Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01786

 

 

 

Ю ХХК, Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю ХХК, Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох,

Талбай түрээслэх гэрээ-нээс учирсан хохирол 917,132,718 төгрөг, олох байсан орлого 485,000,000 төгрөг, нийт 1,402,132,718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 300,000,000 төгрөг, нүүрс ачуулсны төлбөр 100,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Т, хариуцагчийн төлөөлөгч Ө.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2021 оны 03 сарын 09-ний өдөр *** дугаар Талбай түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 5 жил байсан бөгөөд 2026 оны 03 сарын 09-ний өдөр дуусах байсан. Уг гэрээний зорилго нь Ю ХХК нь А ХХК-ийн газар эзэмших эрхийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Олон овоот гэх газар байрлах 10,000 м.кв ачилт буулгалтын талбайг ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулж, гаалийн хяналтын талбайн барилга байгууламж байгуулан түрээслэхээр тохиролцсон. А ХХК нь төрийн байгууллага, гаалийн талаар холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлж өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан учир манай зүгээс холбогдох байгууллагуудад хандаж бичиг, баримт бүрдүүлэх ажлыг хөөцөлдөн бэлэн болгож 2021 оны 10 сарын 04-ний өдөр эхний вагон тавигдаж тээврийн үйл ажиллагаа эхэлсэн. Манай зүгээс түрээсийн төлбөрийн урьдчилгаа болох 180,000,000 төгрөгийг гэрээний 3.3-т заасны дагуу А ХХК-д шилжүүлсэн тул мөн гэрээний 3.1-т зааснаар Монголын төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс буюу 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцох эрх зүйн үндэслэл үүсч байгаа юм. Бид түрээсийн 3 сарын төлбөр болох нийт 180,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн учир 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн. Гэтэл 2021 оны 11 сарын 14-ний өдөр А ХХК нь Т ХХК гэх гэрээт харуул хамгаалалтын байгууллагыг хөлслөн манай ажилчдыг айлган сүрдүүлж, ажлын байрнаас хөөн гаргаж, манай үйл ажиллагааг зогсоосон. А ХХК нь хүчин төгөлдөр түрээсийн гэрээг цуцлаагүй атлаа манай ажлыг хүчээр зогсоож, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ю ХХК нь А ХХК-ийн эзэмшдэг төмөр замын Олон овоот өртөөний ***-р салбар замд үйл ажиллагаагаа явуулж эхлэхийн тулд 2021 оны 03 сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэгчийн зүгээс 917,132,718 төгрөгийн хөрөнгө бодитоор зарцуулсан. Үүнд түрээсийн төлбөр 180,000,000 төгрөг, түрээсийн гэрээний зуучлалын хөлс 42,000,000 төгрөг, ажлын байр, камер, интернэт, халаалтын зардал 75,800,238 төгрөг, вагон тавиулах зардал 71,500,000 төгрөг, ажилчдын цалин 38,198,522 төгрөг, хоол хүнсний зардал 11,582,301 төгрөг, талбайн тохижилтын ажлын хөлс 15,500,000 төгрөг, ковшийн түлшний зардал 36,310,975 төгрөг, цахилгаан, гэрэлтүүлэг, цахилгааны материалын зардал 84,730,250 төгрөг, техник, сэлбэг худалдан авалт, засварын зардал 183,413,100 төгрөг, газ 4,365,277 төгрөг, шатахуун 5,866,976 төгрөг, түлш 3,323,187 төгрөг, үйл ажиллагааны бусад зардал 164,541,892 төгрөг болж байгаа юм. Мөн Ю ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол улсад төрийн байгууллагад бичиг баримт хөөцөлдөх болон учирч болох төвөгтэй байдлыг үүсгэхгүйн тулд талбайн үйл ажиллагааг төлөөлөн явуулах монгол компани буюу Д ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэхүү Д ХХК-тай байгуулсан талбай түрээслэх гэрээ нь зөвхөн үйл ажиллагаа явуулахад ашиглах зориулалттай байсан бөгөөд энэ талаар Ю ХХК болон хариуцагч А ХХК-ийн хооронд байгуулагдсан Талбай түрээслэх гэрээ-ний 5.5-д тодорхой заасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зарим зардал нь Д ХХК-ийн дансаар гарсан ба нүүрс ачилт, буулгалтын гэрээнүүдийг хийсэн. А ХХК нь гэрээний үүргээ зөрчиж манай үйл ажиллагааг хүчээр зогсоосон 7 компанитай гэрээ хийсэн байсан учир 2021 оны 11 сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл олох ёстой байсан орлого 175,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Хэрэв А ХХК-аас хүчээр биднийг ажлын байрнаас хөөн гаргаж, манай үйл ажиллагааг зогсоогоогүй байсан бол дээрх ачилтуудыг манай компани гүйцэтгэх байсан. Манай компанийг анх ачилт хийж эхлэх үед нүүрс ачуулах нэг цуваа вагон нь 50,000,000 төгрөг байсан. Харин цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны 08 сараас хийгдсэн 1 ачилт нь 35,000,000 төгрөг болсон бөгөөд үүнээс зардал болох 25,000,000 төгрөгийг хасч тооцохоор олох байсан цэвэр ашиг 10,000,000 төгрөг болж байна. Хариуцагч нь дээрх хугацаанд 31 ачилт хийсэн байх тул 31 ачилтын цэвэр ашиг 10,000,000 гэж үзэхээр олох байсан орлого нийт 310,000,000 төгрөг болж байгаа учир Улаанбаатар төмөр замаас ирсэн нотлох баримтыг үндэслэн 2022 оны 08 сараас 2023 оны 01 cap хүртэлх хугацааны олох байсан орлого 310,000,000 төгрөг, өмнө нэхэмжилсэн 175,000,000 төгрөг, нийт олох байсан орлого 485,000,000 төгрөг байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан Талбай түрээслэх гэрээ-г цуцалж, гэрээ цуцлагдсаны хохиролд 917,132,718 төгрөг, олох байсан орлого 485,000,000 төгрөг, нийт 1,402,132,718 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтааж урьдчилгаа төлбөр 180,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч 5 хоногийн хугацааг хэтрүүлэн увуулж, цувуулан түрээсийн урьдчилгаа төлбөрт 180,000,000 төгрөгийг төлсөн. Урьдчилгаа төлбөрт төлсөн 180,000,000 төгрөгийг 2021 оны 03, 04, 05 сарын түрээсийн төлбөрт тооцон суутгасан бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 06, 07, 08, 09 саруудын түрээсийн төлбөр 240,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 3.2-т заасны дагуу нэхэмжлэгчид 2021 оны 10 сарын 26-ны өдөр *** дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийг хүргүүлж, 2021 оны 11 сарын 01-ний өдөр дээрх гэрээг цуцалж, гэрээний зүйл болон ачилт буулгалтын тайлбайг өөрийн компанийн эзэмшилд авсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу ачилт буулгалтын талбайн газар болон салбар төмөр зам нь үл хөдлөх эд хөрөнгө юм. Уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тул 2021 оны 03 сарын 09-ний өдрийн *** дугаартай Талбай түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ю ХХК-ийн хохиролд нэхэмжилж буй 917,132,718 төгрөг нь уг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдсан зардал байх бөгөөд нэхэмжлэгч нь уг зардлыг гаргаж өөрийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулсан, үүнд А ХХК-ийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй тул нэхэмжлэгчийн зарцуулсан гэх 917,132,718 төгрөгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн 2021 оны 06, 07, 08, 09, 10 саруудын түрээсийн төлбөр 300,000,000 төгрөгийг төлөөгүй буруутай үйл ажиллагаанаас болж манай компаниас нэхэмжлэгчид 2021 оны 10 сарын 26-ны өдөр *** дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийг хүргүүлж, 2021 оны 11 сарын 01-ний өдөр гэрээ цуцлагдсан тул олох байсан орлого нэхэмжлэх үндэслэлгүй. Хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус учир талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг нөгөө талаасаа шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: 2021 оны 03 сарын 09-ний өдрийн *** дугаар Талбай түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл учир А ХХК нь 2021 оны 06, 07, 08, 09, 10 саруудын түрээсийн төлбөр 300,000,000 төгрөгийг Талбай түрээслэх гэрээ-ний дагуу шаардах хууль үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу Ю ХХК нь өөрийн хөрөнгийг хэмнэх замаар, бусдын хөрөнгө буюу А ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Олон овоот-д байрлах нэгж талбарын 4413004555 дугаар бүхий 10,000 м.кв талбайтай, төмөр замтай ачилт буулгалтын талбайг 2021 оны 06, 07, 08, 09,10 саруудад үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу 300,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн Ю ХХК-ийн буулгасан Д ХХК-ийн нүүрсийг 2 цуваа вагоноор ачуулсан тул нүүрс ачсан төлбөрт Ю ХХК-аас 100,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний 3.3-т заасны дагуу Б тал буюу Ю ХХК үүргээ биелүүлж 3 хоногийн дараа буюу 2021 оны 03 сарын 12 өдөр 80,000,000 төгрөг төлсөн бөгөөд А ХХК хуурч мэхлэх замаар үлдэгдэл төлбөрийг хугацаанаас өмнө авсан. Мөн гэрээний 3.1-д Б тал нь А талын ачилт буулгалтын талбайг ашиглах бөгөөд түрээсийн хугацааг Монгольн төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс тооцно гэж давхар зааж өгсөн. А ХХК хариуцсан ажлаа огт хийгээгүйгээр барахгүй Ю ХХК-д итгэмжлэл олгон гэрээний бүх үүргээ Ю ХХК-аар гүйцэтгүүлсэн. А ХХК нь анхнаасаа зориудаар залилан мэхлэх аргаар өөрсдийн хийж чадахгүй байгаа ажлаа бусдаар хийлгэж дуусгаад зориуд утсаа авахаа больж, худал шалтаг дурдсан албан бичгийг и-мэйлээр илгээж, нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан нь хүчингүй бөгөөд бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс дээрх 300,000,000 төгрөг нэхэмжилсэн нь ч үндэслэлгүй юм. Д ХХК нь 2021 оны 11 сарын 06, 2021 оны 11 сарын 18, 2021 оны 11 сарын 26, 2021 оны 12 сарын 13, 2021 оны 11 сарын 17, 2021 оны 12 сарын 21, 2021 оны 12 сарын 24-ний өдрүүдэд нийт 7 удаагийн экспортын ачилт хийсэн. Үүнээс 2021 оны 11 сарын 06-ны өдөр экспортод ачуулсан 3323,3 тонн нүүрс, 2021 оны 11 сарын 18-ны өдөр экспортод ачуулсан 3358,95 тонн нүүрс нь манай байгууллагатай хамтран ажилласан 2 цуваа нүүрс байсан тул бид түрээсийн төлбөр тооцоогүй. Уг нүүрсний төлбөр, тээврийн зардал зэрэгт бид өөрийн хөрөнгөөс оруулсан байсан төдийгүй нүүрс ачилт, буулгалт, хадгалалтыг өөрийн зардлаар хийсэн. Тиймээс А ХХК энэ нүүрсний талбайн төлбөрийн тухай манай байгууллагаас нэхэх үндэслэлгүй юм. 2021 оны 11 сарын 26, 2021 оны 12 сарын 13-ны өдрүүдэд ачсан нүүрс нь манай байгууллагатай хамааралгүй. Д ХХК-ийн өөрийн нүүрс байсан ч бид гэрээний үүргийн дагуу ковшоо оруулж, дээрх 2 цуваа нүүрсний буулгалт хадгалалт ачилтыг хийж өгсөн боловч Ө.А талбайг булааж авснаас хойш Д ХХК-аас талбайн төлбөр нэхэж, өөртэй нь хамтран ажиллахыг тулгаж эхэлсэн. Тиймээс манай байгууллага 2 удаагийн ачилтын үйлчилгээний хөлсөө Д ХХК-аас одоо ч аваагүй байгаа, А ХХК ч уг төлбөрийг манай байгууллагаас нэхэх үндэслэл мөн байхгүй. Сүүлийн 3 удаагийн ачилтаас манай байгууллага өөрийн техникээр үйлчилгээ үзүүлээгүй, ямар нэг төлбөр аваагүй. Гэвч уг талбайн ашиг орлого олох нөхцөлийг бүрдүүлж, 7 сарын хугацаанд хийж бүтээсэн зүйлээр А ХХК ашиг орлого олж байгаа нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хууль зөрчиж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч А ХХК-аас 1,360,132,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК, Д ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-ийн нэхэмжлэгч Ю ХХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 03 сарын 09-ний өдрийн *** дугаар Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 400,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн Т ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн зүйл болох талбайг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 175,000,000 төгрөг гаргуулах, 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,173,350 төгрөгнөөс 586,675 төгрөгийг, хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,326,564 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,228,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн *** тоот данснаас 586,675 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч А ХХК-аас 6,958,614 төгрөгийг гаргуулж Ю ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1.  Шүүх нотлох баримтад тулгуурлалгүйгээр дүгнэлтүүдийг хийж, хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2.  Шүүх хариуцагчийн өмгөөлөгчид эрх, үүрэг танилцуулаагүй. Мөн нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүйн зэрэгцээ хэргийн материалтай бүрэн танилцах боломжийг олгоогүй. Бид хэргийг шийдвэрлэж дууссаны дараа Н.О шүүгчид загнуулан байж хэргийнхээ зургийг хуулбарлан авсан.

6.3.  Шүүх хуралдааны бичлэгийг өгөхөөс татгалзсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцуулаагүй. Хуульд зааснаар ажлын 3 хоногийн дотор тэмдэглэл бичгийн хэлбэрээр гарсан байх бөгөөд уг тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргахад шүүгч дээр байгаа гэх шалтгаанаар танилцуулаагүй. Давж заалдах гомдол гаргах өдрийг хүртэл тэмдэглэл гараагүй.

6.4.  Хэрэгт авагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй болон хамааралгүй баримтуудыг үнэлж, шүүхийн шийдвэр гаргасан. Жишээлбэл, нэхэмжлэгч нь ковш худалдан авч, бусдад зарсан байдаг. Гэтэл уг мөнгийг хариуцагчаас гаргуулсан. Өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрх нь нэхэмжлэгчийн субьектив эрх бөгөөд түүнийг хариуцагчаас гаргуулсан. Мөн, кассын орлогын баримт болон бусад дансны хуулга нь хэрэгт ямар ч хамааралгүйн зэрэгцээ уг баримтууд нь нэг талын баримт бөгөөд хэн ч, хэзээ ч хуурамчаар үйлдэх боломжгүй юм. Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар хуулийн этгээд өөрийн нэрээр эрх зүйн харилцаанд оролцож, эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Гэтэл захирал гэх н.Н гэж хүний хувийн дансны хуулгыг компанийн зарлага мэтээр хамааруулж байгаа нь хэрэгт хамааралгүй.

6.5.  Шүүхийн шийдвэрийн 7.4-т үнэлсэн баримтууд нь хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байхад хууль зөрчиж, хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. Учир нь цаг хугацааны хувьд болон хэн, хэзээ, юунд зарцуулсан нь тодорхойгүй. н.Н гэж хүний гарын тосны мөнгийг хүртэл хариуцагчаас гаргуулсан. Бид гэрээний харилцаанд оролцож, түүнтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн гэж ойлгож байхад шүүх н.Н-г болон хуульч өмгөөлөгчийн хооллох зардал, мөн гоо сайхны хэрэгсэл зэрэг хэрэгт ямар ч хамааралгүй зардлуудыг хариуцагчаас гаргуулж байгаа нь хэт нэг талыг барьж, хууль зөрчсөн.

6.6.  Компани болон захирлын дансны хуулганы гүйлгээ тодорхойгүй зарлагыг хохирол гэж гаргуулсанд гомдолтой байгаа. Түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохирол 917,132,718 төгрөг нь хариуцагч төлөх үндэслэл байхгүй. Гэрээг цуцлахад нэхэмжлэгч буруутай байхад хариуцагчаас нэхэмжлэлийн тодорхойгүй шаардлагыг бүхэлд нь хангаж гаргуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Үйл ажиллагааны бусад зардал 164,541,892 төгрөг нь тодорхойгүй, юунд зарцуулсан мөнгө болох яагаад ийм их хэмжээний бусад зардал гарсан тодорхойгүй. 917,132,718 төгрөг нь манайд ямар ч хамааралгүй байхад манай буруу гэж гаргуулсан. Шүүгч өөрөө хэргээ бүрэн уншиж, танилцаагүй. Нэхэмжлэгчийн тодорхойгүй шаардлагыг манайд хамаатуулан гаргуулсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зардлууд нь баримтгүй, үндэслэлгүй.

6.7.  Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэгч нарын хэн нь, хэдэн төгрөг шаардаж байгааг зааглаагүй. Яагаад хариуцагч хариуцах талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ нь бичвэрийн хувьд зөрүүтэй 2 гэрээ байдаг. Манай талд байгаа гэрээний 3.1 дэх заалтыг хуурамчаар үйлдсэн. Нэхэмжлэгчээс гаргасан гэрээ нь эвлүүлж хийсэн гэрээ бөгөөд анхны галт тэрэг ачсан хугацаанаас хойш түрээсийн гэрээний хугацааг тоолохоор тохиролцоогүй. Шударга ёс, хууль ёс талаас нь үзвэл бид сарын 60,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй талбайгаа нэхэмжлэгчийн галт тэрэг тавих хүртэл хүлээж, түрээсийн төлбөрөөс чөлөөлөх боломжгүй. Хэрэв, нэг жил тэрэг тавихгүй бол бид түрээсийн төлбөр авахгүй гэж ойлгохоор байна. Гэрээ цуцалсан шалтгаан нь түрээсийн төлбөрийг төлөхгүй, манай талаас хяналт тавих гэж очиход хөөн гаргаж, улмаар манай түрээсийн талбайг өөр бусдад өөрийн гэж тайлбарлан, хариуцагчийг хэл амаар доромжлон түрээсийн талбайд нэвтрэх боломжийг хязгаарлаж байсантай холбоотой.

6.8.  Олох ёстой байсан орлого 485,000,000 төгрөгийг яагаад хариуцагч хариуцах үүрэг үүссэн талаар шүүхийн дүгнэлт тодорхойгүй. Уг тооцооллыг нэхэмжлэгчийн тодорхойлсноор шууд бүхэлд нь хангаж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Манай компани ачилт хийх бүрдээ нэхэмжлэгч нарт олох ёстой байсан орлогыг төлөх үүргийг хууль бусаар үүсгэж байгаа нь хууль зөрчсөн шийдвэр болсон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан хэмжээгээр шууд хариуцагчаас гаргуулж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцэхгүй. Хуулийн үзэл баримтлалыг гуйвуулан өөрийн дураар тайлбарлан хэрэглэж, хуулийн илэрхий тодорхой зохицуулалтыг зөрчих эрхийг шүүхэд олгоогүй. Манай компани нэхэмжлэгч нарт нэг ч төгрөг төлөх үндэслэлгүй, энэ талаар тайлбараа хангалттай гаргаж байсан.

6.9.  Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасныг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх хүчинтэй гэж дүгнэж байгаа нь хуулиас давсан эрх мэдэл, хуулиас том шийдвэр болсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан талбай түрээслэх, түрээсийн гэрээний үүргээ зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцалсан гэх үндэслэлээр гэрээний зүйлээ буцааж авсан нь шударга бус гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нарын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан талбай түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан зохицуулалтад хамаарах хууль зүйн үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй. Хариуцагч шийдвэр гаргах хүртэл хугацаанд хэрэгт авагдсан баримтуудтай маргадаггүй. Шүүх нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, хэлэлцэж шийдвэрлэсэн. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, хохиролд нэхэмжилсэн үнийн дүнг эсэргүүцээгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2.   Нэхэмжлэгч Ю ХХК, Д ХХК нар хариуцагч А ХХК-д холбогдуулан, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн *** тоот Талбай түрээслэх гэрээ-г цуцалсны улмаас учирсан хохирол 917,132,718 төгрөг, олох байсан орлого 485,000,000 төгрөг, нийт 1,402,132,718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн *** тоот Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 300,000,000 төгрөг гаргуулах, нүүрс ачуулсны төлбөр 100,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх 1-2, 38, 39-41, 7хх 63-64, 65-67, 79, 107, 114-115, 116-117, 208-209, 242-243, 8хх 98, 8хх 187, 192-196/

Нэхэмжлэгчийн тодорхойлсон талбай түрээслэх гэрээг цуцлах гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Учир нь, талууд гэрээг байгуулж, талууд гэрээг цуцална, харин шүүх гэрээг цуцлах үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгнө.

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.     Талууд 2021 оны 03 сарын 09-ний өдөр *** тоот Талбай түрээслэх гэрээ-г 5 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр А ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт орших Олон овоот-д байрлах 10,000 м.кв ачилт буулгалтын талбайг ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь зориулж Ю ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Ю ХХК нь эхний жилд сар бүр 60,000,000 төгрөг, хоёр дахь жилээс сар бүр 70,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 4-9/

3.2.     Дээрх гэрээг хэрэгжүүлэх үүднээс А ХХК, Д ХХК-ууд мөн өдөр буюу 2021 оны 03 сарын 09-ний өдөр ХАГ/2021-21/005 тоот Талбай түрээслэх гэрээ-г 5 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр А ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт орших Олон овоот-д байрлах 10,000 м.кв ачилт буулгалтын талбайг ачаа тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь зориулж Д ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Д ХХК нь сар бүр 20,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 14-16/

3.3.     Ю ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт 2021 оны 03 сарын 12-ны өдөр 80,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 09-ний өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөгийг төлсөн; /6хх 202-209/

3.4.     Дээрх талбайд 2021 оны 10 сарын 08-ны өдрөөс ачилтын ажиллагаа хийгдэж эхэлсэн. /7хх 76, 8хх 140/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

Түрээсийн зүйл нь өмчлөлийн бус харин эзэмшлийн газар байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдахгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хийсэн ...Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт газар эзэмших эрх, дагнасан хэрэглээний зам, талбай ашиглах эрх-ийг бүртгэдэггүй тул *** тоот Талбай түрээслэх гэрээ-г үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй... гэсэн агуулгатай дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймд 2021 оны 03 сарын 09-ний өдрийн *** тоот Талбай түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 300,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

Мөн нүүрс ачуулахад хариуцагчаас 100,000,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар нотлогдоогүй тул холбогдох сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

5.   Нэхэмжлэгч нь ...гэрээний 3.1-д түрээсийн хугацааг Монголын төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс тооцно гэж заасан тул түрээсийн төлбөрт төлсөн 180,000,000 төгрөг нь 2021 оны 10 2022 оны 01 сарын түрээсийн төлбөр юм... гэж тайлбарладаг бол хариуцагч нь ...нэхэмжлэгчийн төлсөн 180,000,000 төгрөг нь 2021 оны 03 - 06 сарын түрээсийн төлбөрт тооцогдсон, нэхэмжлэгч нь 2021 оны 06 09 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул 2021 оны 10 сард гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, 2021 оны 11 сараас түрээсийн зүйлийг эзэмшилдээ авсан... гэж тайлбарлан маргадаг.

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзлээ.

Гэрээний талууд гэрээний заалтын талаар харилцан адилгүй тайлбар гаргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу маргаантай заалтын агуулгыг тайлбарлах нь зохистой.

2021 оны 03 сарын 09-ний өдрийн *** тоот Талбай түрээслэх гэрээ-ний 3.1-д ...түрээсийн хугацааг Монголын төмөр замын эхний вагон орж ирсэн өдрөөс тооцно гэж тусгасан байх ба үгийн шууд утгыг нь анхаарвал түрээсийн төлбөрийг эхний вагон орж ирсэн өдрөөс тооцох бус харин түрээсийн хугацааг эхний вагон орж ирсэн өдрөөс тооцох агуулгатай байна.

Түрээслэгч Ю ХХК нь гэрээний 3.1-д Эхний нэг жил А талд түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг сар бүр төлнө гэж заасны дагуу түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч А ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд түрээслүүлэгч А ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 09-ний өдрийн *** тоот Талбай түрээслэх гэрээ-г цуцлах эрхтэй, улмаар Ю ХХК-д 2021 оны 10 сарын 26-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй. /8хх 95, 9хх 65, 66/ 6.Гэрээ цуцлагдсан явдалд хариуцагч А ХХК буруугүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Ю ХХК, Д ХХК-д учирсан гэх хохирол, олох ёстой байсан орлогыг А ХХК-д хариуцуулах үндэслэлгүй.

Цалин, томилолт, буудал, хоол хүнс, шатахуун, сэлбэг хэрэгсэл, бичиг хэрэг, оффис, тавилга, эд хогшил, эрүүл мэнд, ашиглалт, аж ахуйн г.м зардлууд нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой гарч, үйл ажиллагаанд нь зарцуулагдсан байх тул хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч талаас талбайн зөвшөөрөл, гэрээ байгуулах төлбөр, зуучлалын хөлс г.м. гүйлгээний утгатайгаар н.Ч, н.Ж, н.Э, н.А г.м иргэдэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гэрээний хохирол гэж үзэх боломжгүй, эдгээрийг Улаанбаатар төмөр замд төлсөн төлбөр гэж үзэхгүй.

Мөн хууль зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шууд хамааралтай тул эдгээртэй холбоотой ажлын хөлсийг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй.

7.Харин хариуцагчийн эзэмшлийн ачилт, буулгалтын талбайд нэхэмжлэгчийн зардлаар хийж гүйцэтгэгдсэн ажлын байр, ажлын байрны халаалтын систем, цахилгаан хангамж, хяналтын камержуулалт, ариун цэврийн байгууламж зэрэг нь хариуцагчид үлдэж байгаа тул эдгээртэй холбоотой баримтаар нотлогдож буй зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Эдгээр зардлууд нь нийт 136,231,088 төгрөг болж байх ба үүнээс 34,535,638 төгрөг нь Д ХХК-аас гарсан зардлууд байна.

Тодруулбал, ажлын байр 50,000,000 төгрөг, ажлын байрны суурь цемент 405,200 төгрөг, халаалтын систем 14,063,700 төгрөг, ариун цэврийн өрөөний кольцо, хүргэлт, суурилуулалт 2,570,000 төгрөг, талбайд хайрга дэвссэн 204,000 төгрөг, УБТЗ вагон тавиулах хүсэлт 72,400 төгрөг, УБТЗ холбооны төхөөрөмж 250,000 төгрөг, УБТЗ тог тавиулах барьцаа 5,000,000 төгрөг, УБТЗ цахилгаан тавихад хяналт 800,000 төгрөг, УБТЗ цахилгааны монтаж 1,000,000 төгрөг, талбайн гэрэлтүүлгийн ажил 25,200,000 төгрөг, камержуулалт 10,818,038 төгрөг, мобинет тавиулсан 918,500 төгрөг, төмөр зам засвар, арчилгаа 7,500,000 төгрөг, цахилгааны ажлын хөлс 8,000,000 төгрөг, цахилгааны утас, монтаж, төгсгөвч, пускатель 8,429,250 төгрөг, кабелийн газар ухсан ажлын хөлс 1,000,000 төгрөг, нийт 136,231,088 төгрөг.

Иймд хариуцагч А ХХК-аас 101,695,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю ХХК-д, 34,535,638 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д тус тус олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

8.Анхан шатны шүүх хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ю ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02020 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч А ХХК-аас 101,695,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю ХХК-д, 34,535,638 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д тус тус олгож, үлдэх 1,265,901,630 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар... гэснийг ...106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...6,958,614 /зургаан сая есөн зуун тавин найман мянга зургаан зуун арван дөрвөн/ төгрөгийг... гэснийг ...839,105 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн нийт 9,186,764 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.НЯМБАЗАР