Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0431

 

У.Мягмарсүрэн, Ж.Лхамсүрэн, М.Сэлэнгэ нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Баттулга, гуравдагч этгээд “Эрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, У.Мягмарсүрэн, Ж.Лхамсүрэн, М.Сэлэнгэ нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 240 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Сэлэнгэ, У.Мягмарсүрэн, Ж.Лхамсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өөдөөхүүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 32/1 байр, зоорийн давхрын 4 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028354 дугаарт бүртгэгдсэн 000278417 дугаартай гэрчилгээ, 5 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028355 дугаарт бүртгэгдсэн 000278418 дугаартай гэрчилгээ, 6 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028357 дугаарт бүртгэгдсэн 000278419 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өөдөөхүү давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зөрчсөн гэж үзэж байна.

Нэгдүгээрт, шийдвэрийн Үндэслэх хэсэгт ““Эрэл” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 108, 109 тоот албан бичгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж..., мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно гэсэнтэй нийцсэн байна”, “уг хүсэлтийг үндэслэн хариуцагч..., тус тус бүртгэн гэрчилгээ олгосон нь ... зөрчөөгүй байна” гэжээ.

Гэтэл гуравдагч этгээд нь “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжинд байрлалтай 32/1 тоот байрны зоорийн давхрын 4. 5, 6 тоотод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргахдаа 32/1 тоот байрны зоорийн давхрын зургийг хавсаргасан байдаг. Тухайн зургийн зоорийн давхрын өрөөний тодорхойлолт гэсэн хэсэгт 4, 5 тоот өрөөнүүд нь техникийн өрөө, 6 тоот дулаан өрөө нь зангилааны өрөө байна гэж тодорхойлжээ.

Тодруулбал, улсын бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлтэд хавсаргасан зурагт маргаан бүхий өрөөнүүдийн зориулалтыг агуулах биш техник, дулаан зангилааны өрөө гэсэн байхад хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол” мэдүүлгийг бүртгэхээс татгалзах ёстой байтал зөрчиж мэдүүлгийг хүлээн авч үл хөдлөх гэрчилгээ гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Хоёрдугаарт, “4 тоот өрөөгөөр дамжин техникийн өрөө рүү орохоор анхны магадлалаар батлагдсан ажлын зурагт төлөвлөгдөөгүй, харин гаднаас шууд техникийн өрөө рүү орохоор төлөвлөж баригдсан боловч..., гуравдагч этгээд дулаан зангилааны өрөөнд тусад нь хаалга гаргах татгалзах зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн” гэж дүгнэжээ.

Гэтэл гуравдагч этгээд маргаан бүхий 32/1 тоот байрыг барьж ашиглалтад оруулахдаа анхан шатны шүүхийн үндэслэл болгосон зургийн дагуу тухайн өрөөний зохион байгуулалт, дулаан зангилааны өрөө рүү гаднаас орох хаалгыг барьж байгуулаагүй байхад анхан шатны шүүх гуравдагч этгээдийн үгэнд итгэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь, зоорийн давхарт байрлах дулаан зангилааны өрөө рүү орохын тулд 32/1 тоот байрны зоорийн давхар луу газар ухаж гадна ханыг нурааж хаалга хийх ямар ч боломжгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий өрөөнүүд гуравдагч этгээдийн байх юм бол тус байрны оршин суугч нар дулаан зангилаа. техникийн өрөө рүү орохын тулд гуравдагч этгээдээс зөвшөөрөл авч орох. хэрэв гуравдагч этгээд байхгүй тохиолдолд байранд ямар нэгэн эрсдэл (ус алдах гэх мэт) бий болоход түүнийг таслан зогсоох, арилгах боломжгүй болно.

Гуравдугаарт, шийдвэрийн Үндэслэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтэд ... 32/1 тоот байр зоорийн давхрын 4, 5, 6 өрөөнүүдэд..., конторын зориулалттай төлөвлөгдөж баригдсан..., сууц өмчлөгчдийн санаачлагаар байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбооны өмч гэсэн үндэслэлгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн зургаас архивт өгсөн зураг зориулалт, хэмжээгээр зөрүүтэй өөр байхад шүүх архивт хадгалагдсан зургийг үнэн зөв гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий өрөөнүүдийн фото зурагт тухайн орон сууцны гаднаас орж буй халуун, хүйтэн ус, бохир, босоо хэвтээ аваарын сантехникийн шугам хоолойнууд байсаар байтал ганцхан шинжээчийн дүгнэлтэд хөтлөгдөн дүгнэсэн нь 32/1, 2, 35 дугаар байруудын нийт оршин суугчдын эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байна.

Иймд дээрх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Иргэн М.Сэлэнгэ, У.Мягмарсүрэн, Ж.Лхамсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Дэлгэр худаг” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Өөдөөхүү “Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны 32/1 дүгээр байрны зоорийн давхрын 4, 5, 6 тоот өрөөнүүдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028354, Ү-2203028355, Ү-2203028357 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000278417, 000278418, 000278419 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

Анх “Эрэл” ХХК 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 68/2006 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжинд байрлалтай доороо зоорьтой, 5 давхар, мансардтай, орон сууцны зориулалттай, 32/1 дүгээр 20 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Маргаан бүхий өрөөнүүд нь Иргэний хууль, Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу сууц өмчлөгчдийн санаачлагаар байгуулагдсан “Дэлгэр худаг” СӨХ-ны өмч юм. Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь сантехникийн шугам, хоолойн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхад уг өрөөг “Эрэл” ХХК өмчлөн авснаар оршин суугчдын аюулгүй байдалд нөлөөлж байгааг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нягтлан шалгахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцэхгүй байна...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, гуравдагч этгээд “Эрэл” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108, 109 дүгээр албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж, тус барилгын зоорийн давхарт байрлалтай 4, 5, 6 тоот агуулахын зориулалт бүхий өрөөнүүдийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар хүсэлт гаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах...”-аар заасныг зөрчөөгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-аас дээрх хүсэлтийг үндэслэн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Эрэл” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны 32/1 дүгээр байр, зоорийн давхрын 4 тоот 25 м.кв талбай бүхий өрөөг агуулахын зориулалттайгаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028354 дугаарт, 5 тоот 59 м.кв талбай бүхий өрөөг агуулахын зориулалттайгаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028355 дугаарт, 6 тоот 41 м.кв талбай бүхий өрөөг агуулахын зориулалттайгаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028357 дугаарт тус тус бүртгэн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргах, 18.2-д заасан Бүртгэлийн гэрчилгээнд ерөнхий болон улсын бүртгэгч ...гарын үсэг зурж, тэмдэг дарсан байх зохицуулалттай нийцжээ.

Түүнчлэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1/550 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтэд “...зоорийн давхрын 5, 6 тоот /ажлын зургаар 2, 3 тоот/ болон 4 тоот өрөөнүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд байхгүй, уг өрөөнүүд нь конторын зориулалтаар баригдсан байна” гэсэн байх тул нэхэмжлэгчийн “32/1 дүгээр орон сууцны зоорийн давхрын 4, 5, 6 тоот тоот өрөөнүүдэд тус орон сууц руу гаднаас орж буй халуун хүйтэн ус, бохир, босоо, хэвтээ аваарын сантехникийн шугам хоолойн хаалтууд байрлаж байгаа учир ус алдах, шугам гэмтэх эрсдэл учирвал Сууц өмчлөгчдийн холбоо нь дээрх хаалтуудыг нээх, хаах зэргээр тохируулга хийх, хяналт тавих зэргээр эдгээр өрөөнд аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй“ гэсэн тайлбар үндэслэлгүй.

Тодруулбал, дээрх дүгнэлтээр анхны магадлалаар батлагдсан ажлын зурагт 4 тоот өрөөгөөр дамжин техникийн өрөө рүү орохоор төлөвлөгдөөгүй, харин гаднаас шууд техникийн өрөө рүү орохоор төлөвлөгдөж баригдсан боловч өнөөдрийн байдлаар 4 тоот өрөөний дундуур тусгаарлах хана өрж, түүгээр дамжин дулааны зангилааны өрөөнд нэвтэрдэг болсон талаар тусгаснаас үзвэл маргаан бүхий 4 тоот өрөөний талбайд уг дулаан зангилааны өрөө хамааралгүй гэж үзэхээр байна.

Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Үндэсний төв архиваас ирүүлсэн албан бичгээр тус зоорийн давхрын зохион байгуулалтын зурагт “контор-81.96 м.кв, контор-117.92 м.кв, контор-81.96 м.кв, контор-81.96 м.кв, техникийн өрөө 15.74 м.кв, Дулаан зангилааны өрөө-15.74 м.кв” гэж төлөвлөснөөс үзвэл тус байрны зоорийн давхрын 4, 5, 6 тоот өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны барилгын зоорийн давхрын өрөөнүүдийг “Дэлгэр худаг” СӨХ-ны өмч гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх зоорийн давхрын 4, 5, 6 тоот өрөөнүүдийн дундын өмчлөлийн хэсэгт ногдох зардлуудыг сууц өмчлөгчдөд хуваарилан цахилгааны төлбөрийг төлж байгаа, эдгээр өрөө тасалгаануудыг оршин суугчдын хөрөнгө оруулалтаар засварлаж, ширээний теннисийн танхим, агуулахын зориулалтаар оршин суугчдад үйлчилж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь “Дэлгэр худаг” СӨХ болох нь тогтоогдоогүй, хариуцагч нь “Эрэл” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны 32/1 дүгээр байр, зоорийн давхрын 4, 5, 6 тоот өрөөнүүдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН