Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01171

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  12  *******/МА2023/01171

 

 

Т.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01180 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.*******, Г.*******, Ө.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох

Гэм хорын хохиролд *******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нэхэмжлэгч Ө.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот руу явах хатуу хучилттай асфальтан зам дээр П.*******, Т.Оюунчимэг нар 3 хүүхдийн хамт ******* ******* маркийн ГСО улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшлийн -8 маркийн 0317 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.гийн шилжүүлсэн Б. гэгч жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас П.*******, Т.Оюунчимэг, Б. нарын амь нас хохирч, хүүхдүүд болох А.-, А. нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл, А.-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан, гэмт хэргийн улмаас бидэнд нөхөж баршгүй гарз хохирол учирсан.

1.2. Төв аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 300 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшлийн тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас П.*******, Т.Оюунчимэг нарын амь нас хохирсон тул оршуулгын зардал 46,144,653 төгрөг, П.*******ы эзэмшлийн тээврийн хэрэгслийн хохирол 30,505,000 төгрөг, А., А.-Эрдэнэ, Б.- нарын эмчилгээний зардал 3,617,896 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт зааснаар бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2022 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгийг 150 дахин үржүүлснээр 63,000,000 төгрөг, үүнийг бүтэн өнчин болсон бага насны 3 хүүхдэд 2 дахин нэмэгдүүлж 126,000,000 төгрөг, мөн Т.Оюунчимэг 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, нас барах үедээ 38 настай байсан, П.******* 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, нас барах үедээ 37 настай байсан тул хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээр тооцож 2,100,000 төгрөгийг 2 хүнээр тооцож 4,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт *******,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тус байгууллагын эзэмшлийн, Соната-8 маркийн 0317 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гаргасан.

Тээврийн хэрэгслийн жолооч, дэд ахлагч Э. нь тээврийн хэрэгслийг дур мэдэн унаж, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Баян сумын нутагт байрлах иргэн Д.Гантулгынд найз Б.Лхагвасүрэн, А.Дөлгөөн нарын хамт очиж, тухайн айлд хоносон, улмаар 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Д.Гантулгын эхнэр Б. гэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгслийг дур мэдэн Э.н зөвшөөрөлгүйгээр унаж яваад ******* ******* маркийн ГСО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 3 хүн нас барж, 4 хүн гэмтсэн зам тээврийн осол гарсан.

Дээрх хэргийн гэм хорын хохирлыг бүрэн хариуцвал зохих этгээд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн этгээд болох Б. нас барсан тул Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 300 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдсон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

2.2. Жолооч, дэд ахлагч Э. нь албан үүрэг гүйцэтгэхтэй огт холбоогүйгээр, албаны тээврийн хэрэгслийг дур мэдэн унаж явсан, хувийн зорилгоор ашиглах явцад дээрх осол гарсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зам тээврийн осол хэргээс үүдэлтэй гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3. Тус байгууллагын тээврийн хэрэгсэлд ХХК-ийн дүгнэлтээр 19,708,350 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба Э. нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

2.4. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсгийг тус тус үндэслэн хохирлын тооцоо гаргасан байх ба уг хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна. Нэхэмжлэлтэй холбоотой хэрэг 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр болсон бөгөөд тухайн үед Иргэний хуульд дээр дурдсан агуулга бүхий зохицуулалт үйлчилж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гэм хорын хохиролд 77,781,930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******, Ө.*******, Г.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132,685,619 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,368,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 546,860 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******, Ө.*******, Г.******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон бөгөөд хуулийн уг хэсэгт санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан байхыг шаардсан байна.

Уг хэргийн хувьд бусдад гэм хорыг учруулсан этгээд нь Б., Б.Лхагвасүрэн нар болох нь тодорхой байсаар байтал тэдний хийсэн үйлдэл, гэм буруугийн хэлбэрт ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, шалтгаант холбоогүй шийдвэр болсон.

4.2. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгохдоо албаны тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явсан Э., түүнээс зохих зөвшөөрөлгүйгээр дамжуулан авч, унаж яваад осол гаргасан Б., Б.Лхагвасүрэн нарыг гэм хорын хохирлыг шууд хариуцвал зохих этгээд болох эсэх, эсхүл хамтран хариуцвал зохих этгээд эсэхийг огт тодорхойлоогүй, тэдний гэм буруугийн хэлбэрийг дүгнэлгүйгээр байгууллагын Авто машин ашиглах тухай дотоод журмын алба хаагчийн хяналт тавихтай холбоотой заалтыг үндэслэн, зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шууд гэм буруутайд тооцож, гэм хорын хохирлыг бүрэн хариуцуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.3. Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг хэрэглээгүй, энэ талаар эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй зэргээр алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тухайн гэмт хэргийн гэм буруутай этгээд гэм хорын хохирлыг хариуцах ёстой байсан боловч нас барсан. Харин Б. амьд байсан бол нэхэмжлэгч нар хариуцагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Б.г тодорхойлох байсан. Тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тус маргаан бүхий хэргийн хариуцагч юм.

5.2. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөлийн, -8 маркийн 0317 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байгууллагын ямар албан тушаалтан ашиглах, хариуцах, мөн хаана байрлуулах тухай дотоод журмаар зохицуулсан. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр буюу баяр наадмын өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хүчний хамгаалалттай байдаг. Байгууллагын автомашиныг жолооч хувьдаа унаж явсан эсэхэд хяналт тавих ёстой байсан. Байгууллагын автомашин тухайн үед байх ёстой газраа байсан бол өнөөдөр П.*******, Т.Оюунчимэг нар амьд байх байсан. 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон, хамгийн бага хүүхэд асаргаанд байдаг. Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Т.*******, Г.*******, Ө.******* нар нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд нийт *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан анх 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ оршуулгын зардал, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хүүхдүүдийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 80,267,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Үүний дараа 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэн бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2 төрлийн шаардлагыг багтааж нийт 130,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, нас барсан хүний тоогоор буюу 2 дахин нэмэгдүүлж тооцон 126,000,000 төгрөг, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж 2 хүний дундаж наслалтын зөрүү төлбөр 4,200,000 төгрөг тус тус тооцжээ.

3.1.а. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, 4,200,000 төгрөгийн шаардлагын хувьд, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* ...талийгаач нар нас барах үедээ 38 настай байсан бөгөөд үүнээс хэд наслах нь тодорхойгүй байсан. Үүнийг дундаж наслалтаар нь үржүүлээд 4,200,000 төгрөг гарсан... гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ... дундаж наслалтын хэмжээг 420,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн гэдгээр тооцоолж байсан нь буруу байна ... П.*******ы насны зөрүү 28 гэж тооцоход 58,800,000 төгрөг, Т.Оюунчимэгийн насны зөрүү 37 гэж тооцоход 77,077,000 төгрөг гарч байгаа гэж тус тус тайлбарласан байх ба шүүхээс тайлбарыг тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд тооцуулъя гэх тайлбар гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргах ба өмгөөлөгч нь зохигчид хамаарахгүй, харин өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэх чиг үүрэг бүхий этгээд тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулсан гэж дүгнэх боломжгүй.

3.1.б. Мөн 126,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, шүүх ...нэхэмжлэлийн үнийн дүнгээ гаргахдаа 420,000 төгрөгийг 150 дахин үржүүлээд 63,000,000 төгрөг ...тодорхойлсон гэж ойлгосон зөв үү гэснээс өөрөөр тодруулаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хууль зүйн үндэслэл гэж тусгасан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсгүүдийн алинд хамааруулсан, мөн тухайн зохицуулалтаар тогтоосон хохирол тооцох журмыг хэрхэн баримталсан эсэхийг тодруулаагүй байна.

3.1.в. Үүнээс гадна гэм хорын хохирол, түүний үндэслэл, тооцооллын талаарх хариуцагчийн байр суурь тодорхойгүй байхад шүүх тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД   Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА