Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0392

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэр бүхий 9 банкны гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар

Гомдлын шаардлага: Гомдол гаргагч нэр бүхий 9 банк Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002270, 0002268, 0002269, 0002274, 0002272, 0002267, 0002273, 0002271 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар, Х ХХК-иас бусад нэр бүхий 8 банк зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг тус тус хүчингүй болгуулахаар, Х ХХК зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0346 дугаар шийдвэр

Гомдол гаргагч: “А ” ХХК, Б ” ХХК, Х ” ХХК, Х ” ХХК, К ” ХХК, Т ” ХХК, Г ” ХХК, Т ” ХХК, Х ” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, тус газрын улсын байцаагч нар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.О

Гомдол гаргагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Э.М

Гомдол гаргагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А

Гомдол гаргагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У

Гомдол гаргагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Гомдол гаргагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х

Гомдол гаргагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Гомдол гаргагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Ц.Ш

Гомдол гаргагч нарын өмгөөлөгч Б.Х, З.С

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, С.Г

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Б.Ц, Г.Ч, О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0816/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч нэр бүхий 9 банк нь Гомдол гаргагч нэр бүхий 9 банк Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002270, 0002268, 0002269, 0002274, 0002272, 0002267, 0002273, 0002271 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар, Х ХХК-иас бусад нэр бүхий 8 банк зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг тус тус хүчингүй болгуулахаар, Х ХХК зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0346 дугаар шийдвэрээр: гомдол гаргагч А ХХК, Б ХХК, Х  ХХК, Х ХХК, К ХХК, Т ХХК, Г ХХК, Т ХХК, Х ХХК-иудын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002270, 0002268, 0002269, 0002274, 0002272, 0002267, 0002273, 0002271 дугаартай шийтгэлийн хуудсуудыг, мөн өдрийн зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож, Х ХХК-ийн гаргасан зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” гэж, 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь ...” гэж заасан. “Эсхүл” гэсэн холбоос үг нь уг нөхцөлөөр холбогдож буй хоёр утга агуулгын аль нэгийг сонгох утгыг илэрхийлдэг бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтын хувьд “хууль ёсны ашиг сонирхолд харшлах”, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох” гэсэн хоёр үйлдлийн аль нэгийг сонгон хэрэглэх боломжтой байхаар заасан. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасан нь материаллаг хуулийн зохицуулалт Зөрчлийн тухай хуульд өрөнхий байдлаар зохицуулагдсан тохиолдолд тухайн хууль, захиргааны хэм хэмжээний актад тусгагдсан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх замаар зөрчлийн шинжийг тодорхойлохыг ойлгодог. Гэтэл анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад “эсхүл” гэсэн холбоос үг байхгүй, байх ёсгүй мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтнаас хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч арилжааны банкуудаас зээлийн шимтгэлийн хувь тооцсон аргачлал, зээлийн шимтгэл тогтоосон үндэслэл, зардлын дэлгэрэнгүй тооцооллыг ирүүлэх талаар удаа дараа шаардсан боловч холбогдох баримтыг ирүүлээгүй, зөвхөн хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн нэгж зээлийг олгохтой холбоотой гарч буй зардлуудыг нэрлэн ирүүлсэн, “К ” ХХК-ийн хувьд 100 сая төгрөгийн зээлийн дүн бүхий нэгж зээл олгоход 2.010.909 төгрөгийн нийт зардал гардаг гэх үндэслэлгүй зардлын тооцоог ирүүлсэн. “А ” ХХК, “Г ” ХХК, “Х ” ХХК, “Х ” ХХК нь зээлийн шимтгэлд холбогдох зардлын тооцоо, судалгааг гаргаагүй болох нь эрх бүхий албан тушаалтны холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлүүдээр тус тус нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арилжааны банкуудаас мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах зэрэг тухайн зөрчлийг нотлоход шаардлагатай зөрчил шалгах ажиллагааг явуулсан бөгөөд арилжааны банкуудын өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байгааг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхээс эрх бүхий албан тушаалтнуудыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчиж, зөрчлийг тогтоох ажиллагааг хийгээгүй, зөрчил тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан гэж буруутгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ямар ажиллагааг явуулах шаардлагатай байсныг огт дурдаагүй, дээрх байдлаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудын шимтгэлийн хувь хэмжээг тогтоосон үйл ажиллагааг зөрчил гэж огт дүгнээгүй бөгөөд харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд буюу тухайн иргэнд зээл олгоход гарч буй бодит зардалтай нь уялдуулан ипотекийн зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоогоогүй, ижил хэмжээгээр тогтоосон нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулах зөрчил гэж үзсэн ... Арилжааны банкууд хэрэглэгчээс үндэслэлтэй тогтоосон шимтгэл авч байгаа болохоо ямар нэг байдлаар нотлоогүй байхад анхан шатны шүүхээс ипотекийн зардлыг шингээсэн шимтгэлийг банк өөрөө тогтоож, гэрээндээ тусгах замаар зээлдэгчээр төлүүлэх үйл ажиллагаа нь хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагаа байна” гэж тухайн шимтгэлд ипотекийн зээлийн үйлчилгээний зардал шингэсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн, мөн арилжааны банкуудын ипотекийн зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоогоогүй, хэрэглэгчийг хохироож байгаа үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

3.4. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0346 шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002267, 0002268, 0002269, 0002270, 0002271, 0002272, 0002273, 0002274 дугаартай шийтгэлийн хуудсуудыг, мөн өдрийн зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Зөрчлийн тухай хуульд “эсхүл” гэсэн холбоос байдгийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. Зөрчлийн тухай хуулиар “зөрчил бүхий үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тодорхойлох тул тус хуулийн зохицуулалтыг харгалзан үзэх учиртай. Эсхүл гэдэг үгийг монгол хэл бичгийн тайлбар толинд “эсвэл, эс бөгөөс, үгүй бол” гэдэг утгаар тайлбарласан. Энэ утгаар ойлговол Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэсэн зөрчлийг нэг дор гаргасан байхыг шаардахгүй, аль нэг зөрчлийг гаргасан нөхцөлд хариуцлага тооцох үндэслэл болохоор байна.

4.2. Гомдол гаргагч арилжааны банкуудыг хөнгөлөлттэй нөхцөл бүхий ипотекийн орон сууцны зээлийг олгох үед авдаг шимтгэлийн хувь хэмжээг тогтоохдоо зардлын тооцоо судалгаа, аргачлал, интервал гаргалгүй урьдчилан зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон гэдгийг эрх бүхий албан тушаалтан тогтоосон. Ийнхүү тогтоосон хувь хэмжээгээр тогтоосноос хойш буюу ирээдүйд олгогдож буй зээлийн дүнгээс тооцож шимтгэл авдаг гэдгийг мөн тогтоосон. Зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг урьдчилан тогтоохдоо гүйцэтгэх захирлын шийдвэр гарч тогтоосон байдаг боловч ийнхүү шийдвэрлэхдээ зардлын тооцоо судалгаа хийдэггүй болохоо гомдол гаргагч арилжааны банкууд хүлээн зөвшөөрсөн, энэ талаарх баримтыг удаа дараа шаардахад байхгүй” гэдгээ илэрхийлсэн. Энэ нөхцөлд нэгэнт байхгүй зүйлийг гаргуулан авах боломжгүй гэдгийг шүүхээс анхаарч үзээгүй байна. Тооцоо судалгаа хийлгүйгээр зээлийн үнийн дүнгийн 1 хувиар шимтгэл авахаар урьдчилан тогтоож, суутгал хийж байсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил бүхий үйлдэлд хамаарна. Ирээдүйд олгож болох зээлийн үйл ажиллагааны зардлын хэмжээг арилжааны банкуудын захирал, захирлын зөвлөл, зээлийн хорооны хурлаар олон сар жилийн өмнө урьдчилан тогтоох боломжгүй. Урьдчилан тогтоох боломжгүй байхад тооцоо судалгаагүй тогтоосныг зөвтгөж болохгүй. Шимтгэлийн хэмжээ нь үндэслэлтэй байх естой учир эхний ээлжинд тооцоо судалгаа аргачлал хийж үзэх ёстой, энэ нь үр дүнд хүрэхгүй бол зардал гарах тухай бүрт, эсвэл зээл төлөгдөж дуусмагц зардлын тооцоог хийж шимтгэлийг авах боломжтой. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон.

4.3. Хуулинд шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй байхаар заасан. Шимтгэлийн дээд хэмжээг журмаар 1 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энэ нь ипотекийн зээл бүрийн шимтгэлийн хэмжээг 1 хувьд тулгаж тогтоох эрхийг олгосон гэсэн үг биш юм. Банкуудын 1 хувиар тооцон суутгал хийсэн зээлүүдийн бодит зардал 1 хувиас бага байх, зээл тус бүр харилцан адилгүй байх нь ойлгомжтой асуудал юм. ... Энэ нөхцөлд 1 хувиас хэтрээгүй тогтоосон гэх нэрийдлээр зээлийн шимтгэл нь үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлагыг шалгахгүй өнгөрч болохгүй. Олгох, олгосон зээл тус бүрийн гарч болох зээлийн үйл ажиллагааны зардал харилцан адилгүй, ондоо байхад шимтгэлийн хувь хэмжээг ижил хэмжээтэй тогтоосноор тухайн зах зээлийг өрсөлдөөнгүй болгож байна. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэх гэдэг нь зөвхөн өрсөлдөгч талуудад хамааралтай асуудал биш юм. Өрсөлдөх үүрэгтэй зах зээлд оролцогч этгээдүүд өрсөлдөөн үүсгэхгүй байх, хоорондоо өрсөлдөхгүй байдлаар өрсөлдөөнийг хумих, хязгаарлах нь мөн л өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэлд хамаарна. Зээлдэгч буюу хэрэглэгч нь аль ч арилжааны банкинд хандсан шимтгэлийг 1 хувиар тооцож авдаг тул түүнд “чөлөөт сонголт хийх” боломж үүсдэггүй. Арилжааны банкуудын захирлуудын шимтгэлийн хувь хэмжээг урьдчилан тогтоож баталсан шийдвэрийг арилжааны банкны бусад ажилтан, албан хаагч хэлбэрэлтгүй мөрдөх үүрэгтэй бөгөөд үүнд зээлдэгчийн саналыг сонсох замаар өмнөх шийдвэртээ өөрчлөлт оруулдаггүй, гагцхүү хүлээн зөвшөөрүүлдэг байна. Харин хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд хөнгөлөлттэй зээл олгохоос татгалздаг тул энэхүү нөхцөл байдалд хясан боогдсон хэрэглэгч нь чөлөөт сонголт хийж чаддаггүй болно.

4.4. ... Шимтгэлийн хувь хэмжээг 0-1 хувь хүртэл тогтоох боломж нь арилжааны банкуудад байна. Харин үндэслэлтэй тогтоох үүрэгтэй. Шимтгэлийн хувьд хэмжээг тогтоох харилцаа нь өөрөө үнэ тогтоох харилцаа юм. Зээл авахын тулд зээлдэгчийн карманаас гарч буй зардалд шимтгэл орох тул зээл авах өртөгт мөн хамаарна. Үнэ тогтоодоггүй харилцаанд өрсөлдөөн үүсдэггүй. Учир нь үнэгүй учир өрсөлдөх шаардлагагүй. Үнэ бий болгож тогтоож байгаа нөхцөлд өрсөлдөөн үүснэ, үүсэхгүй байх боломжгүй. Харин өрсөлдөөнийг хүсэхгүй байх нь бий. Үнийг өндөр тогтоосноор эрэлтэд өөрчлөлт орохгүй тул үнэ өндөр байх нь арилжааны банкуудад тааламжтай. Энэ нь арилжааны банкуудын удирдлагуудын гаргасан бизнесмен хүмүүсийн ашиг харж гаргасан шийдвэр юм. “эдний хувьд шимтгэлийг 1 хувиас багаар тогтоох нь утгагүй санагдана. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу эрэлт их байхад үнэ буулгах утгагүй болно. Гэхдээ хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр юм.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, арилжааны банкуудад гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002267, 0002268, 0002269, 0002270, 0002271, 0002272, 0002273, 0002274 дугаартай шийтгэлийн хуудсаар “А ” ХХК, “Б ” ХХК, “Х ” ХХК, “Х ” ХХК, “К ” ХХК, “Т ” ХХК, “Г ” ХХК, “Т ” ХХК, “Х ” ХХК-ийг иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан байж болзошгүй, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд холбогдуулан Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр дээрх нэр бүхий 9 банканд зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар бичиж мөн тус бүр нь 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.2. Дээрх нэр бүхий 9 банкуудаас албан даалгавар болон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ ... бид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй. ...улсын байцаагч нар бодит нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлох үүргээ биелүүлээгүй ... үйлдээгүй зөрчилд албан даалгавар бичиж, 20.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан нь үндэслэлгүй гэж, харин “Х ” ХХК-иас “зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж, хариуцагчаас “агентлагийн даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/07 дугаартай удирдамжийн дагуу арилжааны банкуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ... зөрчлийг тогтоосон, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг баримтлан торгууль оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

2.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно” гэж, 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гээд мөн хэсгийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчил”-ийг гэж, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлиийн 1.1“хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх”, 1.2“зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх”, 1.3-д “хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх”, 1.4-д “зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах”, 1.5“зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”,1.6“шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх”, 1.7“прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах”, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх гэж, 1.9“хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авах” 1.10-д “хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах” 1.11“зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх”, 1.12 “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах”,1.13“шүүхээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” 1.14“хуульд заасан бусад” гэж тус тус заасан.

2.4. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох... гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдсан байна гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй” гэж зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, Өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, албан даалгавар гаргах эрхтэй байх тул хуулиар тусгайлан олгогдоогүй асуудлаар хяналт шалгалт явуулсан гэх үндэслэлгүй юм.

2.5. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь хуулиар олгогдсон чиг үүрэг, эрхийн хүрээнд нэр бүхий 9 банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж маргаж буй захиргааны акт болох шийтгэлийн хуудас болон зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргасан байна.

2.6. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд “А ” ХХК, “Б ” ХХК, “Х ” ХХК, “Х ” ХХК, “К ” ХХК, “Т ” ХХК, “Г ” ХХК, “Т ” ХХК, “Х ” ХХК эдгээр арилжааны банкуудаас ипотекийн зээлийн шимтгэлийг тогтоохдоо холбогдох зардлын тооцоо, судалгааг урьдчилан хийж гүйцэтгэж байж “үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох” ёстой.

2.7. Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/837 тоот, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1065 тоот албан бичгээр бүх банкуудад “зээлийн шимтгэлийн хувь тооцсон аргачлал, зээлийн шимтгэл тогтоосон үндэслэл, зардлын дэлгэрэнгүй тооцооллыг ирүүлэх” талаар албан бичиг хүргүүлсэн боловч холбогдох мэдээллийг ирүүлээгүй, зээлийн шимтгэлд холбогдох зардлыг тооцсон баримтаа хүргүүлээгүй, зээлийн шимтгэлд холбогдох зардлын тооцоог гаргадаггүй болох нь “Б ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...орон сууцны ипотекийн зээл олгохдоо шимтгэл 1 хувь авдаг үйл ажиллагааны зардал гэж энийг дундажлаад тооцоолсон. Энэ банкны ашиг биш үйл ажиллагааны зардал гэж явдаг нарийвчлаад гаргах боломжгүй ипотек дээр тооцоолсон юм байхгүй...” гэх мэдүүлэг,

“Х ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 27-нд өгсөн “...ипотекийн зээлийн шимтгэл 1 хувь авдаг нарийвчлан тооцоолсон зүйл байхгүй тэрийг гаргах боломжгүй” гэх,

“Х ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...ипотекийн зээлийн шимтгэл 1 хувь буюу дээд хэмжээ нь 1.5 сая болсон. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тулгаж 1 хувь болгосон....” гэх мэдүүлэг,

“Х ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “орон сууцны зээлийн шимтгэл 1 хувь тооцоог албан бичгээр гаргаж өгөх боломжтой гол нь хугацаа хэрэгтэй...” гэх мэдүүлэг,  

“Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “...1 хувийн шимтгэл бол зээл олгохоос өмнөх үйл явц буюу зээлийн судалгаа шинжилгээ, хяналтын зардлууд, банкинд ипотекийн зээлээс гадна олон төрлийн зээлийн үйлчилгээ байдаг. Тэр зардлуудыг тусад нь зээл тус бүрээр ялгаж гаргадаг банк бол ер нь байхгүй...” гэх мэдүүлэг,  

“К ”-ийн хууль ёсны төлөөлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...орон сууцны ипотекийн зээл олгосон шимтгэл 1 хувийн гэж тооцож авдаг. Зээлийн эдийн засагч нар тооцооллоо хийнэ” гэх мэдүүлэг,

А ХХК-ийн ...Манай банк хуульд заасан эрх бүхий зохицуулагч байгууллагын хүрээнд шимтгэл, хураамжийн хэмжээг тооцоолон зээлийн зардлаа нөхөж, гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг харилцагчаар төлүүлдэг гэх хариу албан тоот,

“Г ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “... Орон сууцны ипотекийн зээлийн шимтгэлийг 1 хувиас хэтрүүлэхгүй авдаг. Хэм хэмжээний актаар энэ задаргааг тайлагнадаггүй. Манайх тийм нарийвчилсан тооцооллын тайлан гаргадаггүй. Гаргах боломж байхгүй. Зардал нь байнга хэлбэлзэж байдаг. Энэ задаргааг тайлагнах үүрэггүй” гэх мэдүүлэг,

“Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “... 1 хувийн шимтгэл авдаг. Тухайн зээл тус бүрт зардал тогтоогоод шимтгэл авна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоосон үнийн дүн өөр байх учраас гарах зардал өөр байхтай холбогдуулан шимтгэлээ тогтооно гэсэн ойлголт байхгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж Зөрчлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг тус тус буруу тайлбарлан гомдол гаргагч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэлийн хуудсууд болон зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, Х ХХК-ийн гаргасан зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.9. Хариуцагч талын ... Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлтийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, эсхүл гэсэн холбоос үг байхгүй, байх ёсгүй мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Зөрчлийг нэг дор гаргасан байхыг шаардахгүй. Аль нэг зөрчлийг гаргасан нөхцөлд хариуцлага тооцох үндэслэл болохоор байна гэх гомдлын тухайд:

2.10. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар нь гомдол гаргагч нарыг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь ...” гэж үзэж, ... орон сууцны ипотекийн зээл олголтын шимтгэлийн гарч буй зээлийн зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан албан даалгавар бичсэн.

2.11. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан эсхүл гэх холбоос үг нь хууль зүйн техникийн хувьд хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан гэх хоёр нөхцлийн аль нэг нь биелсэн байх тохиолдлыг тодорхойлсон сонголт бүхий диспозици байхыг шаарддаг тул хариуцагч талын гаргасан дээрх гомдол үндэслэлтэй байна.

2.12. Мөн ...анхан шатны шүүхээс эрх бүхий албан тушаалтнуудыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчиж, зөрчлийг тогтоох ажиллагааг хийгээгүй, зөрчил тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан гэж буруутгахдаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ямар ажиллагааг явуулах шаардлагатай байсныг дурдаагүй. Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хууль бусаар хохироох, худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчлийг тогтоогоогүй гэх дүгнэлт бодит байдалд нийцээгүй гэх гомдлын тухайд:

2.13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтнаас хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч арилжааны банкуудаас зээлийн шимтгэлийн хувь тооцсон аргачлал, зээлийн шимтгэл тогтоосон үндэслэл, зардлын дэлгэрэнгүй тооцооллыг ирүүлэх талаар удаа дараа шаардсан боловч холбогдох баримтыг ирүүлээгүй, зөвхөн хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн нэгж зээлийг олгохтой холбоотой гарч буй зардлуудыг нэрлэн ирүүлсэн нь арилжааны банкууд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

2.14. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудын шимтгэл авч байгааг зөрчил гэж огт дүгнээгүй, харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд буюу тухайн иргэнд зээл олгоход гарч буй бодит зардалтай нь уялдуулан ипотекийн зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоогоогүй, ижил хэмжээгээр гэрээнд тусгаж зээлдэгчээр төлүүлж байгааг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын 9 дүгээр зүйлийн 9.1-д Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил гаргасан гэж шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгуулах даалгавар бичсэн нь үндэслэлтэй.

2.15. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд Өрсөлдөөний тухай хууль зөрчих гэж, 10.7 дугаар зүйлийн 4.7-д ...хууль ёсны ашиг сонирхолд харшлах, “эсхүл” хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж үйлдэл тус бүрийг зөрчилд хамааруулан эсхүл гэдэг үгээр холбож туйлын тодорхой заасан байхад анхан шатны шүүх ...Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үйлдлийг дангаар салгаж хэрэглэх боломжгүй. Шийтгэлийн хуудаст ... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үйлдлийг таслан авч зөрчилд тооцож шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь буруу гэж энэ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2.16. Түүнчлэн хариуцагчийн гомдолд ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудад шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тогтоосон үйл ажиллагааг зөрчил гэж дүгнээгүй бөгөөд харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд буюу тухайн иргэнд зээл олгоход гарч буй бодит зардалтай нь уялдуулан ипотекийн зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоогоогүй, ижил хэмжээгээр тогтоосон нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулах зөрчил гэж үзсэн. ... Арилжааны банкууд хэрэглэгчээс үндэслэлтэй тогтоосон шимтгэл авч байгаа болохоо ямар нэг байдлаар нотлоогүй анхан шүүх тухайн ипотекийн зээлийн үйлчилгээний зардал шингэсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ... Хуулинд шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй байхаар заасан. Шимтгэлийн дээд хэмжээг журмаар 1 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энэ нь ипотекийн зээл бүрийн шимтгэлийн хэмжээг 1 хувьд тулгаж тогтоох эрхийг олгосон гэсэн үг биш. Шимтгэлийг 0-1 хувь хүртэл тогтоох боломж нь арилжааны банкуудад байна гэжээ.

2.17. Нэр бүхий 9 банкнаас ...манайх өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч, иргэдээс авсан орон сууцны зээлийн хэмжээ, үнийн дүн, судалгаа хийх, бусад зардал зэрэг нь өөр байхад зээлийн гэрээнд шимтгэлийг хувь хэмжээг 1 гэж тавьснаар иргэдийн сонгох боломжийг хязгаарлаж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга хэрэглэсэн нь зах зээлд шударгаар өрсөлдөх, зарчимд нийцэхгүй, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа гэж үзнэ.

2.18. Тухайн тохиолдолд нэр бүхий 9 банк иргэдэд орон сууцны ипотекийн зээл олгохдоо Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг баталсан бөгөөд уг журмын 9.1-д Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж, үүнд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан, холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл зэргийг оруулж тооцохоор шимтгэлийн зорилго дээд хязгаарыг тогтоож өгсөн байхад нэр бүхий 9 банк нь ипотекийн зээлийн шимтгэлийг 1 хувь гэж дээд хязгаараар тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэл болно.

2.19. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг үндэслэн нэр бүхий 9 банкийг 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

2.20. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч нарын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг баримтлан гомдол гаргагчА ” ХХК, “Б ” ХХК, “Х ” ХХК, “Х ” ХХК, “К ” ХХК, “Т ” ХХК, “Г ” ХХК, “Т ” ХХК, “Х ” ХХК-иудын  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0002266, 0002270, 0002268, 0002269, 0002274, 0002272, 0002267, 0002273, 0002271 дугаартай шийтгэлийн хуудсуудыг, мөн зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, Х ХХК-ийн гаргасан зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ