Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01705

 

 

 

 

 

 

 

   2023       09          04                                    210/МА2023/01705

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/02692 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.З-, С.Д- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,884,461 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

С.Д-, М.З- нь тус компанитай 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 22,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш нийт үндсэн зээл 7,751,184 төгрөг, зээлийн хүүд 11,127,716 төгрөг, алдангид 72,186 төгрөг, нийт 18,951,086 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор буюу хуваарийн дагуу төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. 2023 оны 03 дугаар сарын 03-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,248,816 төгрөг, зээлийн хүү 4,736,072 төгрөг, алданги 337 хоногийн 5,799,146 төгрөг нийт 24,784,034 төгрөг гаргуулна. Алдангийн 50 хувь буюу 2,899,573 төгрөгийг хөнгөлөөд хариуцагчаас нийт 21,884,461 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч нараас шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 13,265,884.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 8,618,576.8 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч М.З-т холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224,279 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13,265,884.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8,618,576.8 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх нь 2002 оны Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг барьж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж шийдвэрлэсэн учир дутагдалтай байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч нараас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч М.З-, С.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,784,034 төгрөг нэхэмжилснийг багасгаж, 21,884,461 төгрөг гаргуулахаар шаардсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагч М.З-т холбогдох шаардлагаас татгалзжээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалт холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

3. И ХХК нь С.Д-, М.З- нартай 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 22,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2020 оны 07 дугаар сарын 07-ны эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Toyota Harrier маркийн 58-28 УНЭ улсын дугаартай автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч И ХХК-д өмчлөлийг шилжүүлэх, гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгч С.Д-ын эзэмшилд байлгахаар тохирчээ.

 

Мөн зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн талууд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 18 сараар сунгахаар тохиролцож, зээл эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн өөрчлөлт оруулжээ.

 

4. Хэргийн 5 дугаар тал дахь И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх газраас олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

И ХХК болон М.З-, С.Д- нар нь зээлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хэлцэл хийгдсэн, уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд С.Д- гарын үсэг зурж, хамтран зээлдэгч М.З- гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээ сунгагдаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу шаардсан ба фидуцийн гэрээний дагуу шаардлага гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

6. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 7,751,184 төгрөг, зээлийн хүүд 11,127,716 төгрөг, алдангид 72,186 төгрөг тус тус төлсөн талаар нэхэмжлэгч талаас зээл хүүгийн тооцооллын баримтыг ирүүлжээ. Энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 /хх 41/

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл 22,000,000 төгрөг, гэрээний хугацааны 24 сарын хүү 22,000,000*3%хүү=660,000*24 сар=15,840,000 төгрөг, нийт зээлийн гэрээний нийт үүрэгт 37,840,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагчаас зээл болон зээлийн хүүд төлсөн 18,878,900 төгрөгийг хасвал 18,961,000 төгрөг байна.

 

Мөн талууд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр гэрээний 2.1.6-д тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар арав хоногийн алдангийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй. Иймээс нэхэмжлэгчид 18,961,000*0,3%=56,883*10хоног=568,830 төгрөгөөс өмнө алдангид тооцон төлүүлсэн 72,186 төгрөгийг хасаад 496,644 төгрөгийг төлбөл зохих алдангид тооцон, дээрх зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл дээр нэмж, нийт 19,455,574 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

 

7. Хариуцагч С.Д- нэхэмжлэлийн хувийг гардаж, эрх үүрэгтэй танилцсанаас хойш хуульд заасан 14 хоногийн хугацаанд болон шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэлийн талаар тайлбар хийж, нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

8. Зээлдүүлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсгийг баримталж хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2020 онд байгуулагдсан тул 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн өөрчлөлтийг баримтлан хэргийг шийдвэрлэхгүй тул шүүхийг хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/02692 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1, 282.1” гэснийг хасч, “286 дугаар зүйлийн 286.3” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж, “13,265,884.2” гэснийг “19,455,574” гэж, “8,618,576.8” гэснийг “2,428,887” гэж,

-шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “224,279” гэснийг “255,228” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,847 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ