Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/02692

 

 

 

 

 

 

 

2023 05 29

101/ШШ2023/02692

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******  -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М.З,

 

Хариуцагч: С.Д нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,784,034 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч*******,******* нь тус компаниас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 22,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш нийт үндсэн зээл 7,751,184 төгрөг, зээлийн хүүнд 11,127,716 төгрөг, алдангид 72,186 төгрөг нийт 18,951,086 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор буюу хуваарийн дагуу төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. 2023 оны 03 дугаар сарын 03-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,248,816 төгрөг, зээлийн хүү 4,736,072 төгрөг, алданги 337 хоногийн 5,799,146 төгрөг нийт 24,784,034 төгрөг гаргуулах шаардлага байгаа. Алдангийн 50 хувь буюу 2,899,573 төгрөгийг хөнгөлөөд хариуцагчаас нийт 21,884,461 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэв.

 

2. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 2-15, 21-22, 41 дүгээр талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 14,248,816 төгрөг, зээлийн хүү 4,736,072 төгрөг, алданги 337 хоногийн 5,799,146 төгрөг нийт 24,784,034 төгрөгийг хариуцагч*******,******* нараас гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******аас татгалзаж, шүүх хуралдаанд алдангийг 2,899,573 төгрөгөөр бууруулж, хариуцагчаар*******аас 21,884,461 төгрөг гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч******* нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан ба түүнд эрх үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журмыг танилцуулжээ.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 04 дугаар сарын 18-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн болно.

4. *******,*******,******* нар нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийг 30 хоног /1сар/-ийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн төлбөрийн хуваарийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 1,303,300 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон байна.

5. Нэхэмжлэгч ******* нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгодог этгээд ба шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсэхдээ барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон гэж үзлээ.

6. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 18 сараар сунгаж, хугацааг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дуусахаар тохирсон байна.

Гэвч уг гэрээнд зээлдэгч******* гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч******* гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба хамтран үүрэг гүйцэтгэгч гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэхгүй юм.

7. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасан.

8. Зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээл төлөх эцсийн хугацаа дуусахаас үл хамааран хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан боловч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан зохицуулалтын хүрээнд барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгож байгаа тохиолдолд арав хоногийн хугацаанаас илүү алданги шаардах эрхгүй гэж үзлээ.

9. Иймээс зээлийн тооцооллыг, үндсэн зээл 22,000,000 төгрөг, хүү 9,278,610.02 төгрөг, нийт 31,278,610.2 төгрөгөөс алдангийг 0.3 хувиар тооцож, 9386.6 төгрөг гарсныг 10 хоногоор тооцож 93,836 төгрөгийн алданги, бүгд 32,216,970.2 төгрөг төлөхөөс зээл хүүгийн тооцоолол баримтаар тогтоогдсон хариуцагчийн төлсөн 18,951,086 төгрөгийг хасч, 13,265,884 төгрөгийг хариуцагч******* төлөх үүрэгтэй гэж үзэж, нэхэмжлэлээс үлдэх 8,618,576 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч*******т холбогдох шаардлагаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 13,265,884.2 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох автомашин осолд орсон тул зээлийн гэрээний үүргээ дангаар нь шаардаж байгаа гэсэн тайлбар гаргасныг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт 13,265,884.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 8,618,576.8 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч*******т холбогдох шаардлагаас татгалзсаныг баталсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224,279 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ