Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02012

 








 

 2023        06           20                                      181/ШШ2023/02012

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Б.М нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 38,451,327 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БК ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д, Б.М нар нь Болд кредит ББСБ-тай харилцан тохиролцож, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2019/02/06 дугаартай Зээлийн гэрээ, БГ2019/02/06 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 30,000,000 төгрөгийг, 2019 оны 9-р сарын 02-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, хувийн сууцны засвар зориулалтаар, зээлийн үндсэн хүү 30 хоногт 4,0% /дөрвөн/ хувь, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 0,80 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөхөөр гэрээ байгуулсан. Б.Дд 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Болд кредит ББСБ ХКК-д гаргасан хүсэлтийг нь үндэслэж 29,760,000 төгрөгийг түүний эзэмшлийн Хаан банкны 5003974962 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Мөн зээлдэгч Б.Дий хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож ЗГ2019/02/06-01 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ 2019 оны 12-р сарын 30-ны өдөр байгуулж 6 сарын хугацаагаар өмнөх зээлийн гэрээний нөхцлөөр Б.Д, Б.М нар нь гэрээний хугацааг сунгасан.

Гэвч Б.Д, Б.М нар гэрээ байгуулсанаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрч байна. Б.Д, Б.М нарыг Зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлэхийг манай байгууллагаас удаа дараа шаардаж байсан боловч зээлээ төлөхгүй зайлсхийж, өнөөдрийг хүртэл тус байгууллагыг хохироосоор байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, 2019 оны 02-р сарын 26-ны өдрийн ЗГ2019/02/06 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.6, 4.1.4, 4.1.5, 4.2.4, 4.2.5, 5.2, 6.1 дэх хэсэг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-ний 1.1, 2, 3, 4, 5, 6-д заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 1. Үндсэн зээл 20,000,000 төгрөг, 2. Хүү 17,240,071 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүү 1,141,056 төгрөг, 4. Б.Дийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжийн зардалд төлсөн 70,200 төгрөг, нийт 38,451,327 төгрөгийг Б.Д, Б.М нараас гаргуулж БК ББСБ ХХК -д олгуулах, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 19 хороо, Гүнт гудамж, нэгж талбарын 1501500987 дугаартай 652 мкв талбай бүхий, мөн нэгж талбарын 1501200990 дугаартай 699 мкв талбай бүхий эзэмших эрхтэй газрууд, Чингэлтэй дүүргийн 19 хороо, Гүнт 40 гудамж, 4079 тоотод байрлах, Ү-2202027006 дугаарт бүртгэлтэй, 372 мкв талбай бүхий хувийн сууц /85%-ийн гүйцэтгэлтэй/, Чингэлтэй дүүргийн 19 хороо, Гүнт 40 гудамж, 4076 тоотод байрлах, Ү-2202027007 дугаарт бүртгэлтэй, 118 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Д, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БК ББСБ ХХК нь 30,000,000 төгрөгийг зээлсэн гэдэг боловч нэхэмжлэгчийн данс руу 29,760,000 төгрөгийг шилжүүлсэн болохоос биш 30,000,000 төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй. Зээлсэн мөнгөн дүнгээс хамаарч хүү, алдангийн зөрүү гарч ирнэ. Хариуцагч болон түүний төрсөн эцэг Н.Банзрагч нарын зүгээс 9 удаагийн шилжүүлгээр 43,980,820 төгрөгийг БК ББСБ ХХК -д төлж барагдуулсан тул зээл, зээлийн хүүг бүрэн төлсөн. Гэтэл БК ББСБ ХХК нь Н.Б-ийн данснаас Б.М, Б.Д нарын зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг шилжүүлсэн байхад өөрсдөө дур мэдэн эвлэрээд дууссан зээлийн гэрээний төлбөрт 10,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарлаад байна. Зээлдэгч Б.Д, зээлийн төлбөрийг төлсөн Н.Б гэх хүмүүсийн зүгээс нэхэмжлэгчид хандаж ямар нэгэн байдлаар төлбөрийг өөрчлөх хүсэлт гаргаагүй. Хүсэлт гаргасан бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас БК ББСБ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, банк бус санхүүгийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, 2019.02.26-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт гэрээ, 2019.02.26-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, Б.Дий хүсэлт, БК ББСБ ХХК -ийн Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн хүү тооцоолсон хүснэгт, Б.Дий депозит дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.01.23-ны өдрийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.28-ны өдрийн 181/ШШ2022/02740 дугаар шийдвэр, тус шүүхийн 2023.02.10-ны өдрийн 212 дугаар Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2022.12.13-ны өдрийн 2953 дугаар Зохигчийн эвлэрлийг батлах тухай захирамж, 2023.02.10-ны өдрийн 3153 дугаар албадан гүйцэтгэх захирамж, Б.М-ы зээлийн хүү тооцооллын хүснэгт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас Болд кредит ББСБ-ын кассын орлогын ордер, Н.Б-ийн Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл 7 хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БК ББСБ ХХК нь хариуцагч Б.Д, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,451,327 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч БК ББСБ ХХК нь хариуцагч нарыг гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу 29,760,000 төгрөг шилжүүлсэн тул уг мөнгөөс зээлийн гэрээний хугацаанд хүүг тооцох ёстой, Б.Дий зээлийн төлбөрт эцэг Н.Банзрагчаас 20,0 сая төгрөг шилжүүлсэн байхад зөвшөөрөлгүйгээр Б.Мы зээлд 10,0 сая төгрөгийг нь тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч БК ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй /хх-47-49/, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна.

 

2. Б.Д, Б.М нар нь БК ББСБ ХХК -тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2019/02/06 дугаартай Зээлийн гэрээ, БГ2019/02/06 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 30,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 30 хоногт 4,0% /дөрвөн/ хувийн хүүтэй, хувийн сууцны засварын зориулалтаар зээлж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 0,80 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 хороо, Гүнт гудамжид байрлах, нэгж талбарын 1501500987 дугаартай 652 мкв талбай бүхий, мөн нэгж талбарын 1501200990 дугаартай 699 мкв талбай бүхий эзэмших эрхтэй газрууд, Чингэлтэй дүүргийн 19 хороо,  тоотод байрлах, Ү-22... дугаарт бүртгэлтэй, 372 мкв талбай бүхий хувийн сууц /85%-ийн гүйцэтгэлтэй/, Чингэлтэй дүүргийн 19 хороо, тоотод байрлах, Ү-22... дугаарт бүртгэлтэй, 118 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалжээ. /хавтаст хэргийн 6-14 хуудас/

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-гээр зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу гэрээний 2.1 дэх заалтыг ЗГ2019/02/06 тоот зээлийн гэрээний нийт үлдэгдэл болох 20,000,000 төгрөгийн зээлийн хугацааг 2019.12.30-ны өдрөөс 2020.07.10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж, 1 дүгээр хавсралт Зээл төлөх хуваарь-ийг өөрчилжээ. /хавтаст хэргийн 15, 8 хуудас/

 

Талууд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

2. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

2.1. БК ББСБ ХХК нь 2019.02.27-ны өдөр зээлдэгч Б.Дий эзэмшлийн 500***** тоот дансанд зээл 29,760,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 16 хуудас/

Зээлийн гэрээний 2.4-д Зээлийн үйлчилгээний шимтгэл нь нийт зээлийн үнийн дүнгийн 0,8 хувьтай тэнцэх хэмжээтэй байна гэж талууд тохиролцсон байх бөгөөд зээл 30,0 сая төгрөгийн 0,8% нь 240,000 төгрөг болж байх бөгөөд уг мөнгийг зээлээс суутгаж шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу БК ББСБ ХХК -иас зээлдэгч Б.Дий дансанд зээлсэн мөнгийг шилжүүлсэн тул зээл олгох үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

2.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.1, 4.1.4-д зааснаар зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан Зээл төлөх хуваарь-ийн дагуу төлөх үүрэгтэй гээд, гэрээний хавсралт 1Зээл төлөх хуваарь-ийг тогтоож, мөн гэрээний 2.3Нэмэгдүүлсэн хүү: 30 хоногт 0,80%-г нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.  

 

Зээлдэгч Б.Д, Б.М нар нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ-ний хавсралт-1 Зээл төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба зээлдэгчийн хүсэлтийн дагуу талууд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн зээл 20,000,000 төгрөгийн зээлийн хугацааг 6 сараар сунгаж, 1 дүгээр хавсралтаар Зээлийн төлөх хуваарь-ийг баталсан байна. /хавтаст хэргийн 8, 15, 17 хуудас/

 

2.3. Зээлдэгч Б.Д, Б.М нар нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ болон 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-ний дагуу 2019.03.26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019.05.03-ны өдөр 1,510,000 төгрөг, 2019.06.03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019.07.04-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019.08.21-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.10.24-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.12.30-ны өдөр 15,370,820 төгрөг, 2020.06.13-ны өдөр 600,000 төгрөг, 2022.04.15-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 33,980,820 төгрөг төлсөн болох нь Б.Дий депозит дансны хуулга, Болд кредит ББСБ-ын кассын орлогын ордер, Н.Банзрагчийн Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл 7 хуудас зэргийг нотлогдон тогтоогдож байна. /хавтаст хэргийн 18, 40, 62-69 хуудас/

 

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь Н.Б-аас 2022.04.15-ны өдөр Б.Дий зээлийн төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтыг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд уг мөнгөний 10,000,000 төгрөгийг Б.М, Б.Тогтоохүү нарын зээлийн төлбөрт төлсөн гэж маргасан.

Б.М, Б.Т нар нь БК ББСБ ХХК -иас 2020.01.07-ны өдөр 18,000,000 төгрөгийн зээлийг авсан байх бөгөөд уг зээлийн төлбөрт 2020.04.30-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлж, зээлийн төлбөрийн үлдэгдэл 34,397,395 төгрөг болсныг хариуцагч нар хүлээн зөвшөөрснөөр шүүхийн шийдвэр гарсан болох нь Б.Мы зээлийн хүү тооцооллын хүснэгт, тус шүүхийн шүүгчийн 2022.12.13-ны өдрийн 2953 дугаар Зохигчийн эвлэрлийг батлах тухай захирамж, 2023.02.10-ны өдрийн 3153 дугаар албадан гүйцэтгэх захирамж, тус шүүхийн 2023.02.10-ны өдрийн 212 дугаар Гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 50-54 хуудас/

Иймд Н.Б-аас 2022.04.15-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөг нь Б.Д, Б.М нарын зээлийн төлбөрт, 10,000,000 төгрөг нь Б.М, Б.Тогтоохүү нарын зээлийн төлбөрт төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Зээлдэгч Б.Д, Б.М нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь, зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч БК ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 1, Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.2, 2.3, 5.1-т тус тус заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

 

3.1. Нэхэмжлэгч БК ББСБ ХХК нь хариуцагч Б.Д, Б.М нарын төлсөн дээрхи мөнгийг зээлийн төлбөрөөс хасч тооцсон байх боловч зээлдэгч Б.Д, Б.М нар нь 2022.09.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 17,240,071 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,141,056 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 17 хуудас/

 

3.2. Зээлийн гэрээний 5.4-д зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн зээлдүүлэгч өмгөөлөгч, болон эрх бүхий байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан улсын тэмдэгтийн хураамж... гэх мэт бүхий л зардлыг Зээлдэгч хариуцан төлөх-өөр заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.28-ны өдрийн 181/ШШ2022/02740 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Дийг эрэн сурвалжилж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.01.23-ны өдрийн тодорхойлолтоор хаягийг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч БК ББСБ ХХК нь хариуцагч Б.Дийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлсөн байна. /хавтаст хэргийн 19-21 хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь БК ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.

 

4. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Б.Д, Б.М нараас 38,451,327 төгрөгийг гаргуулж БК ББСБ ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд,

 

5. Зээлдэгч Б.Д, Б.М нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр БГ2019/02/06 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-нүүдийн дагуу зээлдүүлэгч, барьцаалагч БК ББСБ ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 19 хороо,  байрлах, нэгж талбарын 15****** дугаартай 652 мкв талбай бүхий, мөн нэгж талбарын 15***** дугаартай 699 мкв талбай бүхий эзэмших эрхтэй газрууд, Чингэлтэй дүүргийн 19 хороо, тоотод байрлах, Ү-22****** дугаарт бүртгэлтэй, 372 мкв талбай бүхий хувийн сууц /85%-ийн гүйцэтгэлтэй/, Чингэлтэй дүүргийн 19 хороо, Гүнт 40 гудамж, 4076 тоотод байрлах, Ү-2202027007 дугаарт бүртгэлтэй, 118 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Б.М нараас 38,451,327 /гучин найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж БК ББСБ ХХК олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Д, Б.М нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 19 хороо,  байрлах, нэгж талбарын 15*****дугаартай 652 мкв талбай бүхий, мөн нэгж талбарын 15******* дугаартай 699 мкв талбай бүхий эзэмших эрхтэй газрууд, Чингэлтэй дүүргийн 19 хороо,  тоотод байрлах, Ү-22******* дугаарт бүртгэлтэй, 372 мкв талбай бүхий хувийн сууц /85%-ийн гүйцэтгэлтэй/, Чингэлтэй дүүргийн 19 хороо, тоотод байрлах, Ү-22******* дугаарт бүртгэлтэй, 118 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БК ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,406 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д, Б.М нараас 420,407 /дөрвөн зуун хорин мянга дөрвөн зуун долоон/ төгрөгийг гаргуулж БК ББСБ ХХК -д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА