Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/шш2023/01180

 

2023  04  13                                       182/ШШ2023/01180             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, Н.Нарангэрэл, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.О,

Нэхэмжлэгч: Г.Н

Нэхэмжлэгч: Ө.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШШГЕГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 210,467,549 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О /нэхэмжлэгч Г.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/, Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гэрч Э.Н, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов. /иргэдийн төлөөлөгч М.Н шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно. /

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.О, Г.Н, Ө.Э нар нь хариуцагч ШШГЕГарт холбогдуулан гэм хорын хохиролд 210,467,549 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. өдөр аймгаас Улаанбаатар хотруу явах хатуу хучилттай асфальтан зам дээр 109 дэх километрийн шонгийн хажууд, хүргэн ах П.А, төрсөн эгч Т.О нар нь өөрийн  хүүхдийн хамт  маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад нь ШШГЕГрын эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Э.Н гэгч нь тээврийн хэрэгслээ н.Батзаяа гэгчид шилжүүлснээр Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэж, улмаар иргэн П.А, Т.О нарын амь нас болон н.Батзаяа өөрийн амь насыг хохироож, А.Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл, А.Мт хүнд гэмтэл, А.Б хөнгөн гэмтэл тус тус учруулсан, гэмт хэргийн улмаас бидэнд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа.

1.2.Гэмт хэрэг гарснаас хойш ШШГЕГраас нэг ч удаа хохирогч бидэнтэй уулзаж байгаагүй, мөн бидэнд сэтгэлийн дэмжпэг үзүүлсэн удаа ч байгаагүй. Бид маш их гомдолтой байна.

1.3.Ингээд Төв аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.А өдрийн дугаартай тогтоолоороо Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай шийдвэр гаргасан.

1.4.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д: ...Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг эрилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэсэн заалт болон мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасанчлан: .. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэсний дагуу өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа эдийн бус хохирлоо арилгуулах заалтын хүрээнд нөхөн төлбөрийн хэмжээг 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 420,000 төгрөг байсан гэж тооцвол 420,000 х 150 дахин үржүүлбэл 63,000,000 төгрөг байх ба бүтэн өнчин болсон бага насны  хүүхдэд төлөх нөхөн төлбарийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж тооцвол 63,000,000 х 2 дахин үржүүлбэл 126,000,000 төгрөгийг,

мөн талийгч эгч Т.О нь 1984.12.12-нд төрсөн, нас барах үедээ 38 настай байсан, хүргэн ах П.А нь төрсөн, нас барах үедээ  настай байсан тул хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүлж тооцвол 420,000 х 5 дахин үржүүлбэл 2,100,000 төгрөг х 2 хүний дундаж наслалтын зөрүү 4,200,000 төгрөгийг нийт ШШГЕГ-аас эдийн бус хохиролд гаргуулах,

ШШГЕГрын эзэмшлийн тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдлээс болж иргэн П.А, Т.О нарын амь нас хохирч оршуулгын зардал болох 46,144,653 төгрөг,

Мөн талийгч П.А-ы эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 30,505,000 төгрөг,

Талийгч П.А-ы хүү А.М, А.Б, Б.Б нарын авто ослын улмаас хүнд, хөнгөн гэмтэл учирсанаас эмчилгээний зардалд 3,617,896 төгрөг, нийт 210,467,549 төгрөгийг тус тус ШШГЕГраас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч ШШГЕГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. өдөр тус албаны эзэмшлийн улсын дугаартай маркийн машин Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гаргасан.

Машины жолооч, дэд ахлагч Э.Н нь албаны эзэмшлийн, өөрийн хариуцаж байсан улсын дугаартай маркийн машиныг дур мэдэн унаж, өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах иргэн н.Г-нд өөрийн найз Б.Л, А.Д нарын хамт очиж, тухайн айлд хоносон, улмаар өдөр Д.Г-ын эхнэр Б.Б гэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Б.Л-ийн хамт улсын дугаартай маркийн машиныг дур мэдэн /Э.Н-н зөвшөөрөлгүйгээр/ унаж яваад дугаар багийн нутаг дэвсгэрт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 3хүн нас барж,  хүн гэмтсэн зам тээврийн осол гарсан.

Дээрх хэргийн гэм хорын хохирлыг бүрэн хариуцвал зохих этгээд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн этгээд болох Б.Батзаяа нас барсан, өөрөөр хэлбэл хариуцагч нас барсан тул Төв аймаг дахь Прокурорын газрын өдрийн  тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдсон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

2.2.Жолооч, дэд ахлагч Э.Н нь албан үүрэг гүйцэтгэхтэй огт холбоогүйгээр, албаны тээврийн хэрэгслийг дур мэдэн унаж явсан, хувийн зорилгоор ашиглах явцад дээрх осол гарсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дээрх зам тээврийн осол хэргээс үүдэлтэй гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3.Тус албаны эзэмшлийн улсын дугаартай маркийн машинд учирсан хохирол Сэлэнгэ эстимэйт ХХКомпаний дүгнэлтээр 19,708,350 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байдаг бөгөөд Э.Н нь байгууллагын өмчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг.

2.4. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хохирлын тооцоо гаргасан байна.

Монгол Улсын Их хурлаас өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус нэмэлт, өөрчлөлтөөр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно, 511.4-т Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгэзр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" ... гэсэн заалтуудыг тус тус нэмж оруулсан бөгөөд хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааны гол үйл явдал өдөр болсон бөгөөд тухайн үед Иргэний хуульд дээр дурдсан агуулга бүхий зохицуулалт үйлчилж байгаагүй тул нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжпэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Мөрдөгчийн тогтоол, Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэл, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, Биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт, Шинжээчийн дүгнэлт /тайлбар, мэдүүлэг/ танилцуулсан тэмдэглэл, Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын Шинжээчийн дүгнэлт, ШШГЕГрын даргын өдрийн дугаартай тушаал, Авто машин хүлээлгэн өгсөн акт, хавсралт, Албан тушаалын тодорхойлолт, ШШГЕГрын өдрийн дугаартай албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өдрийн дугаартай албан бичиг, хавсралт, ШШГЕГрын өдрийн дуггаартай тушаал, хавсралт, Мөрдөгчийн санал, Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Авто машин техникийн үнэлгээний тайлан, /хх9-88/

3.2.Мөнгөн шилжүүлэг, Зарлагын мэдүүлэг, Зарлагын баримт, Кассын орлогын ордер, И-баримтууд, Үйлчилгээний захиалгын хуудас, ГССҮТ-ийн Гавал тархины гэмтлийн тасгийн төлбөрийн баримт /хх89-171/

3.3. аймгийн сумын дугаар сургуулийн өдрийн дугаартай тодорхойлолт /хх172-173/

3.4.Төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нас барсны бүртгэлийн лавлагаа, Төрөл садангийн лавлагаа, аймгийн сумын өдрийн дугаартай тодорхойлолт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Төрсний гэрчилгээний хуулбар, Төрөл садангийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх174-184, 236-237, 240, 242-243, 245/

3.5.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх185/

3.6.Төв аймгийн Прокурорын өдрийн  дугаартай, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол /хх205-209/

3.6.Талийгаач Т.О-ийн иргэний үнэмлэхийн, П.А-ы Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх234-235/

3.7. аймгийн сумын Засаг даргын өдрийн дугаартай А.М, А.Б, А.Б нарын асран хамгаалагчаар Т.О-ыг шинэчлэн тогтоох тухай захирамж /хх244/

3.8.Төрийн банк ХХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга /хх246-250, 2-р хх 1/

3.9.Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютерт томографи, шинжилгээний хүснэгт, Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, тархины зураг, цээжний зураг, Тархины цахилгаан бичлэгийн шинжилгээ /2-р хх2-23/

3.10. аймгийн Засаг даргын өдрийн дугаартай тодорхойлолт, аймгийн сумын Засаг даргын өдрийн дугаартай тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дипломын хуулбар, аймгийн Мал эмнэлгийн газрын өдрийн дугаартай Тодорхойлолт, ИС ХХК-ийн өдрийн  дугаартай албан бичиг, Төрийн банк ХХК-ийн салбарын өдрийн дугаартай Тодорхойлолт, Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ /2-р хх 28-49/

4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч ШШГЕГарт холбогдох гэм хорын хохирол 210,467,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч Т.О, Г.Н, Ө.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн эзэмшлийн авто машиныг Э.Н бусдад шилжүүлсний улмаас зам тээврийн осол гарч,  хүний амь нас хохирч,  хүүхдэд хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан тул хүүхдүүдийн эмчилгээний зардал, оршуулгын зардал, авто машины зардлыг гаргуулна. Мөн бага насны хүүхдүүд маш хүнд гэмтсэн, тархиндаа металл ялтас суулгасан, бага хүүхэд барьж байсан зүйлээ шидэх, тогтворгүй байдалтай байгаа тул гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэсэн заалтын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, бага насны  хүүхдэд төлөх нөхөн төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж тооцвол 126,000,000 төгрөгийг, мөн хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүлж тооцон, 2 хүний дундаж наслалтын зөрүү 4,200,000 төгрөг, нийт 210,467,549 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч ШШГЕГ нь Машины жолооч, дэд ахлагч Э.Н нь албаны эзэмшлийн, өөрийн хариуцаж байсан улсын дугаартай маркийн машиныг дур мэдэн унаж явсан. ...Б.Б гэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа дур мэдэн унаж яваад осол гаргасан. Гэм хорын хохирлыг бүрэн хариуцвал зохих этгээд болох Б.Б нас барсан тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Жолооч Э.Н нь албан үүрэг гүйцэтгэхтэй огт холбоогүйгээр, албаны тээврийн хэрэгслийг дур мэдэн унаж явсан, хувийн зорилгоор ашиглах явцад дээрх осол гарсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дээрх зам тээврийн осол хэргээс үүдэлтэй гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэг нь хэрэг маргааны гол үйл явдал болсон үед үйлчилж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. өдөр талийгаач Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, П.А, Т.О нарын амь насыг хохироож, А.Б, А.М, нарын эрүүл мэндэд хүнд, А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, өөрөө нас барсан гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй болно. /хх-205-209/

4.2.Дээрх зам тээврийн осол нь маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан талийгаач Б.Б-ийн буруутай үйлдэл буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.3-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж гэж дүгнэсэн. /1-р хх66-67/

4.3. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж, 508.2-т Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж, 520 дугаар зүйлийн 520.1.1.-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь ижил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж тус тус заасан.

аймгийн сумын Засаг даргын өдрийн дугаартай захирамжаар А.М, А.Б, А.Б нарын асран хамгаалагчаар Т.О-ыг тогтоосон, Ө.Э нь талийгаач П.А-ы эх, Г.Н нь талийгаач Т.О-ийн эх болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, Төрөл садангийн лавлагаа, Засаг даргын захирамж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Иргэний хуульд заасан журмын дагуу гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.

4.4. Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу устгаж, гэмтээсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ШШГЕГ болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд ШШГЕГ-ын даргын өдрийн дугаартай тушаалаар Э.Нг өдрөөс Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны жолоочоор томилж, дээрх автомашиныг хүлээлгэн өгчээ. /1-р хх 68-78/ 

Дээрх хуулийн дагуу зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн, гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд, эсхүл тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч хариуцан арилгах хуулийн зохицуулалттай.

Зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсан гэм буруутай этгээд нас барсан гэх үндэслэлээр тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу ШШГЕГраас гэм хорын хохирлыг нэхэмжлэгч нар шаардсан.

ШШГЕГ-ын даргын өдрийн дугаартай тушаалаар Авто машин ашиглах журмыг баталсан байх ба уг журмын 1.1.-д ШШГЕГар, харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн ажилтан, алба хаагч нь тээврийн хэрэгсэл ашиглах, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө, 5.5-д Албан ажлын автомашиныг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр бусад албан тушаалтан хэрэглэхийг хориглоно, 5.7.-д Тээврийн хэрэгслийг тогтоосон тавиулангаас бусад зогсоол талбайд хонуулахыг хатуу хориглоно, 5.9.-д Тээврийн хэрэгслийг хариуцах болон ахалж явах албан тушаалтанд очсон цагаас буулгах хүртэлх хугацаанд жолоочийн сахилга хариуцлага, автомашины ашиглалтын байдалд хэрэглэгч албан тушаалтан хяналт тавина, 6.5.-д Жолооч, техникийн ажилтан нарын ажлын хариуцлага, сахилга батын байдалд хяналт тавин удирдлагаар хангана гэж тус тус заасан.

Уг тээврийн хэрэгслийг жолооч Э.Н нь ...даргын үүрэг болгосноор Хүй 7 худагт гэр барих, адуу хүргэх ажлаар жолоодож явсан бөгөөд уг ажлаа дуусгаад найз Б.Л-ийн гуйлтаар найз н.Г-ынд очсон гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн.

Албаны автомашиныг жолооч Э.Н нь албаны бус журмаар авч явсан нь ШШГЕГрын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, талийгаач Б.Б нь жолооч Э.Н-н зөвшөөрөлгүйгээр авто машиныг авч явж зам тээврийн осол гаргасан гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргах боловч хариуцагч байгууллага нь Авто машин ашиглах журамд заасан жолоочийн ажлын хариуцлага, сахилга батын байдалд хяналт тавин удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, жолооч зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласан байдал, тогтоосон газраас өөр газарт хонуулсан зэрэг үйлдэл, тээврийн хэрэгсэл ашиглах, түүнд тавих хяналтаа хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. гэж заасан.

Иймд хариуцагч ШШГЕГ нь өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглах байдалд хяналт тавиагүйгээс бусдад ашиглуулах боломж олгосон гэж үзэж, гэм хорын хохирлыг хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

4.5. Нэхэмжлэгч тал нь оршуулгын зардалд 46,144,653 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад талийгаач нарыг өдөр оршуулсан, оршуулгын зардлыг нэхэмжилж байна гэж тайлбарласан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн талийгаач нарыг оршуулсантай холбоотой гарсан зардлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдав. Тодруулбал,

Зам тээврийн осол нь өдөр гарсан байх ба энэ өдрөөс хойш оршуулгын үйл ажиллагааг өдөр хийсэн гэх тул дээрх хугацааны зардал болох 39,459,034 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Харин оршуулах зан үйл хийсэн хугацаанаас хойш гарсан зардлыг нэхэмжилсэн нь оршуулгын зардалд хамаарахгүй гэж үзсэн болно.

4.6.Авто ослын улмаас эвдэрсэн талийгаач П.Аы эзэмшлийн тээврийн хэрэгслийн хохиролд 30,505,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

маркийн улсын дугаартай авто машин нь талийгаач П.А-ы өмчлөлийнх байх ба Вендо Хөрөнгийн үнэлгээний компанийн өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлангаар авто машинд учирсан хохирлыг 30,505,000 төгрөг гэж тогтоосон байх тул энэхүү төлбөрийг хариуцагч ШШГЕГ-аас гаргуулах үндэслэлтэй байна. /1-р хх 85-87, 185/

4.7.Зам тээврийн ослын улмаас А.Б, А.М нарын эрүүл мэндэд хүнд, А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаас А.М, А.Б, А.Б нарын эмчилгээний зардалд 3,617,896 төгрөгийн зардал гарсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. /1-р хх 160-171/

4.8.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т заасан Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэсэн заалт, 511.5-д заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэсний дагуу өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа эдийн бус хохирлоо арилгуулах заалтын хүрээнд нөхөн төлбөрийн хэмжээг 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 420,000 төгрөг байсан гэж тооцвол 420,000 х 150 дахин үржүүлбэл 63,000,000 төгрөг байх ба бүтэн өнчин болсон бага насны 3 хүүхдэд төлөх нөхөн төлбарийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж тооцвол 63,000,000 х 2 дахин үржүүлбэл 126,000,000 төгрөгийг,

мөн хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүлж тооцон, 2 хүний дундаж наслалтын зөрүү 4,200,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-511.6 дахь заалт нь өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд дээрх хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтын агуулга нь гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг мөнгөн дүнгээр тооцож, хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.

Нэхэмжлэгч нараас бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн дүнг нэмэгдүүлэн тайлбарласан боловч эцэст нь 4,200,000 төгрөгөөр тооцож гаргуулна гэж тайлбарласан тул шүүх нэхэмжлэгч талын тайлбар болон нотлох баримтыг үндэслэн хуульд нийцүүлэн шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс гэмт хэргийн улмаас бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах шаардлагаа нотлохоор хүүхдүүдийн байнгын хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоосон Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, Харилцах дансны харилцагчийн хуулга, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн шинжилгээ, эмчилгээний баримтууд, Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, тархи, цээжний зураг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримт нь зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлохоос бус тэдгээрийн сэтгэцэд учирсан хохирлыг шууд нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас хүүхдүүдийн сэтгэцэд ямар хохирол учирсан, одоо сэтгэцийн хувьд ямар өөрчлөлттэй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 126,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин талийгаач П.А нь  настай, Т.О нь  настай байхдаа нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас тэдгээрийг ажил хөдөлмөр эрхэлж байсан гэж тайлбарлан холбогдох тодорхойлолт, баримтыг гаргаж өгсөн, нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж буюу 420,000 х 5 = 2,100,000 төгрөгийг  хүнээр тооцож, 4,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, гэмт хэргийн улмаас нас барсан хохирогч нарын ажил хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ өсгөх идэр залуу насандаа бусдын нөлөөгөөр, гэнэтийн байдлаар нас барсан, үүний улмаас бага насны гурван хүүхэд өнчирч үлдсэн байгааг харгалзан үзэж, 4,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

4.9.Дээрхийг нэгтгэн дүгнэж, хариуцагч ШШГЕГ-аас 77,781,930 төгрөг /авто машины үнэ 30,505,000 + хүүхдүүдийн эмчилгээний зардал 3,617,896 + оршуулгын зардал 39,459,034 + нас барагч нарын дундаж наслалтын зөрүү төлбөрт 4,200,000/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О, Ө.Э, Г.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132,685,619 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,368,238 төгрөг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 546,860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар ШШГЕГраас гэм хорын хохиролд 77,781,930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.О, Ө.Э, Г.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132,685,619 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,368,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШШГЕГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 546,860 төгрөг гаргуулж, Т.О, Ө.Э, Г.Н нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Н.НАРАНГЭРЭЛ

О.ЦЭНД-АЮУШ