Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2023/00279

 

 

 

2023       03         24                                            151/ШШ2023/00279

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,..... дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар хороолол, Хасбаатарын гудамж, Ганмед оффис ... тоотод байрлах “ГРК” ХХК,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Энхжин хотхон-петрийн байр 2 тоотод байрлах “ЭТ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,030,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Түмэнбаяр,

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Баянбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Цэцэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзориг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК нь “ЭТ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт илүү авсан 26,030,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ГР Констракшн” ХХК нь 2020 оны 09 дүгээр арын 23-ны өдөр “ЭТ” ХХК-тай 720,000,000 төгрөгийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээг “ЭТ” ХХК-ийн хүсэлтээр цуцалсан. Гэрээг цуцлах үед нийт хийгдсэн барилга угсралтын ажил 48,970,000 төгрөг болсныг талууд баталгаажуулсан. “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 10 дугаар зүйлд төлбөрийг 100 хувь бартераар төлнө гэж заасны дагуу “ГР Констракшн” ХХК нь гэрээний төлбөрт нийт 75,000,000 төгрөгийн үнэ бүхий Rav-4 маркийн машиныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “ЭТ” ХХК-ийн захирал Д.Баянбаатарын өмчлөлд шилжүүлсэн. Ингээд төлбөр болон хийсэн ажлын зөрүү болох 26,030,000 төгрөгийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагчаас төлбөрийнхөө зөрүүнд материал, тоосго зэргийг нийлүүлж дуусгах тухай албан бичир ирүүлэх зэргээр аргацаасаар байсан. Иймд “ЭТ” ХХК-иас гэрээний төлбөрт илүү авсан ажлын төлбөр болох 26,030,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

      2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 10 дугаар зүйлд төлбөрийг 100 хувь бартераар төлнө гэж заасны дагуу “ГР Констракшн” ХХК нь гэрээний төлбөрт нийт 75,000,000 төгрөгийн үнэ бүхий Рав-4 маркийн машиныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “ЭТ” ХХК-ийн захирал Д.Баянбаатарын өмчлөлд шилжүүлсэн. Ингээд төлбөр болон хийсэн ажлын зөрүү болох 26,030,000 төгрөгийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагчаас төлбөрийнхөө зөрүүнд материал, тоосго зэргийг нийлүүлж дуусгах тухай албан бичир ирүүлэх зэргээр аргацаасаар байсан. Иймд “ЭТ” ХХК-аас гэрээний төлбөрт илүү авсан ажлын төлбөр болох 26,030,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

3. Хариуцагч “ЭТ” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай “ЭТ” ХХК-нь нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-тай 2020.09.23-ны өдөр 720,000,000 сая төгрөгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Талуудын хооронд байгуулсан гэрээг "ЭТ” ХХК-ний хүсэлтээр ажлын гүйцэтгэлд өгөх төлбөрт /бартерт/ хөрөнгө нь бодитой биш байсан учраас энэхүү гэрээг цуцалсан Гэрээг цуцлаад тухайн үедээ гүйцэтгэсэн барилгын ажил, ажил гүйцэтгэхэд нийлүүлсэн барилгын материалууд зэргийг дүгнэж баталгаажуулахад манай тал 52,000 мянган ширхэг тоосго нийлүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартерт тооцож ажлын гүйцэтгэлд оруулан 75,000,000 төгрөгийн үнэтэй машин авсан нь үнэн. Гэтэл манай компаниас “ГР Констракшн” ХХК  нь" Хөх сувд хотхонд" барьж байсан барилгадаа зориулж, надаас 100-аад кубметр хөөс зээлж авсан. Тухайн үедээ хөөсийг хөөсөөр нь буцааж өгнө эсвэл, мөнгийг нь өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байгаа юм. Иймээс “ГР Констракшн” ХХК-ийн манай компаниас авсан хөөс нь 52,000 ширхэг тоосгоны үнэтэй дүйцсэн учир ажлын гүйцэтгэлээс үлдсэн төлбөр гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

4. Хариуцагч “ЭТ” ХХК-ний захирал Д.Баянбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 09 дугаар сард гэрээ хийсэн, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд өвчин гараад зам, хөдөлгөөн зогссон. 2020 оны 11 дүгээр сарас хойш энэ асуудал аригдаж сүүлдээ шүүх, цагдаа болцгоосон. Бартерийн байр, машин гэхээр маргаан гарах юм байна гээд бартерийн байр машинуудаа яг тодорхой бичиж гэрээндээ тусгамаар байна гэсэн саналыг тавьсан түүнээс болж гэрээ цуцлагдах шалтгаан болсон. “ГР Констракшн” ХХК-ын талаас юу ч байхгүй байсан. Иймд манай талаас гэрээгээ цуцлаад үндэслэлээ бич гэхэд “ГР Констракшн” ХХК нь өөрсдөө алга болсон. Ийм байж над руу гүтгээд байгаа. Барилгын ажил уул нь 55.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэлтэй гэтэл “ГР Констракшн” ХХК 48.000.000 төгрөг болгоод байгааг ойлгохгүй байна. Цаана нь үлдсэн 15.000.000 төгрөгийнхөө оронд 52.000 ширхэг тоосго өгөх ёстой тэрийгээ болиод надаас хөөс авсан. Хөөс нь 17.000.000 төгрөг болсон. Гэрээ цуцалсан тал дээр ийм л асуудал болсон. “ГР Констракшн” ХХК нь өөрсдөө машин, байраа гэрээн дээрээ тусга гэж байхад манай талд юу ч байхгүй гээд хэлж байхад гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болсон. Raw 4 гэдэг машин нь өөрсдийнх нь биш, хотхоныг барьж байсан захирал залуу хэрүүл болж авч өгсөн. Гэрээн дээрээ ийм зүйлээ оруулах хэрэгтэй гэхэд “ГР Констракшн” ХХК-ний зүгээс манайд юу ч байхгүй гэхээр нь гэрээгээ цуцалсан. Улаанбаатар хотын төв талбайн баруун талд байрлах оффис дээр нь “ГР Констракшн” ХХК-ний захирал н.Амарбаясгалантай уулзах гэж зөндөө очиход байгаагүй, ерөнхий инженер хийдэг залуутай нь уулзсангэв.

4.1. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хавтаст хэрэгтэй танилцаад, өнөөдөр шүүх хуралд оролцож байна. “ГР Констракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн талаар хоорондоо хэлэлцлээ. Энэ байдлаас үзэхэд тус компаниуд бол ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэтэл хугацаандаа ажил үүрэг дуусаагүй, ажил бол дутуу хийгдсэн. Тухайн гэрээ сунгагдаагүй гэдгийг ойлгож мэдлээ. 720.000.000 төгрөгийн ажил хийх гэрээ байгуулснаас хугацаандаа 48.970.000 төгрөгийн ажил хийсэн гэдгээ баталгаажуулсан. 75.000.000 төгрөгийн машиныг ажил гүйцэтгэсэн төлбөртөө өгсөн гэж ойлгож байна. 26.000.000 төгрөгийн зөрүүг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ байдлуудаас үзэхэд “ЭТ” ХХК-ийн буруугаас болж ажил гүйцэтгэгдээгүй, ажил нь зогссон гээд байгаа. Харин “ГР Констракшн” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж ажил зогссон бие бие рүүгээ яриад байдаг. Өнөөдөр манай зүгээс “ГР Констракшн” ХХК-ийн захирал н.Амарбаясгаланг яагаад оруулах саналтай байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй байна. Миний үйлчлүүлэгч “ГР Констракшн” ХХК-ийн захирал н.Амарбаясгаланд хөөс өгсөн гэдгээ баталж яриад байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хүлээж аваагүй болохоор мэдэхгүй гэдэг асуудал ярьж байгаа. “ГР Констракшн” ХХК-ийн захирал н.Амарбаясгаланг оролцуулах гээд байгаа нь 17.000.000 төгрөгийн хөөс хүлээгээд авсан гэдгээ хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болох 26.000.000 төгрөг нэхэгдэхгүй үндэслэлтэй гэж үзэж хүсэлт гаргасан. Миний үйлчлүүлэгч ажил гүйцэтгэсэн 48.970.000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй, 55.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн зөрүүтэй байдаг гэдгээ өөрөө хэлж байна. Энэ байдлуудаас харахад “ЭТ” ХХК нь машины зөрүүнд өгчихсөн ийм асуудал яригдаж байгаа учраас Иргэний хэргийн 115.2 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу “ГР Констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн төлбөрийн зөрүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №23/33 дугаартай итгэмжлэл (хх-3), “ГР констракшн” ХХК-ийн №000193722 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), “ГР констракшн” ХХК-ийн дүрмийн хуулбар (хх-5-6), “ЭТ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгээр “ГР констракшн” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар (хх-7), “ЭТ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгээр “ГР констракшн” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар (хх-8), 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн машин хүлээлцсэн тухай актын хуулбар (хх-9), 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “ЭТ” ХХК-ийн Сэтгэмж цогцолбор 46-р сургуулийн өргөтгөл, барилгын заслан ажлыг гүйцэтгэх ажлын график (хх-26), 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт (хх-27), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №101/ШЗ2023/00667 дугаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-28-29), 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №БА-022/2023 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлт (хх-48-50), “ГР констракшн” ХХК, “ЭТ” ХХК нарын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №(11) 20/52 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт (хх-51-57), “ЭТ” ХХК-ийн “ГР констракшн” ХХК-д гаргасан хүсэлт (хх-58), “ЭТ” ХХК-ийн №1411006018 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-59), Сэтгэмж цогцолбор 46-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын заслын ажлын материалын тоо хэмжээний тооцоо (хх-61-65), төсөвт өртгийн нэгдсэн товчооны дүн (хх-66) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагчаас “ЭТ” ХХК-ийн №1411006018 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-14), “ЭТ” ХХК-ийн дүрмийн хуулбар (хх-15-16), м2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хариу тайлбар (хх-21), Ногоон газар трейдищ ХХК, “ЭТ” ХХК нарын зарлагын баримт (хх-68-79) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “ГР Констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ЭТ” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,030,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“ГР констракшн” ХХК нь 2020 оны 09 дүгээр арын 23-ны өдөр “ЭТ” ХХК-тай 720,000,000 төгрөгийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээг “ЭТ” ХХК-ийн хүсэлтээр цуцалсан. Гэрээг цуцлах үед нийт хийгдсэн барилга угсралтын ажил 48,000,000 төгрөг болсныг хариуцагч “ЭТ” ХХК-ний захирал Д.Баянбаатар өөрөө тооцоогоо өгсөн боловч бид 48,970,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзсэн. ....“Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 10 дугаар зүйлд төлбөрийг 100 хувь бартераар төлнө гэж заасны дагуу “ГР Конштракшн” ХХК нь гэрээний төлбөрт нийт 75,000,000 төгрөгийн үнэ бүхий RAV-4 маркийн машиныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “ЭТ” ХХК-ийн захирал Д.Баянбаатарын өмчлөлд шилжүүлсэн. Ингээд төлбөр болон хийсэн ажлын зөрүү болох 26,030,000 төгрөгийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагчаас төлбөрийнхөө зөрүүнд материал, тоосго зэргийг нийлүүлж дуусгах тухай албан бичир ирүүлэх зэргээр аргацаасаар байсан. Иймд “ЭТ” ХХК-иас гэрээний төлбөрт илүү авсан ажлын төлбөр болох 26,030,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

3. Хариуцагч “ЭТ” ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“Манай "ЭТ” ХХК нь нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 720,000,000 төгрөгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Талуудын хооронд байгуулсан гэрээг "ЭТ” ХХК-ний хүсэлтээр ажлын гүйцэтгэлд өгөх төлбөрт /бартерт/ хөрөнгө нь бодитой биш байсан учраас энэхүү гэрээг цуцлах болсон. Ингээд бид харилцан тохиролцсон ёсоор манай компани тодорхой хэмжээний ажил хийсэн бөгөөд бид дүгнээд 55,000,000 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн би энэхүү тооцоогоо нэхэмжлэгч байгууллагын захиралд өгсөн боловч хэрэгт алга байна. Ажлын гүйцэтгэлийн хөлсөнд 75,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий RAV-4 маркийн машиныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “ЭТ” ХХК-ийн захирал Д.Баянбаатар миний өмчлөлд шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ мөнгөний үлдэгдэл зөрүүг мөн адил бартераар өгнө гэж тохирон 52,000 мянган ширхэг тоосго нийлүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан. Үүний дагуу манай байгууллагаас 2020 оны 10 дугаар сард хөөс авсан тул манай компани төлөх төлбөргүй тул нэхэмжилж байгаа 26,030,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №23/33 дугаартай итгэмжлэл (хх-3), “ГР констракшн” ХХК-ийн №000193722 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), “ГР констракшн” ХХК-ийн дүрмийн хуулбар (хх-5-6), “ЭТ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгээр “ГР констракшн” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар (хх-7), “ЭТ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгээр “ГР констракшн” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар (хх-8), 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн машин хүлээлцсэн тухай актын хуулбар (хх-9), “ЭТ” ХХК-ийн №1411006018 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-14), “ЭТ” ХХК-ийн дүрмийн хуулбар (хх-15-16), м2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хариу тайлбар (хх-21), 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “ЭТ” ХХК-ийн Сэтгэмж цогцолбор 46-р сургуулийн өргөтгөл, барилгын заслан ажлыг гүйцэтгэх ажлын график (хх-26), 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт (хх-27), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №101/ШЗ2023/00667 дугаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-28-29), 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №БА-022/2023 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлт (хх-48-50), “ГР констракшн” ХХК, “ЭТ” ХХК нарын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №(11) 20/52 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт (хх-51-57), “ЭТ” ХХК-ийн “ГР констракшн” ХХК-д гаргасан хүсэлт (хх-58), “ЭТ” ХХК-ийн №1411006018 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-59), Сэтгэмж цогцолбор 46-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын заслын ажлын материалын тоо хэмжээний тооцоо (хх-61-65), төсөвт өртгийн нэгдсэн товчооны дүн (хх-66), Ногоон газар трейдищ ХХК, “ЭТ” ХХК нарын зарлагын баримт (хх-68-79) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

6.1..Нэхэмжлэгч “ГР констракшн” ХХК-ийн захирлаар Б.Амарбаясгаланг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ байх ба хуулийн этгээдийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Амарбаясгалан байна.

6.1.1. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “ГР констракшн” ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №23/33 дугаар итгэмжлэлээр Н.Түмэнбаярт олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч “ГР констракшн” ХХК-ийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар Н.Түмэнбаярт олгосон болох нь тогтоогдож байна. (хх-3)

 6.2..Хариуцагч ЭТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.Баянбаатарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ байх ба хуулийн этгээдийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Баянбаатар болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. (хх-14)

7. “ЭТ” ХХК нь “ГР констракшн” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх №(11) 20/52 дугаар гэрээг байгуулан, тухайн гэрээгээр Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Энхжин хотхон, Петрийн байр-2, “ЭТ” ХХК, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын, Д-0 Сэтгэмж Цогцолбор сургуулийн барилгын ажлыг бараа материалын хамт “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ”-нд зааснаар Стандартын шаардлага хангасан материалаар батлагдсан зураг төсөл болон технологийн картын дагуу гүйцэтгэх ба захиалагч нь ажил хүлээлцсэн актыг үндэслэн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцож, гэрээт ажлын нийт үнэ 720,000,000 төгрөгөөр тохирч үүний ажлын хөлс, машин механизм, бараа материал төлбөрийг 100 хувь болох 720,000,000 төгрөгийг бартераар төлнө. Бартерт байр, машин байна.  Барилгын тухай хуулийн дагуу баталгаа болох 5 хувь 36,000,000 төгрөгийг авч үлдэж, үлдэгдэл төлбөр болох 684,000,000 төгрөгийг бартер хэлбэрээр гүйцэтгэлийг үндэслэн төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-н 51-66-р хуудас/

7.1..Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “ Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээг чөлөөтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй болно.

7.2. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №20/52 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн зохицуулалт, шаардлагад нийцсэн байна.

8. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил эхэлсэн бөгөөд хариуцагч “ЭТ” ХХК-ний захирал Д.Баянбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: бид 2020 оны 10 дугаар сарын сүүл хүртэл ажилласан нийтдээ 55,000,000 төгрөгний ажил хийсэн энэхүү актыг захиалагч талын захиралд өгсөн боловч хэрэгт байхгүй байна гэж тайлбарласан бөгөөд хэрэгт цугларсан баримтаар гадна заслын ажил хөөсөн фасад, тортой хар замаск, материалын ажлын хөлс нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 48,000,000 төгрөг болсон гэсэн актыг гүйцэтгэгч буюу “ЭТ” ХХК-ний захирал Д.Баянбаатар гаргаж нэхэмжлэгч талтай хүлээлцсэн болох нь тогтоогдож байна.

8.1. Хэдийгээр талуудын тохиролцоогоор нийт барилгын хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 48,000,000 төгрөг болж байгаа хэдий ч 2020 оны 11 дүгээр сарын 06-ны “ЭТ” ХХК-иас “ГР Констракшн” ХХК-д ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 15-наас 100% бартерийн ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж гэрээний анхны гүйцэтгэлд 48,970,000 төгрөгний ажил хийсэн. Танай компаниас 75,000,000 төгрөгний үнэтэй машин бартерт авч байгаа үнийн зөрүү болох 20,000,000 төгрөгний материалыг ажлын 5 хоногт нийлүүлж дуусгана гэж ирүүлсэн албан бичгээр хариуцагч тал нь нийт 48,970,000 төгрөгний барилгын ажлыг гүйцэтгэсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. (хх-н 7-р хуудас, 27-р хуудас)

8.2. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний оролцогч талууд тодорхой шинж чанар бүхий үр дүнгийн талаар харилцан тохиролцсон байх тул уг үр дүнг ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

9. Өөрөөр хэлбэл талууд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөрийг төлөх нь гэрээний төлбөрийн нөхцөл биелэгдэх боломжтой байна.  Энэхүү тээврийн хэрэгсэл хүлээн авсан үйл явдалд нэхэмжлэгч болон хариуцагч нар мэтгэлцэж маргаагүй.

10. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу захиалагч “ГР Констракшн” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 75,000,000 төгрөгийн үнэ бүхий TOYOTO RAV-4 маркийн, 42-22 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авч байгаа талаар баримтыг хариуцагч “ЭТ” ХХК-ний захирал Д.Баянбаатар нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-д гаргаж мөн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр машин хүлээлцсэн актад талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. (хх-7-9-р хуудас),

11. Үүгээр захиалагч болох “ГР Констракшн” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. 

11.1. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн, өөр шинж чанар бүхий эд зүйл бий болгоход чиглэгдсэн байдаг онцлогтой. Ажлын үр дүн гэдэг нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн гэж ойлгоно.

12. Мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3-т “Захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын хөлсөнд бартерын жагсаалт №1 заасан байр болон авто машиныг гүйцэтгэлээр олго” гэж заасны дагуу 75,000,000 төгрөгийн автомашиныг авсан зөрүү болох 20,000,000 төгрөгийн материалыг 5 хоногт нийлүүлж дуусгахаар тохиролцсон байна. (хх-7-р хуудас)

13. Гэвч хариуцагч “ЭТ” ХХК-ний захирал Д.Баянбаатарын тайлбарлаж байгаагаар хэдийгээр 52,000 ширхэг тоосгоо өгөөгүй ч 2020 оны 10 дугаар сард “ГР Констракшн” ХХК-ний захирал нь 100 гаруй кубметр хөөс аваад явсан. Иймд миний хөөсний мөнгөний оронд энэ нэхэмжилсэн мөнгөө суутгаад тооцоо дуусч байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар талууд барилгын ажил гүйцэтгэсэн мөнгөн дүнд 75,000,000 төгрөгний үнэ бүхий автомашиныг хүлээн авсан үнэлгээнд маргаагүй бөгөөд үлдэх зөрүү төлбөрийг тоосгоор дуусгах байсан ч өнөөдрийн байдлаар тоосгоо хүлээлгэж өгөөгүй болох нь хариуцагч “ЭТ” ХХК-ний захирал Д.Баянбаатарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

15. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээ цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. 

16. Хариуцагч “ЭТ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөө бартераар буюу автомашин авсан үнийн зөрүүнд нь нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-ний захирал 100 кубметр хөөс авсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

17.Мөн дээрх 100 кубметр хөөс нь “ЭТ” ХХК-д байсан гэдгийг нотлох зорилгоор “Ногоон газар трейдинг” ХХК-иас худалдаж авсан гэх зарлагын баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд нийт 12 ширхэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүлийн 40.1-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэнэ гэж заасны дагуу дээрхи баримтууд нь хэрэгт хамааралгүй зөвхөн “Ногоон газар трейдинг” ХХК болон “ЭТ” ХХК нарын хооронд хийсэн зарлагын баримт байхаас нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-д хүлээлгэж өгсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлсэн болно.

18. Хариуцагч “ЭТ” ХХК нь хөөсний үнийн дүнг тухайн хэлцэл хийсэн этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү шийдвэр тухайн нэхэмжлэлийг гаргахад саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.       

19. Иймд 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “ЭТ” ХХК-иас 75,000,000 төгрөгний үнэтэй автомашины бартерт олгосон дүнгээс барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нийт 48,970,000 төгрөгийг хасч үлдэх 26,030,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭТ” ХХК-иас 288,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “ЭТ” ХХК-иас 26,030,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ГР КонстракшнХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭТ” ХХК-иас 288,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГР Констракшн” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ТҮВШИНЖАРГАЛ