Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0357

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар,

Гуравдагч этгээд: Д******* ХХК,

Маргааны төрөл: хөрш зэргэлдээ барилга өмчлөгчтэй хийсэн тохиролцоог зөрчиж барилгажих талбайд баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, Д.*******, Н.Э, өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Туяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Д******* ХХК-д олгосон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах.

Хоёр. Процессын үйл баримтууд.

1. Гуравдагч этгээд Д******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 363 дугаар захирамжаар эзэмшсэн Баянгол дүүргийн 05 дугаар хороонд Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн замын урд талд олгосон 520 м.кв газарт нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сууриараа 25м х 17м хэмжээтэй, 7 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын М3Х2017/07-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, эскиз зургийг баталж,

2. Улмаар Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар Д******* ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 468/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

3. Нэхэмжлэгч А******* ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт тус тус 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “барилгын эскиз зургийг Д******* ХХК, А******* ХХК хоорондын хэлцлийн тохиролцоог зөрчиж зэрэгцээ талын 3-5 давхартаа цонхтой батлуулсан байна” гэсэн агуулгатай гомдол гаргаснаар,

4. Хариуцагч  Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр талуудыг байлцуулан уулзалт хийж, тэмдэглэл хөтөлсөн.

5. А******* ХХК өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргаснаар Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас маргаан бүхий актуудыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/10/428 тоот албан бичгээр хуулбарлан хүргүүлж, Нийслэлийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргаж, хуульд заасан хугацааны дотор буюу 30 хоногийн дотор хариу өгөөгүй гэх үндэслэлээр энэ хугацаанаас 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

1. Нэхэмжлэгч нь “Д******* ХХК эзэмшил газар дээрээ барих барилгыг А******* ХХК-ийн одоо байгаа барилгатай зэрэгцүүлэн барихыг, зэрэгцээ талдаа 6 давхар хүртлээ цонх гаргахгүй байхаар талууд зөвшилцөн хэлцэл хийсэн байхад барилга хоорондоо зайгүй нийлүүлж барилгажих талбайг төлөвлөж,  зэрэгцээ талдаа 3-5 давхартаа цонх төлөвлөсөн эскиз зургийг батлуулж, энэ зургаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн барилгын хийц, бүтээцэд нөлөөлнө, хуучин барилгаа буулгаад барилга барих боломжгүйд хүрнэ” хэмээн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхлоо тодорхойлж маргасан бол,

2. Хариуцагч “А******* ХХК-ийн зэрэгцүүлэн барилга барихыг зөвшөөрсний дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ өгсөн, зэрэгцүүлэн гэдгийг нийлүүлж, нааж барихыг зөвшөөрсөн гэж үзсэн, хаяглагдаагүй этгээд тул эдгээр актуудыг А******* ХХК-д танилцуулах шаардлагагүй” гэж тайлбарлаж,

3. Гуравдагч этгээд нь “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гомдлоос харахад архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, эскиз зургийг мэдэж байсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн уулзалтад эдгээр барилгын төлөвлөлт, зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгүүдийг авч очиж тайлбарласан тул энэ хугацаанаас нэхэмжлэл гаргах хугацааг тооцоход хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, эскиз зураг дахь цонхны төлөвлөлтийг хэлцэлд нийцүүлээд зураг төсөл зохиогчоор өөрчлүүлсэн, зураг төсөл зохиогч уг өөрчлөлтийг батлуулах шаардлагагүй гэсэн,  А******* ХХК мөнгөн дүн, газар эзэмших эрхээр хэлцэл хийсэн тохиролцоогоо үл тоон нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ. 

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: "А******* ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-76 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Д******* ХХК-д олгосон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М3Х2017/07-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна" гэж заасны дагуу манай компанид дээрх захиргааны актуудыг огт мэдэгдэж байгаагүй бөгөөд өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/10/428 тоот албан бичгээр мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М3Х2017/07-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг болон 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч хуульд заасан хугацааны дотор буюу 30 хоногийн дотор хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна.

Дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хуулбарлан хүргүүлсэн байх ба тухайн эрх зүйн актууд нь холбогдох хууль, журам, стандартад нийцэхгүй байна гэж манай компанийн зүгээс үзэж байна. Д******* ХХК болон А******* ХХК нь хоорондоо Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барихтай холбоотойгоор 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийсэн ба уг хэлцлээр "А******* ХХК-ийн 2 давхар барилгын зүүн тал руу харсан зөвхөн 6 ширхэг цонхыг хааж зэрэгцүүлэн шинээр барилга барихыг Д******* ХХК-д зөвшөөрөх, Д******* ХХК-ийн барих барилга нь А******* ХХК-ийн одоо байгаа барилгын хийц болон аюулгүй байдалд нөлөө үзүүлэхгүй байхыг чанд анхаарч ажиллахыг Д******* ХХК хатуу хариуцах, А******* ХХК нь өөрийн барилгыг 5 давхар болгон нэмж барих тул тус 2 ХХК нь нийлсэн ханандаа цонх гаргахгүй” зэрэг нөхцөлийг зааж өгөн харилцан тохиролцсон хэдий ч уг хэлцлээр тохирсон заалтуудыг биелүүлэлгүйгээр, бидэнд мэдэгдэхгүйгээр холбогдох хууль, журмыг зөрчиж архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулсанд нь манай байгууллагын зүгээс гомдолтой байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэж заасан ба уг хуулийн зохицуулалтын дагуу МЗХ2017/07-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт эдэлбэр газрын 50 хувиас илүүгүй зайд барилгажих талбайг төлөвлөсөн байна. Гэвч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М3Х2017/07-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт эдэлбэр газрын хэмжээг 520 м.кв, барилгажих талбайг 350 м.кв-аар тус тус тогтоож өгсөн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байх ба тогтоож өгсөн 50 хувийн барилгажих талбайгаас хэтэрсэн байна. Барилгажих талбайг ийнхүү хууль зөрчиж тогтоосон асуудал нь А******* ХХК-ийн барилгын хэв хийц, суурьт сөргөөр нөлөөлөх бөгөөд манай барилгын нарны тусгалыг хааж барилга барихаар төлөвлөсөн нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань ноцтой зөрчиж байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 179 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Орон сууц, олон нийтийн барилга, орон сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамжийн норм ба дүрэм"-ийн 3.1-д "Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй - физиологийн, нян устгах болон дулааны ур ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана" гэж заасан. А******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь нар мандах зүгт буюу зүүн тийшээ харсан цонхтой бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтаар ирүүлсэн барилгажих талбайн схем зургаас үзэхэд зүүн талыг бүхэлд нь хааж барилгажих талбайг төлөвлөсөн нь нарны шууд тусгалыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна. Нөгөөтэйгүүр Д******* ХХК-ийн төлөвлөсөн үйлчилгээний зориулалттай барилга баригдсан тохиолдолд дээрх сайдын тушаалаар батлагдсан норм ба дүрэмд нийцэхгүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээ, орон сууцны барилга авто машины гараж ил зогсоол хоорондын зай хэмжээг тогтоож өгсөн бөгөөд уг норм, дүрмийн 1.1-д "Шинээр барих, сэргээн шинэчлэх, өргөтгөх, орон сууцны барилга хоорондын болон орон сууцны барилга олон нийтийн барилга хоорондын, орон сууцны барилга авто машины гараж, ил зогсоол хоорондын ойролцоо зай хэмжээг зөвлөмжийн энэхүү дүрмээр тогтооно", 2.5-д "Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд үзүүлэв" гэж заасан. Уг зохицуулалтын дагуу доорх хүснэгтэд барилга хоорондын зай хэмжээг тодорхойлсон бөгөөд барилгажих талбайн схем зургаар манай барилгад шууд тулган Д******* ХХК-ийн үйлчилгээний зориулалттай барилгыг төлөвлөсөн нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1-д "барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 7.1.2-т "иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол", 7.1.3-д "энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх 28 дугаар зүйлийн 28.2-т "Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана", 28.2.1-д "барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр", 28.2.2-т "барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”, 28.2.3-д "зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар", 28.2.4-д "байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан", 28.2.5-д "гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг” хавсаргах гэж тус тус заасан. Д******* ХХК-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь дээрх хуулийн зохицуулалтын шаардлагыг хангахгүй байна гэж манай компанийн зүгээс үзэж байгаа ба бүрдүүлбэл зохих нотлох баримтуудыг бүрэн хавсаргаж өгсөн эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол болон иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар харгалзан үзэж тогтоох ёстой байтал уг ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй нь учир дутагдалтай байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д******* ХХК-д олгосон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М3Х2017/07-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг болон 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь сэргээж өгнө үү” гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалт байгаа. Энэ хуулийн зохицуулалтын дагуу захиргааны шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах ажиллагаа явагдсан тохиолдолд захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу анх өмгөөлөгч надад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас маргаан бүхий захиргааны актыг гардуулан танилцуулсны дагуу, дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот албан бичгээр гомдол  гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаж, хуульд заасан хугацаа 30 хоног өнгөрсөн учраас нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурдаж нэхэмжлэлээ гаргасан. Шүүх хэлэлцүүлгийн асуулт хариултын шатанд хариуцагчийн зүгээс  маргаан бүхий захиргааны актуудыг хэрхэн яаж, ямар хэлбэрээр мэдэгдсэн талаар асуухад мэдэгдсэнээ баримтжуулж нотлох баримтыг зааж, нэрлэж чадсангүй. Өөрөөр хэлбэл захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Гуравдагч этгээдээс 2021 оны 11 дүгээр сард А******* ХХК-иас гаргасан гомдолтой холбоотойгоор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлийн талаар ярьж байна. Тухайн гомдлын агуулга гомдолтой холбоотой гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа бол өнөөдрийн бидний маргаж байгаа хэлцэлд заасан үндэслэлээс өөрөөр буюу барилга хоорондын зай хэмжээг тогтоогоогүй, энэ хэлцлээс өөрөөр эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин тулгаж барилгажих талбайн архитектур төлөвлөлтийн даалгавраар схемийг төлөвлөсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэдэг маргаантай шууд хамааралгүй юм.

Өмгөөлөгч миний бие тухайн маргаан бүхий захиргааны актуудыг авахдаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй байна гэдэг агуулгаар энэ албан ёсоор мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлж шүүхэд мэдүүлэх эрхээ хангуулахад туслалцаа үзүүлнэ үү гэдэг байдлаар гаргасан. Үүний дагуу хариу ирүүлэхдээ ямар  нэгэн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг дурдаагүй. Захиргааны үйл ажиллагаатай холбоотой хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан, 94 дүгээр зүйлийн 94.1-д  Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Миний гаргасан хүсэлтийн дагуу тэр урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцээд өгсөн хариунд ямар нэгэн агуулгаар захиргааны үйл ажиллагаатай холбоотой захиргааны актад гаргах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг дурдаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хариу өгөхдөө гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ч тэр гомдол гаргах  хугацааг тооцож өгч холбогдох хариуг өгч байгаа нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг үгүйсгэх нөхцөл байдал болно гэж харж байна. Гуравдагч этгээдээс үгийн шууд утгыг харна гэж тайлбарлаад байна. Хэлцэлд бол барилга хоорондын зай хэмжээг тохирсон зүйл байхгүй. Барилга хоорондын зай хэмжээг тохирсон зүйл байхгүй атлаа стандарт нормтой холбоотой зөвшөөрсөн нь зөвхөн А******* ХХК-ийн 6 ширхэг цонхыг хаахыг зөвшөөрсөн. Баригдах барилга нь 5 давхраас дээш цонхтой байхыг зөвшөөрсөн энэ агуулга дээр шууд холбож болох юм. Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмууд алдагдсан. Барилгын тухай хууль зөрчигдсөн гэдэг агуулга дээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс бүх үндэслэлүүд А******* ХХК-ийн гаргасан гомдол хүсэлтүүдээр үгүйсгэгдэнэ гэдэг тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Яагаад гэхээр А******* ХХК нь тодорхой норм, стандартыг зөрчиж барилга барихыг Д******* ХХК зөвшөөрсөн. Гэхдээ зөвшөөрөхдөө 5 давхраас дээш баригдах барилгыг цонхгүйгээр барихад татгалзах зүйлгүй гэсэн болохоос биш тулгаад барих агуулгаар гомдол хүсэлт өгч байгаагүй юм.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн холбогдох эскиз зураг, ажлын зургууд гардаг гэж тайлбарласан. Тэгэхээр архитектур төлөвлөлтийн даалгаварт дурдсан барилгажих талбайн схем зураг нь нэхэмжлэгчийн хуульд заасан ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдалтай байна. Цаашлаад А******* ХХК болон Д******* ХХК-ийн барилга дээр гал гарвал нэг нь нөгөөгөөсөө хамааралтай цаашид үүсэх эрх зүйн үр дагавар нь ноцтой үр дагаварт хүргэхээр байгаа тул анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн бичгээр гаргасан шаардлагаа дэмжиж, бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:”Д******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 05 дугаар Борооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн замын урд талд олгосон 0.052 в газрыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн М3Х2017/07-15 дугаартай 25х17 метр, 7 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож загвар зураг баталсан. Дээрх Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа Хот байгуулалтын тухай хууль болон УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг"-тэй уялдуулан баталсан. Д******* ХХК-иас тус газарт Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтээ ирүүлснийг судлан Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу баримт бичгийн бүрдлийг хангуулан 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 468/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар барилгын норм, дүрэм зөрчиж олгосон гэх бөгөөд А******* ХХК нь тулгаж барихад татгалзах зүйлгүй гэж удаа дараа ирүүлж байсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байгаа. Нэхэмжлэгч тал уг барилгыг зэрэгцүүлэн барихад татгалзах зүйлгүй гэдэг нь өмнөх баримтуудаас харагдаж байна.

Иймд А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.1. Гуравдагч этгээд Д******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Архитектур даалгавар батлагдмагц хэлцэл хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч тал энэ талаар мэдээд мөнгөө авсан. Манайх 100 сая төгрөгөө тулгаагүй. Нэхэмжлэгч талаас тавьсан саналыг хэрэгжүүлж ажилласан.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А******* ХХК-ийн захирал н.Б******* эвлэрэх хүсэлт гаргасан. Эвлэрэх хүсэлтийн дагуу А******* ХХК-ийн байранд очиж уулзсан. н.Б*******ын хүсэл зоригоор хэлцэл хийгээд энэ хүртэл явахад тэр хүн шүүхэд гомдол гаргасан байна. Гомдол гаргахаасаа өмнө манай эрх ашиг хөндөгдөөд байна гэж бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Өөрийнхөө эзэмшил тал дээр байшин барихаар зураг хийлгэсэн байсан. Өнөөдрийн яриад байгаа галын аюулыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд баталсан. Манайхаас 32 м.кв газрыг тухайн үедээ бэлэглэсэн байдаг. Барилга барих гээд зургаа гаргах гэтэл хөршөөсөө зөвшөөрөл авах шаардлагатай болоод очтол А******* ХХК нь зөвшөөрөлгүй 6 цонх гаргасан байсанд нь 100 сая төгрөг өгөх болсон. Тухайн үедээ цаг хугацаа давчуу байсан учир  нэхсэн 100 сая төгрөгийг өгсөн. Тэр цонх гаргасан  тал нь анхнаасаа зураггүй батлуулсан байдаг. Б******* энэ байшинг худалдаж авсны дараа урагшаа шат гаргаж, зөвшөөрөлгүй байшин барьсан мөн зүүн тал руу харсан ханандаа 6 цонх гаргасан байдаг” гэв.

3.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт мэдэгдээгүй гэж дурдсан. Мэдэгдээгүй гэдэг ойлголтын хүрээнд захиргааны акт нь илэрхий эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх тухай ойлголт юм. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр н.Б******* гаргасан гомдолдоо маш тодорхой бичсэн байдаг. Барилга барих зөвшөөрөл батлуулан авч хэлцлийн нэмэлт заалтыг зөрчсөн. Энэ нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр барилгын ажлын зөвшөөрөл батлагдан гарсан байна гэдгийг мэдэж байсан гэдгийг хангалттай нотолж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр мэдэгдсэн ажиллагаа нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр давхар мэдэгдсэн гэдэг нь нотлогдоод байна. Уулзалтын тэмдэглэл дээр байгаа архитектур даалгавар, барилга ажлын зөвшөөрлийг  цуцлах талаар манайх үндэслэл байхгүй тул хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдүүлнэ үү гэж тэмдэглэлээр хариу өгсөн. Энэ нь хэлбэрийн хувьд ч тэр, агуулгын хувьд ч тэр захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн. Хугацаа нь тоологдсон байна. Гэвч өмгөөлөгч нь тайлбарлахдаа хууль зүйн үндэслэлийг нь ойлгоогүй гэж яриад байгаа нь захиргааны байгууллага ойлгосон эсэх дээр хариуцлага хүлээхгүй юм. Ийм байдлаар хуулийн тайлбарлах боломжгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасан.

Талуудын байгуулсан хэлцлийн 5 дугаар заалтад архитектур даалгавар батлагдсаны дараа энэ хэлцэл болон архитектур даалгаврыг үндэслэн газар шилжүүлэх ажиллагаа явагдана. Өөрөөр хэлбэл энэ үед газар эзэмших эрх гэрээ байгуулж байгаа 2 этгээд 2019 онд хүсэлтээ өгөөд 2020 онд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Эрх шилжүүлэн авч байгаа агуулгын хувьд  ч тэр энэ хэлцлийн заалтыг харахаар 2019-2020 онд н.Б******* архитектур даалгаврыг мэдэж байсан байна. Ингэж мэдэхдээ архитектур даалгаврын салшгүй хэсэг схем зураг дээр 2 барилга сууриараа нийлсэн байгааг мэдэж байсан. Энэ барилгын эскиз зургийг шүүхийн журмаар Нийслэлийн архив, Үндэсний төв архиваас гаргуулахаар хандсан ч мэдээлэл нь олдоогүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр яг энэ асуудлаар мэтгэлцсэн.  2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдээгүй гэдэг нотлох баримтаар гаргаж өгөх хангалттай хугацаа байсан ч гаргаж өгөөгүй. Дээрх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гарцаагүй үндэслэлүүд байна. Үүнийг харгалзаж үзнэ үү. Хоорондоо цонхгүй барилгыг нэвт харагдахгүй байдал хангагдаж байвал ойртуулан төлөвлөж болно гэдэг зүйл барилгын норм дээр байдаг. Хоорондын зай хэмжээ баримтлахгүйгээр хэн нэгэн хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхол зөрчигдөхгүй, өмчлөгч нар харилцан тохиролцсон, харилцан нэвт харагдахгүй гэдэг нөхцөл байдал байвал, галын бусад норм хангагдаж байвал хуульд заасан хэмжээнээс ойртуулан төлөвлөхийг зөвшөөрсөн зохицуулалт байдаг. Тэр утгаараа зэрэгцүүлэн төлөвлөж байгаа нь ойртуулан төлөвлөж байгаа санаа юм. Ойртуулан төлөвлөж байгаа тохиолдолд заавал барилга хоорондын зайг баримтлах шаардлагагүй юм. Энэ бүх нөхцөл байдлуудыг холбоо, дохиолол, гал, ус зэрэг техникийн нөхцөлүүдээр мэргэжлийн байгууллагууд шалгана. Энэ техникийн нөхцөлүүдийн дагуу чиглэл чиглэлээр эксперт дүгнэлтүүдээ гаргана. Магадлалын нэгдсэн дүгнэлт буюу экспертийн гаргасан дүгнэлтүүдийн нэгтгээд магадлалын дүгнэлтээр тогтоодог хууль зүйн зохицуулалттай.

Иймд дээрх үндэслэлүүдээр хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байгаа учир шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргуулахаар маргаанд хамаарах 2017 оны архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна гэж үзлээ.

1. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03/10/428 тоотоор А******* ХХК-ийн өмгөөлөгчид мэдэгдэл хүргүүлснээр 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй гэх үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

2. Нөгөөтэйгүүр ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсгэсний дараа энэ үндэслэлээр буюу “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн тул шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг 4 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн байгаагаас үзвэл хариуцагч байгууллага урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй байна.

3. А******* ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн захиргааны байгууллагад гаргасан гомдлын агуулга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хийгдсэн талуудын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн уулзалтын тэмдэглээс үзвэл “барилгын эскиз зургаар төлөвлөгдсөн цонхны байршил талуудын хэлцлийг зөрчсөн” гэх гомдлыг хэлэлцсэнээс өөрөөр барилгыг архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбайн схем зургаар хооронд нь зайгүй нааж барихаар төлөвлөснийг мэдэж байсан гэж үзэхээргүй, хариуцагч нь тухайн уулзалтад архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг танилцуулсан баримтгүй байх бөгөөд уг уулзалтад гуравдагч этгээд архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч очсон, танилцах боломжтой байсан гэх ч энэ тайлбараар нэхэмжлэгчийг “архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбайн схем зургаар баригдах барилгыг А******* ХХК-ийн барилгатай нааж барихаар төлөвлөсөн үйл баримтыг мэдсэн гэж, тухайн цаг хугацаанаас нэхэмжлэл гаргах хугацааг шууд тооцох боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй байна.

Хоёр. Захиргааны байгууллагаас баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь эрх зүйн зөрчилтэй акт байх тул засуулах шаардлагатай гэж шүүх үзлээ.

1. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т барилга байгууламж нь зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлагыг хангасан байхыг заасан.

2. А******* ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй 2 давхар барилга зүүн хэсэгтээ сууриараа газар эзэмших эрх нь баталгаажсан, зүүн талд хөрш залгаа газар эзэмшигч Д******* ХХК нь эзэмшил газар дээрх 1 давхар барилгаа буулган барилга барихаар төлөвлөхдөө 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А******* ХХК-тай хийсэн хэлцлээр "А******* ХХК-ийн 2 давхар барилгын зүүн тал руу харсан цонхыг хааж зэрэгцүүлэн барилга барихыг Д******* ХХК-д зөвшөөрөх, Д******* ХХК-ийн барих барилга нь А******* ХХК-ийн одоо байгаа барилгын хийц болон аюулгүй байдалд нөлөө үзүүлэхгүй байхыг чанд анхаарч ажиллахыг Д******* ХХК хариуцах, А******* ХХК нь өөрийн барилгыг 5 давхар болгон нэмж барих тул тус компаниуд нийлсэн ханандаа цонх гаргахгүй” хэмээн тохиролцсон, уг хэлцэл Д******* ХХК-ийн барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоноор хүчин төгөлдөр болохоор нөхцөл зааж, улмаар хэлцлээр тохиролцсоноор газар эзэмших эрх болон төлбөр шилжүүлсэн байдаг.

3. Хэлцэлд архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр болохоор нөхцөл заасан, барилгыг цонх хааж зэрэгцүүлэн барихаар, нийлсэн ханандаа 6 давхар хүртлээ цонх гаргахгүй гэж тохиролцсон байх тул архитектур төлөвлөлтийн даалгавар, түүгээр төлөвлөгдсөн барилгажих талбайн схем зургийг, түүний дагуу батлагдсан барилгын эскиз зургийг А******* ХХК  мэдэх эрхтэй байсан гэж үзнэ. Тиймээс ч хариуцагч байгууллага нь төлөвлөлтийн баримт бичгийг батлахдаа хөрш зэргэлдээ барилгын өмчлөгч А******* ХХК-ийн зөвшөөрлийг үндэслэл болгосон болохоо тайлбарладаг.

4. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт гаргасан гомдол, 11 дүгээр сарын 24-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээс үзэхэд А******* ХХК нь барилгын эскиз зургаар нийлсэн талдаа 3-5 давхарт цонх гаргасан нь хэлцлийг зөрчсөн талаар маргаж байсан, өөрөөр хэлбэл барилгажих талбайн схем зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар хэрхэн батлагдсаныг мэдсэн гэх баримт тогтоогдсонгүй.

5. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-т барилгын эх загвар зураг буюу эскиз зураг гэдэгт "инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан. 2017 оны архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн 2018 онд батлагдсан Д******* ХХК-ийн баригдах барилгын эскиз зургаар А******* ХХК-ийн барилгатай нийлсэн ханандаа 3-5 давхар нь цонхтой байхаар батлагдсан байх бөгөөд А******* ХХК хэлцэлд заасан тохиролцоогоо зөрчсөн хэмээн ийнхүү маргаснаар барилгын эскиз зурагт цонхны байршлыг өөрчилсөн боловч уг өөрчлөлт бүхий эскиз зургийг хотын ерөнхий архитектораар батлуулаагүй, зөрчилтэй эскиз зураг хүчинтэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл барилгын эскиз зурагт ийнхүү орчны барилгуудтай уялдсан цонхны байршил өөрчлөгдсөнөөр эзэлхүүн төлөвлөлт, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, фасад, архитектурын шийдэлд мөн өөрчлөлт орж эрх бүхий этгээдээр батлагдаж байж хүчин төгөлдөр болж, барилгын төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдах учиртай.

6. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актууд болох 2017 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 онд олгогдсон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй танилцсанаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх үндэслэлээс гадна барилга хооронд ямарваа зайгүй нааж төлөвлөснөөр хэлцлийн “барих барилга нь А******* ХХК-ийн одоо байгаа барилгын хийц болон аюулгүй байдалд нөлөө үзүүлэхгүй байх” гэснийг зөрчиж, барилгын суурь, хийц, аюулгүй байдалд нөлөө үзүүлэхээр байна” гэж маргасан.

7. Хөрш зэргэлдээ барилгын өмчлөгчөөс хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэлд  “цонх хааж зэрэгцүүлэн барихыг, зэргэлдээ барилгын хийц аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх” нөхцөлтэйгөөр зөвшөөрснийг барилга хооронд ямарваа зайгүй нааж архитектур төлөвлөлтийн даалгавраар төлөвлөсөн нь зөрчөөгүй гэх ч үүнийг “зэрэгцүүлэн барих гэдгийг нийлүүлж, нааж барихыг ойлгоно” гэх тайлбараас өөрөөр хариуцагч байгууллага нотлоогүй. Өөрөөр хэлбэл энэ зэрэгцүүлэн барих, нааж, нийлүүлж барих гэх ойлголтууд барилгын норм ба дүрмээр ижил эсхүл ялгаатай ойлголт эсэхийг тайлбарласангүй.

8. Түүнчлэн 2017 онд гуравдагч этгээд Д******* ХХК-ийн эзэмшил 520 м.кв газрын 350 м.кв талбайд барилгажуулахаар схем зураг бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан бөгөөд тус компанийн эзэмшил газрын хэмжээ, байршилд өөрчлөлт орж Нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар 488 м.кв газар эзэмшдэг болсноор архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчилж батлуулаагүй, барилгажих талбайн схем зурагт газрын байршил хэмжээнд орсон зохих өөрчлөлт тусгагдаагүй байна. Ийнхүү архитектур төлөвлөлтийн даалгаврын нөхцөл, барилгажих талбайн схем зурагт эзэмшил газрын хэмжээ, байршилд орсон өөрчлөлттэй холбоотой тодруулга, өөрчлөлт орох шаардлагатай эсэхийг хариуцагч байгууллага дүгнэж шийдвэр гаргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрнэ.    

9. Иймд барилга барих эзэмшил газрын хэмжээ байршилд орсон өөрчлөлтийг тусган, хөрш зэргэлдээ барилга өмчлөгчийн хэлцлийн үндсэн дээр өгсөн зөвшөөрлийн дагуу барилгын байршилд болон зэрэгцсэн хэсэгтээ 3-5 давхарт цонхгүй байх өөрчлөлт оруулсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, барилгын эскиз зургийг эрх бүхий этгээд баталж, барилгын төлөвлөлтийн эдгээр баримт бичгийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгох нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасан “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо  "барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, "иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх” зохицуулалтад нийцнэ.

10. Эдгээр нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх нөхцөл байдлыг судлан тогтоож архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин баталж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинэчилж олгох хүртэл Д******* ХХК-д олгосон 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Гурав. Харин нэхэмжлэгчийн “барилга хоорондын зай хэмжээнд галын аюулгүй байдлын норм ба дүрмийг зөрчсөн” гэх, “нарны тусгалыг хааж барилга барихаар төлөвлөсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тус компанийн 2016 онд хийсэн хэлцлээр барилгын зүүн талд нь цонх хааж, зэрэгцүүлж барилга барихыг зөвшөөрч, төлбөр авснаар үгүйсгэгдэнэ. Нөгөөтэйгүүр тухайн байршлын төлөвлөлтийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг баримтлан Д******* ХХК-д олгосон 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас дахин шинэчилж батлах хүртэл 2 (хоёр) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Д******* ХХК-д олгосон 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болох үр дагавартайг тайлбарласугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА