| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2022/01214/И |
| Дугаар | 151/ШШ2023/00175 |
| Огноо | 2023-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2023/00175
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Х,
Нэхэмжлэгч: Б.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох
15,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х,
Нарийн бичгийн дарга Г.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Э миний бие “Б” ХХК-Д менежер ажилтай Б.Б-тэй утсаар холбогдож, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож, ... улсын дугаартай .... арлын дугаартай чирэгч толгой буюу зүтгүүрийн зориулалттай .... загварын хүнд даацын автомашин болон ... улсын дугаартай авто чиргүүлийн хамт 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцсон. Ингэхдээ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу өөрийн эхнэр Б.Х-гийн нэр дээр бүртгэлтэй байсан уг автомашин болон чиргүүлийг Б.Б-ийн нэр дээр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн өгсөн. Уг автомашиныг Б.Б өөрийн ажилладаг “Б” ХХК-ын нэр дээр бүртгүүлж, БНХАУ руу нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл авсан. Гэтэл 2021 оны 11 сарын 10-ны өдөр төлөх ёстой байсан 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй биднийг хохироож байна. Уг төлбөрийг төлөх талаар удаа дараа утсаар болон зурвасаар шаардахад ажилд гарч чадаагүй байна, одоо мөнгө өгч чадахгүй, жилийн дараа, өөр хүнээс ав гэх мэтчилэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх болсон. Иймд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байна. Өмнө нь тус шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хаягийг тогтоосон болно. Иймд хариуцагч Б.Б-ээс автомашин болон чиргүүлийн төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бат-Эрдэнэ нь Б.Х, Б.Э нарын автомашин чиргүүлийн төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Нэгд: Б.Э нь анх надад тухайн тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр зарна гэж тохиролцоод би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 сая төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг тус тус Б.Э-гийн данс руу шилжүүлсэн. Гэтэл үндэслэлгүйгээр надаас 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би автомашины үлдсэн 5,000,000 төгрөгийг Орхон гэх хүнд өгсөн. Учир нь нэхэмжлэлд дурдагдсан тээврийн хэрэгсэл нь өмнө нь О нэр дээр байсан бөгөөд О-оос Б.Х нь худалдаж авахдаа үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөгийг төлөөгүй учраас би О руу үлдэгдлийг шилжүүлсэн юм.
Хоёрт: Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаанаас авч үзвэл, Б.Х нь .... улсын дугаартай, ... загварын хүнд даацын тээврийн хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор өмчилж эхэлсэн байх ба 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх эрх нь дуусгавар болсон байна. Би Б.Х, Б.Э нарыг тухайн автомашины өмчлөгч гэдэгт итгэж, тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авдаг өдөр Х боомт дээр хүргээд өгөөч гэж гуйхад Б.Э-гийн аав нь хүргэж өгөх замдаа тээврийн хэрэгслийн мотор нь эвдэрч, Б.Э өөрөө ирж Улаанбаатар хот руу ачуулж яваад янзлуулсан. Тэгээд надад мотор ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Хангийн боомт дээр тээврийн хэрэгсэл ирж, ажилд гарахгүй 5 сар болж, анхны тээвэрт гарах үеэр тээврийн хэрэгслийн мотор, хроп дахиж эвдэрсэн. Тэгээд би мотор, хроп, яндан, аржатр, богино кардан шинээр сольж, 9,000,000 гаруй төгрөгийн засварын зардал гаргасан. Надад анхнаасаа доголдолтой тээврийн хэрэгслийг худалдсан ч гэсэн би тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг О руу шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон.
Гуравт: Нэхэмжлэлд дурьдсан тээврийн хэрэгслийг надад зарах эрх бүхий өмчлөгч нь Б.Х, Б.Э нарын аль нь ч биш байх бөгөөд тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хэрхэн яаж хөндөгдөж байгаа нь тодорхой бус байна гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэгт: Хариуцагчийн байр суурь ойлгомжгүй байна. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг аваагүй, гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг. Мөн 60,000,000 төгрөгөөр авахаар тохирсон, 5,000,000 төгрөгийг нь н.О-д өгсөн, 10,000,000 төгрөгийг надаас үндэслэлгүй нэхэж байна гэх зэрэг эсрэг, зөрүүтэй тайлбар гаргаж байна. Хариуцагч нь өөрийн бичгээр гаргасан тайлбартаа худалдаж авсан гэдгээ зөвшөөрсөн, мөн засвар үйлчилгээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн машин буюу тээврийн хэрэгсэл нь одоо Б.Б-ийн нэр дээр байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Өөрөө аваагүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна. Үүргийн гүйцэтгэлийг шилжүүлэн өгөхтэй холбоотой иргэний хэргийн зохицуулалт яригдана. Яагаад гэхээр Б.Б-ийн хүсэлтээр “Б” ХХК-ийн захирлын нэр дээр автомашиныг шилжүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасны дагуу хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр автомашиныг тухайн этгээдэд шилжүүлж өгсөн байдаг.
Доголдол гарсан талаар хариуцагч зөвшөөрч байгаа боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Автомашины доголдолтой холбоотой зардлаа нэхэмжлэх эрхтэй, гэтэл сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас доголдолгүй байсан гэдэг нь тогтоогдож байна. “Б” ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр автомашиныг шилжүүлж аваад Б.Х нь Б.Б-ийн хүсэлтийн дагуу “Б” ХХК-ийн захирал руу шилжүүлсэн. Тухайн үед Б.Х-гийн нэр дээр тээврийн хэрэгсэл байсан гэдэг нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан. 2022 оны 10 дугаар сарын 07-нд амаар тохиролцсон боловч 2022 оны 10 дугаар сарын 08-нд автомашиныг шилжүүлэх үед автомашин Б.Х-гийн нэр дээр байсан.
Иймд Б.Б тухайн тээврийн хэрэгслийг хүлээж аваагүй гэх тайлбар үндэслэлгүй. Одоо тухайн тээврийн хэрэгсэл Б.Б-ийн өмчлөлд байгаа нь Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тодорхой харагдаж байна.
Хариуцагчийн н.О-д үлдэгдэл мөнгийг төлсөн гэх тайлбар нь мөн үндэслэлгүй. Үлдэгдэл мөнгийг н.О-д өгөөрэй гэж нэхэмжлэгч нар хэлээгүй, зөвшөөрөл өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ Иргэний хуулийн 2 заалтыг дурдаж байна.
Нэгт: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 нь эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой заалт юм. Эд хөрөнгө гэдэг нь тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Б” ХХК руу автомашиныг шилжүүлэхэд Б.Б-ийн хүсэлтээр гэх ганц ч үг үсэг байхгүй. Тэгэхээр тус өдөр Б.Б-ийн хүсэлтээр автомашиныг шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
Хоёрт: Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасныг үндэслэл болгож байна. Б.Э нь хэзээ, хэн гэдэг хүнд тээврийн хэрэгсэл шилжүүлж өгснөө санахгүй байна гэдэг. Гэрч Н.Б гэдэг хүнээс Б.Б рүү тээврийн хэрэгсэл шилжүүлж өгсөн үү гэж нэхэмжлэгч талаас асуухад хариулдаггүй, Б.Э мэднэ гэж хэлдэг. Худалдагч нь доголдолгүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх ёстой, худалдаж байгаа хөрөнгө биет байдлын болон эрхийн доголдолгүй байх ёстой. Мөнгө шилжүүлээд тэр өдөр автомашин “Б” ХХК руу шилжсэн байдаг. Гэрээ хийсэн өдөр нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр. Мөн тухайн автомашин нь тос, масло нь гоожсон, мотор нь эвдэрсэн тул тээврийн хэрэгслээ хот руу чирч явсан байна. Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгсэлд 9,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э, Б.Х нар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
“ “Б” ХХК-д менежер ажилтай Б.Б-тэй утсаар холбогдож, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож, ... улсын дугаартай ... арлын дугаартай чирэгч толгой буюу зүтгүүрийн зориулалттай ... загварын хүнд даацын автомашиныг ... улсын дугаартай авто чиргүүлийн хамт 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцсон. ... уг автомашин болон чиргүүлийг Б.Б-ийн нэр дээр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн өгсөн. Уг автомашиныг Б.Б өөрийн ажилладаг “Б” ХХК-ын нэр дээр бүртгүүлж, БНХАУ руу нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл авсан. Гэтэл 2021 оны 11 сарын 10-ны өдөр төлөх ёстой байсан 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна” гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“Б.Э нь анх надад тухайн тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр зарна гэж тохиролцоод би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 сая төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг тус тус Б.Э-ийн данс руу шилжүүлсэн. Гэтэл үндэслэлгүйгээр надаас 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг н.О руу шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Э, Б.Х нар нь ... улсын дугаартай, зүтгүүрийн зориулалттай ... загварын хүнд даацын автомашиныг ... улсын дугаартай чиргүүлийн хамт хариуцагчид худалдахаар, хариуцагч Б.Б нь уг тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт худалдан авч мөнгийг хэсэгчлэн төлж дуусгахаар талууд тохиролцсон болох нь шүүхэд гаргасан зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ үйл баримтын тухайд талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Б.Э, Б.Х нар нь тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.Б-ийн хүсэлтээр түүний ажилладаг “Б” ХХК-ийн захирал ...-гийн нэр дээр шилжүүлэн өгсөн, хариуцагч Б.Б нь гэрээний төлбөрт 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-д төлсөн байх ба энэ үйл баримтад талууд мөн маргаагүй.
Тодруулбал гэрээ байгуулсан үйл баримтад талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нар нь “... тээврийн хэрэгслийг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр тохирсон” гэж тайлбарласан бол хариуцагч Б.Б нь “... тухайн тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод би нийт 55,000,000 төгрөгийг Б.Э-ийн данс руу шилжүүлсэн. Үндэслэлгүйгээр надаас 10,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Би автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг н.О руу шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон” гэж тайлбарлаж талууд гэрээний үнийн дүнд маргаж байна.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Худалдах, худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тогтоогоогүй бөгөөд эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно.
Нэхэмжлэгч Б.Э, Б.Х нар нь “ ... дээрх автомашин болон чиргүүлийг хариуцагч Б.Б-ийн хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Б” ХХК-ийн захирал ...-гийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Уг автомашиныг Б.Б өөрийн ажилладаг “Б” ХХК-ын нэр дээр бүртгүүлж, БНХАУ руу нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл авсан” гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй.
Харин хариуцагч Б.Б 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “... Б.Э нь анх надад тухайн тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр зарна гэж тохиролцоод би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 сая төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг тус тус Б.Э-ийн данс руу шилжүүлсэн. Гэтэл үндэслэлгүйгээр надаас 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг н.О руу шилжүүлсэн. ... Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авдаг өдөр Хангийн боомт дээр хүргээд өгөөч гэж гуйхад Б.Э-ийн аав нь хүргэж өгөх замдаа тээврийн хэрэгслийн мотор нь эвдэрч, Б.Э өөрөө ирж Улаанбаатар хот руу ачуулж яваад янзлуулсан. Тэгээд надад мотор ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Хангийн боомт дээр тээврийн хэрэгсэл ирж, ажилд гарахгүй 5 сар болж, анхны тээвэрт гарах үеэр тээврийн хэрэгслийн мотор, хроп дахиж эвдэрсэн. Тэгээд би мотор, хроп, яндан, аржатр, богино кардан шинээр сольж, 9,000,000 гаруй төгрөгийн засварын зардал гаргасан. Надад доголдолтой тээврийн хэрэгслийг худалдсан ч гэсэн би тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг н.О руу шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон” гэж дурьдаж, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бодитой байгуулагдсан, худалдан авагч тал тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт хүлээн авсан болохоо зөвшөөрсөн байна.
Нөгөөтэйгүүр Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн ... дугаартай лавлагаа, нотлох баримтаар маргаан бүхий ... арлын дугаартай, зүтгүүрийн зориулалттай хүнд даацын автомашин нь ... улсын дугаартай чиргүүлийн хамт хариуцагч Б.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар худалдагч тал тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгэсэн байна.
Тодруулбал нэхэмжлэгч нар тээврийн хэрэгслийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн байх тул нэхэмжлэгч тал ийнхүү үүргээ гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцнэ гэж дүгнэв.
6. Хариуцагч Б.Б нь “... тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Надад доголдолтой тээврийн хэрэгслийг худалдсан ч гэсэн би тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг н.О руу шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон” гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.
7. Гэрч Ц.Б-ын шүүхэд өгсөн “... хүү Б.Э нь тухайн тээврийн хэрэгслийг Б.Б-д 70,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон гэж утсаар хэлсэн. ... Б.Б-ээс тээврийн хэрэгслийн төлбөрт 15,000,000 төгрөг дутуу авсан талаар хэлж байсан” гэх мэдүүлэг, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Б.Б Б” гэсэн цахим хаягаар харилцсан баримт зэрэг нотлох баримтуудаас дүгнэвэл гэрээний талууд тээврийн хэрэгслийн худалдах, худалдан авах үнийг 70,000,000 төгрөгөөр тохиролцон, хариуцагч тээврийн хэрэгслийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж дуусгах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д: Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, гэж зааснаар хариуцагч Б.Б нь тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нар нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг шаардах, гаргуулах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Б-ээс 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Б.Х нарт олгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Б.Х нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар хариуцагч Б.Б-ээс 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Б.Х нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Б.Х нарт олгосугай .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН