Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашгайн Отгончулуун |
Хэргийн индекс | 151/2023/00040/И |
Дугаар | 151/ШШ2023/00164 |
Огноо | 2023-02-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2023/00164
2023 02 08 151/ШШ2023/00164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ч” ХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,071,456 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М банк болон Х банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот М банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр М банкны зарим шаардах эрхийг Х банканд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Х банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар “Х банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Х банкны зарим актив, пассив, хөрөнгийг “Т” ХХК-д шилжүүлж Х банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд: зээлдэгч “Ч” ХК-д олгосон чанаргүй зээл хамаарч байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээл авах үеийн хаягтаа оршин сууж буй эсэх нь тодорхойгүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж Хуулийн этгээдийн лавлагааг гаргуулан авч, зээлдэгчийн хаягийг тогтоосон. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. М банкны актив, пассив хөрөнгө тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний хавсралтын 2.1, 3-т “Ч” ХК /РД:.../ (...) нь гэрээний шаардах эрхийн жагсаалтад байх тул төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Мөн хавсралтаар Монгол Банкны зээлийн сангийн лавлагаанд “Ч” ХК /РД:../ нь 2,407,456.00 төгрөгийн муу зээлтэй гэж тодорхойлогдсон зээл нь бидний нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл юм. Энэхүү зээл нь “М” банкнаас авсан зээл байгаа. Гэхдээ хэдийд зээл авсан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээ нь шилжиж ирээгүй. “М” банкнаас манайд ирэхдээ зээлийн хувийн хэрэг нь алдагдсан ирсэн. Монгол банкнаас авсан даалгаврын хүрээнд нэхэмжлэл гаргаж, шүүхээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон. Зээлдэгч “Ч” ХК-ийн үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 2,407,456.00 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,664,000 төгрөг, нийт 4,071,456 төгрөг байна. Иймд хариуцагч “Ч” ХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,071,456.00 төгрөгийг гаргуулж, “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “Ч” ХК-ийн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “М” банкны анхны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд нэхэмжлэгчийн яриад байгаа уг асуудлаар 2008 онд Чингэлтэй дүүргийн шүүх авч хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж н.Б гэж хүн байсан. Нэгэнт “М” банкны хувьцаа эзэмшигч мөн бол өөрийн тань хувьцааны эрхийг сэргээж өгөх ёстой гэж хэлсэн. Миний бие энэ 26 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчийн ногдол ашгаа аваагүй тул миний хувьцаа эзэмших эрхийг сэргээгээд, хэн хэнээсээ өр авлагагүй болж, шүүхийн шийдвэрээр энэ хэрэг дууссан. Хоёрдугаарт: Тус компани нь байнгын оршин байгаа хаягтаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Манай компани “Х” ХХК-иас хэзээ ч зээл авч байгаагүй, одоо ч банканд зээлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт буюу хэрэгт авагдсан баримтуудын 26 дугаар хуудсанд зээлийн үлдэгдлийг 0 болгож, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хаав гэж шийдсэн. Энэ материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн архиваас олж авсан. Одоо бол эднийх надаас мөнгө нэхдэг, би эсрэгээрээ 26 жилийн ногдол ашгийн асуудлыг тавьж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч байгууллага өөрөө данс, тооцооны асуудлаа нарийн хийгээгүй улмаас төлбөрийн үлдэгдэлтэй байна. Харин миний хувьд авлагатай, энэ банкийг тухайн үед татан буугдсан гэж бодсон. Гэнэт 26 жилийн дараа уг асуудлыг ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр бид нэг нэгэндээ авах, өгөх асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь “Ч” ХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,071,456 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... хариуцагч “Ч” ХК нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд 2,407,456.00 төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, энэ нь бидний нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл” гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч нь “Х" ХХК-иас манай компани зээл авч байгаагүй, нэхэмжлэгч байгууллага өөрөө данс, тооцооны асуудлаа нарийн хийгээгүйн улмаас төлбөрийн үлдэгдэлтэй гарсан байна” гэж маргажээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ч” ХК-ийн зээлийн мэдээллийн лавлагаа, “Х” ХХК-ийн зээлийн дансны хуулга, балансын гадуурх дансны хуулга зэрэг баримтыг /хавтаст хэргийн 21, 22-28 дугаар хуудас/ нэхэмжлэлийн үндэслэл болгожээ. Харин зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д: Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Монгол Банкны зээлийн сангийн лавлагаанд “Ч” ХК /РД:/ нь 2,407,456.00 төгрөгийн муу зээлтэй гэж тодорхойлогдсон нь бидний нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл юм. Энэхүү зээл нь “М” банкнаас авсан зээл байгаа. Гэхдээ хэдийд зээл авсан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээ нь шилжиж ирээгүй. “М” банкнаас манайд ирэхдээ зээлийн хувийн хэрэг нь алдагдсан” гэж тайлбарлаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигч талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрийн шаардлага, тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “Ч” ХК-иас үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,071,456 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй боловч үүнийг баримтаар нотлоогүй болно.
Тодруулбал Монгол банкны зээлийн мэдээллийн санд “Ч” ХХК зээлийн үлдэгдэл 2,407,456 төгрөг, муу ангилал гэсэн мэдээлэл байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотлохгүй бөгөөд зээлийн гэрээний харилцаа ямар этгээдийн хооронд, хэдийд үүссэн нь тодорхойгүй, ямар хэмжээний зээлийг хэдэн жилийн хугацаатай, ямар хүү, нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн, зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн эсэх, зээлийн гэрээний харилцаа бодитой үүссэн зэрэг нөхцөл байдал тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч “Х" ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар “Ч” ХК-иас зээлийн гэрээний үүрэгт 4,071,456.00 төгрөг гаргуулах шаардлага бүхий “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН