Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01499

 

 

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01499

 

  

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02012 дугаар шийдвэртэй,

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Д, Б.М нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 38,451,327 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Б.Д , Б.М нар нь Б-тай харилцан тохиролцож, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2019/02/06 дугаартай зээлийн гэрээ, БГ2019/02/06 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 30,000,000 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, хувийн сууцны засвар зориулалтаар, зээлийн үндсэн хүү 30 хоногт 4.0 хувийн хүүтэй, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 0,8 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Б.Д-д 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б ХХК-д гаргасан хүсэлтийг үндэслэж 29,760,000 төгрөгийг түүний эзэмшлийн Х 500397**** тоот дансанд шилжүүлсэн. Мөн зээлдэгч Б.Д-ний хүсэлтийн дагуу талууд тохиролцож ЗГ2019/02/06-01 дугаартай зээлийн нэмэлт гэрээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, 6 сарын хугацаагаар өмнөх зээлийн гэрээний нөхцлөөр гэрээний хугацааг сунгасан. Гэвч Б.Д, Б.М нар гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийлгүй гэрээний үүргээ зөрчин, өнөөдрийг хүртэл тус байгууллагыг хохироосоор байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2019/02/06 дугаартай зээлийн гэрээний 3.6, 4.1.4, 4.1.5, 4.2.4, 4.2.5, 5.2, 6.1 дэх хэсэг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний 1.1, 2, 3, 4, 5, 6-д заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 17,240,071 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,141,056 төгрөг, Б.Д-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжийн зардалд төлсөн 70,200 төгрөг, нийт 38,451,327 төгрөгийг Б.Д, Б.М нараас гаргуулж Б ХХК-д олгож, зээлдэгчид шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Г гудамж, нэгж талбарын 150150**** дугаартай 652 м.кв талбай бүхий, мөн нэгж талбарын 150120**** дугаартай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрууд, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 40 гудамж, **** тоотод байрлах, Ү-220202**** дугаарт бүртгэлтэй, 372 м.кв талбай бүхий хувийн сууц /85%-ийн гүйцэтгэлтэй/, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Г ** гудамж, **** тоотод байрлах, Ү-22020**** дугаартай, 118 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Б ХХК нь 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийн дансанд 29,760,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлсэн мөнгөн дүнгээс хамаарч хүү, алдангийн зөрүү гарна. Хариуцагч болон түүний төрсөн эцэг Н.Б нараас 9 удаагийн шилжүүлгээр 43,980,820 төгрөгийг Б ХХК-д төлж барагдуулсан тул зээл, зээлийн хүүг бүрэн төлсөн. Гэтэл Б ХХК нь Н.Банзрагчийн данснаас Б.Мн, Б.Д нарын зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг шилжүүлсэн байхад өөрсдөө дур мэдэн эвлэрээд дууссан зээлийн гэрээний төлбөрт 10,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарлаад байна.

Зээлдэгч Б.Д, зээлийн төлбөрийг төлсөн Н.Б-аас нэхэмжлэгчид хандаж ямар нэгэн байдлаар төлбөрийг өөрчлөх хүсэлт гаргаагүй, бичгийн баримт хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Б.М нараас 38,451,327 /гучин найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Д , Б.Мн нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн ** хороо, Г гудамжид байрлах, нэгж талбарын 150150**** дугаартай 652 м.кв талбай бүхий, мөн нэгж талбарын 150120**** дугаартай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрууд, Чингэлтэй дүүргийн ** хороо, Г ** гудамж, **** тоотод байрлах, Ү-220202**** дугаарт бүртгэлтэй, 372 мкв талбай бүхий хувийн сууц /85%-ийн гүйцэтгэлтэй/, Чингэлтэй дүүргийн ** хороо, Г ** гудамж, **** тоотод байрлах, Ү-220202**** дугаарт бүртгэлтэй, 118 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,406 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д , Б.М нараас 420,407 /дөрвөн зуун хорин мянга дөрвөн зуун долоон/ төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хүулийн 116 дугаар зүйл 116.2, 116.3, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад зөрүүтэй дүгнэлт хийж, шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.1. Б.Д ий зээлийн төлбөрт эцэг Н.Б-аас 20,000,000 төгрөг шилжүүлсэн байхад зөвшөөрөлгүйгээр Б.М-ны зээлд 10,000,000 төгрөг тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаснаас гадна нэхэмжлэгч зээлийн хүү бодохдоо зээлийн гэрээний хугацаагаар биш 2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдиин мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг эргүүлэн хэрэглэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, зээлийн гэрээг уг хуулийг батлагдахаас өмнө байгуулсан гэж мэтгэлцсэн болно. Гэтэл талуудын мэтгэлцээний үндэслэлийг шүүх шийдвэртээ дутуу тодорхойлсноос гадна 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч шүүхийн шийдвэрийг гардан авах үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйл 96 1, 96.2 дахь хэсэгт заасныг зөрчин шүүх хуралдааны тэмдэглэл бичигдээгүй, наадмын амралт буюу 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл албажуулж амжихгүй гэж шүүгчийн туслах мэдэгдсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулалгүй, шүүхийн шийдвэрт талуудын маргааны үндэслэлийг дутуу тодорхойлж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тайлбарлаж мэтгэлцсэн байхад энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй шийдвэр гаргахдаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулснаас хойш хуульд орсон өөрчлөлтийг хэрэглэсэнд гомдолтой байна.

4.3. Н.Банзрагчаас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн зээлийн баримтын гүйлгээний утган дээр Б.Д-ний зээлд гэж шилжүүлсэн байхад шүүх ашиг сонирхлын зөрчил гарган нэхэмжлэгч Б ХХК-ийн талд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсэгт заасан байхад нэхэмжлэгч талд ашигтай гэрээ байгуулснаас хойш батлагдаж дагаж мөрдсөн хуулийн өөрчлөлтүүдийг баримтлан шүүх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Б.Д, Б.М нар Б ХХК-аас 2 удаа зээл авсан. Харин Б.М, Б.Т нарын зээлийн гэрээний маргаанд талууд эвлэрэн хэлэлцэж, шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч талын гомдол үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02012 дугаар шийдвэр хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Д, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,451,327 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 3. Талууд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ЗГ2019/02/06 тоот зээлийн гэрээгээр Б ХХК нь 30,000,000 төгрөгийг 30 хоногт 4.0 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Д, Б.М нар зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон.

3.1. Мөн өдөр талууд БГ2019/02/06 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа хариуцагч Б.Д-ний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн **дүгээр хороо, Г гудамжид байрлах, нэгж талбарын 150150**** дугаартай 652 м.кв талбай бүхий, мөн нэгж талбарын 150120**** дугаартай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрууд, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Г, ** дүгээр гудамж, 4,079 тоотод байрлах, Ү-220202**** дугаарт бүртгэлтэй, 372 м.кв талбай бүхий хувийн сууц /85%-ийн гүйцэтгэлтэй/, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Г, ** дүгээр гудамж, 4,076 тоотод байрлах, Ү-220202**** дугаарт бүртгэлтэй, 118 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

3.3. Талууд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулж, ЗГ2019/02/06 тоот зээлийн гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж, зээл төлөх хуваарийг өөрчилсөн, хариуцагч талаас зээлийн төлбөрт 33,980,820 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.

 4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ нь бичгээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

4.1. Түүнчлэн талууд зээлийн гэрээндээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул Б ХХК нь хариуцагч Б.Д, Б.М нараас 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ2019/02/06 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Б.Д , Б.М нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 17,240,071 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,141,056 төгрөг, нийт 38,451,327 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан БГ2019/02/06 тоот барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ учир зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгийг албадан худалдах замаар хангуулахаар шүүхээс шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг /1995 оны/ хэрэглэсэн байх тул зээлийн хүү, алдангийг гэрээ байгуулах үед хэрэгжиж эхлээгүй байсан хуулийн зүйл заалтыг баримтлан шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Шүүх хуралдааны тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болгоогүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Талуудын бичгээр гаргасан тайлбар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас зөрөөгүй, талууд шүүх хуралдаан дээр шинээр тайлбар гаргаагүй тул шүүх хуралдааны тэмдэглэлд бичсэн тайлбар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэгдээгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

5.3. Нэхэмжлэгч Б ХХК-аас Б.М, Б.Т нар нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 18,000,000 төгрөгийн зээл авч, уг төлбөрт 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02953 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч Б.Д, Б.М нарын хэн аль нь нэхэмжлэгч талаас зээл авч байсан нь тогтоогдсон, дээрх шүүгчийн захирамж гарах үед Б.М-ны гүйцэтгэх үүргээс төлөгдсөн 10,000,000 төгрөгийг хасаж тооцсон тул уг мөнгийг дахин Б.Д-ний гүйцэтгэх үүргээс хасаж тооцох боломжгүй юм. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д зааснаар "эрх бүхий хуулийн этгээд" гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг ойлгох бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 316 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон баримт хэрэгт авагджээ. /хх 47-49/

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-наас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 Д.БЯМБАСҮРЭН