Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

Б.Г, С.Б, С.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Г, С.Б, С.М нарт холбогдох 2029000120049 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч С.М, Б.Г, С.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 02-03-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг '‘Б” ХХК-ийн өмчлөлийн төмөрнөөс 410 метр нарийн цагариг төмөр, 540 метр шивлер төмөр, 2.500 килограмм арматур төмөр, 25 ширхэг сэндвич шивлер төмрийг завшиж бусдад 32225000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч С.М, Б.Г, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М, С.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2029000120049 дугаартай 2 /хоёр/ хавтас хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол С.М, С.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг нотлохын тулд Д.М-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа тул 2029000120049 дугаартай 2 /хоёр/ хавтас хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т: “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаарх санал, хүсэлт...” гэж тухайлан зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох асуудал нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд, талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хэлэлцэж, шийдвэр гаргах боломжтой ажиллагаа байхад дээрх асуудлыг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа” гэж, хуулийн заалтаас зөрүүтэй байдлаар дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Гомбо, яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхтөр нар нь “Б” ХХК-ийн захирлаар ажилладаг Д.М-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилох эрх шүүхэд байна” гэж, харин яллагдагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, Ш.Мягмарцэрэн нар нь “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох...” гэж, тус тус байр сууриа илэрхийлэн оролцсон.

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохтой холбоотой дээрх маргаантай асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх асуудал бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг болно.

3. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байсан тул тус компанийн ерөнхий захирал Э.Б-н томилсноор компанийн захирал Д.М-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Иймд түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, улмаар хуульд заасан эрхийг эдлүүлж, үүргийг хүлээлгэн, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах боломжтойгоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх, прокурор, мөрдөгч нь хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаахгүйгээр хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ....дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, эрүүгийн 2029000120049 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч хуулийн дээрх заалтын 6.1-ээс 6.17-д заасан чухам аль үндэслэлээр нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулсныг 2021/Ш3/135 дугаартай шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдэд огт заагаагүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй, хууль ёсны биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх талаарх хуулийн шаардлагыг хангаж гараагүй байна.

5. С.Б, Б.Г, С.нарт холбогдох эрүүгийн 2029000120049 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн заалтыг хэрэглэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар дүгнэлт хийж, шүүгчийн 2020/ШЗ/37 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, 203/МА2021/00010 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасан байхад 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүх дахин дээрх зөрчлийг давтан гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн болохыг дурдаж байна.

Иймд эрүүгийн 2029000120049 дугаартай хэргийг прокурорт буцаасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б” ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч, мөн дээрх хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч болох бөгөөд дээрх хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох ёстой.

“Б” ХХК-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосны дараа уг компанийг төлөөлж Д.Мөнхбаярыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох эрх нь шүүхэд байгаач хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорын хийх ажиллагаа байна. Мөн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаж, мэдүүлэг авах ажиллагаа нь мөрдөгч, прокурорын хийх ажиллагаа гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ч хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргаан үүсээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл “Б” ХХК-ний зүгээс хууль ёсны төлөөлөгчөөр Д.М-г тогтоолгох хүсэлтээ ирүүлсэн, өөр хэн нэгнийг тогтоолгохоор санал хүсэлт ирүүлээгүй, Д.Мөнхбаяр нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдохоос татгалзаж байгаа зүйлгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргаан байхгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул уг эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаар санал ирүүлэх талаар заасан байдаг. Энэ асуудлыг шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой асуудал. Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж, өөрчилж болно. Шүүх хуралдаанд оролцоход талуудын өмгөөлөгч нараас энэ талаар өөр өөр байр суурыг илэрхийлдэг. Ийм байдлаар өөр өөр байр суурыг илэрхийлнэ гэдэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилохтой холбоотой асуудлаар маргаж байна гэж үзэж байна.    “Б” ХХК-ийн захирал нь Б-г томилоод оролцуулсан. Харин энэ хүн нь М-г иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан. Үүнийх нь дагуу шүүх хуралдаанд оролцуулсан.       Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дараах заалтыг хянан хэлэлцэнэ гэж зааснаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-6.17 дахь хэсгүүдэд шийдвэрлэх асуудлыг хуульчилсан. Гэтэл шүүх хэргийг буцаахдаа дээрх хуулийн заалтын алинд нь хамааруулан урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь тодорхойгүй байна. 

Энэ хэрэг маань өмнө нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд магадлалаар буцаагдсан. Ингэхдээ шүүх өмнөх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад дахин урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь буруу байна гэж үзэн гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцүүлэхээр буцаасан гэж ойлгосон. Гэтэл шүүх магадлалд заасан алдааг арилгахгүйгээр дахин урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь буруу байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг тогтоох эрхтэй гэж заасан. Үүний дагуу шүүх хохирогчоо тогтоогоод хэргээ шийдвэрлэх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр эрх зүйн үндэслэлтэй байна. Хэрэгт “Б” ХХК-г тогтоох ёстой байсан. Гэтэл компанийг нь тогтоогоогүй байж захирлыг нь тогтоосон нь буруу байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох асуудлыг мөрдөгч, прокурор тогтооно гэж хуульд заасан. Үүнтэй холбоотой маргаан бол байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг буцаасан нь үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бичсэн 18 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 203/МА2021/00010 дугаар магадлалаар “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2021/ШЗ/225 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж/2хх-19/ хүчин төгөлдөр байхад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/37 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг гаргахдаа урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнээд шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. /2хх-124-129/

Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2021/ШЗ/135 дугаар шүүгчийн захирамжийг /2хх-142-144/ гаргаж хэргийг прокурорт буцаахдаа “хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг нотлохын тулд Д.М-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд шүүх гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох тухай шийдвэрийг гаргах эрхтэй байхаар, мөн хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болохоор заасан тул  “Д.М-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Иймд хяналтын прокурорын “хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Г, С.Б, С.М нарт холбогдох 2029000120049 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г, С.Б, С.М нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                                             ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                       Ш.ТӨМӨРБААТАР