Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02020

 








 

 2023        06           20                                      181/ШШ2023/02020

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  байрлах, ЮШТЗ ХХК,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  байрлах, ДДХ ХХК /РД:5960363/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  тоотод байрлах, АГО ХХК -д холбогдох

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г цуцлаж, гэрээ цуцлагдсаны улмаас үүссэн хохирол 917,132,718 төгрөг, олох байсан орлого 485,000,000 төгрөг, нийт 1,402,132,718 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 400,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Ч.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЮШТЗ ХХК, АГО ХХК нар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г байгуулсан. Гэрээний хугацаа 5 жил байсан бөгөөд 2026.03.09-ний өдөр дуусах байсан.

Уг гэрээний зорилго нь ЮШТЗ ХХК нь АГО ХХК -ийн газар эзэмших эрхийн 000003001 дугаар гэрчилгээтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Олон овоот гэх газар байрлах нэгж талбарын 4413004555 дугаар бүхий 10000 м2 ачилт буулгалтын талбайг ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулж, гаалийн хяналтын талбайн барилга байгууламж байгуулан түрээслэхээр тохиролцсон.

АГО ХХК -тай байгуулсан гэрээний 3.1-т Б тал нь А талын ачилт буулгалтын талбай ашиглах бөгөөд түрээсийн хугацааг Монголын төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс тооцно. Талбай барихад урьдчилан гаргасан талбайн дэд бүтцийн зардлыг бодит тооцооны дагуу түрээслэх хугацаа 1 жил болсны дараа 6 сарын хугацаанд түрээсийн төлбөрөөс хасаж тооцох, 3.3-т гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Б талаас А талд 80,000,000 төгрөгийн урьдчилгаа болгон төлөх ба үлдсэн 100,000,000 төгрөгийг талбай ашиглалтад орж эхний вагон тавигдах үед төлөх, 4.1-т А тал нь Б талд талбай ашиглахад шаардлагатай төрийн байгууллага, гаалийн талаарх холбогдох бичиг баримтаар хангах үүрэгтэй. Мөн 380-н вольтын эрчим хүч, гаалийн интернэт оруулах болон Монголын төмөр замын вагон тавих хүсэлт зэргийг хариуцахаар тус тус тохиролцсон.

АГО ХХК нь төрийн байгууллага, гаалийн талаар холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлж өгөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан учир манай зүгээс холбогдох байгууллагуудад хандаж бичиг, баримт бүрдүүлэх ажлыг хөөцөлдөн бэлэн болгож 2021.10.04-ний өдөр эхний вагон тавигдаж тээврийн үйл ажиллагаа эхэлсэн.

Манай зүгээс түрээсийн төлбөрийн урьдчилгаа болох 180,000,000 төгрөгийг гэрээний 3.3-т заасны дагуу АГО ХХК -д шилжүүлсэн тул мөн гэрээний 3.1-т зааснаар Монголын төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс буюу 2021.10.04-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцох эрх зүйн үндэслэлтэй үүсч байгаа юм. Бид түрээсийн төлбөрт 3 сарын төлбөр болох нийт 180,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн учир 2021.10.04- 2022.01.04-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн байгаа юм.

Гэтэл 2021.11.14-ний өдөр АГО ХХК нь ТБХ ХХК гэх гэрээт харуул хамгаалалтын байгууллагыг хөлслөн манай ажилчдыг айлган сүрдүүлж, ажлын байрнаас хөөн гаргаж, манай үйл ажиллагааг зогсоосон. АГО ХХК нь хүчин төгөлдөр түрээсийн гэрээг цуцлаагүй атлаа манай ажлыг хүчээр зогсоож, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

ЮШТЗ ХХК нь АГО ХХК -ийн эзэмшдэг төмөр замын Олон овоот өртөөний 14-р салбар замд үйл ажиллагаагаа явуулж эхлэхийн тулд 2021.03.09-ний өдрөөс 2021.12.24-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэгчийн зүгээс 917,132,718 төгрөгийн хөрөнгө бодитоор зарцуулсан. Үүнд:

1. Түрээсийн төлбөр 180,000,000 төгрөг

2. Түрээсийн гэрээний зуучлалын хөлс 42,000,000 төгрөг

3. Ажлын байр, камер, интернэт, халаалтын зардал 75,800,238 төгрөг

4. Вагон тавиулах зардал 71,500,000 төгрөг

5. Ажилчдын цалин 38,198,522 төгрөг

6. Хоол хүнсний зардал 11,582,301 төгрөг

7. Талбайн тохижилтын ажлын хөлс 15,500,000 төгрөг

8. Ковшийн түлшний зардал 36,310,975 төгрөг

9. Цахилгаан, гэрэлтүүлэг, цахилгааны материалын зардал 84,730,250 төгрөг

10. Техник, сэлбэг худалдан авалт, засварын зардал 183,413,100 төгрөг

11. Газ 4,365,277 төгрөг

12. Шатахуун 5,866,976 төгрөг

13. Түлш 3,323,187 төгрөг

14. Үйл ажиллагааны бусад зардал 164,541,892 төгрөг болж байгаа юм.

Мөн ЮШТЗ ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол улсад төрийн байгууллагад бичиг баримт хөөцөлдөх болон учирч болох төвөгтэй байдлыг үүсгэхгүйн тулд талбайн үйл ажиллагааг төлөөлөн явуулах монгол компани буюу ДДХ ХХК -ийг үүсгэн байгуулсан. Энэхүү ДДХ ХХК -тай байгуулсан талбай түрээслэх гэрээ нь зөвхөн үйл ажиллагаа явуулахад ашиглах зориулалттай байсан бөгөөд энэ талаар ЮШТЗ ХХК болон хариуцагч АГО ХХК нарын хооронд байгуулагдсан Талбай түрээслэх гэрээний 5.5-д тодорхой заасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зарим зардал нь ДДХ ХХК -ийн дансаар гарсан ба нүүрс ачилт, буулгалтын гэрээнүүдийг хийсэн.

АГО ХХК нь гэрээний үүргээ зөрчиж манай үйл ажиллагааг хүчээр зогсоосон 7 компанитай гэрээ хийсэн байсан учир 2021.11.14-ний өдрөөс 2022.01.04-ний өдөр хүртэл олох ёстой байсан орлого 175,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

1 удаагийн нүүрс ачилтын төлбөр нь 50,000,000 төгрөг байдаг ба 2021.11.14- 2022.02.11-ний өдрийн хугацаанд нийт 7 удаагийн ачилт хийсэн тул 7 удаа х 50,000,000 төгрөг=350,000,000 төгрөг байна. Харин 1 удаагийн ачилт, буулгалтын зардалд түрээсийн зардал, түлшний зардал, ажилчдын хоол, цалин, томилолтын цалин ковшийн түрээсийн зардал, ашиглалтын зардал, татварын зардал багтах бөгөөд нийт 25,000,000 төгрөгийн зардал гардаг. 7 удаа * 25,000,000=175,000,000 төгрөг байна. Тиймээс олох байсан орлого 350,000,000 төгрөгөөс зардал болох 175,000,000 төгрөгийг хасаад ашиг 175,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ирсэн албан бичгээс үзэхэд АГО ХХК нь Олон овоо өртөө дэх 14 дүгээр замаас өмнө нэхэмжилсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 1 дүгээр cap хүртэл хугацаанд манай үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон талбайд нийт 31 удаагийн ачилт хийсэн байна.

Хэрэв АГО ХХК -иас хүчээр биднийг ажлын байрнаас хөөн гаргаж, манай үйл ажиллагааг зогсоогоогүй байсан бол дээрх ачилтуудыг манай компани гүйцэтгэх байсан. Манай компанийг анх ачилт хийж эхлэх үед нүүрс ачуулах нэг цуваа вагон нь 50,000,000 төгрөг байсан. Харин цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны 8 дугаар сараас хийгдсэн 1 ачилт нь 35,000,000 төгрөг болсон бөгөөд үүнээс зардал болох 25,000,000 төгрөгийг хасч тооцохоор олох байсан цэвэр ашиг 10,000,000 төгрөг болж байна.

Хариуцагч нь дээрх хугацаанд 31 ачилт хийсэн байх тул 31 ачилтын цэвэр ашиг 10,000,000 гэж үзэхээр олох байсан орлого нийт 310,000,000 төгрөг болж байгаа учир Улаанбаатар төмөр замаас ирсэн нотлох баримтыг үндэслэн 2022 оны 8 сараас 2023 оны 1 дүгээр cap хүртэл хугацааны олох байсан орлогод 310,000,000 төгрөг дээр өмнө нэхэмжилсэн 175,000,000 төгрөгийг нэмж нийт олох байсан орлогод 485,000,000 төгрөг байна.

Иймд: Талуудын хооронд байгуулагдсан Талбай түрээслэх гэрээ-г цуцалж, гэрээ цуцлагдсаны хохиролд 917,132,718 төгрөг, олох байсан орлого 485,000,000 төгрөг нийт 1,402,132,718 төгрөгийг АГО ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч АГО ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АГО ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд 2021.03.09-ний өдөр ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч компани нь хариуцагчийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт оршин Олон овоот-д байрлах нэгж талбарын 4413004555 дугаар бүхий 1 га мкв талбайтай, төмөр замын ачилт буулгалтын тайлбайг эзэмшиж, ашиглаж эхэлсэн.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д дэх хэсэгт эхний жилийн 1 сарын түрээсийн төлбөрийг 60,000,000 төгрөг байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтааж урьдчилгаа төлбөр 180,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч 5 хоногийн хугацааг хэтрүүлэн увуулж, цувуулан түрээсийн урьдчилгаа төлбөрт 180,000,000 төгрөгийг төлсөн. Урьдчилгаа төлбөрт төлсөн 180,000,000 төгрөгийг 2021 оны 3,4,5 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцон суутгасан бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 6,7,8,9 дүгээр саруудын түрээсийн төлбөр 240,000,000 төгрөгийг төлөөгүй нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу нэхэмжлэгчид 2021.10.26-ны өдөр 21/18 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийг хүргүүлж, 2021.11.01-ний өдөр дээрх гэрээг цуцалж гэрээний зүйл болон ачилт буулгалтын тайлбайг өөрийн компанийн эзэмшилд авсан.

Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ХАГ/2021-21/005 дугаартай Талбай түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 321 дүгээр зүйлд заасан Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэх гэрээ юм.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл бопох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна." гэж заасан хуулийн уг зохицуулалтад тусгагдсаны дагуу ачилт буулгалтын талбайн газар болон салбар төмөр зам нь үл хөдлөх эд хөрөнгө юм. Уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тул гэрээ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаартай Талбай түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

ЮШТЗ ХХК гэм хорын хохиролд нэхэмжилж буй 917,132,718 төгрөг нь уг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдсан зардал байх бөгөөд нэхэмжлэгч нь уг зардлыг гаргаж өөрийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахдаа зориулан гаргаж буй зардал буюу мөнгийг зарцуулахад хариуцагч АГО ХХК -ийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгуй тул нэхэмжлэгчийн зарцуулсан гэх 917,132,718 төгрөгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх зардлыг гаргаж нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад хариуцагч АГО ХХК -ийн буруутай ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй.

Нэхэмжлэгчийн 2021 оны 6, 7, 8, 9, 10 дугаар саруудын түрээсийн төлбөр 300,000,000 төгрөгийг төлөөгүй буруутай үйл ажиллагаанаас болж манай компаниас нэхэмжлэгчид 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 21/18 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийг хүргүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлагдсан тул олох байсан орлого нэхэмжлэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тул 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаартай Талбай түрээслэх гэрээ-г талууд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. Бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул АГО ХХК болон ЮШТЗ ХХК нарын хооронд 2021.03.09-ний өдөр байгуулагдсан ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус учир талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг нөгөө талаасаа шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

АГО ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариу тайлбарт дурдсанчлан 2021.03.09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл учир АГО ХХК нь 2021 оны 6, 7, 8, 9, 10 дугаар саруудын түрээсийн төлбөр 300,000,000 төгрөгийг Талбай түрээслэх гэрээ-ний дагуу шаардах хууль үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу ЮШТЗ ХХК нь өөрийн хөрөнгийг хэмнэх замаар, бусдын хөрөнгө буюу АГО ХХК -ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Олон овоот-д байрлах нэгж талбарын 4413004555 дугаар бүхий 10000 /1га/ м.кв талбайтай, төмөр замтай ачилт буулгалтын талбайг 2021 оны 6, 7, 8, 9,10 дугаар саруудад үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу 300,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Мөн ЮШТЗ ХХК нь ДБ ХХК ХХК-ийн нүүрсийг ачилт буулгалтын талбайд буулгасан байсныг манай компани 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3,358.9 тонн, 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,362.9 тонн нүүрсийг тус тус БНХАУ-руу ачуулсан. ЮШТЗ ХХК болон ДБ ХХК ХХК нар нь нүүрс ачуулах нэг цуваа воганыг 50,000,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулж, төлбөрийг ЮШТЗ ХХК нь авсан байсан.

Манай ЮШТЗ ХХК-ийн буулгасан ДБ ХХК " ХХК-ийн нүүрсийг 2 цуваа воганаар ачуулсан тул нүүрс ачсан төлбөрт ЮШТЗ ХХК-иас 100,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөгийг шаардаж байна гэв.

 

ЮШТЗ ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээ-ний 3.3 дахь заалт дээр Гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Б талаас А талд 80,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон төлөх ба үлдсэн 100,000,000 төгрөгийг талбай ашиглалтанд орж, эхний вагон тавигдах үед төлнө гэж заажээ. Б тал буюу ЮШТЗ ХХК үүргээ биелүүлж 3 хоногийн дараа 2021.03.12 өдөр 80,000,000 төгрөг төлсөн бөгөөд АГО ХХК хуурч мэхлэх замаар үлдэгдэл төлбөрийг хугацаанаас өмнө авсан.

3.1 дэх заалтад Б тал нь А талын ачилт буулгалтын талбайг ашиглах бөгөөд түрээсийн хугацааг Монгольн төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс тооцно гэж давхар зааж өгсөн нь АГО ХХК бичиг баримтын хувьд бүрэн бус байх, гэрээнд заасан өөрийн хариуцах ажлуудаа хийхгүй байх удаашруулах магадлалтай гэсэн үүднээс түрээсийн төлбөрөө авахын тулд ажлаа хурдан явуулна гэж үзэн энэ заалтыг тусгаж өгсөн. АГО ХХК хариуцсан ажлаа огт хийгээгүйгээр барахгүй ЮШТЗ ХХК-д итгэмжлэл олгон гэрээний бүх үүргээ ЮШТЗ ХХК-аар гүйцэтгүүлсэн. АГО ХХК нь анхнаасаа зориудаар залилан мэхлэх аргаар өөрсдийн хийж чадахгүй байгаа ажлаа бусдаар хийлгэж дуусгаад зориуд утсаа авахаа больж, худал шалтаг дурьдсан Албан бичиг и мэйлээр илгээж, нэг талын санаачлагаар гэрээ цуцласан нь хүчингүй бөгөөд бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс дээрх 300,000,000 төгрөг нэхэмжилсэн нь ч үндэслэлгүй юм.

ЮШТЗ ХХК-ийн талбайн үйл ажилагаа явуулдаг ДДХ ХХК болон ДХ ХХК нь 2021.07.09 өдөр №21-02 дугаартай гэрээг байгуулсан. ДХ ХХК -ийн нүүрс 2021 оны 08 сараас 2021 оны 11 cap хүртэл талбай дээр 13600 орчим тонн нүүрс /4-н цуваа/ буулгасан бөгөөд дээрх нүүрсийг манай байгууллагын 2 ковш буулгаж, овоолго үүсгэн шатах бүрд унтраах арга хэмжээ авч гэрээний үүргийн дагуу ажиллаж байсан. ДХ ХХК -ийн захирал Ж.Сүхбаатар нь Дорноговь аймгийн Олон-овоо өртөөнд олон жил ажиллаж амьдарч байгаа нүүрс тээвэр ачилт буулгалтын талаар туршлагатай нэгэн бөгөөд дөнгөж үйл ажилагаа явуулж эхэлж буй бидэнд тус дэм болж хамтран ажиллах, түншийн харилцаатай байсан тул бид ямар нэг талбайн түрээсийн төлбөр хараахан авч эхлээгүй байсан.

ДХ ХХК нь 2021.11.06, 2021.11.18, 2021.11.26, 2021.12.13, 2021,11,17, 2021.12.21, 2021.12.24 өдрүүдэд нийт 7 удаагийн экспортийн ачилт хийсэн.

Үүнээс 2021.11.06 өдөр экспортонд ачуулсан 3323,3 тонн нүүрс, 2021.11.18 өдөр экспортонд ачуулсан 3358,95 тонн нүүрс нь манай байгууллагатай хамтран ажилласан 2 цуваа нүүрс байсан тул бид өөрийн хамтран ажилласан нүүрснээс түрээсийн төлбөр тооцоогүй. Уг нүүрсний нүүрсний төлбөр, тээврийн зардал зэрэгт бид өөрийн хөрөнгөнөөс оруулсан байсан төдийгүй нүүрс ачилт, буулгалт, хадгалалтыг өөрийн зардлаар хийсэн. Тиймээс АГО ХХК энэ нүүрсний талбайн төлбөрийн тухай манай байгууллагаас нэхэх үндэслэлгүй юм.

2021.11.26, 2021.12.13 өдрүүдэд ачсан нүүрс нь манай байгууллагатай хамааралгүй ДХ ХХК -ийн өөрийн нүүрс байсан ч бид гэрээний үүргийн дагуу ковшоо оруулж, дээрх 2 цуваа нүүрсний буулгалт хадгалалт ачилтыг хийж өгсөн боловч Ө.Алтанхуяг талбайг булааж авсанаас хойш ДХ ХХК -аас талбайн төлбөр нэхэж, өөртэй нь хамтран ажиллахыг тулгаж эхэлсэн. Тиймээс манай байгууллага 2 удаагийн ачилтын үйлчилгээний хөлсөө ДХ ХХК -аас одоо ч аваагүй байгаа, АГО ХХК ч уг төлбөрийг манай байгууллагаас нэхэх үндэслэл мөн байхгүй.

Сүүлийн 3 удаагийн ачилтаас манай байгууллага өөрийн техникээр үйлчилгээ үзүүлээгүй, ямар нэг төлбөр аваагүй. Гэвч уг талбайн ашиг орлого олох нөхцөлийг бүрдүүлж, 7 сарын хугацаанд хийж бүтээсэн зүйлээр Арвайг гео орд ХХК ашиг орлого олж байгаа нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хууль зөрчиж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2021.03.09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ, ЮШТЗ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, АГО ХХК , ДДХ ХХК нарын 2021.03.09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ, ДДХ ХХК -ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Ц.Н-гийн данснаас гарсан 105,412,021 төгрөгийн зардлын баримт, Жан Ян-ийн данснаас 394,278,652 төгрөг гарсан зардлын баримт, ЮШТЗ ХХК-ийн харилцахын зардал 41,380,320 төгрөгийн баримт, ДДХ ХХК -ийн харилцахын зардал 234,951,071 төгрөгийн баримт, ЮШТЗ ХХК-ийн кассын зардал 71,613,395 төгрөгийн баримт, ДДХ ХХК -ийн кассын зардал 39,753,559 төгрөгийн баримт, ЮШТЗ ХХК-ийн НӨАТ-гүй кассын зардал 29,743,700 төгрөгийн баримт, ДДХ ХХК , ДХ ХХК нарын 2021.07.09-ны өдрийн АГО ХХК -ийн хяналтын бүсэд нүүрс буулгах, хадгалах ачих үйлчилгээний гэрээ, ЮШТЗ ХХК, Энержи бөх бат ХХК нарын хооронд байгуулсан 2021.09.15-ны өдрийн 21/06 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, ДДХ ХХК , Арш технологи ХХК нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2021.09.10-ны өдрийн №43375651 дугаар Интернет үйлчилгээний үндсэн гэрээ-1,2, гэрээний хавсралтууд, Хайбрид Хийтинг систем ХХК, ЮШТЗ ХХК нарын хооронд байгуулагдсан Хайбрид хийтинг халаалтын системийг нийлүүлж, угсрах суурилуулах гэрээ, 2021.09.10-ний өдрийн Г-№21/12 дугаар Төхөөрөмж түрээслэх гэрээ, 2021.10.22-ны өдрийн №2021/72 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, Сүм их бүрд ХХК, ДДХ ХХК нарын хооронд байгуулсан 2021.11.17-ны өдрийн №21/05 дугаар Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, ЮШТЗ ХХК, АГО ХХК нарын хооронд байгуулсан 2021.03.23-ны өдрийн №2021/01 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, Хүчит везон ХХК, ЮШТЗ ХХК нарын хооронд байгуулсан 2021.11.16-ны өдрийн Харуул хамгаалалтын гэрээ, ДДХ ХХК , ДХ ХХК нарын хооронд байгуулсан 2021.07.09-ний өдрийн №2021-02 дугаар Гаалийн хяналтын бүсэд нүүрс буулгах, хадгалах ачих үйлчилгээний гэрээ, ДДХ ХХК -ийн 2021.10.09-ний өдрийн 51/21, 50/21, 47/21 дугаар албан бичиг, 2021.07.09-ний өдрийн №21-02 дугаар АГО ХХК -ийн ачилт буулгалтын талбайд нүүрс буулгах, хадгалах ачих үйлчилгээний гэрээ, 2021.08.23-ны өдрийн №05/21 дугаар АГО ХХК -ийн ачилт буулгалтын талбайд нүүрс буулгах, хадгалах ачих үйлчилгээний гэрээ, 2021.08.25-ны өдрийн №06/21 дугаар АГО ХХК -ийн ачилт буулгалтын талбайд нүүрс буулгах, хадгалах ачих үйлчилгээний гэрээ, 2021.09.15-ны өдрийн №10/21 дугаар АГО ХХК -ийн ачилт буулгалтын талбайд нүүрс буулгах, хадгалах ачих үйлчилгээний гэрээ, 2021.10.12-ны өдрийн №12/21 дугаар АГО ХХК -ийн ачилт буулгалтын талбайд нүүрс буулгах, хадгалах ачих үйлчилгээний гэрээ, 2021.10.22-ны өдрийн №15/21 дугаар АГО ХХК -ийн ачилт буулгалтын талбайд нүүрс буулгах, хадгалах ачих үйлчилгээний гэрээ, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2022.11.15-ны өдрийн 5/2221 дугаар албан бичиг, төлбөрийн баримт, ЮШТЗ ХХК-ийн 2021.06.02-ны өдийн 40/21 дугаар, 2021.10.25-ны өдрийн 72/21 дугаар, 2021.10.27-ны өдрийн 73/21 дугаар, 2021.10.31-ны өдрийн 74/21 дугаар албан бичгүүд, АГО ХХК -ийн 2021.06.21-ний өдрийн 21/12 дугаар, 2021.07.08-ны өдрийн 18/21 дугаар, 2021.07.08-ны өдрийн 17/21 дугаар, 2021.08.02-ны өдрийн 24/21 дугаар, 2021.08.11-ний өдрийн 25/21 дугаар, 2021:08:11-ний өдрийн 26/21 дугаар, 2021.08.19-ний өдрийн 27/21 дугаар, 2021.09.30-ны өдрийн 30/21 дугаар, 2021.07.06-ны өдрийн 14/21, 15/21, 16/21 , 17/21 дугаар, 2021.7.13-ны өдрийн 22/21 дугаар, 2021.07.28-ны өдрийн 23/21 дугаар, 2021.08.01-ний өдрийн 23/21 дугаар, 2021.08.09-ний өдрийн 24/21 дугаар, 2021.09.29-ний өдрийн 29/21 дугаар, 2021. 08.27-ны өдрийн 28/21 дугаар албан бичигүүд, АГО ХХК эзэмшигчийн эзэмшлийн дагнасан хэрэглээний салбар замд УБТЗ ХНН-ийн сэлгээний зүтгүүрээр вагон тавьж өгөх, татаж авах тухай гэрээ- г сунгах, нэмэлт оруулах тухай, ТТГ/20/139 дугаарын гэрээг дүгнэсэн тухай акт, Салбар замын техникийн байдлыг тогтоох акт, Олон овоот өртөөны АГО ХХК -ийн гэрэлтүүлэгийн кабель шугам төмөр замтай огтолуулах техникийн нөхцлийн дүгнэлт, хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт, Олон овоот өртөөны даргын тодорхойолт, Хаан банкны дансны хуулга, фото зураг, Олон-овоот өртөөн дэх АГО ХХК -ийн эзэмшлийн салбар замд УБТЗ-ын сэлгээний зүтгүүрээр вагон тавьж өгөх, татаж авах тухай гэрээ, Нарт импекс ХХК, АГО ХХК нарын хооронд байгуулсан 2021.03.26-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Нарт импекс ХХК-ийн зарлагын баримт, 2023.01.24-ний өдрийн №23/005 дугаар, 2022.12.22-ны өдрийн №2022/37 дугаар, 2022.12.03-ны өдрийн №2022/33 дугаар, 2022.10.05-ны өдрийн №2022/29 дугаар, 2022.07.19-ний өдрийн №2022/019 дугаар 2022.09.02-ний өдрийн №2022/30 дугаар, 2022.02.11-ний өдрийн №2022/02-11 дугаар, 2022.09.16-ны өдрийн 2022/9-16 дугаар, 2022.09.29-ний өдрийн №2022/28 дугаар, 2022.10.12-ны өдрийн №2022/31 дугаар Ачилт буулгалтын талбайд нүүрс буулгах, хадгалах, ачих үйлчилгээний гэрээ-үүд, , 2021.06.01-ний өдрийн №91/04 дугаар, 2021.04.01-ний өдрийн №21/02 дугаар Хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой Обеъктын гэрчилгээ, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрийн зураг, Улсын бүртгэлийн Ү-07 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар Олон овоо өртөө дэх /14 дүгээр зам/ АГО ХХК -ийн талбайгаас 2021.11.14-2023.01.30-ны өдрийг хүртэл хугацаанд нүүрс ачилт хийсэн байгууллагуудын жагсаалтыг бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь АГО ХХК -д холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г цуцлаж, гэрээ цуцлагдсаны улмаас үүссэн хохирол 917,132,718 төгрөг, олох байсан орлого 485,000,000 төгрөг, нийт 1,402,132,718 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 400,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг Талбай түрээслэх гэрээ-ний зүйлийг хүчээр булаан авсан гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахдаа зориулан гаргасан зардлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. ЮШТЗ ХХК, АГО ХХК нар нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ХАГ/2021-21/005 дугаартай Талбай түрээслэх гэрээ-г байгуулж, ЮШТЗ ХХК нь АГО ХХК -ийн газар эзэмших эрхийн 000003001 дугаар гэрчилгээтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Олон овоот гэх газар байрлах нэгж талбарын 4413004555 дугаар бүхий 10000 м2 ачилт буулгалтын талбайг ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулж, гаалийн хяналтын талбайн барилга байгууламж байгуулан 5 жилийн хугацаагаар түрээслэх, түрээсийн хугацааг Монголын төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс тооцох, эхний 1 жил түрээсийн төлбөр 60,0 сая төгрөг сар бүр төлөх, 2 дахь жилээс түрээсийн хугацаа дуусах хүртэл сар бүр 70,0 сая төгрөг төлөх, АГО ХХК нь түрээслэгч талд талбайг ашиглахад шаардлагатай Төрийн байгууллага, гаалийн талаархи холбогдох бичиг баримтаар хангах, 380вт-ийн эрчим хүч оруулах, гаалийн интернэт оруулах болон Монголын төмөр замын вагон тавих хүсэлт зэргийг хариуцан, Вагоны хүсэлт гаргах, бичиг баримт бүрдүүлэх, мөн зөвшөөрлүүдийн сунгалт хийх зардлыг хариуцахаар, ЮШТЗ ХХК нь талбайн газрыг янзлах, ариун цэврийн өрөө барих, гаалийн ажилтны ажлын байр барих, камер суурьлуулах, ажилчдын байр, цайны газар барих, зам талбайн гэрэлтүүлэг хийх зэрэг зардлыг хариуцах, уг зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тус тус тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-9 хуудас/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн, гэрээний агуулга, объектын шинжийн аль алиныг харгалзан гэрээг зүйлчлэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 321 дүгээр зүйлийн 321.1-д заасан Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэх-ний шинжийг илүү агуулсан, ажил гүйцэтгэх харилцаатай холимог шинжтэй гэрээ байна.

Тодруулбал, түрээсийн зүйл нь 10000 м2 газар, түүнийг дагалдах зүйл болох вагон тавих төмөр зам тул түрээсийн гэрээний газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэх тусгайлсан зохицуулалтад хамаарах ба түрээслэгч нь ачилт буулгалтын талбайн газрыг янзлах, ариун цэврийн өрөө барих, гаалийн ажилтны ажлын байр барих, камер суурьлуулах, ажилчдын байр, цайны газар барих, зам талбайн гэрэлтүүлэг хийх ажлыг гүйцэтгэж, зардлыг түрээсийн төлбөрөөсөө суутган тооцохоор тохиролцсон байдал нь ажил гүйцэтгэх гэрээ-ний шинжийг агуулсан.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5.Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасны дагуу Түрээсийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэнэ.

 

2. Хариуцагч АГО ХХК нь дээрхи Талбай түрээслэх гэрээ-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

 

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан Талбай түрээслэх гэрээ нь, субъектүүдын хувьд хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй, эрх зүйн зохих чадамжтай тул субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн агуулгын хувьд хууль зөрчиж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.

 

ЮШТЗ ХХК-д аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олох зорилгоор биелүүлэхэд нь зориулж 10000 м2 ачилт буулгалтын талбайг түрээслэсэн, Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэх нь түрээсийн гэрээний нэг төрөл юм.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318.4-д Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хийгддэг. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А46 дугаар захирамжаар АГО ХХК -д түрээсийн зүйл болох 10000 м2 талбай бүхий газрыг 13 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийг, мөн Төмөр замын Дагнасан хэрэглээний зам, талбай-г 3 жилийн хугацаагаар ашиглах эрхийг тус тус олгосон байна. /хавтаст хэргийн 94-96 хуудас/

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт газар эзэмших эрх, Дагнасан хэрэглээний зам, талбай ашиглах эрхийг бүртгэдэггүй тул талуудын хооронд байгуулагдсан Талбай түрээслэх гэрээ-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан зохицуулалтад хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин АГО ХХК -ийн өмчлөлд 10000 мкв талбайтай, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бүртгэж, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийг хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ олгосон байх тул гэрээ дуусгавар болсон /2019.11.14-ний/-оос хойш харицагчид газар өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. /8-р хавтаст хэргийн 63 хуудас/

Иймд Талбай түрээслэх гэрээ-г хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч АГО ХХК -ийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3. Хариуцагч АГО ХХК нь нэхэмжлэгч ЮШТЗ ХХК-ийг 2021 оны 6, 7, 8, 9, 10 дугаар саруудын түрээсийн төлбөр 300,000,000 төгрөгийг төлөөгүй тул 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 21/18 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийг хүргүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

3.1. Хариуцагч АГО ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлээгүй буюу түрээсийн зүйл болох 10000 м2 ачилт буулгалтын талбайг ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.

Тодруулбал, Талбай түрээслэх гэрээ-ний 1.1-д ...гаалийн хяналтын талбайн барилга байгууламж байгуулан түрээслэх-ээр, 5.3.-д ...А тал нь талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсны дараа Б тал уг талбайд үйл ажиллагаа явуулах эрхтэй байхаар тус тус заасан ба түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглахад Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны "Журам батлах тухай" А/294 дүгээр тушаалын хавсралт "Гаалийн хяналтын бүсийн журам"-д заасан шаардлагыг хангасан байхаас гадна мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх-эд тусгай зөвшөөрөлтэй байхаар заасны дагуу тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан байх шаардлагатай байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Мөн эдгээр шаардлагуудыг хангах зорилгоор Талбай түрээслэх гэрээ-ний 4.1, 4.2-д АГО ХХК -ийн хариуцах ажлуудыг, 5.1-д ЮШТЗ ХХК-ийн хариуцах ажлуудыг тус тус нэрлэн заажээ.

 

3.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж заасны дагуу ЮШТЗ ХХК болон ДДХ ХХК нар нь Талбай түрээслэх гэрээ-ний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсны улмаас үр шимийг хүртээгүй байна.

 

3.3. Талбай түрээслэх гэрээ-ний 3.1-т ЮШТЗ ХХК /цаашид Б тал/ нь АГО ХХК /цаашид А тал/-ын ачилт буулгалтын талбайг ашиглах бөгөөд түрээсийн хугацааг Монголын төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс тооцно, Эхний 1 жилд сарын түрээсийн төлбөр 60,0 сая төгрөг, Хоёр дахь жилээс түрээсийн хугацаа дуусах хүртэл сар бүр 70,0 сая төгрөг төлөх, мөн 3.3-д Гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Б талаас А талд 80,0 сая төгрөгийг урьдчилгаа болгон төлөх ба үлдсэн 100,0 сая төгрөгийг талбай ашиглалтанд орж, эхний вагон тавигдах үед төлнө гэжээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу энэхүү 3 дугаар зүйлийн түрээсийн төлбөр төлөх үүргийг тайлбарлавал, түрээсийн зүйл болох ачилт буулгалтын талбай ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ашиглалтанд орж, эхний вагон орж ирсэн өдрөөс тооцон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

ЮШТЗ ХХК нь гэрээний 3.3-д заасны дагуу түрээсийн урьдчилгаа болгон 180,0 сая төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй. /6-р хавтаст хэргийн 202-209 хуудас/

 

3.4. Түрээсийн зүйл болох ачилт буулгалтын талбайд эхний вагон орж ирээгүй тул ЮШТЗ ХХК-ийн түрээсийн төлбөрийн урьдчилгаа 180,0 сая төгрөгийг түрээсийн төлбөрт тооцох үндэслэл бүрдээгүй байна.

Тодруулбал, Улаанбаатар Төмөр замаас ирүүлсэн албан бичгээр Олон овоот өртөө дэх /14-р зам/ талбайгаас воганд 2021.11.14-ний өдрөөс ачилт хийсэн болох нь тогтоогдож байна /8-р хавтаст хэргийн 79-81 хуудас/

Нэхэмжлэгч талаас Олон овоо өртөөний дарга Г.Ундрахын 2022.02.11-ны өдрийн Тодорхойлолт-ыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг тодорхойлолтод дурдсан ачилт хийсэн гэх хуулийн этгээд, ачилт хийсэн байдал нь Улаанбаатар Төмөр замаас ирүүлсэн дээрхи албан бичгийн ачилт хийсэн хуулийн этгээд, ачилт хийсэн байдлаас зөрүүтэй, мөн нэхэмжлэгч нарын талбайд нүүрс буулгах, хадгалах, ачих үйлчилгээний гэрээ байгуулсан хуулийн этгээдүүдээс зөрүүтэй байх тул эдгээр баримтуудыг харьцуулан үзэж, Улаанбаатар Төмөр замаас ирүүлсэн албан бичгийг үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /8-р хавтаст хэргийн 79-81, 140 хуудас/

 

Иймд нэхэмжлэгч ЮШТЗ ХХК-д түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байхад хариуцагч АГО ХХК нь түрээсийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3.5. Талбай түрээслэх гэрээ-ний 2.1-д Хамтран ажиллах хугацаа 5 жил буюу 2021.03.09-ний өдрөөс 2026.03.21-ний өдрийг дуустал байна гэж тогтоосон нь Ерөнхий зүйлд заасан ...талуудын эрх тэгш харилцан ашигтай байх зарчим-ыг хангах зорилготой байна.

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4, 320.3-д Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад түрээсийн жил дууссанаас хойш 1 сарын дотор цуцлахаар зохицуулсан байхад хариуцагч АГО ХХК нь гэрээг цуцлах энэ хуульд заасан журмын баримтлаагүй байна.

Мөн нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь АГО ХХК -ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 21/18 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийг хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 73/21 дугаар Мэдэгдэлд хариу хүргүүлэх тухай албан бичгээр гэрээ цуцлах үндэслэлгүйг мэдэгдэж, мэдэгдлээ цуцлах хүсэлтийг хүргүүлсээр байхад хүлээн аваагүй, АГО ХХК нь 2021.10.26-ны өдрийн 21/14, 21/15 дугаар албан бичгүүдээр Монзоре эрдэс ХХК, Билэгт баялаг ХХК нарт ЮШТЗ ХХК-тай байгуулсан гэрээ, итгэмжлэлээ цуцалсан тухай мэдэгджээ. /8-р хавтаст хэргийн 103-105, 224-226 хуудас/

Эдгээрээс дүгнэхэд АГО ХХК нь түрээсийн гэрээг цуцлах хуульд заасан журмыг баримтлаагүй, дээрхи нэхэмжлэгчид хүргүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдлийн дугаар нь харилцагч компаниудад хүргүүлсэн мэдэгдлийн дугаараас дугаарлалт хойш байх тул хариуцагч АГО ХХК -ийг гэрээ цуцлахыг зорилгоо болгосон гэж үзэхээр байна.

 

4. Хариуцагч АГО ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г цуцалсан гэх үндэслэлээр гэрээний зүйл болох 10000 м2 ачилт буулгалтын талбайг 2019.11.14-ны өдөр харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниар хамгаалуулан хүчээр булаан авснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй болсон үйл баримт хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд хандсан нэхэмжлэлүүд, ТБХ ХХК -ийн тайлбар, Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, фото зураг, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-1, 7-р хх-125, 144-149, 8-р хх-165-170 хуудас/

Гэрээ цуцлах нь гэрээний үүргийн зөрчил гарсан тохиолдолд гэрээний үүргийн зөрчлийг гаргаагүй талд үүсдэг шаардлага гаргах эрх бөгөөд ЮШТЗ ХХК болон ДДХ ХХК нар нь Талбай түрээслэх гэрээ-ний үүргийг зөрчөөгүй тул хариуцагч АГО ХХК нь гэрээг цуцлах эрхгүй байна.

 

Хариуцагч АГО ХХК нь гэрээг цуцлах эрхгүй тул түрээсийн зүйлийг булаан авсанаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д ...түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, мөн зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ зөрчсөн байна.

 

5. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-ний 5.5-д Б тал нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд учирч болох төвөгтэй байдлыг багасгахын тулд Талбайн үйл ажиллагааг төлөөлөн явуулах Монгол компани Гүйцэтгэх захирал Ц.Нгийн нэр дээр байгуулж үйл ажиллагаа явуулна. Б талын охин компани байгуулагдсаны дараа А тал нь Б талын охин компанитай дахин Хамтран ажиллах гэрээ байгуулна. Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь зөвхөн үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэх ба Б талтай хийсэн жинхэнэ гэрээг илэрхийлэхгүй. Түрээсийн талбайн гэрээ нь энэхүү гэрээнд хамааралтай хэвээр байна гэжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний энэхүү заалтын дагуу ДДХ ХХК -ийг оролцуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд АГО ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г ДДХ ХХК -тай байгуулсан байна. /1-р хавтаст хэргийн 14-17 хуудас/

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ гэж заасны дагуу ЮШТЗ ХХК болон ДДХ ХХК нар нь Талбай түрээслэх гэрээ-ний үүргийн талаар хамтран шаардлага гаргах эрхтэй байна.

 

6. Нэхэмжлэлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г цуцлах шаардлагын тухайд,

Хариуцагч АГО ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г цуцлах эрхгүй боловч гэрээний зүйл болох 10000 м2 ачилт буулгалтын талбайг 2019.11.14-ны өдөр авснаар талуудын хооронд байгуулагдсан гэрэний үүрэг хэрэгжих боломжгүй болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022.03.17-ны өдөр нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Талбай түрээслэх гэрээ-г цуцлах, цуцалсаны үр дагаварыг арилгуулах шаардлагыг гаргаснаар гэрээг цуцалсан.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3. 221.5.-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог бөгөөд гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлаж, энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг.

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь үүргээ биелүүлэхийг хариуцагч АГО ХХК -иас 2021.10.27-ний өдрийн 73/21 дугаар Мэдэгдэлд хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021.10.31-ний өдрийн 74/21 дугаар мэдэгдэл цуцлуулах тухай хүсэлт зэргээр болон шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардсан бөгөөд үр дүн гараагүй тул гэрээг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. -д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байна.

 

Нэхэмжлэгчийн гэрээ цуцлах шаардлага нь гэрээ цуцлагдснаас учирсан хохирлоо гаргуулах шаардлагын үндэслэл тул нэхэмжлэлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г цуцлах-ыг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

7. Нэхэмжлэлийн гэрээ цуцлагдсаны улмаас үүссэн хохирол 917,132,718 төгрөг, олох байсан орлого 485,000,000 төгрөг, нийт 1,402,132,718 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

7.1. Хариуцагч АГО ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлээгүй, Түрээслэгч ЮШТЗ ХХК нь түрээсийн зүйлийг ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулаагүй тул түрээслүүлэгч түрээсийн төлбөр шаардах эрхгүй болно. Иймээс нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь түрээсийн урьдчилгаа болгон шилжүүлсэн 180,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхтэй тул АГО ХХК -иас түрээсийн урьдчилгаа 180,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7.2. Хариуцагч АГО ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан үр дагавар үүссэн хууль зүйн үндэслэл бүрдснийг энэ хэсгийн 6-д дүгнэсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу ЮШТЗ ХХК болон ДДХ ХХК нар нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК болон ДДХ ХХК нар нь гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 1,402,132,718 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд гарсан зардлыг,

1. Түрээсийн гэрээний зуучлалын хөлс 42,000,000 төгрөг

2. Ажлын байр, камер, интернэт, халаалтын зардал 75,800,238 төгрөг

3. Вагон тавиулах зардал 71,500,000 төгрөг

4. Ажилчдын цалин 38,198,522 төгрөг

5. Хоол хүнсний зардал 11,582,301 төгрөг

6. Талбайн тохижилтын ажлын хөлс 15,500,000 төгрөг

7. Ковшийн түлшний зардал 36,310,975 төгрөг

8. Цахилгаан, гэрэлтүүлэг, цахилгааны материалын зардал 84,730,250 төгрөг

9. Техник, сэлбэг худалдан авалт, засварын зардал 183,413,100 төгрөг

10. Шатахууны зардал 13,555,440 төгрөг,

11. Түрээсийн талбайг тохижуулахтай холбоотой бусад зардал 164,541,892 төгрөг гэж,

Олох байсан орлогыг 485,000,000 төгрөг гэж тус тус тодорхойлон шаардсан байна.

 

7.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-ний 4.1-д А тал ...Талбай ашиглахад шаардлагатай төрийн байгууллага, гаалийн талаарх холбогдох бичиг баримтаар хангах үүрэгтэй. Мөн 380 вт-ийн эрчим хүч оруулах, гаалийн интернэт оруулах болон Монголын төмөр замын вагон тавих хүсэлт зэргийг хариуцна. Вагоны хүсэлт гаргах зардлыг Б тал хариуцна гэж, мөн 4.2-д ...А тал нь бичиг баримт бүрдүүлэх зардлыг өөрөө хариуцна. Мөн зөвшөөрлүүдийн сунгалт хийх зардлыг А тал хариуцна гэж АГО ХХК -ийн хариуцан хийх ажлуудыг заасан.

Мөн гэрээний 5.1-д Хамтран ажиллах хугацаанд Б тал нь А талын талбай болон түүний дагалдах байгууламжийг ашиглах эрхийг эдлэх ба гэрээ байгуулагдсанаас хойш Б тал талбайн газрыг янзлах, ариун цэврийн өрөө барих, гаалийн ажилтны ажлын байр барих, камер суурьлуулах, ажилчдын байр, цайны газар барих, зам талбайн гэрэлтүүлэг хийх зэрэг зардлыг хариуцна гэж ЮШТЗ ХХК-ийн хариуцан хийх ажлуудыг заасан байна.

 

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь хариуцагч АГО ХХК -ийг гэрээний 4.1, 4.2-д заасан үүргээ биелүүлээгүй, АГО ХХК эзэмшигчийн эзэмшлийн дагнасан хэрэглээний салбар замд УБТЗ ХНН-ийн сэлгээний зүтгүүрээр вагон тавьж өгөх, татаж авах тухай гэрээ-ний хугацаа дууссан байсан тул хариуцагчаас 2021.06.21-ний өдөр нэхэмжлэгч компанийн захирал Ц.Нд олгосон итгэмжлэлээр тухайн ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нгийн зохих байгууллагуудад хандсан албан бичгүүд, 2021.07.26-ны өдрийн АГО ХХК эзэмшигчийн эзэмшлийн дагнасан хэрэглээний салбар замд УБТЗ ХНН-ийн сэлгээний зүтгүүрээр вагон тавьж өгөх, татаж авах тухай гэрээ-г сунгах, нэмэлт оруулах тухай гэрээ, 2021.07.01-ний өдрийн ТТГ/20/139 дугаарын гэрээг дүгнэсэн тухай акт, 2021.07.09-ний өдрийн Салбар замын техникийн байдлыг тогтоох акт, 2021.08.20-ны өдрийн Олон овоот өртөөны АГО ХХК -ийн гэрэлтүүлэгийн кабель шугам төмөр замтай огтолуулах техникийн нөхцлийн дүгнэлт, 2021.08.20-ны өдрийн Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /8-р хавтаст хэргийн 171-176, 106-123,128-139 хуудас/

Хариуцагч АГО ХХК нь гэрээний 4.1, 4.2-д заасан үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.

 

7.4. Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахын тулд гэрээний 4.1, 4.2, 5.1-д заасан болон "Гаалийн хяналтын бүс байгуулахад тавигдах шаардлага, Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх-эд тавигдах шаардлагыг хангахад шаардлагатай бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэхтэй шууд шалтгаант холбоотойгоор Ажлын байр, камер, интернэт, халаалтын зардал 75,800,238 төгрөг, Вагон тавиулах зардал 71,500,000 төгрөг, Ажилчдын цалин 38,198,522 төгрөг, Хоол хүнсний зардал 11,582,301 төгрөг, Талбайн тохижилтын ажлын хөлс 15,500,000 төгрөг, Ковшийн түлшний зардал 36,310,975 төгрөг, Цахилгаан, гэрэлтүүлэг, цахилгааны материалын зардал 84,730,250 төгрөг, Техник, сэлбэг худалдан авалт, засварын зардал 183,413,100 төгрөг, Шатахууны зардал 13,555,440 төгрөг, талбайг тохижуулахтай холбоотой бусад зардал 164,541,892 төгрөг, нийт 695,132,718 төгрөгийн зардлуудыг гаргасан болох нь хэрэгт авагдсан ЮШТЗ ХХК, ДДХ ХХК болон Ерөнхий захирал Жан Ян, гүйцэтгэх захирал Ц.Н нарын Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ХААН банкны харилцах дансны хуулгууд, мөнгөн шилжүүлэгийн баримтууд, Бэлэн мөнгөний болон Бараа материалын зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, Нэхэмжлэхүүд, Ажил гүйцэтгэх гэрээнүүд, Интернэтийн үйлчилгээний үндсэн гэрээ, Хөдөлмөрийн гэрээнүүд, Хайбрид хийтинг халаалтын системийг нийлүүлж, угсрах, суурилуулах гэрээ, төхөөрөмж түрээслэх гэрээ, Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт болон төлөлтийн талаархи тодорхойлолт, цалин олголтын баримтууд, Худалдах худалдан авах гэрээнүүд, Материалын тооцоо, Харуул хамгаалалтын гэрээнүүд, Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэл, фото зургууд, нэхэмжлэгчийн баримт нэг бүрээр гаргаж өгсөн жагсаалтууд болон тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 50-250, 2, 3, 4, 5, 6 дугаар хавтаст хэргүүд, 7-р хавтаст хэргийн 1-60, 120-123, 8-р хаьтаст хэргийн 39-41, 124-127, 141-163, 190-223, 9-р хавтаст хэргийн 45-49, 52-56 хуудас/

 

7.5. Хариуцагч АГО ХХК нь хохиролд нэхэмжилж буй 917,132,718 төгрөгийг ЮШТЗ ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдсан зардал тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь: ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь Талбай түрээслэх гэрээ-г хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дээрхи бүхий л зардлуудыг гаргасан болох нь баримтаар тогтоогдож байгаа тул гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай АГО ХХК -иас шаардах нь Иргэний хуулийн 227.1, 227.3-д заасантай нийцнэ.

 

Мөн хариуцагч АГО ХХК нь нэхэмжлэгч ЮШТЗ ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахдаа зориулан гаргасан зардал буюу мөнгийг зарцуулахад хариуцагч АГО ХХК -ийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй гэж тайлбарлажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Талбай түрээслэх гэрээ нь бизнес эрхлэгч нарын хооронд байгуулагдсан, удаан хугацаа /5 жил/-ны турш талуудын эрх тэгш харилцан ашигтай байх зарчимд үндэслэгдсний улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй түрээсийн зүйлийг харилцан зардал гаргах байдлаар Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх болон гаалийн хяналтын талбайн барилга байгууламж байгуулан ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөр төлөх, талбайг барихад урьдчилж гаргасан зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь дээрхи тохиролцооны дагуу үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэж, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжтой болгосон боловч хариуцагч АГО ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй мөртлөө гэрээг цуцалсан гэх үндэслэлээр түрээсийн зүйлийг булаан авсан нь шударга бус, гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай юм.

Мөн нэхэмжлэгч нарын гаргасан дээрхи зардал нь гэрээг хэрэгжүүлэхтэй шууд шалтгаант холбоотойгоор гаргасан зардал тул хариуцагч АГО ХХК -ийн дээрхи тайлбар үндэслэлгүй байна.

 

7.6. Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь олох ёстой байсан орлого 485,000,000 төгрөгийг нэхэмжилж, үндэслэлээ хариуцагч АГО ХХК нь 2021.11.14-ний өдрөөс 2022.02.11-ний өдрийг хүртэл 7 удаагийн ачилтыг тус бүр 50,000,000 төгрөгөөр хийсэн, Нэг удаагийн ачилт, буулгалтын зардал 25,000,000 төгрөг тул ашиг нь 25,000,000 төгрөг гэж тооцож 7 х 25,000,000 = 175,000,000 төгрөг гэж,

Мөн хариуцагч АГО ХХК -ийг 2022 оны 8 сараас 2023 оны 1 сар хүртэл хугацаанд 31 удаагийн ачилтыг тус бүр 35,000,000 төгрөгөөр хийсэн, нэг ачилт, буулгалтын зардал 25,000,000 төгрөг тул цэвэр ашиг 10,000,000 төгрөг гэж тооцож, 31 х 10,000,000 = 310,000,000 төгрөг гэж тус тус тодорхойлсон.

 

7.6.а. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2-д зааснаар Түрээсийн гэрээний гол онцлог нь түрээслүүлэгч эд хөрөнгийн эзэмшил шилжүүлэх, зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болох үр шимийг хүртэх эрх олгох үүрэг хүлээж байдаг буюу өмчлөх эрх бүхий түрээслүүлэгч нь өөрийн өмчийн үр шимийг түрээслэгчийн өмчлөлд шилжих боломж бүрдүүлэх ёстой.

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой болгож, гэрээний дагуу ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаагаа явуулж, үр шим буюу ашиг олох нөхцөл бүрдсэн үед хариуцагч АГО ХХК нь түрээсийн зүйлийг булаан авснаар, нэхэмжлэгч нарын түрээсийн гэрээний хугацааны туршид үйл ажиллагаа явуулж ашиг олох боломжийг алдагдуулсан.

Иймээс нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь гэрээний хугацаа 5 жилийн туршид үйл ажиллагаагаа явуулснаар олох боломжтой байсан орлогоо шаардах эрхтэй.

7.6.б. ДДХ ХХК нь 2021.07.09-ны өдрөөс 2021.10.22-ний өдрийг хүртэл ДХ ХХК , Сод мандал эрдэнэ майнинг ХХК, Пауэрлэнд ХХК, Мөрөөдлийн нарангарав ХХК, Бүрэнхаан хөгжил ХХК, Боорчи трейвэл ХХК нартай талбайд нүүрс буулгах, хадгалах, ачих үйлчилгээний гэрээ байгуулж, нүүрс хадгалалтын хураамжийг 15,0 - 20,0 сая төгрөг, ачилт, буулгалтын хураамжийг 50,0 60,0 сая төгрөг байхаар тохиролцжээ. /7-р хавтаст хэргийн 244-248, 8-р хавтаст хэргийн 1-26 хуудас/

2021 оны 11, 12 сард ДБ ХХК ХХК нь 8 удаагийн ачилт, Сод мандал эрдэнэ майнинг ХХК нь 1 удаагийн ачилт хийсэн болох нь Улаанбаатар Төмөр замаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, гэрч Ж.Сүхбаатарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /8-р хавтаст хэргийн 79-81, 9-р хавтаст хэргийн 27-33 хуудас/

Мөн хариуцагч АГО ХХК нь 2022 оны 8 сараас 2023 оны 1 сар хүртэл хугацаанд нийт 31 удаагийн ачилт хийсэн болох нь Улаанбаатар Төмөр замаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд АГО ХХК нь нэг удаагийн ачилт, буулгалтыг ихэвчлэн 45,0 саяаар, зарим нэгийг 33,0 - 35,0 саяаар хийхээр талбайд нүүрс буулгах, ачих үйлчилгээний гэрээ байгуулсан байна. /8-р хавтаст хэргийн 79-81, 228-249, 9-р хавтаст хэргийн 1-19 хуудас/

 

7.6.в. Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь нэг удаагийн ачилт, буулгалтын зардал 25,0 сая бөгөөд түрээсийн зардал, түлшний зардал, ажилчдын хоол, цалин, томилолтын цалин, ковшний түлшний залдал, ашиглалтын зардал, татварын зардал багтана гэж тайлбарлан тооцоолол гаргасан /7-р хавтаст хэргийн 114 хуудас/ хариуцагч үгүйсгээгүй.

 

ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь түрээсийн талбайгаас бодитой хийгдсэн ачилтын тоо, нэг удаагийн ачилт хийх гэрээний төлбөрийн дундажаас ачилт хийхэд гарах зардлыг хасч, олох ёстой байсан орлого 485,000,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д нийцсэн, баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7.7. Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нар нь түрээсийн гэрээний зуучлалын хөлс 42,000,000 төгрөг-ыг АГО ХХК -тай Талбай түрээслэх гэрээ байгуулахад зуучласны хөлс болгож, Алтанхуягын танил гэх хүнд өгсөн гэж тайлбарлаж байна.

Уг зуучлалын хөлсийг хариуцагч АГО ХХК -ийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэх шалтгаант холбоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн түрээсийн урьдчилгаа 180,000,000 төгрөг, хохирлын гарсан зардал нийт 695,132,718 төгрөг, олох байсан орлого 485,000,000 төгрөг, нийт 1,360,132,718 төгрөгийг хангаж, үлдэх 42,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь ТБХ ХХК -д холбогдуулан түрээсийн зүйл болох талбайг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 175,000,000 төгрөг гаргуулах, 2021.11.15-ний өдрийн Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022.09.06-ний өдрийн 11563 дугаар Хүсэлт шийдвэрлэж, хэргийг нэгтгэх тухай захирамжаар энэ хэрэгт нэгтгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хонгорзул нь хариуцагч ТБХ ХХК -аас татгалзсан тул шүүх нэхэмжлэгч ЮШТЗ ХХК-ийн ТБХ ХХК -д холбогдуулан гаргасан дээрхи нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 400,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Хариуцагч АГО ХХК -ийн Талбай түрээслэх гэрээ-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар энэ хэсгийн 2-д дүгнэсэн.

Талбай түрээслэх гэрээ нь хуульд нийцсэн, хэлбэрийн шаардлага гаргасан хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талбай түрээслэх гэрээ-ний дагуу хариуцагч АГО ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлээгүй, Түрээслэгч ЮШТЗ ХХК нь түрээсийн зүйлийг ашиглан үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул ЮШТЗ ХХК-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцлээр ачилт буулгалтын талбайг 2021 оны 6, 7, 8, 9,10 дугаар саруудад үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглан үйл ажиллагаагаа явуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь Талбай түрээслэх гэрээ-ний үүргээ зөрчөөгүй, хариуцагч АГО ХХК -иас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд, хариуцагчийн ачилт хийсэн зардлыг хасч, олох байсан орлогоо нэхэмжилсэн тул хариуцагч АГО ХХК нь ДБ ХХК ХХК-ийн нүүрний ачилт буулгалтын гэрээний төлбөрийг шаардах эрхгүй.

 

Гэрч Ж.Сүхбаатар ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нарт нүүрс ачилтын төлбөр төлөөгүй, ...5 дахь цувааны мөнгийг АГО ХХК -д 33,0 сая төгрөгийг төлсөн, 6 дахь ачилтын хөлс болох 36,0 сая төгрөгийг төлөөгүй нэхэмжлэхийг нь авсан байгаа гэж мэдүүлсэн тул хариуцагчийн ЮШТЗ ХХК болон ДБ ХХК ХХК нар нь нүүрс ачуулах нэг цуваа воганыг 50,000,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулж, төлбөрийг ЮШТЗ ХХК нь авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч АГО ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.


10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч ЮШТЗ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТБХ ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул уг нэхэмжлэлд төлсөн 1,173,350 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу тал хувиар бууруулан буцаан олгож, АГО ХХК -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргагчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч АГО ХХК -иас 1,360,132,718 /нэг тэрбум гурван зуун жаран сая нэг зуун гучин хоёр мянга долоон зуун арван найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЮШТЗ ХХК, ДДХ ХХК нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч АГО ХХК -ийн нэхэмжлэгч ЮШТЗ ХХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХАГ/2021-21/005 дугаар Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 400,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ЮШТЗ ХХК-ийн ТБХ ХХК -д холбогдуулан гаргасан түрээсийн зүйл болох талбайг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 175,000,000 төгрөг гаргуулах, 2021.11.15-ний өдрийн Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЮШТЗ ХХК-ийн ТБХ ХХК -д холбогдох нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,173,350 төгрөгнөөс 586,675 төгрөгийг, хариуцагч АГО ХХК -д холбогдох нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,326,564 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,228,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200900941 тоот данснаас 586,675 /таван зуун наян зургаан мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч АГО ХХК -иас 6,958,614 /зургаан сая есөн зуун тавин найман мянга зургаан зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж ЮШТЗ ХХК-д тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА