хууль бус худалдааны арга гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн процессын алдаа гаргасан тухай. Эрх бүхий албан тушаалтнаас 0002274 тоот актыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэг "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн" нь 2022.07.22-ны өдрийн 05/86 албан тоот, холбогдогчийн мэдүүлгээр нотлогдож байна" гэжээ. ШӨХТГ-ын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/1266 тоот албан бичгийн хариуд тус банкнаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05/86 тоот албан бичгээр шаардсан баримтуудыг гарган өгсөн байдаг. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ЗХБ-13 тоот үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэн, уг тэмдэглэлд "К******* 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05/86 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн жишиг тооцооллыг гарган ирүүлсэн боловч тухайн тооцооллыг гаргасан үндэслэл тодорхойгүй, тооцооллыг гаргахад үндэслэн нотлох баримт ирүүлээгүй байна. Ипотекийн зээлийн шимтгэлийг батлагдсан зээлийн хэмжээнээс 1-12 сарын хугацаанд 0,5%, 12 сараас дээш хугацаанд 1%-иар тогтоосон байна" гэжээ. Энэхүү тэмдэглэлээ маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус банкны төлөөлөгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан. Дээрх үзлэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7 "Эд зүйл, баримт бичигт үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна" хэмээн заасныг зөрчиж, тус банкны төлөөлөгчийг байлцуулалгүйгээр нотлох баримтад "үзлэг хийсэн" бөгөөд ингэхдээ хэрэгт цуглуулсан баримт бичгүүдийн агуулгыг үнэлэх байдлаар хийсэн нь хуульд нийцэхгүй, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн гол нотлох баримтад хууль бусаар "үзлэг хийсэн", эрх бүхий албан тушаалтнаас өөрийн оногдуулсан шийтгэлээ зөвтгөх нотлох баримт бүрдүүлээгүй, мөн энэ хэргийг "зөрчлийг нотлох" талаар ямар ч ажиллагаа хийгээгүй болно. 

6. Захиргааны актын эрх зүйн хэм хэмжээний бүтцийн хувьд. Эрх бүхий албан тушаалтнаас 0002274 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан хууль зүйн үндэслэлийг бодит нөхцөл байдал болон эрх зүйн хэм хэмжээг бүтцээр нь авч үзвэл дор дурдсаны дагуу байна.Үүнд:

Хэм хэмжээний бүтэц

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн  4-4.7 дахь хэсэг

0002274 тоот шийтгэлийн хуудас

Шийтгэлийн хуудсын үндэслэл нотлох баримт

Гипотез

Хууль ёсны ашиг сонирхолд харшлах эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан буюу сонгох гипотезтой байна.

Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн.

 

 

 

 

 

Тус банкны 2022.07.22-ны өдрийн 05/86 тоот албан бичиг холбогдогчийн мэдүүлэг

Диспозиц

...нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж

  • /байхгүй/

Санкц

...хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

20.000.000 /хорин сая төгрөгөөр торгосон

 

Дээрх бүтцээс үзвэл захиргааны актын диспозиц нь гипотез үндэслэлээ няцааж байх буюу хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах зохицуулалттай байхад захиргааны актаар хууль бусаар олсон хөрөнгийг хураагаагүй, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулаагүй буюу энэ талаар захиргааны актад тусгаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл, тус банк хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь нотлогдоогүй тул эрх бүхий албан тушаалтан хууль бусаар олсон орлогыг тодорхойлж чадаагүй, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж чадаагүй гэж үзэхээр байна гэжээ.

 

Тав. Гомдол гаргагч А******* ХХК, Б******* ХХК, Х******* ХХК, К******* ХХК, Г******* ХХК, Т******* ХХК, Т******* ХХК,  Х******* ХХК-иудын өмгөөлөгч нар тайлбартаа:

Хариуцагчийн шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгавар нь хууль тогтоомж зөрчсөн байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуульд нийцээгүй, хариуцагч нь банкуудыг зөрчил гаргасан гэж үзсэн боловч үүнийгээ нотолж чадаагүй байх тул гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэх дараах хууль зүйн үндэслэл байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуульд нийцээгүй явагдсан тухайд:

 1.1. Арилжааны банкуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/07 дугаар арилжааны банкуудад хяналт шалгалт хийх тухай удирдамжийг арилжааны банкуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар баталжээ. 

Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл, өөрийн санаачилга, хуульд заасан бусад үндэслэлээр Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулахаар заасан байдаг. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдамжид чухам ямар үндэслэлээр хяналт шалгалт явуулж байгаа талаар тодорхой дурдаагүй байдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалтын хүрээнд 11 арилжааны банкнаас баримт бичиг, мэдээлэл гаргуулахаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/387 дугаартай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд арилжааны банкуудаас Монголбанк хянан шалгах эрхтэй гэсэн хариуг хүргүүлж, шаардсан мэдээлэл, баримт бичгийг гарган өгөхөөс татгалзсан талаар хяналт шалгалтын танилцуулгад дурдсан байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Арилжааны банкуудын зээлийн шимтгэл, хураамжид хийсэн хяналт шалгалтын танилцуулгаас үзвэл улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг арилжааны банкуудын цахим хуудаст нийтлэгдсэн зээлийн шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг үндэслэл болгож хийсэн байна. Арилжааны банкуудын өөрсдийнх цахим хуудаст тавигдсан мэдээллийг үзэхийг хяналт шалгалт гэж нэрлэх нь хуульд нийцсэн хяналт шалгалтын бодит үйл ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт болон удирдамжид заасан Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсан болох нь тодорхойгүй, удирдамжид тусгасан зорилго биелээгүй байна.

Арилжааны банкууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мѳнгѳн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3.1 дэх хэсэгт зааснаар зарласан хүүг жилээр илэрхийлж, зээл, харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, зээлийн бодит өртөг, хадгаламжийн хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлдэг. Ийнхүү нэгэнт нийтэд илэрхий байдаг мэдээллийг үзсэнээ хяналт шалгалт явуулсан гэж байгаа нь Өрсөлдөөний тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан хяналт шалгалтын удирдамжид нийцэхгүй байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын явуулсан хяналт шалгалт нь Өрсөлдөөний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцээгүй, түүнчлэн тус хяналт шалгалт хэрхэн дуусгавар болсон нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр үлдсэн байна.

Зөрчлийн хэрэг нээсэн нь хуульд нийцээгүй талаар:

 1.2. Хариуцагч улсын байцаагч Д.Мөнхсолонго нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд “удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар нэр бүхий банкууд нь иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүнийн үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдлийг 2022-06-08-ны өдрийн 10:00 минутад ирүүлж” гэжээ.

Хяналт шалгалт нь хуульд заасан журмын дагуу олон нийтэд нээлттэй байх ёстой мэдээлэлд хийгдсэн бөгөөд Өрсөлдөөний тухай хууль болон хяналт шалгалтын удирдамжид заасны дагуу хийгдээгүй тул хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хяналт шалгалтын танилцуулгад хяналт шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн тухай бичсэн байх тул зөрчлийн шинжтэй үйлдлийг 2022.06.08-ны өдрийн 10:00 минутад илрүүлсэн гэж тэмдэглэл үйлдсэн нь бодит байдалд нийцэхгүй, зохиомол байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан 4 тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай 2202000183 дугаар тогтоолоор арилжааны банкуудын нэрийг дурдаж "үйлдэлд" Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн шинжтэй үйлдэл гэдгээ улсын байцаагч дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” зөрчилд цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахаар нээсэн. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын тогтоох хэсгийн үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж бичигдсэн байна. Тодруулбал, тус хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах 4-н үндэслэлийн чухам аль үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн нь тодорхойгүй байдаг.

Мөн Зөрчлийн хэрэг нээх тогтоолын захирамжлах хэсэгт “үйлдэлд материаллаг хууль буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсэн”. Дүгнэхэд, материаллаг хуулийн шийтгэл ногдуулах үндэслэлийг баримтлан зөрчлийн хэрэг нээсэн нь хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй байна.

    1. Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн эсэх тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан "зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй”-г илрүүлсэн байхаар хуульчилж, хэрэв ийм үндэслэл илэрсэн бол 5 өдрийн дотор шалгах ажиллагаа явуулахаар заажээ. Хариуцагч нь арилжааны банкуудын ямар үйлдлийг зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд хуульд заасан ажлын 5 хоногт зайлшгүй явуулах ёстой шалгах ажиллагааг ерөөсөө явуулаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнээс үзэхэд зөрчил гэж үзэж байгаа зүйл нь "таамаглал" төдийд үндэслэсэн болох нь тодорхой байна. Мөн арилжааны банкуудын ямар үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил байж болзошгүй талаар тогтоолд тодорхой дурдалгүй орхигдуулж, зөвхөн "үйлдэлд" гэж бичсэнээс үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа "таамаглал ба төсөөлөл"-д суурилсан болохыг илтгэж байна.

1.3 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан явуулаагүй талаар:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан гэдгийг зөрчлийг харьяаллын дагуу шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчийг ойлгохоор байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасан. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай 2202000183 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  улсын байцаагч Д.Мөнхсолонго зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ" гэж заасан. Ийнхүү хариуцагч Д.Мөнхсолонго нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой байтал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан бус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  дарга С.Мөнхчулуун нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны едер 01/1065 дугаартай албан бичгээр "арилжааны банкуудад зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна, мэдээлэл, баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдуулан компанийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг ирүүлэхийг шаардсан",

Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  дарга С.Мөнхчулуун нь Т******* ХХК-д 2022.07.19-ний өдөр 01/1259, 2022.07.28-ны өдрийн 01/1319 дугаар албан бичиг, Г******* ХХК-д 2022.07.19-ний өдрийн 01/1263 дугаар албан бичиг, Х******* ХХК-д 2022.07.19-ний өдөр 01/1261, 2022.07.27- ны өдрийн 01/1303 дугаар албан бичиг, Б******* ХХК-д 2022.07.19-ний өдөр 01/1260, 2022.07.28-ны өдрийн 01/1305 дугаар албан бичиг, Т******* ХХК-д 2022.06.27-ны өдөр 01/1139, 2022.07.19-ний өдрийн 01/1264, 2022.07.26-ны өдрийн 01/1207 дугаар албан бичиг, К******* ХХК-д 2022.06.27-ны өдрийн 01/1139, 2022.07.19-ний өдрийн 01/1266 дугаар албан бичиг, А******* ХХК-д 2022.07.19-ний өдрийн 01/1256 дугаар албан бичиг, Х******* ХХК-д 2022.06.27-ны өдрийн 01/1139, 2022.07.19-ний өдрийн 01/1265, 2022.07.26-ны өдрийн 01/1291 дугаар албан бичгүүдээр мэдээлэл, бичиг баримт гаргуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохыг шаардсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь дээр дурдсанаар эхнээсээ хууль тогтоомж зөрчиж явагдсан бөгөөд эрх бүхий албан тушаалтан бус этгээд арилжааны банкуудаас мэдээлэл, бичиг баримт шаардаж, арилжааны банкуудын мэдээллийн аюулгүй байдалд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн үйл ажиллагааг явуулсан нь Өрсөлдөөний тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.

Зөрчил үйлдсэнийг нотлох баримтыг бүрдүүлээгүй талаар:

1.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4. дүгээр зүйлийн 5-д "Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ", 4.15 дугаар зүйлийн 1-д "эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ", 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн" бол шийтгэл оногдуулах нэг үндэслэл бүрдэх талаар тус тус хуульчилсан. Үүнээс үзвэл шийтгэлийн хуудаст "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж бичигдсэн зөрчил бодитоор байгаа болохыг улсын байцаагч тогтоосон байх шаардлага тавигдаж байна.

 Хэрэгт авагдсан баримтыг нэг бүрчлэн судлан үзвэл улсын байцаагч шийдвэрийнхээ үндэслэлийг нотолсон зүйл нэгээхэн ч байхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтын дийлэнх нь гомдол гаргагч банкуудаас гаргаж өгсөн баримтууд байх ба бусад нь дуудан ирүүлэх, баримт бичгийн товьёог зэрэг техник зохион байгуулалтын баримт бичиг байна. Үүнээс дүгнэхэд ипотекийн зээлийн харилцааны мөн чанарыг тодруулж, шимтгэлтэй холбоотой хэсэгт үнэхээр зөрчил байгаа эсэхийг олж тодруулах зорилготой судалгаа боловсруулалт буюу нотлох баримт нэг нүүр ч байхгүй байна.

Арилжааны банкуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн баримтуудаас үзвэл арилжааны банкууд нь хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн үйлчилгээний шимтгэлийг ижил байдлаар тогтоосон гэх зүйл байхгүй бөгөөд харин ч өөр өөрөөр тогтоодог болох нь харагдаж байна. Банк бүрийн ипотекийн зээлийн шимтгэлийн хэмжээ өөр, өөр байгааг хэрхэн судлан тогтоосон, зээлийн шимтгэлийг өөр өөрөөр тогтоосон нь хэрэглэгчийг хохироох ямар хууль бус худалдааны арга болох талаар үндэслэл гаргаж нотолж чадаагүй болно.

Хоёрт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь арилжааны банкны зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхгүй тухайд:

2.1. Банкны ипотекийн зээлийн үйл ажиллагааны талаар:

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу 2013 оноос иргэдийг орон сууцжуулах зорилго бүхий хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийн үйл ажиллагаа буюу ипотекийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан Монголбанк болон Засгийн газрын санхүүжилтийн эх үүсвэртэйгээр олгож эхэлсэн. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа буюу бүтээгдэхүүн нь арилжааны банкнаас өөрөө санаачлан олгодоггүй, төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийг олон түмэнд хүргэж буй үйл ажиллагаа тул энэ төрлийн зээлийн бүтээгдэхүүнд арилжааны банкууд нь өөр хоорондоо өрсөлддөггүй болно.

2.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг түүнийг хэрэгжүүлэх бүрэн эрхийн талаар:

Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн" гэж зааснаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хариуцан хэрэгжүүлдэг ажил буюу чиг үүрэг Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих болох нь тодорхой байна.

2.3. Төв банк нь банкны зээлийн үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавих чиг үүрэгтэй талаар:

Банкнаас иргэдэд олгож буй ипотекийн зээлийн асуудлыг Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам", 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын дагуу зохицуулж байна. Тодруулбал,

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Монголбанк энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ" гээд 5.1.4-т "банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих" гэж зааснаар Монголбанк нь банкны үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байна.

 Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй”, 6.6-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина",  28 дугаар зүйлийн 28.1-д "Банкны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, банк, эрх бүхий хуулийн этгээдийн шилжүүлгийн үйл ажиллагаанд Монголбанк ... өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавина” гэж заасан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуулиар банкны зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг олгоогүй бөгөөд харин тус чиг үүргийг, хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар Монголбанкинд олгосон байна. Арилжааны банкууд нь Монголбанкинд жил бүр зээлийн үйл ажиллагааны тайланг хүргүүлж, Монголбанкны хяналт, зохицуулалтын дор үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн хууль тогтоомжоор тогтоосон зарчим зохицуулалтыг удирдлага болговол зохицуулалт бүхий салбарын үйл ажиллагаанд өөр этгээд хяналт шалгалт хийх замаар хутгалдан орохыг хязгаарласан байхын зэрэгцээ хяналт шалгалтыг давхардуулж хийхийг хориглосон байдаг.

Төв банк хууль тогтоомж, журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлж 2023 оны 3 дугаар сард Х*******, Т*******, Х*******иудад Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны А-295 дугаар тушаалаар баталсан "Орон сууцны ипотекийн санхүүжүүлэлтийн журам"-ын 2-р бүлгийн хэрэгжилтийг шалгах, тус журмын дагуу банкнаас олгосон зээлд хамаарах 1 хувийн шимтгэл үндэслэлтэй тогтоогдсон эсэх асуудлаар хяналт шалгалт хийсэн байдаг.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, улмаар шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн болно.

Гуравт: Шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврын талаар:

3.1. Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэлийн хуудас ногдуулсан тухайд:

Хариуцагчаас арилжааны банкуудыг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-т "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, 4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэж шийтгэл оногдуулсан.

Дээрх хуулийн заалтын хэрэглэх урьдчилсан нөхцөл нь аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байх юм. "Өрсөлдөөнийг хязгаарлах" гэдгийг Өрсөлдөөний тухай хуулийн үзэл баримтлал, нэр томьёо болон хэл зүйн үүднээс 1) "Өрсөлдөгч гэдгийг Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгоно”, 2) "Аж ахуй эрхлэгч гэдгийг 4.1.3-т зааснаар Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно”, 3) "Хязгаарлах гэдэг үг нь монгол хэлний хэл зүйн тольд "юмыг хасах буюу хэмжээ тогтоож зогсоох; зарим эрхийг хязгаарлах" гэсэн утгаар ойлгох”-оор тайлбарласан.

Эдгээрээс үзвэл өрсөлдөөнийг хязгаарлах гэдэг нь нэг төрлийн бараа бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчид буюу өрсөлдөгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулах явдалд өрсөлдөгчийнхөө эрхийг хязгаарлах байдлаар илрэхээр байна. Дээр дурдсанчлан арилжааны банкууд нь ипотекийн зээлийн үйл ажиллагаанд аливаа байдлаар өрсөлддөггүй тул арилжааны банкуудыг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэснийг хэрхэн ойлгож хэрэглэх нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой юм. Хариуцагчаас хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил үйлдсэн гэж үзэж арилжааны банкуудад шийтгэл оногдуулсан. Хариуцагчаас худалдааны ямар арга хэрэглэсэн нь хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй бөгөөд хэрхэн хохироосон талаар ямар ч баримт цуглуулаагүй болно. Мөн энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчээс аливаа гомдол, мэдээлэл ирж байгаагүй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хэн нэгэн хэрэглэгчийн гомдлоор явагдаагүй билээ. 

Харин арилжааны банк нь зээлийн үйлчилгээний шимтгэл авах эрхтэй болох нь дараахь хууль, журмаар тодорхой зохицуулагдсан юм. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй" гэж заасан. Хариуцагчаас хариу тайлбартаа ипотекийн зээлийн үйлчилгээний шимтгэлийг 1%- иар тогтоосон нь үндэслэлгүй, иргэнд зээл олгоход гарч буй бодит зардалтай нь уялдуулан ипотекийн зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ёстой гэж дурдсан.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 9.1-д “Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцож талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна. 9.1.1. Зээл үүсгэх харилцаа, 9.1.2. Зээлийн өргөдөл, 9.1.3. Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, 9.1.4. Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, 9.1.5. Зээлийн түүхийн судалгаа, 9.1.6. Шуудан, холбоо, 9.1.7. Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, 9.1.8. Хугацааны сунгасны шимтгэл.” гэж зохицуулсан

Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 1.3.17-д "Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тогтмол дүнг", 1.3.18-д “Хураамж гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тогтмол дүнг ойлгоно" гэж тус тус заасан. Ийнхүү дээрх Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу зээлийн шимтгэлийг 1.0%-иар тогтоосон нь тус журамд нийцэх бөгөөд банк бүр өөр, өөрөөр тогтоосон. Харин банкууд зээлийн хэмжээнээс хамааран өндөр зээлийн шимтгэл төлөгдөхөөс сэргийлж, дээд хэмжээг мөнгөн дүнгээр тогтоон хэрэглэгчид ээлтэй байх арга хэмжээ авсан. Үүнийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл огт болохгүй юм.

Монголбанкны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-10/21 дугаар албан бичигт “... Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох бодит өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Өрсөлдөөний тухай хуульд хамаарахгүй бөгөөд банкаар эх үүсвэр хуваарилах замаар тус бодлогыг хэрэгжүүлж байна" гэж тодорхой дурдсан байна.

 Зөрчлийн тухай хуулийн дээрх зөрчилд оногдуулах шийтгэл нь давхар хэрэглэгдэх буюу хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж нэмэлтээр учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийн 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор хуульчилсан. Хэрэв хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн бол хэн нэгэн хэрэглэгч хууль бусаар хохирсон байх бөгөөд түүнд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тухайн хэрэглэгчид төлүүлэх ажиллагааг хийгдэх шаардлагатай тул хууль тогтоогчоос дээрх зөрчилд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ байдлаар хуульчилсан байна. Гэтэл хариуцагчаас давхар хэрэглэгдэх албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр зөвхөн торгох шийтгэлийг оногдуулсан нь эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, шийдвэрлэсэн талаар тусгана" гэж заасан. Эндээс үзвэл зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдлыг шийтгэлийн хуудаст тусгахаар хуульчилсан. Хариуцагчаас арилжааны банкуудын ипотекийн зээлийн үйлчилгээний шимтгэлийг үндэслэлгүй буюу "зөрчил" гэж үзэхдээ ямар нөхцөл байдлыг тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Хариуцагч нь зөрчлийн талаар нөхцөл байдлыг огт тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан байна.

Ийнхүү хариуцагчаас арилжааны банкуудад 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр оногдуулсан шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хууль зүйн үндэслэлгүй болно.

3.2. Эрх бүхий албан тушаалтны даалгавар хууль зүйн үндэслэлгүй талаар:

Хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг гаргасан. Тус даалгаварт “банкнаас орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан” байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн мөлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно" гэж заасан. Хариуцагчийн зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар авч буй "ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох" болон "харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авах" гэсэн 2 арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний алинд нь хамаарч байгаа нь ойлгомжгүй байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй", 6.6-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина" гэж заасны дагуу өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэлийн хувь, хэмжээг банк өөрөө тогтоох эрхтэй байтал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  улсын байцаагчаас шимтгэлийн хувь, хэмжээг тогтоох асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагчаас "зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох” гэсэн даалгаврын үндэслэлээ хэрхэн яаж, юуг үндэслэл болгон гаргасан, ямар албан ёсны эх сурвалжийг баримталсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй бөгөөд ингэж тооцоолсныг үндэслэлтэй тогтоосон гэж үзэх талаар ч тооцоолол хийгээгүй тул илтэд ойлгомжгүй байна.

 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан. Орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу байгуулагддаг гэрээ болно. Гэрээний талууд гэрээний нөхцөлийг чөлөөтэй тохиролцож байгуулах ёстой байтал гэрээний тал бус этгээдээс гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг шаардаж буй нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэх зөрчлөөсөө огт өөр зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны даалгавартаа бичсэн байна. Эрх бүхий албан тушаалтны даалгаварт "... 10.7 дугаар зүйлийн 4.7-г зөрчиж, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна" гэж бичсэн. Дээр дурдсанчлан хариуцагч нь шийтгэлийн хуудастаа "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчилд хариуцлага хүлээлгэсэн атлаа зөрчил гэж үзээгүй "хууль ёсны ашиг сонирхолд харшлах" үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдлыг тогтоосон гэж даалгаварт бичсэн нь үндэслэлгүй байна.” гэв.

Зургаа. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа:

   Тус газраас агентлагийн даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/07 дугаартай удирдамжийн дагуу арилжааны банкуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Уг хяналт шалгалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж, 15.1.4-т "өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах;" гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ба тус газар нь хууль тогтоомжид заасан өөрийн чиг үүргийн дагуу арилжааны банкуудад хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй.

Хяналт шалгалтаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, Аригбанк ХХК, Чингисх******* ХХК, ХААН банк ХХК, Х******* ХХК, Т******* ХХК, Хасбанк ХХК, Богдбанк ХК, Голомтбанк ХХК, К******* ХК, Т******* ХХК нь иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын дагуу 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тэдгээрт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалгах ажиллагааг явуулсан.

 Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:" гэж. 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина" гэж, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны А/203 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 1.3.17-д "Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг ойлгоно" гэж, 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 9.1-т "ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна., 9.1.1. Зээл үүсгэх харилцаа; 9.1.2. Зээлийн өргөдөл; 9.1.3. Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах; 9.1.4. Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан; 9.1.5. Зээлийн түүхийн судалгаа; 9.1.6. Шуудан, холбоо; 9.1.7. Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт; 9.1.8. Хугацаа сунгасны шимтгэл." гэж тус тус заасан.

Үүний дагуу банкууд нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгож буй арилжааны банк болохын хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан холбогдох журмуудад заасны дагуу санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд буюу тухайн иргэнд зээл олгоход гарч буй бодит зардалтай нь уялдуулан ипотекийн зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ёстой ба хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон.

Гэвч зөрчил шалгах ажиллагааны хүрээнд банкууд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээний шимтгэлийг "Зээлийн дүнгийн 1%" гэж тогтоохдоо ямар тооцоо, судалгаанд үндэслэсэн болох талаар нотлох баримтыг ирүүлээгүй. К******* тооцоолол ирүүлсэн ч үндэслэл болгосон судалгаа, баримтыг ирүүлээгүй. 

Өөрөөр хэлбэл арилжааны банкнаас ипотекийн зээлийн шимтгэлийг тогтоохдоо холбогдох зардлын тооцоо, судалгааг урьдчилан хийж гүйцэтгэж байж "үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох" хуулийн шаардлагыг хангах ба тус газраас 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/837 тоот, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1065 тоот албан бичгээр бүх банкуудад болон банкуудад тухайлан албан бичгээр “зээлийн шимтгэлийн хувь тооцсон аргачлал, зээлийн шимтгэл тогтоосон үндэслэл, зардлын дэлгэрэнгүй тооцооллыг ирүүлэх” талаар удаа дараа мэдэгдсэн боловч холбогдох мэдээллийг ирүүлээгүй, зээлийн шимтгэлд холбогдох зардлын тооцоог гаргадаггүй болох нь эрх бүхий албан тушаалтны холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлээр нотлогдсон.

Иймд банк нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн шимтгэлийн хувийг үндэслэлгүй тогтоосон буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг зөрчиж Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул тус газрын эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм.

Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан прокурорын хяналт дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад удаа дараа гомдол гаргаж прокурорт хянуулсан. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан гэж үзэж байна.

Банк нь ашгийн төлөө байгууллагууд улсын бүртгэлд бүртгэлтэй байгууллагууд юм. Хяналтыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тавьж байгаа. Зөвхөн энэ 2 байгууллагаар өөрсдийн үйл ажиллагааг хязгаарлах боломжгүй. Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 9 хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж шийдвэрээ гаргаж байна

Шимтгэлийг үндэслэлтэй тогтоох ёстой үүргийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар банкнуудад олгосон, тус заалтын хэрэгжилтэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гэж заасан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт явагдаж байхад банкуудаас журамд зааснаар энэ 8 зардлаа оруулаад 1 хувийн шимтгэл авч байгаа гэдгийг тайлбарласан нэг ч банк байгаагүй. Ганц гаргаж өгсөн банк нь К******* байсан. Гэхдээ энэ шимтгэл бол манай нийт авдаг ажилчдын зардлын задаргаа байгаа юм гэж тайлбарлаж байсан. Ийм байж болохгүй.  Эцэстээ энэ үйл ажиллагааны ард хэрэглэгч байгаа. Банкуудаас гаргаж байгаа ипотекийн зээл нь тус банкны нэг бүтээгдэхүүн үйлчилгээ юм. Хүүгийн хэмжээг тогтоож өгсөн болохоос биш шимтгэлийг хэмжээг төрийн байгууллагаас тогтоож өгөөгүй. Эцсийн бүлэгтээ энэ маргаан нь иргэдэд чиглэсэн шийдвэр байсан гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна гэв.

 

Долоо. Хариуцагчийн өмгөөлөгч нар тайлбартаа: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хууль бус шаардлага тавьсан зүйл байхгүй. Арилжааны банкнууд өрсөлдөөнийг хязгаарлаж байгаатай холбоотой тайлбараа гаргаж чадахгүй байна. Яагаад дандаа нэг хувийн шимтгэл тавьж байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдлээрээ хэрэглэгчийг хууль бусаар хохироосон үйлдэл байна.

Нэгэнт бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт их учра******* нэмэлт зардлыг өндрөөр тавих нь ач холбогдолтой. Нэг хувийн шимтгэлийг батлахдаа тооцоо судалгаа, аргачлал гэж  байдаггүй гэдэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдсон. Нэгэнт байхгүй гэдэг нь тогтоогдсон байхад дахин түүнийг шалгах ямар ч шаардлагагүй. Маргаан бүхий зөрчил бол тооцоо судалгаагүйгээр 1 хувийн шимтгэл тогтоосон байна гэх зөрчил юм. 1 хувийн шимтгэл ямар тооцоо судалгаа байхгүй гэдгийг анхнаасаа банкууд хэлж байсан. Энэ нь баримтаар тогтоогдож байсан.

20 жилийн хугацаанд зээлийг эргэн төлүүлэх зардалд банкууд авдаггүй. Тусгай зориулалтын компани*******нууд үйл ажиллагааны зардлаа авч байгаа. 20 жилийн хугацаанд гарах зардлаа тооцож шимтгэлийг авсан гэх тайлбар үндэслэлгүй.

Үйл ажиллагаа явуулахад гарах зардлыг тухай бүрд нь тусгай зориулалтын компаниас гаргуулж авч болно. Банкнаас эрсдэл байна гэж үзэж иргэдээс шимтгэл авч байгаа нь хууль бус аргачлал. Журмаар 0-1 хувийн байх боломжтой. Мөн зардалтай уялдсан байх ёстой. Зардал гэдэгт юу орж байна, хаанаас гарч байна, тийм зардлаа тооцоол гэж тайлбарлаж байгаа. Банкууд бусад зээлийн шимтгэлээ яагаа бага тавьж байгаа вэ гэхээр эрэлт байгаа. Энэ ипотекийн зээл бол эрэлт  маш өндөр, нийлүүлэлт хязгаартай учраас юм. Үүн дээр арилжааны банкууд тоглолт хийж байгаа.

Хяналт шалгалт чиг үүргийн дагуу хийгдсэн эсэхэд маргаж байна. Шимтгэлийг үндэслэлтэй тогтоосон эсэх асуудлыг Монгол банк хяналт шалгалт хийж хариуцлага хүлээлгэх асуудал байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалт нь арилжааны банкны аль үйл ажиллагаанд хамаарах вэ гэх асуудал юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 15.4-т заасан үйл ажиллагааны хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хэлбэрээс үл хамаараад бүхий л үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй. Хуульд зааснаар хяналт шалгалт хийсэн нь үндэслэлтэй байна. Энэ чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт явуулж 1 хувийн шимтгэл тооцож байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж акт гаргасан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна.

Энэ ипотекийн хөнгөлөлттэй зээл гаргахахд өрсөлдөөн байхгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Өрсөлдөөний тухай хуульд өрсөлдөөн гэж юу байдаг талаар тайлбарласан. Тухайн зах дээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж л байгаа бол түүнд өрсөлдөөн байгаа. Тэгэхээр энэ зээл олгоход банкууд өрсөлдөж байгаа. Энэ өрсөлдөж байгаа нэг хэлбэр нь шимтгэлийн хувь хэмжээ юм. Энэ хөнгөлөлттэй зээлээр дамжуулж арилжааны банкуудад харилцагч татах гэх мэт маш олон төрлийн давуу байдал үүсэж байгаа.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйл, 10.7 дугаар зүйлд заасныг  гомдол гаргагч талаас төсөөтэй хэрэглэж байгаа гэж тайлбарлаж байна. Төсөөтэй хэрэглэх боломж байхгүй. Учир нь энэ зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шалгах эрх бүхий албан тушаалтан өөр байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн эсэх асуудлыг шалгаж байгаа. Тийм учраас өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бус худалдааны аргаар хохироосон байна гэх үйлдэлд энэ арга хэмжээ авагдсан. Төсөөтэй хэрэглэсэн асуудал яригдахгүй.

Арилжааны банкнууд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчийн тавьсан албан бичиг шаардлагын хүрээнд тооцоо судалгаатай холбоотой баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт шимтгэлийг 1 хувиас хэтрэхгүй байна, 9.1.1-9.1.8 дахь заалт дахь шимтгэлийн зардал байна гэж заасан. Банкууд шимтгэлийг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа бол энэ зээлийн үйлчилгээнд энэ зардал орж байгаа гэж тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгөх ёстой. Нэг бүрчлэн тооцоолол судалгааны аргачлалыг гаргаж өгөх ёстой байсан. Одоо харин эсрэгээрээ та нар өөрсдөө нотлох ёстой байсан гэдэг байдлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нарыг буруутгаж болохгүй. Байцаагч нар үүнтэй холбоотой баримтыг шаардсан. Авсан баримтуудын хүрээнд түүнд үндэслэж энэ зөрчилтэй холбоотой шийтгэл ногдуулсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар нотлох баримтыг аваад хяналт шалгалтаа хийсэн, үүнтэй гомдол гаргагч нар маргасан.

Банкууд маш олон төрлийн зээл гаргаж байгаа. Яагаад бусад зээл нь шимтгэлийн хувьд ялгаатай байгаад, ипотекийн зээлийн шимтгэл 1 хувь байгаа талаар ямар ч тайлбар, нотлох баримт гаргаж өгсөнгүй. Бусад зээлээс арай илүү ажиллагаатай байгаа гэдэг ч ямар илүү ажиллагаа байгаа талаар тайлбарлаагүй. Мөн бүх банкууд зээлийн нөхцөлийг вэб сайтдаа нийтэлсэн байгаа. Хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлтэй холбоотой  баримтыг прокуророос шаардсанаар гаргаж өгсөн. Үүнээс харахад Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1.1-9.1.8-д заасан зардлаас өөр байдлаар шимтгэл тогтоож авсан нь харагдаж байгаа. Энэ журмын 9.2 дахь хэсэгт заасан зээлийн өргөдөл гэдэг нь 1 хувийн шимтгэл гэдэгт орж байгаа гэж заасан байгаа. Гэтэл бүх банкууд энэ зээлийн өргөдлийн хураамжид 10.000 төгрөг авна гэж заасан. Мөн 9.8-д “хугацаа сунгасны шимтгэл” гэж 1 хувийн шимтгэлд орж байгаа  гэж заасан байхад 1 хувийн шимтгэлээс тусад нь дахин шимтгэл авч байгаа. Энэ бүх баримтаас үзэхэд энэ шимтгэлийг авахдаа ямар ч тооцоо судалгаагүй авч байна гэдэг нь харагдаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй явагдсан гэх тайлбарт хууль зүйн тайлбар өгье. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалтын удирдамж гаргасан. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараахь үндэслэлээр явуулна” гэж заасныг үндэслэж явуулсан. Ингээд хяналт шалгалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 12.1.10 дахь заалтад хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасны дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлэн явуулсан. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”гэж тус тус заасан. Тэгэхээр байцаагч нараас хяналт шалгалтаа удирдамжийн дагуу явуулаад Зөрчлийн тухай хуульд заасан үйлдэл байна гэж үзэж зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдогчоор оролцож байгаа бол хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож болохгүй байсан. Энэ бол процесс ажиллагааг зөрчиж оролцож болохгүй этгээдээс тайлбар, мэдүүлэг авсан байна гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар “оролцогч" гэж зөрчилд холбогдогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”  тус тус гэж заасан. Энэ үндэслэлээр холбогдогч, оролцогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж мэдүүлэг авсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дараах хүн төлөөлж болохгүй гэх заалтыг буруу тайлбарлаж байна. Энэ ажиллагаанд иргэн Цэнгэл оролцогчоор оролцоод явж байгаа бол А компанийг төлөөлж оролцож болохгүй гэсэн утгатай юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд прокурорт гомдол гаргах гэсэн зохицуулалт байгаа. Энэ эрхийн хүрээнд прокурорт гомдол гаргаж явсан. Хэрвээ гомдол гаргагч  нарын зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэж байсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дахь хэсэгт заасан зохицуулалт байгаа, прокурорт аль ч үе шатанд гомдол гаргах эрх нь байсан. Гэтэл зөвхөн зөрчлийн хэрэг нээсэнд гомдол гаргаснаар бид гомдол гаргасан гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй байна.

Энэ хурал бол түүхэн хурал. Энэ хурлаас гарах шийдвэр бол ипотекийн зээлтэй байгаа 108.000 иргэн, хамтран зээлдэгч нарт хамааралтай шийдвэр байгаа. Тиймээс энэ асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалт хийх ёсгүй гэдэг бол үндэслэлгүй юм. Гомдол гаргагч нар прокурорт гомдол гаргаад, прокурор хянаад хариу өгөөд явсан үйл баримтаас үзэхэд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хяналт шалгалт хийх эрхтэй байсан гэдгийг нотолж байгаа юм.

Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт банкнууд шимтэл авч болно гэхдээ тэр шимтгэлээ юунаас тогтсон гэдгийг нотлох ёстой. Банкууд энэ тооцооллоо гаргаж өгөөгүй. Үүнийг нотлох үүрэг нь банкуудад байгаа юм. Энэ талаар тооцооллоо гаргаж өгөөгүй гэдэг нь өөрсдийнх нь буруу. Хохирч байгаа этгээдүүд бол иргэд байна. Банкууд огт хохироогүй, банкууд өрсөлдөөнгүй биш өрсөлдөөн байх боломжтой. Өнөөдрийн байдлаар 4.7 их наядын ипотекийн зээл байгаа. Энэ бол Засгийн газар, Улсын Их Хурлаас баталсан төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө. Хувийн банкуудаар дамжуулж зээл гаргаж буй төрийн мөнгө. Банкууд үүнээс ашгаа аваад явж байгаа. Энэ татвар төлөгчийн мөнгөнөөс 1 хувийн шимтгэл авч байгаа нь хуульд нийцэхгүй байна. 1 хувийн шимтгэл нь нийт 47 тэрбум төгрөг болж байгаа. Г******* 100 тэрбум төгрөгийн, Х******* 499 тэрбум төгрөгийг ашигтай ажилласан. Энэ бол та бүгд иргэдээс авах ёсгүй мөнгөө авсны дүн нь 47 тэрбум төгрөг юм. Энэ банкны харилцаа нь иргэдтэй холбогдох харилцаа юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар бол хяналт шалгалт хийх эрхтэй төрийн байгууллага юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу улсын байцаагч нар арилжааны банкуудад “зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх”-д хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий банкинд холбогдуулан “арилжааны банкууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгаад 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд тус бүр 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.   

Нэр бүхий 9 арилжааны банк дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсууд болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар арилжааны банкуудад Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг удирдамжаар шалгаж, улмаар зөрчлийн хэрэг нээж шалгасан нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу харьяалал зөрчөөгүй гэж үзлээ.

1. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд тус газар нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 22.1.3 дахь заалтаар өөрийн санаачлагаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч байгууллагад хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл удирдамжид заасанчлан арилжааны банкуудын зээлийн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоон авч байгаа үйл ажиллагааг буюу аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхийг, тодруулбал өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан эсэхийг, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгах чиг үүрэг, эрх хэмжээ байх тул хуулиар олгосон эрх хэмжээ, хяналтын чиг үүргийн хүрээг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

2. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид хуулиар харьяалуулсан, 1.8 дугаар зүйлийн 6.19-д заасан Монгол банкны хянан шалгагчийн харьяалалд хамаарахгүй байна.

3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар шимтгэлийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоосон эсэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шалгах хэдий ч шимтгэлийн хувь хэмжээг тогтоохдоо аж ахуй эрхлэгч банкууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны хэрэглэсэн эсэхийг, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан эсэхийг шалгах эрх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байна.  

Хоёр. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар болон улсын ерөнхий байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрвээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчлийн хэргийг үндэслэлгүй нээсэн гэж үзвэл тухай бүр нь зөрчил  шалган шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорт гомдол гарган шийдвэрлүүлэх зохицуулалт хуульчлагдсан, тиймээс ч энэ зохицуулалтын хүрээнд нэр бүхий гомдол гаргагч банкуудын хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлж, хянуулж байсан үйл баримтууд зөрчлийн хэрэгт авагдсан байна.

2. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга улсын ерөнхий байцаагч байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.1, 1.7-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангах, шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байх тул зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан бичгээр холбогдогч нараас баримт мэдээлэл шаардсаныг өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, цаашлаад энэ ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил биш байна.

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь, холбогдогчоор мэдүүлэг авсныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3.2-т заасныг зөрчсөн гэж үзээгүй болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т оролцогчийг зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэмээн тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 1-д зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж буй хуулийн этгээд буюу энэ тохиолдолд банкийг холбогдогч гэж, 3.5 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан байх бөгөөд энэ зохицуулалтад хуулийн этгээд болох банкнаас томилсон төлөөлөгчийг оролцогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр зөрчөөгүй байна.

Энэ нь гомдол  гаргагч нарын тайлбарт дурдсанчлан Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3.2-т заасан “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүн хуулийн этгээдийг төлөөлж болохгүй” гэх хязгаарлалтад хамаарахгүй юм.

Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх  үндэслэлийг шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгох үндэслэл болгоогүй.

Гурав. Харин арилжааны банкуудын ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоногэсэн заалтыг зөрчиж “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шүүх хянан хэлэлцээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “тухайн зөрчлийг тогтоогоогүй, тогтоох ажиллагаа хийгээгүй”, нөгөөтэйгүүр хуулиар, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ гэж дүгнэлээ. Тодруулбал,

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд шийтгэлийн хуудаст зөрчил гэж үзсэн “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үйлдлийг дангаар салгаж хэрэглэх боломжгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх шаардлагатайг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д томьёолсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.2-т зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж заасанчлан 2.1 дүгээр зүйлийн 1-д хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.

Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний хууль зөрчих заалт бөгөөд 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалт нь аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хууль бусаар хохироох, худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан бол зөрчил гэж үзэхээр, энэ зөрчлийн шинжийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т тодорхойлсон, өөрөөр хэлбэл өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн тодорхой үйл ажиллагааг хориглохоор, энэ хориглосон үйл ажиллагааг явуулбал зөрчилд тооцож Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зөрчил гэж үзэх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх объектив шинжийг агуулахаар байна.  

Гэтэл шийтгэлийн хуудаст “шийдвэрлэх нь” хэсэгт “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үйлдлийг таслан авч зөрчилд тооцсон нь, шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

2. Улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж шалгасан ч зөрчил гэж үзсэн үйлдлийг нотлон тогтоох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон зохих ажиллагааг хийгээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн  10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хууль бусаар хохироох, худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчлийг тогтоогоогүй байна.  

Хариуцагч нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй үйлдэл эс үйлдэхүй  илрүүлсэн хэмээн зөрчлийн хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон зөрчлийг шалгаж тогтоох тодорхой ажиллагаануудыг хийгээгүй, зөрчлийг шалгаж тогтоогоогүй атлаа шийтгэл ногдуулж зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 2 “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1 “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, 7.1 дүгээр зүйлийн  1 “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа 1.1 “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3 “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 1.5 “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.2 дугаар зүйлийн 2 “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэлийн талаар тусгана.”, 7.4 дүгээр зүйлийн 1 “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ... иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, ... зэрэг арга хэмжээ авч болно.” гэж заасанд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн  тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил үйлдэгдсэн гэж эрх бүхий албан тушаалтан  тогтоох ажиллагаа хийгээгүй, зөрчил тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар бичсэн эрх бүхий албан тушаалтны даалгавар хууль бус, гомдол гаргагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчжээ.  

3. Хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг зөрчил гэж үзэхгүй, мөн хууль бус худалдааны арга гэж үзэхгүй.

Гэрээнд тусгасан шимтгэлийг харилцагчаар төлүүлэхийг, өөрийн үйлчилгээндээ шимтгэл тогтоож авахыг арилжааны банкинд хуулиар зөвшөөрсөн, түүнчлэн шимтгэлийг үндэслэлтэй тогтоосон эсэхэд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар, энэхүү хяналт тавих чиг үүргийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо шимтгэлийн хувь хэмжээг бууруулахыг банкинд санал болгохоор, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл тогтоосон шийдвэрийг нь хүчингүй болгож, нийтэд мэдээлэхээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6, 6.7 дахь хэсэгт хуульчилж, банк нь санхүүгийн үйлчилгээнийхээ зардлаа санхүүжүүлэх зорилгоор өөрөө тогтоосон хувь хэмжээгээр харилцагчаар шимтгэл төлүүлж болохоор, ипотекийн зээлийн дүнгийн 1 хувиас хэтрүүлэхгүйгээр  тодорхой зардал шингээсэн хэмжээгээр шимтгэлийг зээлдэгчээр төлүүлж болохоор Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1, 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17 дахь заалтаар Монголбанк журамлажээ. 

Тодруулбал Банкнаас аливаа харилцагчид үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй.”, 6.6-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина” гэж зааснаар банк нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэлийн хувь хэмжээг өөрөө тогтоох, гэрээнд заасан шимтгэлийг төлүүлэх хуулиар олгогдсон эрхтэй байна.

Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д “Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна.” гээд 9.1.1-9.1.8-д зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан, холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацааны сунгасны шимтгэл зэрэг шимтгэлийн хувь хэмжээг тогтооход харгалзах зээлийн үйлчилгээнд гарах зардлуудыг нэрлэсэн байдаг. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17-д "Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тогтмол дүнг ойлгоно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн үйлчилгээний зардлыг шингээсэн шимтгэлийг банк өөрөө тогтоож, гэрээндээ тусгах замаар зээлдэгчээр төлүүлэх үйл ажиллагаа нь хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагаа байх бөгөөд шимтгэлийн хувь хэмжээний дээд хязгаарыг хэм хэмжээний актаар тогтоож өгсөн, энэ маргаан ийнхүү тогтоосон дээд хязгаарыг зөрчсөн гэх агуулгагүй буюу зөвшөөрсөн хүрээнд байна.   

Иймд хууль, хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагаа бөгөөд хувь хэмжээний хувьд үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох зохицуулалт нь  хуульчлагдсан энэ харилцаан дахь шимтгэлийн хувь  хэмжээг тогтоосон үйл ажиллагааг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны хууль бус арга гэж үзэх боломжгүй юм.  

Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил биш байх тул зөрчлийн үр дагаврыг арилгуулах шаардлага, хууль зүйн үндэслэл үүсэхгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүх “арилжааны банкууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа” биш” гэж үзэж нэр бүхий 9 банкинд торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Дөрөв. Гомдол гаргагч Х******* ХХК тус банкинд бичигдсэн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан “чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор гомдлын шаардлагаа тодорхойлсон.

Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлээс нэлээд ялгаатай хуульчилсан.

1. Дээр дүгнэсэнчлэн Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийх, цаашлаад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн эсэхэд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх хариуцагч улсын байцаагч нарт хуулиар олгогдсон тул “чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан үндэслэл үгүй байна.

2. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил буюу Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хориглосон үйл ажиллагааг тус банк хэрэгжүүлсэн эсэхийг эрх бүхий албан тушаалтан шалгаж шийдвэрлэсэн, хуулийн дээрх зохицуулалтуудыг зөв хэрэглэсэн эсэхэд талууд маргаж байх тул зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтан  даалгавар бичсэнийг “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй.

3. Тус банкинд бичигдсэн эрх бүхий албан тушаалтны даалгавар нь бусад гомдол гаргагч банкуудад бичигдсэнтэй агуулга, хэлбэр, үндэслэл, эрх зүйн үр дагаврын хувьд адил тул тухайн гаргасан шийдвэрийнх нь хувьд хуульд нийцсэн эсэх гэдэг үндэслэлээр дүгнэх боломжтой, тиймээс бусад гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус банкинд даалгасан  эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хууль бус гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. 

Тав. Шүүхийн энэ шийдвэр Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороо шимтгэлийн хувь хэмжээнд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэхтэй холбоотой үйлдэл, эс үйлдэхүйд холбогдуулан аливаа этгээд нэхэмжлэл гаргаж маргах эрхийг хязгаарлахгүй гэдгийг дурьдах нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг баримтлан гомдол гаргагч А******* ХХК, Б******* ХХК,  Х******* ХХК, Х******* ХХК,  К******* ХХК, Т******* ХХК, Г******* ХХК, Т******* ХХК, Х******* ХХК-иудын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002270, 0002268, 0002269, 0002274, 0002272, 0002267, 0002273, 0002271 дугаартай шийтгэлийн хуудсуудыг, мөн өдрийн зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож,  Х******* ХХК-ийн гаргасан “зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1--дт зааснаар гомдол гаргагч А******* ХХК, Б******* ХХК,  Х******* ХХК, Х******* ХХК,  К******* ХХК, Т******* ХХК, Г******* ХХК, Т******* ХХК, Х******* ХХК-иудаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн тус бүр 70,200 төгрөг, нийт 631,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч нар, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Д.ХАЛИУНА